ЭРГЭН ДУРСАГДАХ СОЛОНГОС ОРОН (ҮРГЭЛЖЛЭЛ) ЦУВРАЛ 3

2020-04-07  

“Сөүл Скай” цамхаг. Ану, Сун хоёр надад тасалбар авч намайг цахилгаан шатанд оруулаад цагийн дараа уулзахаар болзоод үлдэв. Тасалбар нь 18 мянган вон буюу манайхаар бол 40 өөд мянган төгрөгийн үнэтэй юм байна. Өндөр настан, ахмадын хөнгөлөлттэй тасалбар нь энэ аж. Жирийнх нь 25 мянган вон гэсэн. Тасалбар авахдаа Ану, Сун хоёр миний паспортыг авч байсан нь хөнгөлөлт эдлүүлэх гэсэн хэрэг байж. Өндөр хурдны цахилгаан шат чих шуугиулсхийгээд л цамхагийн тавцанд биднийг гаргаад ирлээ. Бид гэдэг маань цагаан арьст европ, шар арьст хятад, монгол, солонгос нийлсэн хориод хүн. Бидний дунд францаар ярьсан хэдэн хар бас байсан. Бельги, Голланд, Франц гээд л францаар ярьдаг иймэрхүү өнгөт арьстан иргэдтэй европын улс гүрэн хэд хэд байдаг даа. Тавцан дээр буухад шөнийн Сөүлийг тэнгэрээс тольдсон түмэн олон нааш цааш холхилдоод л магтан шагшраад л шуугилдаж байв. Нью-Йорк, Токио, Парис, Чикаго, Астана, Тайпэйгийн өндөр цамхагуудын нэгэн адил дугуй тавцантай юм. Тал тал руу нь тойроод Сөүл хотыг дээрээс нь сайтар харчих бололцоотой аж. Шөнийн Сөүл гэрэл гэгээндээ умбачихаж. Хотыг хувааж урсах “Хан” мөрөн нь солонгын долоон өнгөөр туяараад л үзэсгэлэнтэй ч гэж жигтэйхэн. Улаанбаатарыгаа ийм цамхагтаа болоосой гэж мөрөөдөж явдаг нэгэн билээ би. Энэ мөрөөдөл маань биелэх үед “Хатан Туул” маань харин амьд мэнд байдаг болов уу, яадаг бол гэж санааширч зогслоо “Хан” мөрөнг харангаа. Бусад цамхагуудаас илүүтэй хүүхэд залуус, аялагсдын сонирхол татах шинэ хэлбэрийн үзмэр нэгийг буй болгосон нь зузаан шилэн тавцан буюу шал. Залуус, хүүхэд багачууд шуугилдаад л тэр шилэн тавцан дээр хэд гурваараа зогсон доошоо харж хашгиралдан зураг хөргөө авахуулцгааж байна лээ. Даралт энээ тэрээ гэдэггүй ахмадууд ч энэ адал явдлыг амталцгаан тавцан дээр нэг хоёроороо ээлжлэн зогсож доод ертөнцийг тольдоцгоож байсан. Би ч тэднээс юу гэж дутах вэ гэж бодоод л ээлж дарааллаа хүлээж байгаад шилэн тавцан дээр гарлаа. Дор яваа машин тэрэг, хүмүүс ялаа, шоргоолжны дайтай л харагдах юм билээ. Дөрвөн зуугаад метрийн алсад байгаа биетүүд шүү дээ. Гурван жилийн өмнө би Чикаго хотын “Уллис” цамхагт гараад айдас болгоомжоо дарчихсан нэгэн болохоор айвуу тайвуу зогсож байгаад энэ өндрөөс доошоо зураг авлаа. Цамхагийн дугуй тавцанг нэгэнтээ тойрч Сөүлийг тал тал руу нь тольдож байгаад цахилгаан шат руу зүглэв. Зам зуур цай цүү, уушын мухлагууд байна. Бэлэг дурсгалын худалдааны цэг ч идэвхтэй ажиллаж үйлчлүүлэгчдээ урин залсаар байна. Дадаж заншсанаараа өөрийн цуглуулгадаа нэмэрлэх “Сөүл Скай” гэх мөнгөлөг цамхаг нэгийг 9000 воноор аваад доошлов. Ер нь “Сөүл Скай” бол зөвхөн цамхаг биш, худалдаа үйлчилгээ, үзвэр цэнгээний томоохон цогцолбор юм. Брэндийн бүх дэлгүүрүүд энд байна. Үзэсгэлэнгийн томоохон танхимууд ч энд хэд хэд байдаг аж. Зартай компанийн оффисууд дээд давхаруудад нь байрладаг гэнэ лээ. Ану дүү, хүргэн хоёртоо болзсон газраа уулзчихаад тэрүүхэнд байх тус цамхагийн билэгдэл болох “Хааны титэм”-ийн дэргэд хамтдаа зургаа авахуулав. 

