АЗТАЙ ХҮН ДЭЭ БИ

2020-04-08  

Алтан халбага зууж төрөөгүй ч би азтай хүн. Аз гэдэг хямдхан олддог эд биш. Эцэг өвгөдийн үлдээсэн буян жудаг, төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг, мэнгэ зурлага нь тохиож байж, сая аз одын тэнгэр хардаг буй заа. Гучин жилийн өмнө тэртээ бага сага шүлэг оролддог хөдөөх хөвгүүн явлаа би. Уран зохиолын үнэ цэн, гайхамшигт сайхны тухай төсөөлөл муутай,  шүлэг бичих төдийхөн, бичсэнээ өөртөө болоод л байгаа шиг сэтгэх тийм л хөвгүүн байв. “Дурсамжийг гоё үгээр битгий бич, сэтгэлээсээ бич” гэж Цамбын Зоригтсайхан надад агсам тавьсан удаатай.

Хөөрхөн дүү минь шүдгүй

Хөгшин эмээ минь шүдгүй

Хоёр шүдгүйн хооронд

Хорвоо багтах зай бий

Ингэж бичсэн яруу найрагч билээ Цамбын Зоригтсайхан. Нэхэн өгүүлбэл, Монголын  радиогийн хөгжмийн редакцид яруу найрагч Цамбын Зоригтсайхан ах ажилладаг байв. “Дурсамж” гэдэг нэвтрүүлэг хийдэг байлаа. Нэг удаа би сумын заан Чимидравдангийн Мягмарсүрэн багшийнхаа тухай дурсамж бичиж өгнө гэж амлаад, амласнаа хийхгүй зөндөө удлаа. Нэг л сайхан юм хийж өгөх санаатай. Шүлэг шиг, тууж, өгүүллэг шиг сайхан юм хийж өгөх санаатай яваад байсан хэрэг. Нэвтрүүлэг эфирт орох өдөр, цаг тулчихлаа. Зоригоо ахад учраа хэллээ. “Мундаг сайхан дурсамж хийх гээд, нэг л эвлэж өгөхгүй байна” гэв. Ц.Зоригтсайхан юм ч дуугарсангүй, яваад өглөө. Үдээс хойш нь Зоригтсайхан халамцуу таарч, намайг буланд шахаж байгаад, “Дурсамжид  гоё үг хэрэггүй, сэтгэлээсээ дурсдаг. Чи бол хүн дурсаж ч чадахгүй новш” гэж агсам тавьж билээ. Амьдралд минь үргэлж сайн хүмүүс таарч, сайхан ах нарын гар дээр хүн болж өссөн байна би. Тэр олон ах нарын нэг Цамбын Зоригтсайхан байлаа. Надад нэг өгүүлбэрийг насан турш мартахын аргагүй тархинд хадаж өгсөн билээ. Хожим, Зоригоо ахын бие тааруу, ер нь их дор орсон байхад гэрт нь эргэж очсон, их л баярлаж байсан даа.

Намаршжээ. Уул шарлаж, ус тунгалагшаад. Уйтай, гансрам тийм нэг өдөр байдаг даа. Бүрэнхий өдөр сэтгэл бүүдгэр. Сэтгэлийн хойморт сэрүүн байдаг ах нараа дурсая. Хорвоод сайн хүмүүс даанч олон байдаг юм даа.

