ХӨӨДӨӨ НАМАЙГ БИДЭР Л ГЭНЭ...

2020-04-11  

Хөөдөө намайг Бидэр л гэнэ.... Би түүнийг Хөөдөө л гэнэ. Эцгийн нэр, эрхэм алдар бидэн хоёрыг өргөж явлаа. Бид биесээ Хөөдөө, Бидэр гэж дуудаад зогсохгүй,. Хөөдөө Эрдэнэбаатар, Бидэр Баяраа гэж 90-ээд оныхон бүгд тэгж ялгана. Орчлонд хичнээн олон Эрдэнэбаатар, хичнээн олон Баярсайхан байдаг юм. Тэгэвч эцгийн нэрээр цор ганц гэж дархлагдсан бидэн, монголын уран зохиолд бас хувь ганц бодьгал байхыг хүссэн юмсан. Хөөдөөгийн Эрдэнэбаатар бол цаст оргилын  зогсоол дээр зорсон  юм шиг, сийлсэн юм шиг тодхон, соньхон, давтагдашгүй зогсох “тэх” болж дээ.

Утга зохиолч судлаач Г.Батсуурь ”Урианхайн хөх уулс” шүлэг бол монголын орчин үеийн яруу найрагт  гарсан Д.Нацагдоржийн “Миний нутаг”, Ц.Дамдинсүрэнгийн “Зугаацахаар мордсон нь” найраглалын “Уул”, Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ”, Б.Лхагвасүрэнгийн “Тэр хөх мөнхийн уул миний хүүгийн уул” зэрэг байгалийн, тэр дундаа уулсын тухай  шүлгүүдийн уламжлалыг даван шинэ шатанд гаргасан туульслаг уянгын бүтээл. Уг бүтээлийг туурвиснаараа  яруу найрагч  Х.Эрдэнэбаатар баруун монголын тэр дундаа Урианхайн түмний мартагдахын ирмэгт тулж байсан туульсын уламжлалыг  орчин үелэг төрхөөр баяжуулан тунхаглаж төрүүлсэн  олныхоо ачийг хариулсан билээ. Эдүгээ газартай гацалдаж, тэнгэртэй тэрсэлдэж төрсөн Хөөдөөгийн  Эрдэнэбаатарын шүлгүүд орчин цагийн Урианхайн туульсыг орлох болов.

Хөх тэнгэрээ шүтэгч Урианхай ардын хэлний онцлогоор орчин цагийн монголын уран зохиолын хэлийг баяжуулж өөрийн өвөрмөц мөн чанар бүхий туульслаг уянгын яруу найргийг бүтээн цогцлоож “Урианхайн их найрагч” хэмээн хэлэгдэх нь юутай арвин бахархал, юутай төгөлдөр нэр төр вэ.

            Халзан Бүрэгтэйн дээр харлаг тэх

            Харлаг тэхийн дээр хан тас

            Хан тасын дээр хөх тэнгэр

            Хөх тэнгэрийн дор Хөөдөөгийн хүү        /2014.08.05/

Энэ тэмдэглэлийг эхлэхдээ яагаад ч юм, зогсоолдоо хүрсэн тэхийн өгүүлэмж сэтгэлд бууж түүний уран гоё давтагдашгүй төрх харагдаж, хөндүүрхэн гуниг шаналантай атлаа асаж дүрэлзсэн бадрангуй дурсамжууд сүлэлдэн байлаа. Зогсоолдоо хүрсэн тэхийн өгүүлэмжээс улбаалан, зөвхөн дурсамж төдий бус, миний андын яруу найргийг мэргэжлийн үүднээс үнэлж цэгнэсэн дорвитой үнэлэлт юу байдаг билээ гэж ном шүүрдэв. Судлаач Г.Батсуурийн “Хөх тэнгэрийн дор Хөөдөгийн хүү” шүүмж байдгийг санаж, “Мета утга” номыг эргүүлсэн билээ. Энэ бол монголын орчин цагийн уран зохиолын хөгжил хөдөлгөөний өргөн дэвсгэр дээр Хөөдөөгийн Эрдэнэбаатарыг яруу найрагчийн хувьд хамгийн сайн нээсэн шүүмж өгүүлэл гэж боддог. 

Хөөдөө бид хоёр 1992 онд танилцаж, дараа жил нь 1993 оны хавар вокзалын хойхно, Төмөр замын байранд, түүний хөлсөлж асан халаасны өрөөнд мах чанаж идэн өдөржин тухалж, ном хаялцан, шүлэг хэлцгээж явлаа. Зохиолч Доржзовдын Энхболд ахын нэг өрөөнд эхнэртэйгээ амьдарч байсан гэж сүүлд сонссон билүү, яасан билээ. Нэг тиймэрхүү яриа сонсож байсан санагдана.

