ЭРГЭН ДУРСАГДАХ СОЛОНГОС ОРОН

2020-04-20  

Монгол Тауны эргэн тойрноор: Эндээсээ буудлынхаа хажуухантайх “Монгол таун”-аараа бяцхан аялал хийцгээв. Зуу гаруй метр үргэлжлэх энэ хавчигдуу гудамж хоёр талаараа эрээн мяраан монгол хаяг олонтой. Хэд алхаад л нутгийнхантай тааралдах. “Худалдана”,” Утасны карт зарна”, “Монгол зоог”, “Сайхан монгол хуушуур...” гээд л өдий төдий зар мэдээ. Гар утас, дагалдах хэрэгсэл зардаг нэг мухлагийн үүдэнд нэгэн бүсгүй утсаар яриад зогсож байна. Дэргэдүүр нь өнгөрөхдөө монголоор яриад байгааг нь анзаарч тэрүүхнээр түр эргэлдэв. Бүсгүй ч яриагаа дуусгав бололтой нөгөө мухлаг руу орчихлоо. Араас нь ороход тэр бүсгүй лангууны ард зогсож байна. Мэнд мэдээд “Энэ мухлаг өөрийнх чинь үү?” гээд асуучихав. Бүсгүй “Үгүй дээ...” гээд толгой сэгсэрч байна. “Ажиллаад удаж байна уу?” гэсэн чинь “Сар гаруй л болж байна” гэлээ. Бумцэнгэл гэдэг бүсгүй юм байна. Сөүлд ирээд удаагүй, ойрхны нэг бага шиг хотод хэдэн сар ажиллаж байгаад үйлдвэрт нь Цагаачлалын газрын шалгалт ирээд баригдахаас наахнуур болоод наашилсан гэх. Цалингаа ч хагас дутуу авсан юм байх.   Зургийг нь авчих санаатай утсаа оролдсон чинь цаахнатай суух эр эм хоёр луу сэм заагаад “Манай тэр эзэд зөвшөөрөхгүй ээ”гээд намайг хориглох аядав. Би ч байр байдлыг ойлгож, түүнийг хэл аманд оруулчихгүйн тулд тэндээс түргэхэн гарав. Цааш хэдхэн алхаад монголчуудын хүнсний дэлгүүрт орлоо. Монголын тав, долоон буудал, Шар хад, Баянхошуу хавийн хүнсний бага шиг дэлгүүртэй л адил төстэй юм уу гэхээр бараатай юм билээ.

Худалдагч бүсгүй зураг авахуулахаас зугатаад цонх руу оччихлоо

Дэлгүүртэй залгаа бас нэг үйлчилгээний оффис байв. “Тайгам Алтай” хэмээх барилгын төлөөлөгчийн газар юм байна. Оффист компьютерийн ард нэг залуу сууж байна лээ. Дэлгүүр болон оффисын үүдний ханаар дүүрэн “Тайгам Алтай” компанийн барьж буй барилгынх нь сурталчилгааг

байрлуулчихаж. Зээлийн нөхцлийг ч тэнд сурталчилчилсан байв. Энд захиалгаа өгч, гэрээ хийж, мөнгөө ч эндээ төлөөд орон сууцтай болчих бололцоотой аж. Мөнгөтэй болсон залуус асуудлаа энд шийдээд нутагтаа очингуут орон сууцандаа орчихдог гэх. Дээд давхарт буй зоогийн газарт  үйлчлүүлэгч олонтой байв. Хагас амралтын өдөр болохоор ойр тойрны жижиг хот, тосгодод ажиллагсад Сөүлд орж ирж найз нөхөд, хамаатан садныхантайгаа уулзах, бас монгол таунаараа явж, монгол дэлгүүр хоршоогоор орж монголынхоо бараа таваарыг худалдан авч нэг хэсэгтээ л нутаг орондоо байгаа мэт орчинд орж явчихдаг аж. Монгол зоогийн газар нь ч манай нийслэлд байдаг шиг л юм. Хоолны цэс нь  “Гурилтай шөл”, “Ногоотой шөл”, “Хуйцай”, “Банштай шөл”, “Банштай цай”, “Нарийн махан хуурга”, “Цуйван”, “Хуушуур”, “Гуляш” гээд л үргэлжлэх. Өнгөт фототой цэс нь Солонгос болон гадныханд хоолны сонголт хийхэд амар байх. Хоёр ч орос бүсгүй буриад найзтайгаа, бас нэг европ эр монгол бүсгүйтэй энд үйлчлүүлээд сууж байхтай тааралдав.

