ЭРГЭН ДУРСАГДАХ СОЛОНГОС ОРОН (Цуврал-4)

2020-04-16  

Гэгээн Мариягийн гэгээн эмнэлэгт. Цаг гаруй давхиад бид Инчёоны Гэгээн Мариягийн эмнэлэгт хүрээд ирцгээв. Манайхны хүргэн болох гэж Сун Рак Вонг маань энэ эмнэлгийн захирал Пак Сун Хуунтай найз гэнэ. Энэ харилцаан дээрээ үндэслээд Инчёоны Гэгээн Мариягийн эмнэлгийн салбарыг Монголд оруулж ажиллуулах төсөл боловсруулж байгаа юм байна. Ану, Вонг хоёр Эрүүл мэндийн яамны газрын зарим дарга нартай холбоо бариад багагүй ажил өрнүүлчихээд байгаа юм билээ. Намайг ч тэр ажил руугаа татацгаагаад төслийн тухай Эрүүл мэндийн яамны удирдлагуудын сонорт хүргэх боломж байна уу гэж хүссэн юм. Би хөөцөлдөж байгаад Сөүл нисэхийнхээ өмнө Д.Сарангэрэл сайдтай нэгэн хурлын завсарлагаанаар арайхийж уулзаж Инчёоны эмнэлгийн тэр төслийн тухай товч мэдээлж, түүнд танилцуулж үүргээ гүйцэтгэсэн юм. Тийм болохоор төслийг санаачлагч Ану болон Сун Вонг нар намайг энэ эмнэлэгтэй танилцуулах гэсэн хэрэг. Миний үеэл Арвис жил гаруйн өмнө энэ эмнэлэгт элэг цөсний эмчилгээ, мэс засал хийлгэж ач тусыг нь авсан нэгэн болохоор эмнэлгийн талаар тун ам сайтай байсан юм. Эмнэлгийн гүйцэтгэх захирал Пак Сун доктор биднийг үүдэндээ угтан авч эмнэлгийнхээ зарим тасаг хэсгээр оруулж танилцуулаа. Эдний эмнэлэг гаднаас харагдах байдал, хашаа хороогоороо бол манайхны нэг, гуравдугаар эмнэлэг шиг том цогцолбор юм. Төв корпусынх нь зургаан давхар байшинд ороод ирэхэд анхны төрсөн сэтгэгдэл бол таван одтой том зочид буудалд ороод ирсэн юм шиг санагдав. Нааш цааш зөрөлдөх хүмүүсийн байр байдлыг харахад эмнэлэгээр явж байгаа өвчтөн хүмүүсийн төрх огтхон ч харагдсангүй. Доод давхрын өргөн хонгилоор алхсаар цахилгаан шатанд хүрцгээв. Энэ зуур ажиглаж байхад нэг давхар нь ч ийш тийш хэдэнтээ салбарлаад явчихна лээ. Салбарласан хэсгүүд нь автомат шилэн хаалгатай юм. Орж гарч буй хүмүүсийг ажиглахад брэндийн том дэлгүүрээр явж буй хүмүүс шиг л энгийн алхаа гишгээтэй нэгнүүд. Энэ давхрын хана хамар, хаалга үүд, шал тааз нь тод хурц шар, ногоон өнгөтэй юм. Зарим ханан дээрээ том том абстракт зураг хөрөгтэй эрээлжлүүлчихэж. Эмнэлэг рүү ороод ирлээ гэсэн чинь... гээд Ану руу тоглоом шоглоомоор хэлсэн миний үгийг Вонг эмнэлгийн даргад орчуулж өгсөн бололтой. Пак захирал ийн өгүүлж байна. “Манай энэ эмнэлэг өөрийн толгой Гэгээн Мариянуудыг бодвол харьцангуй залуу. Байгуулагдаад дөнгөж найман жил болж байна. Дэлхийн хөгжингүй эмнэлгүүдийн шинэ жишгээр замнаж байгаа нь манай нэг онцлог. Хэн хүнд эмнэлэг гэж мэдрэгдэхгүйгээр үзлэг үйлчилгээ үзүүлдэг болж байна. Эмнэлгийн байр байшинг ч ийм жишгээр барьж байгуулсан. Доторх өнгө засал ч эмнэлэг санагдуулахгүй байгаа биз дээ” гэж байв. Автоматаар нээгддэг шилэн хаалгын нэгээр нэвтэрч “Цөмийн оношлогоо” гэсэн хаягтай тасагтай зэрвэс танилцлаа. Шилэн тасалгаануудад суух цагаан халад, цагаан малгайтай хүмүүсийн зөвхөн толгой, мөр төдийг л харцгаав. Ойр зуурхан тааралдах хүмүүс ч эмнэлгийн үйлчилгээ авах гэж буй өвчтөнтэй адилгүй харагдах юм. Үеэл Арвис өнгөрсөн жилийн хавар мэс засал хийлгэж дөрөв тав хонохдоо өвдөж хавдсан байрын хүмүүстэй төдийлэн таарч байгаагүй нэг л амралт сувиллын газар л байгаа юм шиг байсан даа гэж сэтгэгдлээ зам зуур ярьж байв. Бид “Цөмийн оношилгоо” гэх лабороторийн хэсэгтэй гаднаас нь танилцчихаад цахилгаан шатаар  тавдугаар давхарт гарав.  