Би их азтай хүн байгаа юм. Хөдөөний хүү намайг Сүхбаатарын Батмөнх гараас хөтөлж анх зохиолчдын хорооны гурван давхар саарал байшингийн босго алхуулж байлаа. С.Батмөнх ах “Монголын залуучууд” сонины ерөнхий эрхлэгч, АИХ-ын депутат байлаа. “Сүүн зам”, “Сүүлчийн удирдагч, “Муухай монгол хүн” зэрэг яруу найраг, нийтлэл, эсээ ном бүтээсэн, Москвагийн их сургууль дүүргэсэн нуль боловсрол, хүн чанарын цул шижир байлаа. Энэ босго бол саарал байшингийн босго төдий биш их утга зохиолын өндөр босго алхуулсан явдал байжээ. Нэрт шог зохиолч Жаргалын Барамсай, Цэндийн Доржготов, Сүхбаатарын Батмөнх ах нар минь холын аяны дөрөөнд сүү дусааж, хүлгийн нуруунд мордуулсан. Ж.Барамсай ах “Энэ хүүр чинь яруу найрагчийн нүдтэй юм” гэж билээ. Халамцуу түүний энэ этгээд үг сонин сонсогдож байсан. Хүүр гэдэг сайхан ч үг биш юмсанж.  Ийм том зохиолч намайг “Яруу найрагчийн нүдтэй” гэх нь бас сайхан. Ингэж л анх амьд зохиолчтой нүүр учирч, уран зохиолын их давалгаанд хамагдан орсон хөөс төдийхөн билээ. Эдүгээ тэр сайхан улс алга. Готов ах минь л байна даа, одоо. Орж гарч, цагаан сараар золгодог юмаа. Тэд минь намайг УБИС-ийн анхны утга зохиолын ангид оруулсан юм. Тэр гэрэлт өдрийг хүртэл би хэнийг нь ч зүс таньдаггүй байлаа. Арын сайхан хангай гэдэг нэг нэр биднийг холбож, тэд минь, ах нар минь ярилцаж суугаад нутгийнхаа ганц хүүхдийг дэмжье гэсэн юм билээ. Миний оронд шүлэг гайгүй бичдэг Архангайн хүүхэд хэн ч байсан тэд минь дэмжээд хоолонд нь хүргэх байжээ. Гэвч миний оронд хэн нэгэн биш, би байх ёстой газраа байснаараа илүү азтай юм. Ж.Барамсай ах, С.Батмөнх ах хоёр АИХ-ын депутат. Барамсай ахын улаан Москвич тэрэгний хойд суудалд хоёр депутатын дунд суучихсан “догь амьтан” Улаанбаатарын гудамжаар салхи татуулан сүнгэнүүлж явлаа.

            Би азтай хүн. Нутгийн сайхан ах нарын буянаар сургуульд орлоо. Нэгдүгээр курс төгсөөд намар иртэл  “Хайрхан уулын бараа” бичсэн, өөрөө ч чухам хайрхан уул шиг бараатай Довчингийн Отгонсүрэн найрагч манай факультетийн декан болов. Японд зочин профессор байгаад ирсэн нь тэр байжээ. Яруу найрагч Довчингийн Отгонсүрэн болбоос миний аавтай хамт, Архангайн, хуучнаар Хан-Оюут сум гэж байхад дунд сургуулийн  дотуур байранд, өвлийн ян хүйтэнд даарахдаа хөлдүү пийшин тэвэрч бүлээцдэг байсан хөдөөний, нэг нугын хүүхдүүд байжээ. Аав минь нэгэнтээ Д.Отгонсүрэн багштай уулзаад “Чи миний хүүг алгадсан ч болно” гэж билээ. Хожим нь би халамцуу далжигнаж, амаа  мэдэхгүй ардаг үрээ шиг байж Д.Отгонсүрэн багшдаа нэг сайн алгадуулж билээ. “Алгадаад өг” гэдэг аавтай, алгадах багштай явсан минь орчлонгийн хамгийн сайхан өдрүүд байжээ.