Монгол залуус хуушуур, цуйван, банштай шөл голдуу авч идэж харагдана лээ. Хуримын цаг дөхөж байсан болохоор Арвис бид хоёр энэ удаад хоолонд орсонгүй, дараа ирж хуушуур, буузаа иднэ дээ гээд тэндээс гарав...

    Сун, Ану хоёрын хурим. Буудалдаа очоод хувцас хунараа өмсөөд хуримдаа бэлтгэж байтал унаа ирж бид хэдийг авлаа. Хотын төвөөр хагас цаг орчим давхиад хурим хийх зочид буудалд хүрээд ирцгээв. Энэ нь Сөүл хотын дундуур урсдаг алдарт “Хан” мөрний эрэг дагуу байдаг нөгөө дуунд гардаг “Ханнам” дүүрэг бололтой. Ёслол хүндэтгэлийн элдэв арга хэмжээ болдог зочид буудал аж. Манайхаар бол солонгосчуудын өөрсдийнх нь манай нийслэлд ажиллуулдаг “Сүнжин Гранд”-тай төстэй санагдсан. Хурим тус буудлын тавдугаар давхарт болох аж. Буудлын хөлийн танхимд Анударь, Сун хоёрын зурагтай, тэдний нэртэй хуримын зар сурталчилгааг хөлтэй самбарт байрлуулчихаж. Хурим болох танхим, өдөр цагийг ч тэнд мэдээлсэн байв. Хуримын зочид увж цувж ирээд цахилгаан шатаар дээшилцгээж байлаа. Хосууд аав ээж, ах дүүс, найз нөхөдтэйгээ ёслолын зураг авахуулдаг юм байна. Тусгайлан бэлтгэсэн өрөөнд тусгай зурагчин энэ ажлыг нь удирдан гүйцэтгэж байв. Ану, Сун хоёр хуримын ёслолынхоо хувцас хунарыг өмсөөд гоёчихсон байна лээ. Зураг авахуулах зочдыг ээлж дараалан оруулж хэн хаана зогсох, ямар байдалтай байхыг зурагчин эр зааварлаж, яаж инээж хөгжилдөхийг ч командлаж байв. Богино клип хийх маягийн ажил болж байна лээ тэнд.

  Хүүгийн ээж болон авга ах Сун Рак-Сон, Ану охины аав ээж нар хамтдаа ёслолын зураг авахуулав.