Шатны товчлуурыг анзаарч байхад эмнэлгийн энэ корпус нь 8 давхар, доошоо хасах 3 давхартай юм. Доороо үйлчилгээний хэсэг, авто зогсоол энэ тэр нь байдаг биз. Бидний танилцсан энэ давхарт VIP гэсэн нэг тасаг байна лээ. Тийшээгээ цэмцгэр хээнцэр хувцастай, цэцэг барьсан залуу хос орж явчихна лээ. Бодвол ээж аавыгаа ч юм уу, ойр дотныхоо хэн нэгнийг эргэж тойрч яваа нь энэ байх. Эндээс хэсэг алхаад бид “Хэвлийн хөндийн мэс засал” гэсэн тасгийн үүдэнд ирэв. Автомат шилэн хаалга нээгдлээ. Арваад сандалтай хүлээлгийн өрөө байна. Улаан гэрэл аажуухан анивчсан мэс заслын танхимын үүдний дээрх хэсэгт байрлах телевизийн дэлгэц дээр 5 дугаар сарын 15, Хук Сон гэх нэр гарсан байв. Мэс засал хийлгэж буй өвчтөний нэр гэдэг нь ойлгомжтой. Нэг гэр бүлийнхэн бололтой залуу хос, хижээл насны хоёр эр сууж байна. Тэд Хук хэмээх тэр өвчтөний ар гэрийнхэн биз ээ. Мэс засал амжилттай болж өвчтөн Хук Сон хурдан илаарших болтугай хэмээн ерөөгөөд бид цаашаа одов. Энэ давхарын дунд хэсэгт дахь “Нүд чих, хамар хоолой, нүүр засал” гэсэн хаягтай тасагтай биднийг Ким захирал дараа нь танилцууллаа. Тасгийнх нь эрхлэгч нь доктор, профессор цолтой Хуун Бум Ли гэх эрхэм байв. Америкт Харвардад суралцаж эрдмийн цол зэргээ хамгаалсан, бас тэндэхийн тэргүүлэх эмнэлэгт ажиллаж мэдлэг дадлагаа арвижуулсан нэгэн юм байна. Тасгийнх нь тоног төхөөрөмж нь америк, япон гээд дэлхийн нэртэй брэндүүд гэнэ. Солонгосын өөрийн үйлдвэрийнх ч бий аж. Эрүү нүүрний мэс засал, гоо сайхны үйлчилгээ, мэс ажилбараар эдний тасаг Солонгостоо тэргүүлэх болж буй гэв. Гурав хоногийн дараа Монголд очиж ажил үйлчилгээгээ сурталчлах гэж байна хэмээн доктор Ли ярьсан нь бидэнд бүр ч сонирхолтой байлаа. Солонгосын Аялал жуулчлалын агентлагийн Улаанбаатар хотод зохион байгуулах аялал жуулчлалын өдөрлөгт оролцох Сөүл, Инчёоны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ли доктор багтсан аж. Солонгосчууд эмнэлэг, эмчилгээний аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч Сөүл, Инчёоны эмнэлгийн төлөөллийг Улаанбаатарт очуулж сурталчилгаа, таниулга хийлгэхээр болсон юм байна. Ану болон Вонг нар Инчёоны Гэгээн Мариягийн энэ эмнэлгийг Монголд сурталчилж таниулж салбарыг нь Улаанбаатарт байгуулах талд дэмжлэг үзүүлэхийг надаар дамжуулан Эрүүл мэндийн яамныханаас хүсч танилцуулгыг нь илгээж байсан юм. Одоо энэ эмнэлгийн тасгийн эрхлэгч нь Монголд очиж эмнэлэгийнхэнтэй, бас яам тамгынхантай уулзах боломжтой болж буйд нь би ч, Ану, Вонг нар ч баяр талархалтай байлаа. Эмнэлгийн захирал Пак, төсөл санаачлагч Вонг нар надад хандан доктор Хуун Бум Ли-г Улаанбаатарт ажиллах үед нь Яамны сайд, удирдлагатай уулзуулах талаар тус дэм үзүүлэхийг хичээгээрэй хэмээн хүсч байв. Ли докторыг Монголд ажиллах үед нь бид нутагтаа эргээд оччихсон байхаар буй тул Улаанбаатар уулзахын ерөөл тавьж тасгийнх нь үүдэнд өөрийнх нь танилцуулга зурагт самбарын өмнө хамтдаа зургаа авахуулаад цаашаа явцгаав.