Хөөдөө хотод ирвэл бид ёс юм шиг нийлнэ. Нийллээ, доргилоо, савлаа, саллаа. Буцахаас нь өмнө ахиад боломж гарвал уулзана, учирна, хийдгээ хийж, нөгөө л замаараа хөл толгой нийлүүлэн явдагсан. Харин манай Жа.Баяраа, Хөөдөө хоёр бол нийлсэн шиг нийлнэ. Өдөр шөнө завсарлахгүй. Хотод сар болоход нь Жа.Баяраа нэг сар хамт л байдаг байсан байх. Тэр хоёрыг салж байхыг би хараагүй. Ховдод байхдаа Мулцангийн Уянсүх бас Хөөдөөтэй холбоотой хоёр адуу шиг явсан гэдэг юм. Андыгаа нутаглуулахад ч гэсэн Жа.Баяраа, М.Уянсүх хоёр хаврын эхэн сарын хахирган цагаар хамт явж байлаа даа. 

Хөөдөө Архангайд, Бидэр Ховдод гэдэг хоёр богино дурсамж бий. Эхнийх нь нь Бидэр Ховдод гэдэг дурсамж энэ байна.Саяхан фейсээр яруу найрагч Ням-Очирын Баасанжавын тавьсан “Мөнгөн үеийнхэн Ховдод” гэдэг зураг явж байна лээ. Тэнд Х.Чилаажав, Жа.Баяраа, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг, Х.Тэргэл, А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, Н.Баасанжав бид хэд, Ховдын засаг дарга Галсандондог, засаг даргын орлогч, яруу найрагч Д.Жүгдэрбарам  нартай засаг даргын өрөөнд татуулсан зураг юм. Миний тэр зураг хаачсан юм, би өнөө ч олохгүй байгаа юм.

2003 оны намар юмсан. Ховдын намар шинэхэн зүссэн шийгуа шиг үнэртэй. Манай Хөөдөө, Бааска, өөр хэн хэн ч байлаа даа, Ховдын яруу найрагчид бүгд л биднийг тосдог юм. Хар шил зүүсэн Хөөдөө ганган гэж. Би тэр оройдоо л Явуугийн цэцэрлэгт очиж, 4 номерийн модны дор зассан чулуун ширээ тойрон, дөрвөн улирлын өнгөөр бэлэгдсэн дөрвөн чулуун сандал дээр тухлан шүлэг уншиж, сэржим өргөж байв. Харин Хөөдөө минь сэтгэл жаахан гундуу. Дотроо бол их гэмшилтэй байв. Учир нь мань эр урьд өдөр нь аймгийн намын хэдэн нөхөдтэй доргиж, бас ч болоогүй агсамнасан байж. “Газартай гацалдаж, тэнгэртэй тэрсэлдэж”  төрсөн Хөөдөөгийн хүүд өнөө хэд нь газрын хорхой шиг санагдсан хэрэг биз.

            Хуруун чинээ могойн зулзаганууд

            Хурмасттын луутай мөчөөрхөх хэрэггүй

            Төө хүрэхгүй могойн зулзаганууд

            Тэнгэрийн луутай тэрсэлдэх хэрэггүй

Эр улс бол эр улс шүү дээ. Нэг нь манай хүнийг цохьчихсон биз дээ. Баруун нүдээ таглуулсан, тэрнээ дарж хар шил зүүсэн байж билээ.Тэгэхэд Хөөдөө аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, Баруун монголын дээд сургуулийн захирал байлаа. Бид олон газар очиж шүлэг уншсан юм даг. Нөхдөө харж, шүлгээ уншиж, сэтгэл нь бадарсан Хөөдөө

            ....Зэлүүд хөх уулсын тэнгэрийн нүд мэт сайранд

            Зогдроо дугтчих тогорууд дорны нарнаас ирэхэд

            Өнгөт мандлын доогуур хөшгөн зэрэглээ сүүмэлзэж

            Өвгөдийн гунигт нүдэнд сарны туулай хоргодно

            Умрын хонгор  салхин нөмгөн зэрэглээ хөндөхөд

            Уяа нь таарсан хүлэг шиг уулс алсад дөмөлзөнө

            Хан тэнгэрийн өлмийд халхын иал цэнхэртэж

            Хадан цохионы орой дээр хан улир бөөрнө

            .....Аяст дэлхийн жамаар зун цаг ирлээ ч

            Ай хөөрхий өнгөт улирал энэ ууланд хамаарахгүй

            .....Удган голын усыг цасны шимээл сэлбэнэ

            Урианхайн хөх уулс уйдашгүй сүндэрлэнэ

            ....Цаг мөнхийн уулс цас мөсөөр дүүрэн

            Цалгиа залуу насандаа халгиа шүлгээ бичнэ

Түүний ийнхүү “Урианхайн хөх уулс” шүлгээ уншихад Ховдын их уулс, алслан цаашлаад Урианхайн хөх уулс анир даран чагнаархан байсан буй заа. Ховдын тэр намар сэтгэлд их л сайхан дотнохон, уянгалаг дурсамжтайсан. Манай 90-ээд оныхон үеэрээ ийш тийш явахад миний ажил төрлийн завдал болохгүй, тиймээс ихэнхээс нь хоцорсон байдаг юм. 2008 онд Х.Чилаажав, А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж бид хэд Сэлэнгийг бараг бүтэн тойрсныг эс тооцвол би тэр болгон яваад байж чадаагүй юм.