 

Дарьгангын жаахан шаргыг

Уяран дууллаа, гэвч ханасангүй

Дарьгангын жаахан хонгорт

Ухаангүй дурлалаа, гэвч ханилсангүй

Миний Д.Отгонсүрэн багш “Дарьгангын жаахан шарга” гэдэг ийм сайхан шүлэг бичсэн. “Урсгал тунгалаг Тамирын гол”, “Хайрхан уулын бараа”, “Манай цэцэрлэг тоо заасан”. Ийм олон сайхан дуу бүтээсэн. Том найрагч.  Юу ч мэдэхгүй дудрай надад өгүүлбэр зүй, найруулга зүйн хичээл ордог байлаа. Энэ хичээлийн ачаар Монголын радиод хорин хэдэн жил ажиллахдаа хүний дор орсонгүй энэ хүрлээ. Халаас нимгэн даржин оюутан би багшийнхаа тамхинд гүйж, автобусны мөнгө илүүчилж, хаяа залгаа нутгийн хоёр “том”яруу найрагч гэж зиндаархаж,  аавын минь багын найз гэж элгэмсэж явлаа.

            Тиймээ, би азтай хүн. Сумын заан Чимидравдангийн Мягмарсүрэн гэж сайхан яруу найрагч байлаа. Миний хадаг барьж золгосон номын багш минь билээ. Алд цэнхэр хадаг бариа зорьж очив оо. Мийгаа багш минь “Ах нь одоохон” гэчихээд өөрийнхөө өрөө рүү орчихов. Би бодлоо. Дээл хувцасаа өмсөөд ёс төртэй гарч ирэх нь гэж. Тэгтэл хөл нүцгэн, дөрвөн талт монгол малгай өмссөн гарч ирэв. Тэгээд хадгийг минь тогтоож

            -Багшид нь заах юм байхгүй ээ гэж билээ

           Тэгэвч багш минь надад үргэлж сайн сайхны багш байлаа. Би ер нь бага залуудаа балгавал балгачих дуртай, балгахаар бас сагсуурах өвчтэй байсан юм уу. Тоомойн Очирхүү найрагчийнд багшдаа бас нэг сайн алгадуулсан юмдаг. Тоомойн Очирхүү бол Чимидравдангийн Мягмарсүрэнгийн багш юм. 1992 оны “Болор цом”-ын өмнөхөн намайг анх дагуулан очиж, “миний шавь” гэж танилцуулахад, Очирхүү багш “Би утга зохиолд ачтай боллоо. Миний шавь, өөрийн шавиа дагуулж ирлээ” гэж билээ. Тоомойн Очирхүү бол сүү шиг сэтгэлтэй эр хүн байлаа. Миний анд Хайдавын Чилаажав бид хоёр жил бүрийн наадмаар, 7 сарын 10-нд Т.Очирхүү багшийндаа заавал очдогсон. Тэр өдөр яагаад алгадуулах болсон гэвэл ийм юм. Намайг шүлэг унш гэв. Би” Аргал хатаагүй зун” шүлгээ уншлаа. Энхээ эгч /Очирхүү багшин эхнэр/ сонсож сууснаа, “Муу шүлэг байна” гэв. Тэгээд л би агсарч, цамнасан хэрэг. “Айлын авгай миний шүлгийг шүүхгүй” гэж өвчигнөж, багш минь аргадаж, дуугүй суу гэлээ. Би үг авахгүй сагсалзаад байхаар надад жавтий хүрээхгүй юу. Ийм л юм болсон юмдаг. Энэ бол 1992 он байлаа. Хорин настай, халуун цустай явжээ.

                        Хэрэггүй Мягаа минь, хэрэггүй

                        Хэнзхэн нас, буйдхан хөдөөгөө санахын хэрэггүй

                        Хэдэн адуу, гээсэн ташуураа эрэхийн хэрэггүй

                        Хэлтгий хувь, бэтгэрсэн сэтгэлээ хөндөхийн хэрэггүй

                        Хэрэггүй ээ, Мягаа минь хэрэггүй

            Уран сийлбэр шиг давтагдашгүй ганц хувь шүлэг бүтээхийн эрдмийг ойлгуулсан юм миний багш.