Доктор Хуун Бум Ли-тэй хамт

Бидний дараагийн танилцах аялал эмнэлгийн номын сан байв. Нэг ханыг эзлүүлэн баахан ном сэтгүүл өржээ. Зэрвэсхэн сонирхож үзлээ. Солонгос хэл дээрх энэ ном сэтгүүлийн дунд англи ном сэтгүүл хэд хэд байна лээ. Япон, хятад хэл дээрх ном сэтгүүлийг ч би энд олж харлаа. Танхим дундуур явж сонирхлоо. Хэд хэдэн ширээ сандал байна. Намхан угтвар ширээтэй буйдан нилээд хэд байна. Хоёр бүсгүй, бас нэгэн ахимагдуу эр тэр буйдангуудад тухлан уншлага хийцгээж байв. Ус ундаа, зуушны бага шиг кафе энд ажилладаг юм байна. Захирал Пак биднийг жүүс, кофегоор дайлав. Эмнэлэгээр явж явж ирлээ гэх сэтгэгдэл нэг их төрсөнгүй шүү гэж намайг хэлэхэд Ким захирал их л сэтгэл хангалуун байв. Тэрээр “Манай эмнэлгийн гол зорилого энэ шүү дээ. Бид үйлчлүүлэгчдээ өвдөөд болохоо байсан цаг үед нь биш, өвдөхөөс нь өмнө хүлээн авч үйлчлэх зорилт тавьдаг юм аа. Манайхаар үйлчлүүлж буй хүмүүс ч одоо өөр болсон. Та бүхэнд энэ байдал анзаарагдсан бол бид баяртай байна” гэж байв. Хэлж ярьснаа баталгаажуулах гэсэн юм байлгүй Ким захирал биднийг “Мөнгөн сортнууд”-ын корпустай танилцуулсан юм. Тус эмнэлэгийнхэн ахимаг настнуудад зориулсан зургаан давхар орон сууц бариулж ашиглалтад оруулсан аж. Энэ сууцанд нь 40 өөд айл гэр амьдардаг юм байна. Ихэнх нь 60 аас дээш настнууд аж. Эмнэлгийн үйлчилгээнд ойр байхыг хүссэн иргэд эдний энэ орон сууцанд амьдардаг юм байна. Энэхүү орон сууцыг хариуцсан эмч, асрагч, сувилагчид ээлж ээлжээр ажилладаг гэнэ. Биднийг тэрхүү сууцны үйлчилгээний хэсэгтээ танилцуулсан юм. Нэгдүгээр давхарын тэр хэсэг зочид буудлын хөлийн танхим шиг юм билээ. Энд нь ерөнхий жижүүр ажиллаж “Мөнгөн сортнууд”-ын эмчилгээ сувилгаа, бусад талын үйлчилгээг зохицуулдаг аж. Тэд хүсвэл хоол хүнсний хангамжийг хүртэл хариуцаад захиалга энэ тэрийг нь аваад үйлчилчихдэг гэв. Энэ байр нь доороо тохилог зоогийн газартай юм  билээ. Танай “Мөнгөн сортнууд”-ч жаргалтай ард түмэн юм аа, яаж энэ орон сууцанд ордог юм бэ? Эрэлт хүсэлт их үү? гэж эмнэлгийн захирлаас би асуув. “Байр сууц барьж эхлэхэд захиалгаа өгч урьдчилгаа төлбөрөө хийсэн үйлчлүүлэгчид олон. Эмнэлгийн үйлчилгээнд ойр байх гэсэн иргэд эртнээс хандаад эхэлдэг болсон. Манай энэ орчин чинь хотын гудамжнаасаа алсдуу болохоор машин тэрэгний дуу чимээ бага, тэгээд ч бид ногоон орчныг нь сайн бүрдүүлснийг Та нар анзаарч байгаа биз дээ. Эрэлт хүсэлт ихээс гадна сууцны чанар, орчин нь тохилог болохоор байрны үнэ хотын энгийн сууцнаас арай өндөр байдаг юм аа ” гэв Пак захирал. Сууцны өмнөх энэ хэсэг гэхэд л мод бут, цэцэг ногоо алагласан ногоон орчин болохыг орохдоо бид анзаарсан. Гарахдаа бид усан оргилуурынх нь дэргэд Пак захиралтай зургаа авахууллаа.

