Бишгүй нэг явж үзсээн, баруунтшаа гэвэл Цаст Цамбагарав, Сутай хайрхан, Хар ус нуур, Чоно харайхын гол, Алаг хайрхан, Хархираа түргэний уулс, Цагаан дэглий уул, Их бага улаан даваа, Бодончийн хавцал, Үенчийн хавцал, Хорго, Тэрх, Хойшоо Хөвсгөл далай, далайн эргийн Жанхай, Сэлэнгэ мөрөн, Зэлтэрийн гацаа, зүүнтшээ гэвэл Мэнэнгийн тал, Малхын тал, Хэрлэн мөрөн, Хамрын хийд, Ханбаянзүрх хайрхан гээд. Монголын радиогийн буянаар ч их явсан, ямагт биднийг уулзуулдаг яруу найргийн буянаар ч их явсан. Олон сайхан нутаг оронд сүслэж, бахархаж явлаа.
Тэр бүхний дундаас Дундговийн Хулд сум. Олдохын тал мөн ч сайхан нутаг даа. Хараа алдам аниргүйн дунд завилж суугаад, хол ойрыг хараачлан байхад уу... ай даа хосгүй сайхан нутаг. Алдаа оноо нь алган дээрх шиг илхэн миний анд Пэрэнлэйн Нямлхагвын нутаг юм. Дөрвөн намар дараалан очиж аугаа их Олдохын талаар давхиж явлаа. Нямлхагвын аав, Пэрэнлэй ах надад олон сайхан хууч ярьж өгсөн, буянгүй амьтан би ихэнхийг нь тогтоосонгүй дээ. Тэр дундаас цөөн хэдийг нь авч, ганц нэгэн өгүүллэгтээ дүр болгон ургуулан урласан юм даг. Миний “Өшөө”, “Даш гуай” гэдэг хоёр өгүүллэг, “Тэмээний нутаг” гэдэг аялалын тэмдэглэлийн гол санааг ярьж өгсөн хүн Пэрэнлэй ах юм. Говийнхон шооч. Хүнд нэр хоч өгөхдөө гаргуун. Тэдний дундаас Нямлхагвын удмынхан бол онцгой. Нямкагийн төрсөн ах Лхагва-Очир ч шооч, охин дүү нар нь шооч, ганц эрэгтэй дүү Бямбалхагва ч шооч, тэр бүү хэл дунд хүргэн Сайнаа ч бас их шооч. Пэрэнлэй ах бол илүү шооч, наргианч, цөлх ухаантай, егзөр хар хүн байв даа.
Ямархан хувь тавилан юм, бүү мэд. Нямлхагва бид хоёр олон юмаар их адилхан юм билээ. Бид хоёр адилхан эхээс зургуулаа. Гурван хүү, гурван охинтой айлын хоёр дахь нь. Бид хоёр ганц ганц төрсөн ахтай. Ганц ахдаа бас халуун их хайртай. Ганц ганц эрэгтэй дүүтэй. Гурван охин дүүтэй. Миний ээж хүний ганц. Нямлхагвын ээж бас хүний ганц. Миний аав, Нямлхагвын аав хоёр чацуу. Сонин тохиол шүү. Дээр нь бид хоёр адилхан. Алдаж цутгах, хөлөөрөө толгой хийх, толгойгоороо хөл хийхдээ адилхан. Алдаж, өөрсдийгөө хайр найргүй үрж дуусахдаа ч адилхан. Хүнийг нэг сапирах гэж хэлдэг дээ, тэрэн шиг болтлоо дампуурахдаа ч адилхан. Уруудаж доройтохын цондон ёрлоод ирэхээр бид хоёр арслан барс шиг аагиж хаагиж байснаа долоо хоногийн дараа гэмшилдээ гөлөг болтлоо доош орно. Ийм л хоёр. Бидний аль балрахыг хэлж барах вэ.
Магадгүй, ийм байдаг тулдаа бие биеээ сайн нөхдөг байх. Бид хоёр анд явбал ганзага цустаж, аянд явбал олз олж, ажил ярьвал заавал ард нь гардаг хоёр. “Арван сарын үдэш” гэдэг уран бүтээлийн хамтарсан цэнгүүнээ хоёр удаа хийлээ. Миний нутгийн дүү, Нямлхагвын маань сайн анд, УИХ-ын гишүүн, Болор цомын эзэн, яруу найрагч Жамьянгийн Мөнхбат дэмжиж, сайхан заал танхимаа гарган өгч байлаа. Сайхан байсаан. Нямка шүлгүүдээ уншиж, миний өгүүллэгийг жүжигчид уншиж, заал нам гүм, шумуул ниссэн ч сонсогдохоор нам гүм байхыг мэдрэх ч бас л сайхан шүү.