 Би ч бас тэдэнтэй зураг авахууллаа. Хосуудтай зураг авахуулж дууссан зочид нь хурим зохион байгуулагч залууст нэрээ бүртгүүлээд хажуух ширээн дээрээс нэг нэг дугтуй авцгаагаад байх юм. Тэр ширээн дээр үзэг, бас багц бал тавьчихаж. Тэгээд л тэр дугтуйнд мөнгөн дэвсгэрт хийгээд нэрээ бичиж бүртгүүлсэн нэрнийхээ ард мөнгөнийхөө дүнг тавиад дугтуйтай мөнгөө зохион байгуулагчдад өгцгөөчих юм. Манайхан шиг элдэв бэлэг сэлт, алт мөнгөн аяга, цахилгаан бараа энэ тэр болсон юм огт харагдсангүй. Аав ээж, ах дүүс нь арай өөр жишиг, хандлагатай байдаг байж магад. Ихэнх зочид, ажлын газрынхан, найз нөхөд нь ийм байдлаар оролцдог бололтой юм. Аль алиндаа амар, авууштай жишиг санагдав. Хосуудтай зураг авахуулах болон бүртгэлийн ажиллагаа дуусаад хуримын ёслол эхлэлээ. Цагаан ягаан цэцгээр битүү чимж зассан уртаас урт хаалган гудам, тэнд дэвссэн ногоон хивсэн дээгүүр хосууд болон аав, ээж нь орж ирэх бололтой юм. Танхимыг гудамлан заагласан ногоон хивсний хоёр талаар хүү, охины талынхныг тус тусад нь суулгасан байв. Эхлээд танхимд хоёр ээж зэрэгцэн алхсаар орж ирлээ. Монгол дээл, Солонгос хамбугаар тэд гангарцгаажээ. Танхим дундуурх ногоон хивсэн дээгүүр алхсаар тайзанд байрлуулж амьд цэцгээр битүү хучсан хоёр босоо индэрт тэд очиж зогсоцгоолоо. Тэнд нь лаа байгаа аж. Зохион байгуулагчдын командласнаар хоёр ээж тэнд байрлуулсан лааг асаацгаав. Аав ээжийн голомтоос гал тасалж өрх тусгаарладаг манайхны ёс заншилтай адилсах солонгос хувилбар нь тэр юм байх.   Ингээд хоёр ээж ногоон хивсний хоёр талаар зассан тусгай суудалд сууцгаав. Дараахан нь манай хүргэн болох Сун Вонг нөгөө цэцгэн гудам, ногоон хивсэн дээгүүр алхаж хоёр талын зочдод хүндэтгэл үзүүлэн мэхийж ёсолсоор индрийн өмнөхөнтэй зогсов. Хурим удирдагч Солонгос эр тайзны хажуухнаас ёслолын бололтой үг хэлж Анударийн нэрийг хүндэтгэлтэйгээр зарласнаар аав нь Анударь охиноо хөтлөсөөр танхимд орж ирлээ. Сун Вонг хүү аав, охин хоёрыг угтан очиж тэднийг хүндэтгэн мэндчилж тэврэлдээд сүйт бүсгүйгээ аавынх нь гараас авч хөтлөн тайзан дээр гарав. Тэдэнд зохион байгуулагчид хөх цэмбээр бүрсэн хоёр хавтас авчирч өгнө лээ. Сүйт залуу нь эхлээд хавтсан дахь бичгийг ёслол төгөлдөр уншиж, дараа нь сүйт бүсгүй нь өөрийн хавтсан дахийг уншив. Бидний ширээнд суусан Сөүлд ажиллаж амьдардаг залуусын тайлбарласнаар бол хосууд “Тангараг”-аа уншиж буй нь энэ аж. Манайхны хуримладаг хосуудын хэлж