Би тэр үед Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга хоёрыг их дагана. Тэр хоёр ах минь намайг адууны бэлчээрт хүргэжээ. Дэмий их сэлгүүцэв, цаг их алдаж байна гэж адгахдаа багш минь, “Чи гадуур их дэмий тэнээд байна. Манайд суу, тагтан дээр аарц, мах бий. Хоол хийж ид, аарц буцалгаж уу. Манай хүүхдүүдтэй жижиг өрөөнд хамт амьдар. Ном унш, чамд хангалттай унших ном бий. Тэгээд их бич, нэг уулаа тойроод л бичээд бай. Тэгж  байж өнгө чинь тогтоно. Би бол Чулуут голоо өгсөж уруудаад, хавар намрын зургаан сар, зун өвлийн зургаан сар тасралтгүй санаж бичсэн. Тэгээд миний өнгө тогтсон. Чиний шүлгүүд усан будгийн нил цэнхэр өнгө шиг болоод байна. Тодруул, давтагдахгүй бич. Эрж хай” гэдэгсэн. Намайг хэл сураггүй хэд хоног алга болчихоор сургууль дээр ирж сураглаж хайж явдаг байлаа миний багш. Би ийм л багштай хүн.

            Би их азтай хүн байгаа юм. Эхээс эр ганц эр хүн Цэндийн Чимиддорж миний хайртайхан ах минь байлаа. Анх Арлааны Эрдэнэ-Очир бид хоёр 1992 оны “Цагаан уул” наадмын урьд өдөр Чимээ ахынд хамт очсон юм. Халаасандаа нэг нэг гожинтой. Чимээ ах хөөрөөд, “Шүдээ хүртэл зэвсэглэсэн улс байна хо хо” гэж хоолойдоо инээж байж билээ. Хадаг барьж шавилаагүй ч, намайг гараас минь хөтөлж, анхны номын мялаалга үг бичиж өгч билээ. Бид хоёр миний анхны ном “Аргал хатаагүй зун”-ыг авах гэж таксидсан юмдаг. Хүрэх газраа хүрчихээд Ц.Чимиддорж ах “Доржсүрэнгийн хээр” морины зургийг  цаасан дээр татлан жолоочид зурж өгч билээ. Жолооч бид хоёроос мөнгө нэхээгүй. Цэндийн Чимиддорж найрагчийн гараас “Доржсүрэнгийн хээр морины зургийг авлаа” гэж билэгшээж үлдсэн юм. Монголын радиогийн “Шинэ эрин”-нд байхдаа Чимиддорж ахынхаа сүүдэр шиг явсан үе надад бий. Гэрийг нь нүүлгэж  ачаалж байгаад гурван хавтастай том босоо толийг ачаан дээрээс нисгэж юу ч үгүй болтол яайруулчихаж билээ. Чимээ “Өө, төгөлдөр” гээд л өнгөрсөн. “Чимээ ах нь шөрмөстэй” гээд ясан гараа зангидна. Бид хоёр нэг удаа том өрөөнд нь барилдаж, би унахдаа хөлийнхөө нүцгэн тавхайгаар зурагтных нь нүүрийг тасхийтэл  алгадаж билээ. Ямар азаар хагараагүй юм бүү мэд. Мөнхтуяа эгч “Та хоёр одоо болиочээ” гэж зэмлэж байсан юмдаг. Сайхан хүмүүс байсан даа. Эрүүл саруул улс юу боллоо гэж долоон давхарт байгаа айлд барилдаж байх вэ дээ. Ийм “стандарт” биш үйлдлийг зэмлэх төдий өнгөрөх айлын эхнэр энэ орчлонд Мөнхтуяа эгчээс өөр олон бий юу үгүй юу мэдэхгүй. Мөнхтуяа эгчээс хойш ганцаардаж, дотроо нурж явсаан ах минь. Олон юмаар гийгүүлээгүй ч сэтгэлийг нь цайлгахыг хичээж явлаа би. Нэвтрүүлгийн зөвлөл гэж байх. Тэд Чимээгийн нэвтрүүлэг ирсэнгүй, хоцорлоо, оройтлоо гэнэ. Би хэлдэг байсан, “Та нар намайг байхад Чимиддоржоор битгий оролд оо. Наад хүн чинь амьд байгаа нь шагнал” гэж хэлж хаацайлна. Ах минь баярладаг байсан. Бас тэгж хүнээр өрөвдүүлэх хүн биш болохоор тэрэндээ гэмшиж, шаналж байгаа нь мэдрэгдэнэ. Уулзахаас зайлсхийнэ. Зугтана. Олимпын анхны аварга төрдөг өдөр юмсан. 2008 оны 8 сарын 14 санагдаж байна. Чимээ ах сэтгэл хөөрсөн амьтан харьж яваад гэрийнхээ гадаа машинд шүргүүлж хөлөө хугалчихдаг юм. Олон л хүн эргэж очиж байсан. Би лав гэртээ харилгүй хоёр хоног хамт байж билээ. Ууж сууж, уйлж дуулж л явлаа даа. 