Эхний жил 2014 онд бид хоёр Хулд явлаа. Пэрэнлэй ах, нутгийн залуугийнтай айл байлаа. Говиор нэг давхилаа. Намрын говь, тэр дундаа Олдохын талын намар гэдэг зүүдний юм шиг байдагсан. Дараа жил нь очихдоо би радиогийн захирал болоод очлоо. Хоёулаа биш, энэ удаад явлаа. Мний найз, манай радиогийн ерөнхий найруулагч Дэнзэнгийн Батбаярыг аваад явдаг юм. Батбаяр маань таван жил хотоос гараагүй, нойргүйдэх болсон гэхээр нь говьд аваачиж тархийг нь амраая, говьд нар мандахыг үзүүлье гэж бодсон хэрэг. Пэрэнлэй ах
-Манай Баяраа хүү радиогийн захирал болсон гэсэн
-Өө, ах минь. Танайд ирж гурав хоноод, очоод л гурван сарын дараа захирал болчихлоо гэв.
Пэрэнлэй ах их баясч, энэ жил тэгвэл ахиж гурав хоноод яв, ирэх жил ерөнхий захирал болох ч юм билүү гэж хөгжилдөж байж билээ.
Удаах жилийн эсэргэн хаврын цагаар Пэрэнлэй ах маань бие тааруу байж, хотод үзүүлэхээр ирэхэд нь би уулзаж чадалгүй зөрчихсөн юм. Удалгүй нутагтаа очоод, гурван хүүгээ дэргэдээ суулгаж байгаад хөвгүүдийнхээ гар дээр амьсгал хураасан буянтан байлаа даа.
Намар боллоо. Хулд явмаар санагдаад. Нямкад хэлтэл аан уун гээд нэг их явах шинжгүй. Хариад очихоор аав нь байхгүй гэж бодохоор халшираад байсан юм билээ. Би хэллээ.
-Өвгөнийг байхад очиж байлаа. Байхгүй болсон ч гэсэн очъё хоёулаа гэв.
Нямка минь халамцахаараа л энийг ярьж уйлна. Орчлонгийн жамыг яалтай. Би ч бас аавгүй болчихоод, тэр зун нутагтаа очиход эзгүйрч хоосроод хэцүү л байсан. Сэтгэлийн шаналан эдгэрээд ирэхээр харин ч нутагтаа очмоор болдог юм билээ. Энүүгээр би аавтайгаа явж байсан. Энэ уулын энгэрт аавтайгаа өвс хадаж байсан. Энд бид бор гөрөөс унагаад баярлалдан, хангай дэлхийдээ сүслэж байсан гэж бодогдоод, нутаг л явмаар санагдаад байдаг юм билээ. Тэр намар бол Нямкагийн шарх арай л шинэхэн, хэцүү байсан л даа.
Дараа жилийн зун юмсан. Миний төрсөн ганц ах ярьж байна. Чи хойгуураа шууд яваад нутагтаа хүрээд ир, би эндээс гарлаа. Навс уулын энгэрт хононо. Тэнд хүрээд ир гэв. Нямкадаа хэллээ. Батбаярыгаа бас уруу татаад аваад явчихъя. Өнгөрсөн жил говь үзүүлсэн, энэ жил хангай үзүүлье гээд. Бид гурав хотоос оройхон гарлаа. Шөнөжин явж, Өлзийт сумаас гарахдаа би Хайрхан явдаг буруу зам хөөгөөд, төөрч будилсаар арай гэж үүр цайж байхад нутагтаа ирлээ. Битүү сүүгэл цагаан манан зулж хөглөрөөд, газраар нэг буучихсан. Нямка, Баагий хоёр дуу алдан гайхширч байлаа. Уулын горхи жирэлзэн шоржигнон урсаж, хөхөө донгодож, шувуу жиргэж, шүүдэр буусан тал гялтаганан, гялбалзан байхыг харсан говийн Нямка, хотын Баагий байтугай ийм шүүдэр дундуур хөл нүцгэн гүйж өссөн хангайн хүү би өөрөө ч бахдам билээ. Нутаг усандаа ирж хийморио сэргээг гэж ах минь зориуд дуудаж, өөрөө тэр холоос ажлаа алдан, бензин тос шатааж иржээ. Хэдэн ар үргээлээ. Нутгийн анчин ах Базарсад чоно буудав. Нямка өмнө нь нэг удаа чоно унагахад хамт явсан гэж байгаа. Баагий бол кинон дээрээс харсан байлгүй. Бид гурав ийм л олз омогтой явж билээ.
