Чадалтай бүсгүй гэж чадвартай эмэгтэйг хэлмээр байна. Гэрийн эзэгтэй, сайн ээж, халамжит хань, хүчирхэг удирдагч, сайн ажилтан гээд л эмэгтэйчүүд нийгмийн аль ч талбарт чадварлаг буйг харахад сайшаалтай.
Монгол Улсад нэг сая 618 мянган эмэгтэй байдаг бөгөөд тэдний 69 хувь нь хотод амьдардаг бол 31 хувь нь хөдөө амьдардаг байна.
Ингээд харахаар эмэгтэй хүн хэнээс ч хамааралгүй амьдрах, бие даах, аль ч салбарт ямар ч хөдөлмөр эрхлэх чадвартай харагдаж байна.
Гэхдээ харамсалтай нь "Ардчилсан" чөлөөт гэх тодотголтой бидний амьдарч буй нийгэм чадалтай бүсгүйд халтай юм.
Нийгэмд дуу хоолойгоо чөлөөтөй илэрхийлж, мэргэжилдээ үнэнчээр зүтгэж, амжилттай яваа бүсгүйчүүдийг хэн нэгэн харлуулж ямар нэг дарга дарамталж, аль эсвэл гэмт хэрэгт буруутгаж байгааг доорх жишээнээс харж болно.
Хуульч Т.Энхсайхан: Эзэмшсэн мэргэжилдээ үнэнч. Ард иргэдийн дуу хоолой болж чадсан. Тэрээр 20 гаруй жил УИХ-д сууж буй хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж эрх мэдлээ урвуулан ашиглаж, хуулийг гууль болгож байна хэмээн олон баримтуудыг дэлгэж. Шүүх шударга бус байна, Авлигатай тэмцэх газар ажлаа хийхгүй байна, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүнд болж байна хэмээн эмэгтэй хүн гэхэд жагсаал цуглаан хүртэл зохион байгуулж байсан юм. Тэр тэмцсэн эцэст нь өөрөө л хохирсон Ц.Нямдорж сайд өөрийнх нь эсрэг дуугарлаа гэж түүнд 10 жилийн хорих ял оноосон талаар Х.Бат-ялалт хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн. Т.Энхсайхан гэх эмэгтэй гэр бүлийн бизнес хүртэл дампуурсан.
Говь-Алтай аймгийн ГХЗХГ-ын дарга талийгаач Х.Болормаа: Ажил үүргээ амжилттай гүйцэтгэж, хамт олон, аймаг орон нутаг, улсын хэмжээнд танигдаад амжсан чадварлаг бүсгүй цэл залуухан 30 насандаа хорвоогын мөнх бусыг үзүүллээ. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр Засаг дарга, удирдлагууд болон бусад албан тушаалтнууд ЗДТГ-ын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ талийгаачийг дуудан авчирсан байсан юм. Улмаар эл хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд шалгалтын явцад Талийгаач аймгийн Засаг даргатайгаа үл ойлголцсон байдалтай байдаг байсан. Засаг даргын зүгээс талийгаачийг дарамталдаг. Түүнийгээ ч талийгаач гэр бүлийнхэн, найз нөхдөдөө хэлдэг байсан нь тогтоогдсон. Улмаар тус аймгийн засаг дарга В.Ренчиндоржыг ажлаас чөлөөлсөн. Шүүх эмнэлгийн дүгнэлт амьсгалын зам гадны биетээр бөглөрөх хэлбэрээр амьсгалын бүтэлт болсон, талийгаачийн дагзны зүүн хэсгийн хуйхны дотор талд цус хуралт үүссэн гэж гарсан гэж түүний нөхөр мэдээлсэн. Гэсэн хэдий ч хэн хариуцлага хүлээв ? Гэмт хэрэгтэн хэн байв ? Цаашид энэ хэрэг юу болсныг хэн ч мэдэхгүй мартсан. Хэвлэл мэдээлэл ч мартсан. Цагдаагийн байгууллагаас ч мэдээлэл өгөөгүй. Бүсгүйн амь нас тойрсон асуудал талийгаачтай хамт шороонд булагдсан.
Сэтгүүлч Л.Болормаа: Эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, төр түмний нүд чих болж явсан , эрэн сурвалжлах сэтгүүлч бүсгүй 2015 оны 11 дүгээр сарын 21 ны өдөр тодорхой бус шалтгаанаар гэртээ таалал төгссөн. Түүний шүүх эмнэлгийн дүгнэлт гадны нөлөөгүй гэж гарсан ч уг дүгнэлт үндэслэлгүй хэн нэгэн түүнийг хороосон байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Талийгаач насан эцэслэхээсээ өмнө нийтлэл, сурвалжлагаар олон ноцтой баримтуудыг дэлгэж байсан юм. Тухайлбал: Бидний мэдэхгүй, мега тодотголтой хаалттай төслүүд, Эхний бондоор баяжигсад дараагийн бондоор том төслүүдээ санхүүжүүлэхээр яарч байна, АН-н гишүүд, дэмжигчид VS Том төслийн мафийн эзэд."; "Супер төслүүдийн тохироо Монголын Парламентаас давж, улс дамнасан бүлэглэл болох аюул ойрхон байна г.м ... түүнийг улс төрийн нөлөөллөөр хороосон байж болзошгүй талаар бид хардаж байсан. Гэхдээ энэ хэрэг бас мартагдсан нь харамсалтай.
Энэ зөвхөн жишээ. Үүнээс олон бүсгүй хохирсон. Зүгээр л чадалтай, чадварлаг байсан. Хамгийн харамсмаар жигшмээр нь эмэгтэй хүн хохирч, тэмцэж байхад эр хүн та юу хийж байв ? Төрийн сэнтийд эрчүүд залардаг. Эрх бүхий албан тушаалтнууд дийлэнх нь эрчүүд. Цагдаа, тагнуул, хууль хүчний байгууллага эмэгтэйчүүдээ хамгаалж чадав уу ?
Ажил үүргийн аль ч салбарт эмэгтэйчүүдийг сул дорой хэмээн дарамталж. Тэр дундаа эр хүн эмэгтэй хүнд хүч бяраа гаргаж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л сэтгүүлчийн биед халдаж эрхийг нь зөрчсөн хэрэг гарсан. Үүнийг сэтгүүлч, дарга хоёрын хоорондын маргаан бус эр хүн та юунд эмэгтэй хүнд гар хүрсэн бэ ? гэх өнцгөөс нь тунгааж үзэхийг хүсэж байна.
Угтаа бол эр хүн та эмэгтэйг цохих ямар шалтгаан байсан бэ? Сэтгүүлч тань дээр Д.Гэрэл хурандаагын асуудлаар очсон байсан. Та ТЕГ-ын дарга Д.Гэрэлийг хамгаалах шаардлага гарсан уу?
Эрүүгийн хуулийн 14.2, 14.3-д заасан “Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах”, “...хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах” гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх, хэрхэн шалгах вэ ?
Дэд хурандаагийн хэлсэн “энийг цохих гэдэггүй юм” гэсэн үйлдэл нь юу болох, энэ үгээрээ ямар үйлдлээ хүлээн зөвшөөрснийг тогтоох уу ?
Хэрвээ тагнуулын даргын талаарх баримт устсан бол эрүүгийн хуулийн 21.1-д заасан “нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэг болно. Тийм учраас ямар баримт байсан, тэрхүү баримт нь бодитой юу гэдгийг шалгаж тогтоох уу ?
Т.Хуншагай