АЛТАНТУЯА БИД ХОЁР

2020-04-09  

А.Алтантуяа: Дээлийн заханд хүний хийморь, сүлдний жанлав оршдог

Нуур амар бол нугас амар гэж сайхан үг бий. Хүн нутаг усаа дуурайж төрдөг ч гэж ярьдаг. Эрдэнэзууд ойрхон төрсөн хүн ийм байдаг бол уу гэмээр налгар бүсгүйг би уншигч андууддаа “ БИД ХОЁР” хэмээн өөриймсөх гэж байна. Тэр “дээл” гэж хэлд орсон бол уу гэмээр нэгэн. Бид хоёр хөтөлцөж гүйж, хурга тугалын бэлчээрт танилцсангүй. Хотын гудамжаар алхаж хоол зоогийн газар тухалж танилцсангүй. Зүгээр л МОНГОЛ гэсэн сэтгэлийн ширхэг маань эчнээ танилцуулж дотно нөхөрлүүлж, нэгнээ дэмжих, хүндэтгэхийн язгуурт чамгүй хэдэн жил нөхөрлөж яваа юм даа. Түүнийг ажил үйлс нь овоглох болоод цаг хугацаа нэлээд урссан байх юм. “Ур ундрах”-ын Алтантуяаг та таньж мэднэ. Монгол хувцас дээл урлаж суудаг энэ бүсгүй, монголоо гэсэн сайхан сэтгэлээ хамт шагладаг нэгэн. Алтантуяа бол 1982 онд Хөнгөн үйлдвэрийн салбарын харъяа Нийтийн ахуй үйлчилгээний сургуулийг захиалга хувцасны чиглэлээр төгсч, мэргэжлээрээ ажилласан. Энэ цагаас хойш 40 шахуу жил мэргэжилдээ үнэнч яваа хүн. Би нэг удаа “Ур ундрах”-ыг зорилоо. Цагаан сарын өмнөхөн монголчуудад монгол хувцасны тухай танин мэдүүлэх дотор бодолтой. Ингээд бид хоёр монгол хувцасны тухай дөрвөн цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн юм. Дээл, бүс, малгай, гутал гэсэн. Ер нь бол нэг л нэвтрүүлэг хийх бодолтой очоод яриан дунд түүний хэлсэн сайхан үг л намайг дөрвөн нэвтрүүлэг хийхэд хүргэсэн. Тэр юу гэж ярьсан гэж та бодож байна. “Монгол хүн бүр мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, дэвжих төрийн дээл, тулах төрийн гутлаа өмсч цэгцтэй явахад хямралд нэг их өртөхгүй. Хямрал гэдэг зүйл харин ч засаг, төрийн хэмжээнд болж байна уу л гэж би боддог.” Ийм үг хэлсэн нь намайг бодлоо өөрчилж цуврал нэвтрүүлэг хийхэд жолоодсон юм. Ер нь бол Алтантуяа радиогоор надтай эчнээ танил, би энэ хүний тухай олны амнаас ч сонссон, “Болор цом”-д шүлэг уншсан, “Болор цом”-ын эздийг дээлээр шагнадаг болсноос хойш таньж мэдэх болсон юм. Алтантуяа Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул. Тэр нэг удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “...Манай сум нэг жил улсдаа ургацаар тэргүүлсэн юм. Тэр үед би концерт хөтөлж, Д.Пүрэвдорж гуайн “Сэгс цагаан Богд”, “Хөх даалимбан тэрлэг” найраглалыг уншсан юм. Үзэгчид нэлээд хэдэн удаа дахиуллаа. Би ч өөрөө яруу найрагт их дуртай, аав ээж маань биднийг багад үлгэр ярьж өгч, сайхан шүлэг найраг уншиж өгч өсгөсөн. Тэр концертын дараахан намайг аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга н.Ухнаа гуай дуудууллаа. Ямар алдаа гаргасан юм бол гэж айж сандрах зэрэгцээд очлоо. Ортол “За миний хүү наашаа суу. Найраг сайхан уншдаг хүүхэд байна, баяр хүргэе. Чи оёдолчин юм байна, аймгийнхаа “Хөдөлмөрийн төлөө” сонинд ажиллах уу” гэж асуулаа. Тэгэхэд нь “Би оёдлынхоо ажилд л дуртай. Өөр ажил хийе гэж бодохгүй байна” гэлээ. Тэгсэн санал хэлэх, хүсэх зүйл байвал хэлээрэй гэж байна. Тухайн үед манай ахуйн үйлчилгээний газарт хэрээсний машин, гутал наадаг цавуу нүдний гэм байсан. Дээр нь хүүхэд болохоор их зоригтой гэгч нь “Надад өөрийн эзэмшлийн оёдлын машин байдаггүй. Та машин өгч болох уу. Манай ахуйн үйлчилгээний газарт цавуу хэрэгтэй байгаа” гээд хэлчихлээ. Түүнээс хойш нээх удалгүй тусгай зориулалтын машин, 200 кг цавуу, оёдлын машин ирлээ. Ингэж би яруу найргийн сайхныг, олон түмэнд хүртээлтэйг мэдэрч баярлаж байлаа. Сүүлд “Ур Ундрах” компаниа байгуулахдаа Дарханы савхин эдлэлийн үйлдвэрийн захирал Хүнийхүү “Болор цом”-ыг савхин дээлээр ивээн тэтгэж байснаас санаа авч монгол дээл өгч болох юм гэж бодсон.” ...гэжээ. Алтантуяа маань надад нэг өдөр утас ирүүллээ.