Нямлхагва бид хоёр жилийн өмнөөс хэлэлцэн, арайтай л ам тангараг, гэрээ байгуулах шахам юм ярьж байж хамтдаа Америк явлаа. Жилийн өмнө би хэлсэн юм. “Би бол хэлсэн, ярьсан бол яг таг. Миний зардал ч бэлэн. Чи харин одоо ингэж мултарч байгаад яг цагаа тулахаар алга болчихов” гэж. Мань хүн бас надад андгайлж байна. “Миний оюутан цагийн найз Ширчин Америкт байгаа. Манай Дундговийн Пүүжээ /яруу найрагч Ө.Пүрэвсүрэн/ урилга заллагыг нь зохицуулдаг юм гэсэн. Тиймээс ямар ч асуудалгүй, найз нь явна. Хөдөөний муу хоёр бор хүү холын Америкт хамтдаа явж л таарна” гэсэн юм. Миний найз хэлсэн, ярьсандаа байдаг эр хүн. Ингэж хоёулаа нэг явлаа даа. Энэ дурсамжийн дор Нямлхагвадаа, хүндэт мэргэн буурал Пэрэнлэй ахдаа зориулсан “Тэмээний нутаг” гэдэг тэмдэглэлээ орууллаа.
Тэмээний нутаг
Наран дөнгөж мандан, “Андын долоон овоо”-ны хэц дээгүүр өнгийж байв. Андын долоон овоо гэж хожуу үүссэн нэр юм гэсэн. Орой нь суварга адил сүмбэр, нэг нэгнээсээ урган гарсан долоон босоо бор уул аж. Дундговь нутгийн сайхан хүү Наранцацралт бээр энэ долоон овоог зургаан нөхөртэйгээ нэг нэгээр нь тахьж, үхэвч сэхэвч, уруудаж өөдлөвч үргэлж хамтдаа, нэг нэгнээсээ урган гарсан, хормой бэлээрээ биедээ ууссан энэ долоон уул шиг байцгаая гэж андын тангараг өргөсөн юм гэнэлээ хэмээн Нямлхагва хуучлав. Эр улсын андгайн биелэл энэ долоон уулын босоо ассан хийморь мэт байж, эр хүний цөлх ухаан, андын ёсыг үргэлжид сануулан, түмэн оны нарыг угтан дүнхийж, үүрч ханхайна буйзаа.
Ургаж буй нарны нил алтан урсгалд, намрын шарлангатсан тал эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Тэнгэрт буцлан байх сүрэг бор шувуу өмнүүр хойгуур бужигнаж, тэдний жив жив, чис чис гэх жиргээ амьдаас амьд, дулаан бүлээн, эеврүү зөөлөн, яруу тунгалаг найрал хөгжим дуурьсгах эгшигтэй. Ай намар цаг....
-Энэ юун олон бор шувуу вэ. Хээрийн бор шувуу ингэж үй олноороо буцлан байдаг уу. Манай хангай чигт бол ийм олноороо сүрэглэдэггүй гэж би гайхав.
-Хар хоолойт болжмор... Их л өтгөн сүрэглэдэг амьтан юм билээ. Хамаагүй хурдтай давхиж хэрэггүй шүү, ирж мөргүүлчихээд байдаг юм гэж ярьж явлаа.
Тэнгэрийн хаяа алсын алс, талын эн хязгааргүй сэтгэл тэнийм уужим, хатсан царвангийн хоолой аргам үнэр, ногоон хиаг, хялгана, суль өвсний дарагдмал гандмал үнэр холилдон цонхны нээлхийгээр урсан орном. Эргэн тойрон дэндүү эл хуль хийгээд, гагц агаар мандалд буцлах хар хоолойт болжмороос өөр нүдэнд торох бараагүй.
-Ай хө, тэмээний нутаг нутаг минь...
