Анагаах ухааны доктор Б.Батболдын бичсэн “Алкоголийн бодисын солилцоо”-ны талаарх лекцийг хүргэж байна.
Алкоголийн төрлийн бодис хэрэглэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг гадаадын эрдэмтдийн судалгаанууд мэдээлсээр байгаа билээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр нийт 2.4 тэрбум хүн архи идэвхтэй хэрэглэгчийн тоонд ордог бөгөөд нийт нас баралтын шалтгааны 5.9% алкогол хэтрүүлэн хэрэглэх болон түүнээс үүдэлтэй осол гэмтэл, бусад архины шалтгаант архаг өвчнүүдийн нас баралт эзэлж байна:
Хүний бие махбодид архи,согтууруулах ундаа нь хэд хэдэн замаар задардаг. Хамгийн түгээмэл тохиолдох хэлбэр нь алкогол дегидрогеназа болон альдегид дегидрогеназа эсгэгийн тусламжтайгаар явагддаг байна.
Эхний замаар/алкогол дегидрогеназа/ явагддаг алкогол задралын дүнд элэг, нойр булчирхай, цаашлаад тархи болон бусад эрхтнүүдэд гэмтэл үүсгэх чадвартай хорт бодис биед үүсдэг. Энэ бодисыг ацетальдегид гэж нэрлэдэг. Лабораторийн амьтанд хийсэн судалгаагаар ацетальдегид нь орон зайн баримжаа алдагдах, ой тогтоолтын алдагдал ба нойргүйдлийн асуудал үүсгэдэг болох нь тогтоогджээ.
Уусан хэмжээнээс үл хамааран хүний бие нэг цагт тодорхой хэмжээний алкоголийг задлах чадвартай байдаг.
Судлаачид уг чадварыг элэгний хэмжээ болон биеийн жинтэй холбон судалсан ба генетикийн хувьд алкогол задлагч эсгэгүүдийг кодолдог генүүдийн өөрчлөлтөөс хамаардаг шалтгаантай гэж үздэг байна.
Зарим хүмүүс алкоголийг удаан хугацаанд задалдаг бөгөөд үүнээс болоод төрөл бүрийн шинж тэмдгүүд илэрч архаг өвчтэй болдог байна.
Түүнчлэн архинд донтох эмгэгтэй эцэг, эхээс гарсан хүүхдүүд бусад хүүхдүүдтэй харьцуулахад архинд донтох магадлал 2-4 дахин их байдаг бөгөөд энэ нь генетикийн шалтгаантай юу эсвэл орчны нөлөө байна уу гэдэг дээр эрдэмтэд нэгдсэн нэг шийдэлд хараахан хүрээгүй байна.
Их хэмжээгээр алкоголийн төрлийн бодис хэрэглэх үед хүний бие махбодод янз бүрийн хавдар үүсэх, элэг, бүдүүн шулуун гэдэсний эмгэг үүсэх, сэтгэхүй, ой тогтоолтын өөрчлөлт илрэх гэх мэт шинж тэмдгүүд үүсдэг байна. Гэхдээ хавдар үүсэх магадлал нь генетикийн, орчны болон хувь хүний зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг ажээ.
Судалгаануудаас үзэхэд архи хэрэглэж эхлэх нас залуужих тутам архинд донтох эмгэг нэмэгддэг. 21 нас хүрээгүй байхдаа архи хэрэглэж эхэлсэн залуучууд түүнээс дээш насандаа архи хэрэглэсэн хүмүүсээс 4 дахин илүү архаг архичин болдог гэсэн тооцоо байдаг байна.
ДЭМБ-ын тооцоолсноор насанд хүрсэн нэг Монгол хүнд жилд дунджаар 40л архи согтууруулах ундаа ноогдож байгааг тогтоожээ.
Иймээс бид архинаас хамааралтай хүмүүсийг илрүүлэх, хянах шаардлагатай байгаа юм. Эдгээр хүмүүсийн эрт илрүүлж, хянах нь архинаас шалтгаалсан архаг эмгэгүүд болон ихэнх төрлийн хавдруудаас сэргийлэх боломжтой болох ба энэ нь эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой.
Эх сурвалж:Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэн