NOUS Mongolia байгууллагаас уламжлал болгон зохион байгуулдаг ‘6:45’ уулзалтын 38 дахь зочноор Монголын суут хүн, их зохиолч Бямбын Ренчингийн нэрэмжит шагналт, Ардын уран зохиолч, СГЗ Т.Галсан гуай оролцож "Зорилготой явахын учир" сэдвээр залуустай ярилцсан. Ингээд түүний илтгэлийг хүргэж байна.
Хүний гурван төрөл буй. Үүнд эрдэнэт хүмүүн, хүн сүрэг, хүн хог багтана
Хүн ерөөс гурван янз байдаг. Монгол нэгэн цагт эрдэнэт хүмүүнээр дүүрэн байсан. Энэ дэлхийн хоёр тивийнхэнд төрт ёс гэж юу болох, хүн төрөлхтөн эвтэй бөгөөд харилцан ашигтай хөгжиж болох талаар мянгаад жилийн өмнө заасан багш үндэстэн бол Монгол. Гэтэл мандах буурахын жамыг дагаад эрхшээгч гүрний Монголыг мохоох бодлогоор эрдэнэт хүнийг устгаж дуусгасан. Чингисийн удмынхныг хар феодал хэмээн нэрлэж бүгдийг нь бүртгэж тэмдэглэж аваад толгой дараалан хөнөөсөн юм. Ингээд бид төр төвхнүүлэх, засаг засах хүнгүй болж эхэлсэн билээ. Үүний дараа шар феодал хэмээн нэрийдэж бас л хөнөөж эхэлсэн. Энэ үед “Гүржийн улаан бүх чи юу гэж хуцаад байгаа юм бэ” гэж Сталины гаансыг хуга алагдаж байсан Гэндэн гэдэг хүн алтан аргамжийн соёлд муу боловч өөрийн амийг золиослон нэг зуурт ч болтугай Монголоо хамгаалах эрмэлзлээр эрэлхэг баатарлаг үйлдэл хийж явжээ.
Тэрээр цааш хэлэхдээ дөрвөн уулын дунд болон хамаг монгол даяар 700 гаруй сүм хийд байсан бөгөөд энд дор хаяж гурван хэлтэй, цаашаа таваас арван хэлтэй номын мэргэд, гүн ухаан анагаах ухаан, зурхайн ухаан, одон ухаанд хэтэрхий мэргэшсэн эрдэмтэд байлаа. Харийн бодлогоор эрдэмтдийг нь толгой дараалан устгаснаар одоо мал дагасан малнууд нь үлджээ. Тэд малаасаа ялгаатай нь мал нь дөрвөн хөлтэй, мал дагасан мал нь хоёр хөлтэй. Малынх нь үс гадагшаа, хүнийх нь хувцасны үс дотогшоо гэж гаднынхан хэлдэг байв. Тэдний хүслээр мал дагасан мал нь үлдэж ногоотой шөлний махыг бэлтгэх хүн сүрэгтэй боллоо гэж тооцоолсон байна шүү дээ гэдгийг залуучууд сайн ойлгож мэдээрэй хэмээн захив.Хүн сүргийн талаар тайлбарлахдаа, Туулын усыг ээжийнхээ сүүтэй хамт залгилаад байхад элэг дотор мууддаггүй рашаан байлаа. Харин одоо өтгөн шингэн, үйлдвэрийн хог угаадас цутгасаар ариун тунгалаг рашаан биш хамгийн бохир угаадасны сав болжээ. Гэвч туул урссаар л байна. Үүн шиг сайн муу нийлсэн 3 сая хүн амьдарсаар л байна. Энэ бол хүн сүрэг юм. Аз гийж энд үр ариун эцэг таарч, сав ариун ижий таарсан тохиолдолд эрдэнэт бүлгийн ахиад нэг оюун нь цоорхой, огторгуй од, гараг, орчлонгийн явдал нар сар толгойд нь ороод байхаар хүүхэд мэндэлж устгагдсан эрдэнэт бүлэгт нэмэгдэж буй. Бид сайнтай муутай, шавартай шавхайтайгаа хамт урсаж буй голтой ижил. Даарахгүйн тулд дулаалж чаддаг, өлсөхгүйн тулд цусалж чаддаг, үр удмаа үлдээхийн тулд орооны цагийн мал шиг цутгадаг хүн хогууд олон.