- Нүдэнд торох ганц тэмээ алга даа гэж би тохуутай даажигнав
-Удахгүй ээ. Мөдхөн тэмээний нутгийн зах руу орно. Хараарай даа, тэмээний нутаг гэж ямархан юм байдгийг
-Харин энэ хавь бол цагаан зээрийн л нутаг юм даа. Ухаа толгод үелзэн хөдлөх шиг зээрийн нуруу гүвэлзэж баймаар нутаг юм. Машин тэрэгнээс үргэж цагаан тана гялалзуулан шуургалжбаймаар...
-Ийшээ бий, цагаан зээр өнө хөөгөөд өвөлдөө энд ирчихсэн байдаг
Хэсэг давхилаа. Зам гэж зам, авралдаа багтаасан алтан шар зам минь. Хүний амьдралын зам ийм байдаг бол хичнээн холыг туулж, хичнээн ихийг үзэж, хичнээн ихийг бүтээхсэн бол. Даанч, хүний амьдралын зам ээдрээтэй, нугачаатай, бүдэг балархай, хаашаа л бол хаашаа салаална .
Газрын байдал өөрчлөгдөж, бут бударгана, дэрс сондуул элбэгшив. Говийн зах руу орж байгаа бололтой. Намар орой билээ. Арван сарын тэнгэр хуурай, сормосонд торох үүлгүй, гүйгүүл хонгор салхи үе сүесхэн сэрхийтэл босно.
-Тэмээний нутаг уу...?
-Жинхэнэ тэмээний эх орон арай л болоогүй байна даа. Чи гайхнаа, тэмээний нутаг гэж ямархан агуу, уужим, уйдашгүй юм бэ гэж. Энэ бол бог малын нутаг. Манайхны хоньтой нь ийшээ нутаглана. Адуутай хүмүүс ч ийшээ зүтгэнэ шүү. Эндээс урагшаа үхэр бол байхгүй.
-Яагаад...?
-Тэмээний нутаг.. Үхрийн хэл ороох өвс байхгүй
-Тэмээ л байх уу..?
-Тэмээ л байна. Ер нь тэмээ зээр хоёроос өөр амьтан идээшихгүй.
Бид ийн хуучилж явлаа. Бужигнасан хар хоолойт болжмор. Шувуу мөргөчихгүйн тул би хурдаа саалаа. Хөндий болгонд нэг нэг өтгөн сүрэг байх шиг. Намжааран дүнсийсэн их тал, шүдлэн говь өмнөөс тосч, ард үлдэнэ.
-Зах хязгааргүй үргэлжлэх юмаа
-Юу тэр вэ, хар хоолойт уу
-Бишээ, энэ тал, тал ч гэж дээ говь мөн биз дээ
-Энэ юу ч биш. Луус хайрхан өнгөрөөд Олдохын тал руу ороод ирвэл чи бүр амаа ангайх хүн байна гэж намайг таглав. Түрүүхэн би “Тэмээ байхгүй, тэмээний нутаг чинь энэ үү” гэж түүнийг даажигнасан хариуг авч байгаа юм. Хэсэг давхилаа. Зүүн өмнө багашаарагхан, бэсрэг хар уул тосч, нүднээ босч ирэв. Говийн дунд ургасан гэмээр бор уул.
-Энэ ямар нэртэй хайрхан бэ
-Түрүүн ярьдагЛуус хайрхан
-Танай говийнхон ийм уулыг л хайрхан гэх юмаа. Манай хангайд бол дөрөлж шиг юм
-Аяд аа хө, хол газар яваа улс газар усанд ам гарч хэрэггүй.
-Тийм дээ гэж хэлээд би амны алдас хийснээ гэмшив. Аав минь “Уул ус бүхэн эзэнтэй, дотроо сүсэглэж явбал авралдаа багтаана. Миний хүү амьдран суугаа дөрвөн ууландаа залбирч яваарай” гэж захьсан юм.
-Говийн зэрэглээ бий дээ
-Тийм, зэрэглээ юу
-Биш ээ, кино. “Говийн зэрэглээ” кино. Зургийг нь энд авсан юм билээ. Энэ хайрхан чинь өнөө яагаав, ангийн байцаагчийн аргаль дуранддаг хайрхан
-Аргаль дурандаад, зургаа...долоо...найм...нэг хааччихав аа, аа муу Арслан гэдэг үү
-Яг тийм. Тэр зургийг чинь энд авсан юм. Одоо ч хэдэн аргаль бий. Хүмүүс гар хүрэхгүй. Хайрханыг догшин гэж хүмүүс шүтдэг юм. Эндээс жаахан давхиад Хулд хайрхан харагдана. Хулд хайрханаас цэлмэг өдөр бол Дэлгэрхангай уул үзэгддэг юм. Дашдооров гуайн уул. Дэлгэрхангайн уулан дээрээс дэлхийн бүх юм харагдана гэсэн байдаг даа.