Сун бид хоёр “Сөүл Скай” цамхаг 

Бид орохдоо машинаа газар доорх грашуудын тавдугаар давхарт нь байршуулсан гээд бодохоор “Сөүл Скай” аль хэр нүсэр байгууламж юм бэ гэдгийг төсөөлж болох. Граш руу ороход сул зогсоол нь ногоон гэрэлтэй буй нь алсаас харагдах юм билээ.

Гарахдаа үзвэрийн тасалбараа автоматад уншуулаад зогсоолын мөнгө төлөхгүй гарцгаав. Манайд ч иймэрхүү үйлчилгээ зарим дэлгүүр, банкинд нэвтэрч буй нь сайшаалтай... 

Элчин яамаараа ороод гарав. Миний маргаашийн хөтөлбөр Сөүл дэх ЭСЯ-аараа нэг ороод гарах. Ану дүү надаас та юу үзэж сонирхох вэ? гэж сар гаруйн өмнө и-мэйлээр асуухад нь би  хүсэлтээ илэрхийлж тэд түүнийг бидний аялалын хөтөлбөрт оруулчихсан байв. Гучаад жилийн өмнө манай Элчин яам орон сууцны хороололын гурван өрөөнд суурьшдаг байлаа. Энэ тухай ч би тэр цаг үеийн нэгэн нийтлэлдээ бичиж байсан. Хэдэн жилийн өмнө Сөүл дахь Элчин яам маань өөрийн шинэ байртай болсон тухай мэдээлэл үзэж ашгүй дээ гэх бодол төрж байв. Хоёр жилийн өмнө Сөүлээр дамжин нисэхдээ ажил хэрэг болгон Элчин яамаа хайсаар ирж байлаа. Амралтын өдөр таарсан тул хаалга үүдийг нь “мөргөөд” буцсан юм даг. Ажлын өдрүүдэд албаныхан ордог хаалгыг л би хий дэмий хонходсон юм билээ. Араар нь тойрсон бол нийтэд үйлчилдэг хаалга нээлттэй байсан болохыг сүүлд сонссон юм... Монголд өөрийн эмнэлгийн салбар нээх сонирхолтой байгаа Инчёоны Гэгээн Мариягийн эмнэлгийн удирдлагатай уулзаж эмнэлэгтэй танилцах хөтөлбөрийг Ану болон сүйт залуу нь надад эртнээс санал болгож бидний хөтөлбөрт оруулсан тул замдаа Элчин яамаар орчихоод Инчёон явахаар бид буудлаасаа хөдөлцгөөв. Дүү нар биднийг ирснээс хойш Мерседес Бенц, BMW гэх суудлын тансаг машинаар үйлчилж байв. Элчин яамныхаа үүдэнд  BMW-ээс албаны хүн шиг л буув. Инчёоны эмнэлгийнхэнтэй уулзахдаа албаны хувцастай байна шүү гээд дүү нар намайг  костюм, цагаан цамц, зангиа болгочихсон юм. Арвис дүү ч, Ану, сүйт залуу ч бас гоёчихсон байв. Ийм л “албан” төлөөлөгчид Элчингийн хаалгыг хонхдов. “Хэн бэ, энээ тэрээ...” гэж асууж шалгаасангүй, хаалга дорхноо онгойлоо, бодвол камераараа харсан юм байлгүй, “албан” маягийн бид хэдийг. Үүдний жижүүрийн хэсэгт залуухан эр, ахимагдуу насны эмэгтэй компьютерийн дэлгэцнээс ямарваа нэг юм хайгаад буй бололтой завгүй тонгойцгоож байлаа. “Элчин яамаараа ороод танилцаад гарах санаатай ахмад сэтгүүлч явна аа...” гээд өөрийгөө танилцууллаа. “Уулзалтын өрөө, Консулын газраар оруулж болох юм, дээшээ манай албаны ажлын өрөөнүүд л бий...” гэж ахимагдуу эмэгтэй хэлээд хажуух залуудаа намайг дагуулаад явахыг үүрэгдлээ. Уулзалтын бага шиг өрөө, Хүлээн авалтын танхимтай танилцлаа. Хэл ам болоод буй Хурц сайд ирсэн эсэх, Элчин сайд нь шийдэгдсэн үү гээд хөтөч залуугаас асуусан чинь тэрээр “Эрдэнэтуяа зөвлөх сайдын үүрэг гүйцэтгэж байгаа” гэв. Гадаад яаманд ажиллаж байсан солонгос хэлтэй тэр бүсгүйг би таньдаг байв. Элчин сайд П.Үржинлхүндэв эрхэм манай “Ардын эрх” сониныхонтой хамтарч Монгол Солонгосын парламентын зарим гишүүд, улс төрчид, эрдэмтэдийг оролцуулсан дугуй ширээний ярилцлагыг “Улаанбаатар” зочид буудалд хоёр ч удаа зохион байгуулсан юм. Энэ уулзалтын орчуулгыг Гадаад яамны Н.