Болор цом-35” наадам өнөөдөр эхэлнэ : Тал нутгийн цахим ...

Манай “Ур ундрах” компани ойгоо тэмдэглэх гэж байна. Өөрийг чинь урьж байна” гэлээ. Урилга ёсоор очиход надад сайхан монгол хүрэм бэлэн зэхээний хийчихээд бэлэглэж байж билээ. Энэ цагаас хойш бид гэр бүлээрээ “Ур ундрах”-ын захиалагч болсон доо. Түүнд алт шиг сайхан хүүгээ алс хүний нутагт алдсан гунигт түүх ч бас бий. Жаргал зовлон ээлжилдэг жамын хорвоог яалтай. “Бөмбөл эрдэнэ” гэж өхөөрддөг байсан хүү нь “Ээждээ” зориулан бичсэн шүлгийг нь “Болор цом” дээр уншиж сэтгэлээ онгойлгосон тэр цаг хугацаа бас л алсарчээ... Энэ шүлгийн хэсгээс та уншаарай...

“Алтан, мөнгөн загас мөрөн дээрээ наадуулсан

Авралын дээд бурхан миний зүүдэнд ирэв.

Алтаа ээжийн минь захьсан үг шиг сайхан Ардын сургаалийг надад тэр бурхан айлдав.

Инээмсэглэл тодорсон нүдийг нь харахад

Ижийтэй минь адилхан харагдсан болохоор

Эрхгүй уйлмаар санагдсан юм Ижийдээ очмоор бодогдсон юм…”

Алтантуяа бид хоёр уулзахаараа хуучилдаг, хуучлахаараа монгол хувцас, монгол залуусын тухай зовнин ярьдаг л хоёр. Уламжлалт монгол хувцасаараа гангарч, хүн зоныг гоёж яваа энэ уран үйлчийн дээл төрийн ордон, түмний цэнгэл дунд онцгойрон өмссөн эзнээ тулж түшиж, гоёж гоодож, ихэмсэг болоод эрхэмсэгийн ертөнцөд аваачдаг юм. Алтантуяа маань нэгэнтээ: “Бид ертөнцийн есөн бүтнээр амьдармаар байна. Нартай байвал өдөр нь бүтэн, сартай байвал шөнө нь бүтэн, эртэй байж эм нь бүтэн, үртэй байж гэр нь бүтэн, дуутай байвал найр нь бүтэн, дуртай байвал хайр нь бүтэн, ухаантай байвал хүн нь бүтэн, хүнтэй байвал дэлхий бүтэн, дэлхийтэй байвал хорвоо бүтэн байна” гэдэг үг бий...хэмээн цэцэлсэн билээ. Бивээр БИД ХОЁР байвал бид бүтэн хэмээн түүний энэ сайхан үгээр бичвэрээ жаргаая даа.

"Болор цомд" түрүүлсэн яруу найрагчийг монгол дээлээр мялаадаг сайхан уламжлалыг Ур Унрахын хамт олон тогтоосон.-Хэн түрүүлэхийг нь би мэдэхгүй. Эрэгтэй, эмэгтэй дээлээ сонгодог. Мялаалганд аваад очсон . дээл эзэндээ яг таарсан нь олонтаа. Томдсон, размер зѳрсѳн тохиолдолд дээлээ солих, эс бѳгѳѳс шинээр урлуулдаг. Би яруу найрагт дуртай. Насаараа "Болор цом"-ыг ивээн тэтгэж, найрагчдаа дээлээрээ мялаах болно гэж Алтантуяа хэлдэг. Хамгийн олон зохиолч нѳхѳдтэй оёдолчин эмэгтэй бол Алтантуяа юм.

 

Л.Мөнхтөр /зохиолч, сэтгүүлч/

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?