Баруун гар талаас хоёр дахь нь Пак Сун захирал

Цаг хугацаанаас шалтгаалаад эдний эмч мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиар нь орж танилцаж амжсангүй. Томоохон эмнэлгийн жишиг шалгуур нь эмнэлгийн дэргэдэх сургууль болчихож. Эдний сургууль нь 4000 гаруй оюутантай, эмнэлгийн арав шахам мэргэжлээр эмч сувилагч бэлтгэдэг сургууль юм байна. Барьж байгуулсан түүх нь гэвэл гэгээнтнүүдийн хөрөнгө оруулалт аж. Эмнэлгийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын зарчмыг би сонирхов. Байгуулахыг нь гэгээнтнүүдийн хөрөнгөөр санхүүжүүлсэн гэнэ. Эмнэлэг одоо өөрийн орлогоор зардлаа бүрэн нөхөж байгаа гэнэ. Өндөр үнэтэй шинэ төхөөрөмж авах, өргөтгөл энэ тэр хийх бол Гэгээнтнүүдийн зөвлөлд хандаж тэдний хурлаар асуудлаа шийдүүлдэг гэв. Таныг хэн томилдог вэ, та хэнд ажлаа тайлагнадаг вэ гэж намайг асуухад тэрээр гэгээнтнүүдийн зөвлөлөөс томилсон эмнэлэгийн Удирдлагын зөвлөл гэж бий. Би тэнд ажлаа танилцуулдаг гэв. Ноён Сун Вонг болон Таны төсөөлж буй Монголд эмнэлэгийн салбар байгуулах талаарх төслийг хэн баталж шийдэх вэ? гэж намайг асуухад Монголын Засгийн газар, Эмнэлгийн яам нь хүсэлт тавибал Гэгээнтнүүдийн зөвлөлд асуудлыг нь оруулаад төслийн дагуу шийдүүлэх боломжтой гэж Пак  захирал ярив. Сун Вонгийн ээж болон авга нь Анугийн аав ээжтэй Сөүлд нэгэн зоогийн газарт уулзаж танилцахаар цаг товлосон тул бид эмнэлгээс тийш яаравчлав. Ээж болон авга, Сун Вонгийн дүү нь биднийг угтаж уулзлаа. Хоол унд, сөөжү болов. Намтар түүхээ харилцан ярьж сайхан танилцлаа. Маргаашийн хурим дээр баяртай уулзахаар болзож бид буудлын зүг хөдөлцгөөв. Хурим үдээс хойш гурван цагаас болох тул надад чөлөөт цаг маргааш үдээс өмнө хангалттай байлаа. Дээр нэгэнтээ дурдсан “Жунан Ильбо” сонины зохион байгуулсан хуралд оролцохдоо хоёр ч удаа бууж байсан “Шилла” зочид буудлаа эргэж тойроод үзчихмээр санагдав. Бидний буусан энэ “Дизайнерс” буудлын дээд давхраас тэр буудлаа би олоод харчихсан юм. Арвис үеэлтэй хамт тийшээ алхлаа. Замд “Мон-Тээвэр” гэсэн ийм хаягтай байшин тааралдаж байх юм. 

