ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ УДААХ ФЕЛЬЕТОН

2020-04-20  

Банкны реформ – айлаас эрэхээр авдраа уудал гэдэггүй билүү?

Сайхан хаваржиж байна уу, манайхаан?

Зүгээр суухаар зүлгэж суу гэдэг шиг та бүгддээ энэ карантины үеэр эдийн засаг, зах зээл, банк, санхүү, төсөв, бизнес, хөрөнгө мөнгөний талаар өөрийн мэдэж сурсан ганц нэг зүйлийг тайлбарлан суух нь хэн хэндээ өгөөжтэй байх болов уу гэж бодоод түрүүчийн долоо хоногт бичсэн фельетоны үргэлжлэл болгоод энэ нийтлэлийг гадаадад гэр бүлээрээ гацсан би чинь та бүхэндээ хүргэж байна. Авах гэхийн ухаанаар хандана биз дээ.

Дэлхий нийтийг айдаст авахуулсан коронавирусын цар тахлын үед улсын Ерөнхий Сайд эдийн засаг, зах зээлээ хамгаалахад зориулсан 7 зоримог шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт танилцуулж, түүнийг нь залгуулаад Сангийн Сайд нь тэдгээрийг хэрэгжүүлэх нарийн ширийнийг нь зарласан. Ажил олгогч татвар төлөгчдийн хувьд ч тэр, ажилтан иргэдийн хувьд ч тэр баярлуулаад гомдоочих шиг л болоод явчихав. Бүх аж ахуйн нэгж, түүний ажилтнуудыг хамруулна гэсэн Хүрэлсүхийн мэдэгдлийг задлаад, шинжлээд үзэхлээр бараг хамрагдах боломжтой аж ахуйн нэгж байхгүй болоод явчих юм байна гэж бодсоноо нуухгүй ээ.

Мэдээжийн хэрэг хүүхдийн 10 мянга, Таван Толгойн ногдол ашиг л баараггүй байх. Яах вэ, чамрахаар чанга атга гэдэг шүү дээ, бид чинь.

Үүний өмнө Санхүүгийн Тогтвортой Байдлын Зөвлөл хуралдаад зээлээ төлнө, төлөхгүй, хойшлуулна, хойшлуулахгүй, хүүгээ бууруулна, бууруулахгүй гээд бас баахан бужигнаад авсан бид чинь. Энэ талаар бүх нийтээрээ хэрэлдэж, гадаадаас банкийг нь оруулаад ирье гэдэг дээр бараг бүгд шахуу санал нэгдсэнийг няцаах зорилгоор би өмнөх нийтлэлдээ тодорхой бичсэн тул сонирхвол олоод үзнэ биз дээ. Баабар дээр нийтлэгдсэн байна лээ. Дахиад нэг уншья гэвэл энд байна: http://baabar.mn/article/bi-mongoliin-bankuudad-durgui-l-dee

Харин дээрх хоёр үйл явдлаас харин нэг зүйл маш тодорхой харагдлаа. Монгол Улсад банкны салбарын реформыг хийх хөрс, нийгмийн сэтгэлзүй, улстөрийн тохироо бэлэн болжээ гэж дүгнэв. Гэхдээ яг үүнтэй зэрэгцээд олны бухимдлыг далимдуулж, бүр албаар төөрөгдүүлж байгаад төөрөлдүүлж байгаад гадаад банк оруулж ирэх лобби хүчээ авлаа. Уг нь бол гадаад хөрөнгө оруулалт оруулж ирэхийг хамгийн ихээр уриалдаг нь би. Гадны банк ороод ирвэл бүр ч сайн хэрэг – Монголд орж ирэхгээд өргөдлөө өгчихөөд, биднийг зөвшөөрөхийг хүлээгээд суугаа гадны банк байгаа бол ороод ирээсэй билээ дээ. Юутай сайнсан.