Ховдын тэр намар Хөөдөөгийн гэрт зочилсон үдэш, Ховдын нэгэн бүсгүйд сэтгэл алдарч, шүлэг бичиж, бас шүлэг уншиж явсан хоёр гэрэлт дурсамж сэтгэлд тодхон. Манай Хөөдөө шулуун шударга  эрхүн дээ, олуулаа цугласан, бужигнасан үед “Хөөе, Бидэрээ. Чиний нөгөө буудлын үйлчлэгч хүүхэн чамайг асуугаад байна лээ” гэх нь юу ч биш. “Энэ дархад Мийгаа бол ална шүү дээ. Бидэрээс ч аймаар”  гээд бас нэг нууц ярина. Мягаа бид хоёр түүний амыг хорихыг л хичээнэ. Яахав дээ, бид бүгдээрээ залуу явсан. Хулганайн Тэргэлийн хэлдэгчлэн  “Залуу явахад юм бүхэн өнгөлөг”

Хөөдөө Архангайд гэдэг бас нэгэн гэрэлт дурсамж бий. 2011 оны өвөл Архангай аймагт Болор цом болов оо. Миний ээжийнх аймгийн төвд хашаанд байлаа. Дөрвөн зүгээс миний үеийнхэн цуглаж, миний  найз нөхөд цөмөөрөө миний төрсөн гэр, миний гал голомт дээр ирцгээсэн билээ. Ховдоос Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Дорноговиос  Арлааны Эрдэнэ-Очир, Гомпилдоогийн Мөнхцэцэг, Говь-Алтайгаас Хайдавын Чилаажав, Завханаас Цогдоржийн Бавуудорж, Хөвсгөлөөс Баттөрийн Мягмаржав, Өвөрхангайгаас Баярхүүгийн Ичинхорлоо, Хархориноос Сольтогтохын Дамдиндорж, Төв аймгаас Цоодолын Хулан нар миний ээжтэй золгоно гэж ирцгээсэн юм даг. Ээж бүр хөөрчихсөн. “Ямар сайхан хүүхдүүд вэ” гээд л, Хулан, Ичинхорлоо, Мөнхцэцэг гуравтай хундага тулгаж байгаад гурав тогтоосон гэж байгаа. Бодвол тэр гурван “галзуу” ээжийг минь хөөргөж орхио биз.

Хамгийн хөөрхөн нь миний муу Хөөдөө байж билээ. Нэлээд халмагхан тэр минь “Ээжийд сүүтэй орж золгоно” гэсээр дэлгүүр орж сүү аваад манайд орж билээ. Архангайн Болор цомд До.Болдхуяг түрүүлж, Ж.Мөнхбат удаалж, би гуравлаж, дархад Мягаа дөрвөлсөн юмдаг. Үүр шөнийн 4 цагт шал согтуу Баттөрийн Мягмаржав “Би Архангайн ээждээ шагналаасаа өгнө” гэж орилсоор ирж байлаа. Ээж минь  Хөөдөө, Мягаа хоёрт илүүтэй их баярладагсан. Мягааг бол өмнө нь сайн мэднэ. Дархад Мягаа нэг удаа надтай хамт манайд очсон билээ. Тэгэхэд миний аав сэрүүн тунгалаг байлаа. Намайг унтсан хойно Мягаа ганцаараа тольтой тулгаж архи уугаад ээжийг ухаан алдуулчихсан юм. Ийм болохоор энэ удаад Мягааг бүр их өхөөрдөж билээ. Ээж “Хөөрхий, Мягаа минь шөнө дөлөөр хаалга үүд тар няр хийтэл хаяж орж ирээд, Архангайн ээждээ шагналаасаа өгнө гээд 20 мянган төгрөг барьчихсан зогсож байна. Мөнгөө өгчихөөд, одоо намайг ээж үнс гэж байгаамаа” гэдэгсэн.