Нөгөө дөчөөд мянган монголчуудын маань зарим нь амьдралаа авч яваа нь энэ буй заа гээд хаягийнх нь доор Арвисыг зогсоож байгаад зургийг нь аваад цаашлав. Амралтын өдөр таарсан болохоор хаалга үүд нь хаалттай байв. Арваад минут алхаад “Шилла”-даа хүрчихлээ. Хорин таван жилийн өмнө бууж байсан энэ таван одот маань нөгөө л тэр үеийн ихэмсэг тансаг байр байдлаараа зочид төлөөлөгчдөө угтаад л, үдээд л байж байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн дунд байх том рестораных нь нэг танхимд хурим, нөгөө нэгэнд нь хурал зөвлөлгөөн болж байх юм. Нөгөө үндсэн том байшингийн заал танхимуудад бүр ч олон том арга хэмжээ болж буй нь ойлгомжтойг энд хоёронтоо бууж байсныхаа хувьд би сайн төсөөлж байлаа. Солонгосын өдөр тутмын голлох сонин болох “Жунан Ильбо”-гийн зохион байгуулсан Ази Номхон далайн орнуудын сонины эрхлэгчдийн энэ удаагийн уулзалт зөвлөлгөөнд Америк, Япон, Австрали, Хятад, Вьетнам, Камбож гээд арван хэдэн орны төлөөлөгчид оролцож Солонгосын гурван ч яамны сайд энэ “Шилла”-д хүрэлцэн ирж үг хэлж санаа бодол солилцож бас хүлээн авалтад нь хундага өргөж байлаа. Тэгэхээр “Шилла” хэмээх энэ таван одот зочид буудал бол улс орных нь болон олон улсын өндөр зэрэглэлийн арга хэмжээ болж байдаг тийм газар юм билээ.

Ах нь өндөр зэрэглэлийн энэ   “Шилла”- д  хориод жилийн өмнө хоёр ч удаа бууж сүрхий тансаглаж явлаа гэж Арвис үеэлдээ гайхуулчихаад төв байрных нь өмнө зураг авахуулаад тэндээсээ доошлов. Эдний хашаан дахь навч цэцэг алагласан, горхи хоржигносон ойр тойрных нь цэцэрлэгт зугаалж амарсан залуус, настнууд ч олон байна лээ.   

Үргэлжлэл бий

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. ADITYA:Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD ( 2,142,860,071.37 MNT)Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. 2020-04-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?