            Би их азтай л хүн байгаа юм. Монголын радиогийнхон том Баяраа гэнэ. Уран зохиолын хүрээнийхэн өндөр Баяраа гэнэ Пүрэвжавын Баярсайхан зохиолчийг. Энэ хүн бол монголын утга зохиолын 1980-аад оны содон, том төлөөлөгч. Хэтэрхий албархуу үг хэрэглэсэн минь учиртай. Энэ их хүний тухай өгүүлэхийн тулд аар саархан зүйл, архи дарс, наргиж цэнгэж явсан гэж эхлэх ёсгүй хүн юм би. Их сургууль төгсөх жил юмсан. Монголын радиогийн босгоор алхаж, Монголын дуу хоолой радиод дадлага хийж байв. Миний анд Магваны Эрдэнэбат Баяраа ахын редакцид дөнгөж ажилд ороод байсан үе. Мань эр нэг өдөр аминчилж “Баяраа ах чамайг уулз” гэж байна гэв. Пүрэвжавын Баярсайханаас хүн бүхэн цэрвэдэг, өөрөө ч их хямсгар, цэмцгэр, дэгжин, ширүүн дориун ч эр байлаа. Зориггүйхэн өрөөг нь татвал, дохиж байна, ороод ир гэж.

                        -Чамайг нэг харсан хүүхэд байна. Сумын зааны шавь мөн билүү 

                        -Тийм ээ, мөн

                        -Чи хө, төгсөөд хаана ажиллах гэж бодож байна

                        -Хаана ч гэсэн юм байхгүй ээ. Хотод ах дүү гэхээр хүн ч байхгүй

                        -Бичсэн юмнуудаа аваад ирээрэй

Маргааш нь би хэдэн нэвтрүүлгийн текст аваачиж өгөв. Монголын дуу хоолой радио дадлага хийхдээ бичсэн хэдэн халтар юмаа хөөрхий. Тэднийг минь нэгд нэгэнгүй уншаад,

                        -Цэгцэрсэн хүүхэд байна. Төгсөөд хүрээд ирээрэй, чамайг ажилд авна

            Ингэж л би дипломоо гардахаас өмнө эчнээгээр радиогийн хүн болсон юм. Монголын радиогийн Шинэ эрин радио станц, хуучнаар бол Хөдөө аж ахуйн редакц ингэж хоёр Баярсайхантай болсон хэрэг.  Редакцийн дарга  “том” Баяраа, сурвалжлагч би “жижиг” Баяраа. Хоёулаа нэг өрөөнд ажиллах болов.