Хөхрөгчийн доор Хөөдөөгийн хүү Эрдэнэбаатартай ингэж нөхөрлөж явлаа даа. Залуу явахад юм бүхэн өнгөлөг. Алдаа минь хүртэл гэгээн тунгалаг. Эргээд санахад харамсах зүйлгүй явж дээ бид. Миний анд Хөөдэйн Эрдэнэбаатар хамгийн сүүлийн удаа 2018 оны хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдөр утсаар ярьж “Их утга зохиолд чи бидэн, ихэр хурга шиг явлаа анд минь. Урианхайн их уулсынхаа дундаас сар шинийн мэнд мэдье гэж залгалаа” гэж билээ. Монголын уран зохиолд хамгийн их гарзтай тэр жил би Хөөдөө, Мягаа, Ээгий гуравтаа зориулж нэгэн харууслын шүлэг бичсэн юм.

            “Нэг уяаны морьд

            Нэгнээ дагаж давхина гэж”

            Арлааны Эрдэнэ-Очир үргэлж л

            Андгай тавих шиг хэлдэгсэн

            “Их утга зохиолд чи бидэн

            Ихэр хурга шиг явлаа” гэж

            Хөөдөөгийн Эрдэнэбаатар сүүлчийн удаа

            Хөх уулсынхаа дундаас ярьсансан

            “Уянга найргийн тэнгэрээс андууд минь харваж

            Уушиг зүрхийг минь сум шиг сийчин байна” гэж

            Дархад Мягаа, Баттөрийн  Мягмаржав

            Давчдаж, энэлж шаналж бичсэнсэн

            Хөөрхий, та нар минь

            Хөндүүр шаналан минь

            Хөдөөдөө төрж, хүлгийн зоонд “дарцаглаж”

            Хөл нүцгэн гүйж, хөдсөн дээлэн дотор өсч

            Хөгшдийн нуруу, өвгөдийн жудаг залгасан

            Хөөрхий, андууд минь нэг зэлний унагад минь

            Хувьхан заяаны замын өргөс цэцгийг туучин

            Хад асгатай харгуйд унаж босон тэнцэж

            Халуун залуу насаа задгай мөнгө шиг үрж

            Хан хорвоогийн элгэн дээр туйлж явлаа, бидэн

            Ядуу явлаа, халгиж цалгисан баян ч явлаа

            Ядарч гундаж явлаа, задарч туйлж явлаа

            Инээд нулимстай явлаа, нэгнээ үдлэн гашуудаж

            Итгэл алдарч явлаа, горь найдлага тавьж явлаа

            Өрцөн чанаддаа шаналан зовсоон бид

            Өө, бидэнд сэтгэлээ өвтгөөгүй юм гэж үгүй

            Өлгийн үнэртэй эх нутагаа санан бэтгэрч

            Өтөл буурал эхээ хамт зүүдэлж зовсоон бид

            Морьтон монголын морьгүй эмгэнэл

            Молор зүрхний ан цаваар сад тавин үерлэж

            Эцэг өвгөдөөс  хүлээж авсан, бүтэн эх орон минь

            Энэ бидний үеэр дуусах вий гэж зовсоон бид

            Зөн совин, ёр билэг чинь эх амьтны зөнгөөр сэргэг байж

            Шувууны сүүдэр дайрах вий гэж сэрэмжижлжээ та нар минь

            Зүрхний дуудлага чинь борог амьдралаас алсад байж

            Шунал хүсэл, эрх мэдлээс  ангид оршжээ та нар минь

            Явж одохдоо хүртэл, хальж одохдоо хүртэл

            Ямагт гийүүлсээр, лаа шиг гэрэлтсээр та нар минь

            Зүрх тархинд мөнх бусын тухай, мөнхрөхийн тухай

            Замилан хэмжээстэй гэж мөнх бусын багш болжээ та нар минь

 

Бидэрийн Баярсайхан 2020.04.06

  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:ийм сайхан дурсамж уншихаар учиргүй их сэтгэл хөдөлж зурагтаар л харж байсан дэндүү эрт буцчихсан хайлган цайлган яруу найрагч залуусыг өрөвдөх юм 2020-04-12
Зочин.:Сайхан бичжээ. Эрдэнэбаатар анд минь, цэрэг минь тэнгэрийн орондоо амгалан нойрсдоо. Ум ма ни бад мэ хум. 2020-04-12
зочин:үнэхээр сэтгэл гэгэлзэж, нулимс мэлтрэн байж уншлаа, найрагч хүн нас богино байдаг ч юм бол уу . Дэндүү омголон явж дээ эд маань . Тэхдээ мартагдахгүй 2020-04-12
Баярмагнай:Дарс архи согтоож дарамтлана, Дассан амраг гэрийн хуулиар дарамтлана, Дараа нь бас шартааж дарамтлана 2020-04-12
Altaa:mundag bichjee naiz mini uneheer nudend haragdaj bna daa 2020-04-13
Зочин:Баярлалаа сайхан дурсамж байна. 2020-04-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?