Эрдэнэтуяа гэх залуухан бүсгүй, солонгос судлаач Б.Лхагва нар хийж байсан юмдаг. Залуугийн амнаас Эрдэнэтуяагийн нэрийг сонсонгуутаа, түүнийг сайн таньдаг тухайгаа, бидний хоёр ч арга хэмжээнд орчуулга хийж байсан энээ тэрээ гээд л тэр залууд дурсан ярив. Залуу “Аа тийм үү...” гэсхийгээд л байрны хасах давхар луу бууж консулын хэсэгтэй танилцахыг санал болгосон юм. Доошилж явахдаа замчаасаа “Гарахдаа Эрдэнэтуяа зөвлөхийн өрөөгөөр ороод мэнд мэдээд гармаар байна, өрөөндөө байгаа болов уу?” гэж асуув. Тэгтэл тэр ямар хариу хэлсэн гээч...? “Уучлаарай, Эрдэнэтуяа зөвлөх сая үүдэнд тантай мэнд мэдэлцчихсэн шүү дээ. Та түүнийг сайн таньдаг гэдгээ түрүүхэн үүдэнд өөртэй нь ярьж л байсан даа...” гэж байх юм. Би ч бантаад явчихлаа. Энэ залуу ч, хамт яваа хүмүүс маань ч намайг “сайхан залчихлаа” гэж бодож буй бололтой... Консулын хэсэгт ороход тэнд ажил алба ёстой л өрнөж байв. Ийшээ орох иргэд Элчин яамны арын хаалгаар орж үйлчлүүлдэг аж. Хоёр жилийн өмнө ирэхдээ консулын хаалгыг хонходсон бол элчин яам руугаа нэвтэрчих боломжтой байжээ гэх бодол төрж байв. Солонгост амьдарч буй манай хорь гаруй иргэн энд консулын үйлчилгээ аваад л уулзалт, яриа хөөрөө, бичиг цаас болцгоож байсан юм. Үйлчилгээний энэ танхим хоёр гурван цонхтой, ширээ сандал ч олонтоо юм билээ. Нэг дор дөч тавин иргэнийг хүлээн авах  боломжтой юм уу гэж би харав. Үүнийг яагаад би ийн дэлгэрүүлж дурдаад байна вэ гэвэл орон сууцны гурван өрөөнд ажил алба явуулж байсан гуч шахам жилийн өмнөх элчин яам маань өнөө ингэж л өргөжжээ гэдгийг хэлэх гээд байгаа маань энэ юм. Ерээд оны эхээр элчин яамаар ороход борцтой шөл үнэртээд байх юм гэж П.Үржинлхүндэв сайдтай хийсэн ярилцлагадаа би асууж, тэрээр “Нэг өрөөнд маань жолоочийнх гэр бүлээрээ амьдардаг болохоор аргагүй байна даа...” гэж хариулж түүнийг нь би сониндоо нийтлүүлж явлаа. Гурван өрөөнд ажил амьдралаа залгуулж байсан Элчин яам маань өнөө гурван давхар шинэ байр байшинтай болчихоод ийн ажиллаж буй нь бас ч гэж том дэвшил гэж бичих гээд л урьд өмнийн түүхийг татан дурсаж байгаа минь энэ юм. Дөч гаруй мянган иргэн маань амьдрал хөөж энэ оронд урт богино хугацаагаар суурьшаад буй болохоор энэ зэргийн Элчин яам, Консултай байхаас ч аргагүй дээ манай улс орон. Консулын ачаалал маш их гэнэ лээ. Иргэдийн үйлчилгээ авч буй энэ хэсгийн зургийг фотодож байтал “Ямар учиртай зураг та авч байна вэ?” гээд үйлчилгээний цонхны цаанаас нэгэн залуухан дипломат гарч ирлээ. Учир байдлаа тайлбарлав. Тэрээр надад нэрийн хуудсаа өглөө. Консулын хэлтсийн дарга Ломбын Хашэрдэнэ юм байна. Эцэг Ж.Ломбо нь Өмнөд, Хойт Солонгосын аль альд нь атташе, нэг, хоёрдугаар нарийн бичиг, зөвлөх, Элчин сайд гээд л алба хашиж байсан нэртэй дипломат, солонгос судлаач гэдгийг би мэдэх юм. Ерээд оны эхээр “Жунан Ильбо”-гийн урилгаар Сөүлд болсон “Ази Номхон далайн форум”-д тэрээр Элчин сайдын яамны төлөөлөл болон хүрэлцэн ирж нэг өдөр хуралд надтай хамт сууж оройн хүлээн авалтад бас хамт оролцож байлаа. 