Сармагчны монш дандаа нэг нэгнийхээ үсийг маажиж байдаг шиг саваагүй хойч үе нь утсаа маажиж байдаг боллоо
Монголын гэгээрлийг сүүлийн жилүүдэд харийнхны утсаар татсан хүүхэлдэйнүүд сүйд хийв. Би боловсрол гэж хэлэхгүй. Боловсрох гэж хоол хоолойгоор ороод ходоодоор дамжаад хонгоор гарахыг хэлнэ. Гэгээрэл гэдэг тархи зүрх хоёр луу ертөнцийн цагаан илчтэй, гэгээн эрчимтэй, ариун эрчимтэй эрдэм мэдлэг дүүрсэн байхыг хэлнэ. Орчин үед гадаад хэлгүй бол болохгүй тиймээс хэл сур хэмээн эх хэлнийхээ цагийг танаж байна. Үүний нөлөөгөөр эрлийз хэлтэй хүүхдүүд бий болжээ. Энэ бол биеэ төдийгүй сэтгэлээ үнэлэгчид төрд дулаан цагийн юүлүүрийн батгана шиг шавсны гайгаар гэгээрэл үгүй болж буйн нэг жишээ юм. Гадаад хэлтэй гэвэл хэлтэй. Гэхдээ Б.Ринчен багшийн хэлдгээр жоогоны хэлтэй буюу жорлон гуанз хоёрын хэлтэй. Гэтэл шүлэг цээжилсэн хүүхэд элсний нүүдэл, усны долгис, зүрхний хэмнэл шиг тэр яруу найргийн ай давтамжид баясаж, зөв хэлхэн, зөв сэтгэж, зөв илэрхийлдэг. Гэтэл одоо хүүхдэд шүлэг цээжлүүлэхээ больжээ. Сармагчны монш дандаа нэг нэгнийхээ үсийг маажиж байдаг шиг саваагүй хойч үе нь утсаа маажиж байдаг болгох л зорилготой юм шиг бодлого хэрэгжиж байна. Ерөөсөө гаднынханд монгол хэрэггүй Монголын газар шороо хэрэгтэй гэдэг бодлого бий гэдгийг энэ цагийн залуус минь ойлгоорой гэж өвгөн би хүсч байна. Хоолоор ходоодыг нь цоолох, архиар зүрхийг нь цоолох, харийн соёлоор монгол сэтгэлгээг нь устгах хүсэл гаднынханд бий.
Зорилго гурван янз. Зовлогоо зовоохгүйгүйгээр зорилгодоо хүрнэ гэж үгүй
Ойрын зорилго, дундын зорилго, холын зорилго тавь. Би яруу найрагч болох, Монголын яруу найрагчаас илүү гарах, дараа нь Александр Сергеевич Пушкинийг давах юмсан гэж гурван үе шаттай зорилго тавьж байлаа. Ойрынхыг сарын хугацаанд, дундынхыг 3-5 жилийн хугацаанд, түүнээс цааш хэтэрхий алс биш 10 жилийн хугацаанд тавиарай. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Ганбаатар гэдэг хүний өвөө Биндиръяа гэдэг багш байсан юм. Тэр багшийг би сурвалжлахаар очиж байхад, “Хүүхээ, би амьдралдаа нэг удаа шоронд хонож үзэж байлаа. Тэр шөнө би наранд явахдаа боддоггүйг бодож билээ. Би чинь ерөөсөө 45 минутын махан цоож юм байна. Хүүхдүүдийн өмнө багш гэсэн мэдэмхий амьтан. Өөрөө сурсан мэдсэн зүйл ховор юм байна. Ингэж би анх удаа цочсон юм даа” гэж хэлсэн юм. Шоронд хоносон шалтгаан их сонирхолтой.