амладаг насан туршийн үнэнч, халамжтай сайн хань болж амьдарцгаана гэх мэт агуулагатай тийм л “Тангараг” юм байх. Энэхүү ёслолын дараа сүйт хосуудад зохион байгуулагч нар хуримын хайрцагтай бөгж авчирснаар хосууд нэг нэгнийхээ “Ядам” хуруунд сүйн бөгж зүүснээр тэд албан ёсоор эхнэр нөхрүүд болцгоож тэврэлдэн үнсэлдэж танхим дахь зочид суудлаасаа босон алга ташиж баяр хүргэцгээв. Сун Вонг хүүгийн найз дуучин өөрийн жааз хөгжмийн хамтлагтайгаа Солонгост ихээхэн алдаршсан “Насны хайр” хэмээх уянгалаг дууг  хосуудад зориулан дуулж баяр хүргэсэн юм. Ингээд хурим зохион байгуулагчдын удирдлага дор дараагийн ёслол болов. Залуу хосууд эхлээд Анударь охины аав ээжийн өмнө мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлэв. Сун Вонг хүү нэг мэхийчихээд охины аав Арвисын өлмийн өмнө бүр сөгдөн мөргөж ёслосон юм. Бодвол нэг талаас охиноо өгч буйд нь баярласан талархсанаа илэрхийлж буй  хэлбэр, нөгөөтэйгүүр хадмаа би ийн хүндэтгэж явах болно оо гэсэн тангараг юм болов уу гэж таамаглахаар. Ингээд хосууд Солонгос ээж, авга ах хоёртоо хүндэтгэл үзүүлж өмнө нь мэхийн ёслоцгоолоо. Хүүгийн аав хэдэн жилийн өмнө бурхны оронд одсон тул аавынх нь төрсөн дүү болох Сун Рак-Сон хуримын ёслолд аавыг нь орлож байв. Сун Вонг хүү мөн ээжийнхээ өлмийд сөгдөн мөргөж хүндэтгэл үзүүлнэ лээ. Энэхүү ёслол өндөрлөсний дараа охины аав, хүүгийн ээж нар индэрт гарч хүүхдүүддээ аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөж үг хэлцгээв. Дараа нь метр гаруй өндөртэй хуримын бялууг Сун Вонг, Анударь нар хөндөж, оргилуун дарс өргөснөөр хуримын албан ёсны хэсэг өндөрлөсөн юм. Миний оролцож буй Сөүлийн энэ хурим нь зохион байгуулагчдын командаар явчихдаг нь амар санагдсан. Мэдээж хуримлаж буй хос, Солонгос ээж, авга нартайгаа зөвлөлдөж шийдсэн байж таараа. Олон хүн үг хэлээд, нөгөө элдэв бэлэг сэлт гардуулж байна гээд хосыг зогсоож түүртүүлээд байх нь үгүй юм билээ. Зочид танхимд орж ирэхээсээ өмнө дугтуйгаар асуудал шийдчихсэнийг дээр би нэгэнтээ цухас дурьдсан даа. Хоол ундны хэсгийг өөрөө өөртөө үйлчлэх хэлбэрээр зохицуулчихсан байв. Элдэв төрлийн хөнгөн зууш, далайн бүтээгдэхүүн, шарсан жигнэсэн үхэр, гахай, загасны төрлийн халуун хоолууд янз янзаараа л байна лээ. Хатуу, зөөлөн дарс нь хоолны хэсгээс арай зайдуухан. Зочид тэндээс сонголтоороо л хүртэцгээх юм. Анзаарч байхад солонгосчууд “Сөүжү”-гээ, манайхан шар айраг сонгох нь илүүтэй юм билээ.