Зүүн гараас эхнийх нь Ж.Ломбо зөвлөх, индэрт “Жунан”-ы Ерөнхий захирал доктор Хонг Сеук

Хүү Хашэрдэнэ нь бага балчраасаа л Солонгост сурч амьдарч, их дээд сургуулиа ч энд төгсөө биз. Тийм болохоор  унаган солонгос хэлтэй, солонгос талын сайн мэргэжилтэн байх гэх бодол тэрхэн зуур төрж байлаа. Зүүн гараас эхнийх нь Ж.Ломбо зөвлөх, индэрт “Жунан”-ы Ерөнхий захирал доктор Хонг Сеук Сүүлд Улаанбаатарт ирсэн хойно нь ч Ж.Ломбо дипломаттай би Хойтын удирдагч Ким Жон Ирт зориулсан цэцгийн баяр гэх арга хэмжээн дээр тааралдаж мэнд мэдэлцэж явав. Энэ тухай хүүд  хүүрнэж алба ажил ихтэй үед нь гэнэт ороод ирсэндээ хүлцэл өчөөд асууж сонирхох мэдээллээ цахим шуудангаар харилцаж авъя гэж тохироод би консулын заалнаас гарав. Дээшлээд үүдэнд гарч ирэхэд Н.Эрдэнэтуяа зөвлөх, дипломат залуу хоёр эрлээ олоогүй ч юм уу компьютерийн ард сууцгаасан хэвээр байв. Хатагтай Эрдэнэтуяагаас уучлалт гуйлаа. Тэр цагаас хойш гуч шахам жил өнгөрч, бас миний нас ч явж ой санамж их мууджээ гэж би түүнд хэлэв. Улаанбаатар зочид буудалд болж байсан тэр хурлын тухай би сануулж Үржинлхүндэв сайд, Балдорж эрхлэгч нар тэр хурлыг удирдаж, Б.Лхагваа гуай та хоёр орчуулга хийгээд л Солонгосын Парламентын гишүүд, бас нөгөө хурлын дарга Солонгосын нөгөө  эрдэмтэн хэн билээ гээд л ярьсан чинь Эрдэнэтуяа зөвлөх “Ли Сан Ву гуай юу?...” гэж байв. Ийн ямар ч гэсэн эрт цагийн тэр дурсамжийг хамтдаа сэргээгээд бас ч гэж тайвшрав. Намайг ч Эрдэнэтуяа эхэндээ бас таниагүй байлгүй... Аян замын тэмдэглэлийн нэг ном тэрлэж байгаадаа элчингийнхээ тухай оруулах санаатай үүгээр ороод ирсэн юм аа гэж түүнд хэлэв. Ингээд л түүнээс дахин уучлалт гуйж ажилд нь амжилт ерөөгөөд тэндээс гарч элчингийнхээ үүдэнд зургаа авахуулаад аян замаа хөөлөө.

 

 

Д.Цэдэн-иш

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?