Манай Баяраа ах нэвтрүүлгийн текстийг цоохорлож өгнө. Бид мэт нь бол нэвтрүүлгээ хийгээд, мань эрийг байхгүйд нь чимээгүйхэн ширээн дээр нь тавьчихна. Тэгээд гаравч оровч сэмхэн хүлээгээд л. Нэг гарчихаад ороод ирэхэд эрээн цоохор  хөөрхий муу текст ширээн дээр хэвтэж байна. Би ахиад засвараа хийж машиндана. Сэтгэлд нь овоо хүрсэн бол “илүү сайн”, бүр онцгой сайн бол “чанар” гэж татлан цохсон байдагсан. За ер нь бол “шаардлага хангасан” гэдэг цохолт л их байна даа, хөөрхий. “Илүү сайн”, “чанар” авахын тулд бид бүгд хичээдэг байлаа. Тэрнийхээ хүчинд ч бас илүү хурдан задарч, ажилдаа өссөн байх.

1996 он гарлаа. УИХ-ын сонгууль болов. Би анхны ээлжийн амралтаа аваад нутагтаа очиж сар болоод ирэв. Иртэл Баяраа ах Монголын радиогийн захирал болсон байлаа. Бөөн баяр. Редакцийн дарга маань радиогийн дарга болчихоор юм гэдэг бас л илүү ойр дотно болоод явчих шиг. Өмнө нь бол радиогийн захирал, программын дарга гэдэг их хол хөндий, аймаар сүртэй санагддаг байлаа. Одоо бол арай өөр. Ядаж даргын өрөөнд жийрхэж, сандрахгүй ордог боллоо. Ах намайг УИХ-ын тоймчоор ажилла гэв. Би дотроо их дургүй, сурсан дассан Шинэ эриндээ, Чимээ ах, Шаагаа ах, Нямаа ахтайгаа хамт баймаар,“Малчин”, “Төвөргөөн” нэвтрүүлгээ хиймээр байдаг. Гэтэл Баяраа ах хэлж байна

            -Чи энд байсаар хальсан дотроо хатна. Загварт ороод, өөр юм хийж чадахаа болино. Эдийн засаг, хууль, нийгэм, эрүүл мэнд...цаана чинь зөндөө асуудал байна. Тэр бүхнийг мэддэг болох хэрэгтэй. Би чамайг өсгөх гээд байна гэж учирлав. Их хурлын тоймчоор нэг жил орчим ажилласан. Үнэхээр их задарсан, үнэхээр их өссөн би.

            1997 он юмсан. Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Баяраа ах намайг ерөнхийлөгч П.Очирбат гуайн нэвтрүүлгийг хий гэсэн үүрэг өгөв. Өмнө нь хөрөг найруулал, нийтлэл, сурвалжлага хийгээд овоо гаршчихсан байлаа, нөгөө талаар Их хурлын тоймчоор жил ажиллаад нийгэм эдийн засаг, улс төр, хууль эрх зүйн тухайд ч зах зухаас нь гадарладаг болчихсон байв. Ингээд би П.Очирбат гуайн сонгуулийн нэвтрүүлгийг хийлцэж байв. Сонгууль 5 сарын 20-нд болж өнгөрлөө, сонгуулийн нөгөөдөр 5 сарын 22-нд юмсан. Захирал дуудаж байна гэв. Тэрний өмнөхөн нэг сул яриа сонссон юм. Манай найз Э.Ганболд үүдэнд таараад

            -Чамайг программын дарга болгох гэж байгаа гэнэ, үнэн үү гэв. Би юу ч мэдээгүй явсан юм чинь.

            -Яалаа гэж намайг дарга болгох юм бэ, худлаа худлаа, цуурч байгаа юм гээд огт тоосонгүй.

            Намайг ортол Баяраа ах, манай редакцийн дарга С.Базарсадтай юм яриад сууж байв.

            -За миний дүү ажил сайн уу. Ах нар нь ярьж байгаад чамайг программын даргаар тавихаар шийдлээ.