                                                                                                                    Ану нутгийн найз нартайгаа

  Манай ширээнийхэн: Анударийн дотно эгч гэгдэх Заяа хэмээх бүсгүй, түүний долоо найман настай болов уу гэхээр охин, гучаад насны гурван монгол залуутай хамт би нэг ширээнд суусан юм. Мэнд мэдэж танилцацгаалаа. Д.Отгонэрдэнэ, Ж.Даваасүрэн, Д.Цогчулуун гэх энэ залуу эрдэмтэнүүд Анугийн ажилладаг Эрдэм шинжилгээний хөрш институтэд ажилладаг ажил төрөл, гэр бүлийн харилцаатай найзууд аж. Анугийн нөхөр болж буй Сун Вонгтой ч тэд дотно нөхдүүд бололтой. Хэсэг ярьж танилцсаныхаа дараа Дэйжон хотод очсоныхоо дараа тэдний ажилладаг институтээр очиж өөрсөдтэй нь ярилцлага хийж арай илүү танилцах хүсэлт тавьсан юм. Манай ширээний ганц хатагтай  Заяа бүсгүй Солонгост ажиллаж амьдраад арван хэдэн жил болж буй ажил хэрэгч нэгэн аж. Анударь түүнийг эгчээ гэж хүндэтгэн хандах юм билээ. Анугийн ярьсанаас миний ойлгосон нь гэвэл Заяа хатагтай Сөүлд Гоо заслын эмнэлэгийн салбарт ажилладаг, Улаанбаатарт энэ чиглэлийн үйлчилгээ эрхэлдэг компанитай аж. Саяхан энэ чиглэлийнхээ ажлаар нутагтаа хэд хоног ажиллаад ирсэн юм байх. Хуримын ёслолын эхний хэсэгт Заяа бүсгүй орчуулагчийн үүрэг гүйцэтгэж Ануд туслана лээ. Ээж нь хуримын эхэнд ширээнд сууж танилцчихаад орчуулга хийх гээд индэрт гарчихсан тул охинтой нь би танилцаж чадаагүй байсан юм. Зэрэгцээ сууж буй охины нэрийг нь асуугаад “Танилцах уу?” гэсэн чинь өөдөөс мэлийтэл хараад мөрөө хавчиж байх юм. Хэдэн үг хэлээд хариу хүлээсэн чинь нөгөө л мөрөө хавчсан хэвээр. Хэл сонсголын бэрхшээлтэй юм болов уу гээд санаа зовж суув. Манай ширээний хэд хурим руу анхаараад бид хоёрын ярих гэж оролдож буйг ч анзаараагүй байх. Төд удаагүй байтал манай ширээнд нэг залуу хүү нэмэгдэж ирээд охинтой тэврэлдээд сүйд, охин ч түүнтэй дуржигнатал яриад эхэллээ. Тэгэхдээ солонгосоор шүү. Энэ цагаан футболктой царайлаг хүү ч солонгос бололтой. Би түүнтэй толгой дохиод мэндэлсэн чинь өөдөөс “Сайн байна уу та...”гээд монголоор мэндэлж байна. Охинтой ярих гээд би чадахгүй байсан юм аа гэсэн чинь тэр залуу “Манай энэ монголоор ярьдаггүй юм аа” гэж байв. Биднийг ийн ярилцаж суутал Заяа ч түр сулраад ширээндээ хүрээд ирлээ. “Ашгүй чи амжаад хүрээд ирэв үү?” гээд залуу хүүтэй тэврэлдэж байх.  Нөхөр нь болох гэж буй залуу аж. Охины ах юм болов уу гээд ойлгочихсон байсан хүн чинь тэр ойлголтоосоо салах гэж түр сатаарав. Манай ширээнийхний хожмоо ярих нь Заяа өмнө нь солонгос залуутай амьдрал холбож байж. Охин нь солонгос цэцэрлэг, сургууль, тэгээд солонгос аав гээд ойр орчин нь солонгос болохоор монгол хэл сураагүй нь аргагүй байх. Охины нэр Аёон гэнэ.

Ер нь эх эцэг нь монгол ч энд төрж өссөн хүүхэд багачууд төрөлх хэлнээс алсарч төсөөрөх нь элбэг талдаа гэх. Сөүлд монгол бага, дунд сургууль байгуулагдаж ингэж төсөөрсөн хүүхдүүд эхнээсээ явж эхлээд буй юм билээ. Аёон охин тэнд явбал монгол хэл дорхноо л сурах биз. Манай ширээнд хосууд ирж талархлаа илэрхийлж хундага тулгацгаав. Тэд хуримын ёслолын хувцсаа сольж аль аль нь Солонгос хамбугаар гоёсон байлаа. Мөн хосуудын аав, ээж, авга нар нь тэдэнд бараа болон дагалдаж ёслол үйлдсэнээр Сөүлийн хурим өндөрлөх талдаа оров. Залуус хоёр талын найзуудтайгаа өөр нэгэн “Паб”-д үргэлжлүүлэн найрлах гэнэ. Бидний хил гаалиар хэл амтайхан давуулж авчирсан эзэн хааны нэртэй хатуу ундааг тэнд сөгнөнө өө гэж Ану бидэнд хэлж байв.     

Хуримын сүүлийн хэсэгт Ану Сун хоёр ийм хувцасаар гоёсон юм.

 

Үргэлжлэл бий...

Д.Цэдэн-иш

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?