-Өмнөговиос буцахдаа Дэлгэрхангай уулын зүүн сугаар орж ирж байсан. Сайхан уул шүү
-Сайхан уул. Ийм уулын бэлд тийм сайхан зохиолч төрөлгүй яахав
Нарны сайхан, агаарын цэнгэг, нүд баясгах тал, говийн уужим, хаяа хярхаггүй цэнхэрлэх тэнгэрийн хаяа. Сэтгэл тэнийв. Цээж уужрав. Бид дөрвөн уулынхаа дунд чихэлдэн сууж, бачимдал бухимдал, хүн хүндээ үл итгэх хана хэрмэн дунд, хараал зүхлийг ерөөл шиг айлдаж амиа борлуулж довоо шарлуулахын төлөө алалдан тэмцэлдсээр сэтгэлийн чөмгөө барж дуусдаг бололтой. Туйлдаж ядраад ихэнх нь нойр хулжимтгай, зүрхээр хатгуулдаг болох нь бий. Би мөн тэдний нэгэн болж, үе үе зүрхээр хатгуулж, аймтгай цочимтгой, нойргүйдэн тарчлах болсон юм.
-Агаарт гар, цээжээ дүүртэл эрүүл агаар амьсгал. Аяндаа нойроо хүчрэхээ болино. Өдийд говь сайхан байгаадаа. Айдаа, ингэнийундаахалааж уугаад хэвтэхэд үү, дэрэндээртолгойтавиадлдугжирнашүүдээгэжэмчзөвлөсөнюм. Тэгээдлнамрынговь, тэмээнийнутгийгзорьсонхэрэг.
-Ай даа, тэмээний нутаг...тэмээдийн минь нутаг. Хар даа, Хулд хайрхан тэр харагдаж байна. Эндээс миний Олдохын тал эхэлж байна. Тэмээний нутаг гэж энийг л хэлдэг юм даа.
-Хулд хайрхан ч сайхан уул байна шүү.
-Амар амгалангийн сүүлчийн буудал, сүүлчийн диваажин гэвэл миний Олдохын тал, миний тэмээний нутаг даа гэв.
Олдохын тал тэнгэрийн хаяа тийш алсран оджээ. Тэнгэр газрын савслага манарч, тэнд нарны будан буусан юмуу гэлтэй сүүмэлзэн униартана. Тэртээд, саран эцэж туулам тэр уужим талд тэмээ сүүмэлзэнэ. Миний Тоглохын тал бол бас л уужим тал. Хойд урд Тамирын хөндийг дүүргэсэн их тал юмсан. Хаврын харшинга морио богшоож туулах их тал. Олдохын тал, Тоглохын талаас ч энгүй өргөн аж. Өөвөн сөөвөн бударгана дунд хоёр гэр харагдав.
-Энэ айлаар буугаадхая
-Нутгийн айл уу...?
-Нэг хөгшин бий. Олдохын хийдийн гол шүтээнийг хадгалж байгаа хүн. Нутгийхаа шүтээнд орж мөргөнө гэж Нямка өндөлзлөө.
Гэрт их настай эмгэн орон дээр жовгойтол сууж байв. Эрхи эргүүлнэ.
-Даалиа...Бие тэнхээ сайн уу. Сайхан намаржиж байна уу
-Бурхны аврал. Хэний багачуул вэ гэж эмгэн таньж ядан саравчлав
-Пэрэнлэйн хүү байна.. Шүтээндээ мөргөх гээд
-Аан... эмгэн дуугүй болов. Тэндээс хөдлөөд нямка ярив,
-Шүтээнийг Гандан руу аваачиж залсан юм гэнэ лээ. Болоогүй юм гэсэн. Гандангийн хэрмэн хашаа, нэг талаасаа нурж унаж, юм юм болсон гэдэг. Тэгээд газар нь тохирохгүй нь, байх ёстой газраа байг гээд буцааж залсан. Хийд хүрээг газартай тэгшилж байхад гол шүтээнийгДаалиа авч хадгалж үлдсэн юм гэнэ лээ...