            Тэгэхэд би хүүхдээрээ байжээ, дөнгөж 24-хөн настай байв. Миний Баяраа ах хүнд ингэж итгэж, хүнийг ингэж үнэлж, өсгөж, бусдаар хүлээн зөвшөөрүүлж чаддаг байлаа. Ингэж Монголын радио “том”Баяраа дарга, “жижиг” Баяраа дарга гэдэг хоёр үгтэй болж, бүр давраад

            Том Баяраа дарга нь

            Толгой дохиод олдохгүй

            Жижиг Баяраа дарга нь

            Жиргэж гүйгээд олдохгүй

 гэдэг дуу гарч, бид хоёрыг “Том Жерри хоёр” ч гэх болсон билээ.

Би нэг үгэнд нь их баярладаг байв. Одоо ч тэр үгэнд би баярласаар л явдаг. Баяраа ах жаахан халамцуухан, нүдний шилээ байн байн засаж “Энэ хүүхдийг харахаар миний залуу нас санагдаад байдаг юм” гэдэгсэн. Тэрнээс илүү сайхан дотно дулаахан, тэрнээс илүү сайхан итгэл надад байгаагүй ээ. Тэр том зохиолч, тэр том сэтгүүлч, тэр том удирдагч намайг ингэж үнэлж хайрладагт нь би хөөрөөд нисчих шахдаг байлаа.

            Бид хоёр нэгэнтээ Завханы Тосонцэнгэл хамт явлаа. Үл ялигхан халамцуухан, нутагтаа очиж байгаа болоод ч тэр үү сэтгэл нь гэгэлзээд, замын турш ах минь “Самгалдай” гэдэг дууг дуулж явж билээ.

                        Ар л тайгын уулнуудаас

                        Алаг цоохор үүлэн нүүнээ

                        Ар л тайгын уулнуудаас

                        Амар тайван мэдээ ирнээ

                        Хойд л тайгын уулнуудаас

                        Хөвөн зөөлөн үүлэн нүүнээ

                        Хойд л тайгын уулнуудаас

                        Ховор сайхан мэдээ ирнээ

`Одоо ч нүдэнд минь харагддаг юм. Өндөр ах сэтгэл нь гэгэлзэн догдолсон, нүдний шилээ байн байн засаж, дуундаа уяран, замын хол, газрын уртад хамт явсан минь санагддаг. Бид хоёрт яривал мөн ч их дурсамж байх юм аа.

 Пүрэвжавын Баярсайхан бол радиогоор өвчилж, радиод дурлаж, зүрх сэтгэлээ өгсөн тийм уран бүтээлч байлаа. 1999 оны өвөл. 12 сарын 30-ны өдөр гэнэт тушаал гаргаж Монголын радиогийн захирлаас өөрчлөгдөв. Хэнээс, юунаас болж, яагаад өөрчлөгдсөн нь тухай одоо ярих нь тийм ч сонин юм биш. Өрөөнд нь орвол их гундуу сууж байлаа. Тэгэхэд би программын захиргааны дарга, өөрөөр хэлбэл орлогч нь байсан юм.

-Таныг өөрчилж байгаа бол би ч гэсэн хамт явна гэв. Баяраа ах гунигтай инээмсэглээд

-Хүн чамайг оролдоогүй байхад чи өөрөөрөө оролдож хэрэггүй. Миний үгэнд ор. Ажлаа сайн хийж байгаарай. Ах нь эргэж ирнэ...

Тэр оройдоо бүүдгэр харанхуй байлаа. Сэтгэл санаа ч бүүдгэр, тэнгэрт ёлтойх гэрэл гэгээ үгүй болсон шиг, одод ч хаана билээ, сар ч хаана билээ. Тийм нэг харанхуй шөнө байлаа. Маргааш нь он солигдох мөч билээ. Би шинэ жилийн шөнийн баярын хөтөлбөрөө удирдаж байв. Тэгээд ах дээр очъё гэж бодоод чихэр жимсхэн, ганц лонх дарс аваад гэрт нь очсон юм. Шинэ он гарах дөхсөн цаг л даа. Баяраа ах радио сонсоод сууж байлаа. Шинэ жилийн баярын хөтөлбөр явж байв. Гунигтайхан инээвхийлээд

-Миний хүүхдүүд сайн байна. Хүүхдээ том болохыг харж бахархах чинь аавын жаргал шүү дээ гэж билээ. Тэр шинэ жил ийм л бүүдгэр харанхуй байсан. Тэрнээс ч аймаар шинэ жил ирнэ гэж төсөөлж, бодож ч байсангүй.