Өмнө нь харин миний дэвшүүлсэн санал дээр бүгдээрээ харин тохироод авья – гадны төрийн банкийг хэдүүлээ хэзээ ч Монголдоо оруулахгүй шүү. Болж байна уу?

Төрийн мөнгөний бодлого нь өөрөө Монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангаж, худалдан авах чадварыг нь хамгаалах үндсэн зорилготой. Энэ нь манай тусгаар улсын аюулгүй байдалтай шууд холбоотой юм. Энэ зорилгодоо хүрэхийн тулд нэг талдаа эдийн засгийн өрсөлдөх чадварыг хангах, багтаамжийг нь тэлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд Монголбанк анхаарч ажилладаг. Мөнгөний бодлогоо зөвшөөрлийг нь өгч, хяналтандаа байлгадаг улсын онцгой обьект гэж сүрхий тодотголтой арилжааны банкуудаараа дамжуулан явуулдаг юм.

Мөнгөний нийлүүлэлтийг төв банк удирдахын тулд бодлогын хүү, заавал байлгах нөөц, хөрвөх чадварын харьцаа үзүүлэлт зэргийг тогтоох байдлаар хэрэглэдэг. Арилжааны банкуудаа савлуулахгүй, тогтвортой ажиллуулах давхар үүргийг мөн хүлээнэ. Мөнгөний бодлого нь Засгийн Газраас хэрэгжүүлдэг төсвийн буюу сангийн бодлогыг тэнцвэржүүлэх үүргийг манайд гүйцэтгэж ирсэн – Засгийн Газар төсвөө тэлж, зах зээл рүү мөнгө оруулж эхэлбэл Монголбанк эдийн засгийг хэт халааж, төгрөгний үнэ цэнийг алдагдуулахгүйн тулд бодлогын хүү, нөөцийн шаардлага нэмэгдүүлж, арилжааны банкнуудын хазаарыг нь татдаг. Эсрэгээрээ эдийн засаг удаашран төсвийн орлого, зарлага хумигдвал Монголбанк мөнгөний бодлогоо зөөлрүүлсээр ирсэн. Тийм л учраас Засгийн Газар, Монголбанк аль аль нь УИХ-аас томилогдон тайлагнадаг бие биенээсээ хараат бус төрийн институт байдаг юм. Бодит амьдрал дээр, яг хэрэгжүүлээд ирэхлээр бол, мэдээж, арай ярьвигтай.

Нөгөө талдаа нэгэнтээ бид хэрэглээнийхээ дийлэнхийг гаднаас худалдан авдаг тул импортын хэрэгцээг хангах хэмжээний хатуу валют зах зээл руугаа нийлүүлэх шаардлага гарч ирдэг. Долларыг бид экспорт хийж олж болдог. 90-ээд онд бид олон улсын байгууллагын тусламжаар эдийн засгийн шилжилтийн хүнд нүсэр ажлыг нугалсан бол сүүлийн арав гаруй жил бид нүүрснийхээ буяныг эдлэж байна. Мэдээжийн хэрэг Монгол Улсыг бүхлээр нь сүүлийн 40 жил зэсийн экспорт тэтгэж яваа. Энэ зах зээл дээр Эрдэнэт үйлдвэр, түүн дээр Оюу Толгой нэмэгдэж орж ирсэн байгаа. Аль аль нь нийгмийн анхаарлын төвд байж, хэл амны бай болдог. Нэгэнд нь улстөрчид шахаа хийсэн хийгээгүй, хэн нь дутуу хийсэн гэж алалцдаг бол нөгөөхөд нь шахаа хийж чадахгүйдээ шаралхаж, ашигтай, ашиггүй, манайх, танайх гэж дайрдагт бид дасчээ.

Гагцхүү энэ хоёр үндэсний аврага үйлдвэр, дээрээс нь нүүрсний салбарын хэдэн гадаад дотоодын компанийн экспортоор олдог доллараар бид нийгмийнхээ бүхий л хэрэглээг хангаж ирсэн гэж хэлж болно. 

 

Ч.Ганхуяг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?