-Нутаг орондоо буян үйлдсэн хүн сайхан наслалгүй дээ
-Аав дээхнэ эднийхээр бууж, “Даалиа тэнхээ данги уу” гэсэн чинь, Нас буян хоёр зөрчөөд яахав дээ, Даалиа нь “гэж. Залуудаа эднийх их ядуу айл байж, гэрт нь хулгайч ороод авах юм олдоогүй гэдэг. Одоо жигтэйхэн олон тэмээтэй, юм юмтай, баян чавганц болчоод байгаа юм. Ухаандаа мань эмгэн эдэлж хэрэглэж, гоёж гоодох насандаа юу ч үгүй байж, одоо ийм өндөр наслаад ийм их хөрнгөөр би яах вэ дээ гэж гэж байгаа хэрэг.
Нар чанх голложээ. Говийн гүн рүү орох тусам налайжбайв.
-Найзынх нутаг энэ дээ. Хөөрхий, аавын минь бор гэр харагдаж байна
Гадасласан ботго бөн бөн буйлж байнаа. Олон ботго зэрэг гунганааар нээрээ уй төрдөг юм билээ. Жагдалын Лхагва ахын “Толгодын цаана ингэ буйлна”гэдэг үг юутай ээнэгшүү халуун, уйтай тунгалаг юм бэ. Толгодын цаана ингэ буйлж байгаа нь салхины үзүүрт тодорч нэг, бүдгэрч нэг сонсогдон байв. Даанч тунгалаг, дэндүү амгалан, нулимс гүйлгэнэсэн нүдтэй юсм, ботго гэдэг амьтан. Гэрт орвол эзгүй байв. Хажуу айлын эхнэр таваг дөхүүлж, ингэний ундаа аягалж барив. Сэнгэнэсэн, эсгэлэн сайхан, нуугисан зөөлөн амттай сайхан идээ юм.
-Аав тэмээгээ усалж байгаа байх, хүлээж байя гэв
-Худаг дээр очъё. Аавдаа ганц ховоо ус татаж өгөхгүй юу
- Миний аав шинэ цагийн малчин шүү. Өөрөө мотортой. Тэрнээ авч очоод усаа татуулчихна. Дуусангуут нь мотороо машиндаа ачаад давхичихна.
-Арай машинаар тэмээ хариулдаг юм биш биз дээ
-Юу ярьж байгаа юм. Ланд-100 уначихаад тэмээ хариулдаг өвгөн шүү.
-Явцгаая. Худаг оръё.
Тэмээд шавжээ. Гаанагар гооногор ингэнүүд биеийн чилээгээ гарган тавлан тухлах шиг, данхага данхага алхана, сүрлэг юмаа. Говийн элсэн дунд нүд шиг тормойх худгийн бэлчирийг чийр болтол талхлан, тэмээд шавитналдан холхих аж. Ус ууж ханасан шинж гэнэ. Ууж ханаагүй нь сайн ууж аваг гээд Пэрэнлэй гуай тэмээгээ хорьж байв. Суга цавь нь олойртон халцарч, шивтэр шинхэг ханхлуулсан том хүрэн буур сүргээ захлан нүдээ хагас анин зүүрмэглэнэ.
-Буур ийм номхон байдаг юм уу гэж би сониучирхав.
-Ер нь бол номхон дөлгөөхөн амьтан байгаа юм. Ороо нь орчихвол нэг бодлын амар. Өөрөө тэмээгээ хураагаад гаднаа бөөгнүүлчихнэ гэж Пэрэнлэй гуай хууч хөөрөв.
Нар жаргаж, тэнгэрийн хаяа улайран, зэсэн хүрээ татав. Маргааш сайхан өдөр болох нь ээ. Үдшийн бүрий залгаж, тэнгэрт одод түглээ. Говийн одод ийм ойрхон, ийм тодхон байдаг уу, яг л чанх дээр, хэтрүүлж хэлэхэд гар хүрэм ойрхон гялалзах шиг болов. Говийн тэнгэр дор, ийм гэрэлт оддыг харан хээр хонох юмсан. Гадаслаатай ботгод ороо эргэцэн, хааяахан бөн бөн буйлна. Сэтгэл ээдэж гашилмаар, ямар уй төрүүлэм буйлна вэ ботго минь.