2007 он миний хувьд хамгийн хүнд хэцүү, хатуу жил байлаа. 12 сарын 6-нд аав минь тэнгэр боллоо. Үгээр хэлэх ч юм биш, хэцүү, аймаар, маргааш яаж амьдарна гэж бодохоос л харанхуй байсан. Би 10 гаруй хоног хөдөө байгаад ирлээ. Хаа сайгүй шинэ жилийн уур амьсгал. Сэтгэл санааны хямралаас болсон байх, бие муудаж би эмнэлэгт хэвтсэн юм. Тэр үед 12 сарын 25, 26-нд Зохиолчдын шинэ жил, радиогийн шинэ жил өдөр дараалан болсон юм. Эмнэлэгт байхад Хайдавын Чилаажав над руу ярив. Хэзээ ч сонсмооргүй аймшигт хар мэдээ байсан. Миний бүүр түүрхэн хагас хугас сонсож, итгэж ядсан юм гэвэл

-Баяраа ах бурхан болчихлоо гэдэг үг л байлаа.

Ахтайгаа өнгөрөөсөн арван хэдэн жилд ийм харанхуй хоёр шинэ жилийг би үзсэн юм даа. Ах минь алдаж онодог хүний алаг тавилангаас гажилгүй амьдарсан. Цэвэр цэмцгэр, таньж мэдэхгүй хүнд бол хүйтэн хямсгар шиг хэрнээ ямар дотно дулаахан, наргианч шооч, алдах онох нь ил цагаан, нөхөртөө нөхөр, дайсандаа ч нөхөр, илүү шуналгүй, эгэл жирийн амьдралд хайртай, гэр орон нь дулаахан, эхнэрээ ээж гэж дууддаг, өөрийн үнэ цэнийг нэр төр шигээ хайрладаг хүн байлаа.                               

                        

Бидэрийн Баярсайхан      2018.04.17

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
tsenk:Уншаад баймаар сайхааааааан 2020-04-08
зочин:Ямар сайхан энгийн ойлгомжтой яруу бичдэг хүн бэ биширлээ 2020-04-08
Ganenkhbayar :Элдэв нэмэр хачир үгүй хирнээ энгийн дотно ёстой л дэргэд нь байсан хүний халуун сэтгэлийн угаас гарах дурсамж бичжээ. Танихгүй хирнээ таньдаг хүнийхэа тухай уншиж суугаа мэт сайхан санагдлаа. Бичээд л байгаарай дүү минь! Сайн сайхан үгэнд харам болсон энэ цагт.... баярлалаа 2020-04-08
иргэн:архи гударснаа л их дурсах юм даа 2020-04-08
Minj:Үнэхээр сайхан дурсамж ажээ... 2020-04-08
Дд:Эрхэм сайхан дурсамжуудыг эгэлхэн үгсээр зүрхэнд хүртэл бичжээ. Баярлалаа. 2020-04-09
Badam:Yasan saihan hvvrnel ve iim saihan hvmvvs bas saihan nevtrvvleg hiideg bailaa jinhene vnen end ene ved baiv shv saihan baijdee 2020-04-11
naraa:huniig oilgoj hairladag amidrald hairtai egel daruuhan setgel ni suu shig g hun iim um bichdeg um gehdee bi tanig tanihgui 2020-04-13
Ган-энхбаяр:Энэ бичээд байгаа хүмүүсийг нь би огт мэдэхгүй. Гэтэл их л ойр байсан хүн минь юм шиг, хамар шархирч уншлаа. Сайхан бичжээ. 2020-05-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?