Гал улалзан асна. Чимээгүй, улаан дөл угалзлуулан асна. Гал асч, яриа хөөрөө элбэгшинэ. Бид шөнө дөл хүртэл хууч хөөрөв. Пэрэнлэй гуай залуу цагийн явдал, оргож гүйсэн байрны хүүхдийн араас хөөцөлдөж явснаа ярив.
-Ээж чинь... гэж хоолой нь зангираад
-Нэг хүүхэд оргочихлоо гэв. Би машин асааж аваад давхилаа. Шөнөжин яваад өглөө очдог юм. Гэр лүү нь давхиж явтал өнөө гайхал чинь мордоод чавхдаж байна шүү. Амдаад ухасхийлээ. Гүйцэгдсэнгүй, морьтойгоо нуур луу яваад орчихлоо. Нуурын голд шахуу очиж зогсчихоод гарч ирдэггүй. Нуурын эргээс би хашгираад байлаа. Өнөө годил толгойт чинь тоож байгаа янз алга. Тэгэхээр нь хуурахаар шийдэв. Буцаж давхиад толгод даваад нуугдчихлаа. Хараад байлаа. Нуураас гараад ирлээ, их хартай байнаа. Эргэн ойрноо ажаад л байна. Би тэсээд хүлээв. Хар нь арилсан бололтой, нуураас гараад гэр лүүгээ явлаа шүү. Тэхээр нь амдаад ухасхийчихлээ.
-Бариад аваа биз дээ.
-Барихаа хат даа. Наайг харуут л буцаад нуур луу хурдалчихдаг юм. Бас их муу санаатай хө, аль бартаатай, дов сондуултай газар барьж яваад байгаа юм.
-Алдчихсан уу.
-Алдчихсан. Ахиад л нуурын голд ороод зогсчихдог юм. Би бүр яагаад авч явж чадахгүй, цөхөрсөн хүний дүр эсгээд машинаа асааж аваад сумын төв ордог замаар давхичихлаа.
-Бууж өгч байгаа юм уу..
-Хуурахгүй юу золигийг. Шөнө чи гэртээ ирж унтаж л таарна, унтаж байхад нь бариад авъя гэж. Тэгээд шөнө сэмээрхэн ирлээ. Ээж аав хоёр нь учирлаж байнаа. Бид хоёр барьж өгч чадахгүй ээ. Өөрөө аваад яв гэлцэв. Хувцастайгаа унтаж байна, муу санаатай золиг.
-Хэрэг гарвал зугтаах нь ээ.
-Харин тийм, зугтаах санаатай. Шууд тэвэрч аваад машинд хийж, урд суудалтай бүсээр хүлээд давхичихлаа. Үүр цайх дөхөж байсан юм. Уйлж хашгирч бөөн юм болж байна. Чимээгүй яваад байлаа. Тэгж тэгж чимээгүй болчихов. Явж байгаад харсан чинь юм хараад, маасайтал инээжявна.
-За хө, хоёулаа эвлэрнэ байгаа. Уяаг чинь тайлбал чи зүгээр явна биз. Хүү толгой дохиж байна. Тэгээд уяаг нь тавьсан. Хоёулаа таг дуугүй явсаар сумын төв орж билээ.
Гал хөгжинө. Яриа хөгжинө. Тэмээний хоргол бөөрөнхий улаан чулуу шиг болтлоо шатжээ. Цаг харвал шөнө дунд өнгөрч байв.
-Унтацгаа даа хүүхдүүдээ. Хол замд агсагдаа биз гээд өвгөн тамхиа болгоож суув.
Тоононы цамхраагаар одод жирвэгнэнэ. Үлгэр шивнэх шиг. Багадаа би одод үлгэр ярьдаг, зүүдэнд ирж үлгэр хэлдэг гэж итгэдэг байж билээ. Гялбалзан, анивалзан дохиолох одод минь. Хүсэл мөрөөдлийг алсын алсад дуудсан одод минь. Нэг мэдэхүл нам унтжээ. Пэрэнлэй ах эрт босчихсон гал түлж байв. Гадаслаатай ботго гадаа буйлсаар...
Намрын говийн өглөө. Том цагаан наран гэрийн хаяанаас мандав. Намар орой хэдий ч говийн намар дулаахан юм. Өдийд хангайд гол ус хөрөөлөн захалж, цавцайсан цагаан хяруу унасан байгаа даа. Намрын хяруунаар сойлго авахуулж уяж хоносон унаа морьд цан цохиод, бөмбөгнөтөл чичирч байдаг сан.
-Хонгор хайрхан дээрээ гарнаа, аав дурангаа аваарай. Ийш тийш жаал дурандая байз гэж Нямка хэлэв. Бид гурав улбар шаргал тоос босгон давхилаа. Пэрэнлэй гуай машины моторын жигд хүчийг чагнархан,
-Сайхан тэрэг байна гэв.
-Таны машин ч мундаг эд байна лээ шүү гэж намайг хэлбэл урамшинбаярлаж
-Өнгөрсөн зун Архангай явсан. Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур. Хойшоо Мухар хужиртын рашаан гэсэн байхаа, тэнд очиж хэд хоносон. Сайхан нутаг юмаа, хангай газар гэж ярьж явлаа
-Энэ Нямлхагва хүн болгоныг доромжилж шоолоод байдаг юм. Танай нутгийнхан их шооч улс юм аа даа Пэрэнлэй ах..
-Шооч хүмүүс бий. Нэр хоч өгөхдөө яана гэж бодно, бүр яг олоод өгчихсөн байдаг юм. Пэрэнлэй ах,
-Эртэд, Мөнхийнд буулаа. Мань эр хэдэн өдөр умаахан байсан юм, бүү мэд. Хүн харах эцэсгүй өгөр царайтай юм хагас суугаа, хагас хэвтээ юм сүүжилдэж байна. Тэгээд бас томорч байнаа,
-Хаа цус... намайг үхвэл энэ айл маргааш нь баларна
-Чи минь яаран үхэж болохгүй шүү гэж цаашлууллаа. Гэтэл хөгшин нь, тэндээс
-Энийг үхчихвэл харин ч нэг үнсээ гаргасан тулга шиг болохийм байхаа гэж шилбэлзэв
-Тэгж өөг төөг хийж суутал шороо шуураад. Хаяагаар сул шороо пургиж, хамар амаар чихээд. Мөнхуцаарлаж
-Яадаг цусын шороо вэ
-Хэзээ мөдгүй шороон дор орох байж, юун их сэжигч юм.
Пэрэнлэй ах улаан буйл гарган ихэд инээж, Мөнх ингэж хөгшиндөө хоёр удаа нам тавиуллаа гэв.
Зам тосон цагаан тана гялалзуулсан зээрийн сүрэг орж ирэв. Тэмээ зээр хоёрын л нутаг юм даа. Хаашаа л харна тэмээ, хэвтэж л байна, салхи сөрөөд зогсож байна, бут бударгана мэрж байна, толгодын энгэрээр тосон бор, зандан хүрэн тэмээ лүглийтэл лүглийтэл хэвтээд өгч, шатрын боднууд өрөөд тавьсан шиг. Тэмээгүй бол, энэ их говь эзгүйрч харагдах юм байна.
Алсаас, өгссөөр өндөр далангийн сэрвэн дээр гарч ирэв. Нямка хөөрч,
-Хонгор хайрхан. Өвгөний чинь шүтээн дээ. Цэлмэг өдөр эндээс Дэлгэрхангай уул харагддаг юм. Өнөөдөр тэнгэрийн хаяа мэнэрч будантаад харагдахгүй нь. Их холоос харагдана шүү. Эндээс Дэлгэрхангай зуун шахам км гээд боддоо гэснээ таана таваглачихаж, энэ бол агь, энэ шаваг, энийг бударгана гэдэг.
Би бүгдийг нь имэрч, тэмтэрч, барьжү злээ. Намар оройн таана нов ногоон, шүүслэг шинэхэн. Хол ойрыг дурандаж удаан суув. Бүлээн зөөлөн сэвшээ энгэр заамаар сэвэлзэнэ. Хонгор хайрхан бол үргэлжилсэн их далангийн гүдгэр сэрвээ аж. Дэлгэрхангай уулан дээрээс дэлхийн бүх юм харагдана гэдэг билүү. Хонгор хайрханы овоон дээрээс хол ойр, дөрвөн зүг найман зовхист тэнгэрийн хаяа хүртэл үргэлжилсэн их говь, Олдохын тал, сүрэг сүрэг зээр, бөөн цөөн тэмээд нүднээ илхэн.
Амар амгалангийн сүүлчийн буудал, тэмээний нутаг гэж....
Бидэрийн Баярсайхан 2014.12.17