Баянхонгор аймагт Чингис гэж хэлсэн хүнийг ажлаас нь халдаг үед Чингис гэдэг найраглал бичсэн, тусгаар тогтнолоо устгаад зөвлөлтөд нэгдье гэж байх үед Тусгаар тогтнол гэдэг найраглал бичсэн аугаа их яруу найрагч Д.Пүрэвдорж, Монгол Улсын төрийн сүлд дууг бичиж байсан, улс төрийн иргэний яруу найрагч Ц.Гайтав гэсэн хоёр зохиолч айлчиллаа. Маргааш нь Баянхонгорт болоогүй нэг сонин юм болов. Өчигдөр ирсэн хоёр зохиолч Баянхонгорт бичсэн шүлгүүдээ уншина гэсэн нөгөө “Пушкин”-ы толгой руу аянга буучихав. “Хүүе ээ өчигдөр ирсэн өнөөдөр шүлгүүд ээ. Олон тоон дээр байна ш дээ. Ямар гайхамшигтай, ямар аймар юм бэ” гээд сонслоо. Хамгийн түрүүнд Ц.Гайтав гуай Баянхонгор аймгийн гуанзанд бичсэн шүлэг гэж уншлаа.
“Баруун Баянхонгорын гуанз
Баруун уул шигээ цуйвантай юм
Баян нуур шигээ хуйвантай юм
Хайчаа авч очоорой хялгас ноос ихтэй шүү
Уутаа авч очоорой унгас ноолуур арвин шүү” гэтэл намын хороон дарга цагдаагийн даргад үүрэг өгөөд, цагдаагийн дарга цагдаад үүрэг өгөөд гуанзны тогоочдыг барьж аваад шорон руу туугаад явлаа. Одоо хэний тухай унших бол гээд л даллуур үзсэн тарвага шиг бид доошоо навтас хийж байтал Баянхонгор аймгийн төвийн дунд сургууль дээр бичсэн шүлэг уншлаа.
Дунд сургуулийн барилга данхайсан сайхан ордон юм
Дотор нь хэрвээ орох юм бол доголон сандал 999 гэтэл аж ахуйн захирлыг аваад явчихлаа. Тэгээд бодоход сайн хүнд бол муу нь ч сайн болдог байгаа юм. Шоронд хонох шөнөө өөрөө өөртөө ял оноогоод ойрын дундын холын зорилготой болоод энэ долоо хоногт тийм, тийм ном заавал уншиж тэмдэглэл хөтөлнө. Сэхээтний учир. Тэдэн түлээ хөрөөдөж хагалж хөрөөдөж тавина-Өрхийн тэргүүний учир гэх мэт бор амьдралынхаа талаар багш мэргэжлийнхээ талаар ойрын болон дундын зорилгоо тодорхойлжээ. Дундын зорилгодоо дээд мэргэжлийн багш болно, холын зорилгодоо гавьяат багш болно гэж төлөвлөжээ. Зорьсон зорилготой байсан тэр хүн одоо гавьяат багш, Баянхонгорын хоёрдугаар сургууль Биндиръяагийн нэрэмжит гээд явж байх жишээтэй.
Тоймтой санаагаа тэр номноос түүвэрлээд хуулан, хуулан бич. Бичсэн бүхнээ дуудан, дуудан цээжил
Ном эрдэмд хичээнгүйлэн шамд. Орчлон хорвоод гэгээн гэрэлтэй бөмбөлжин ном, дөрвөлжин ном гэж хоёр төрөл буй. Бөмбөлжин буюу бөөрөнхий ном болбоос бүхий л амьтан, ургамал, дэлхий бөмбөрцгийг ижилхэн гийгүүлж байдаг саяхан мандсан шаргал наран юм. Дөрвөлжин буюу гар доорх ном нь зүтгэсэндээ олдож, олдсондоо өгөөжөө өгдөг наран юм. Энэ хоёрын хүчээр хүн бүр гэгээрлийг олно. Ном уншихдаа үсгийн мангас гэдгээ нотлох гэж гүйлгэн уншихыг бус тогтож, тогтоож уншвал зохистой. Тоймтой санаагаа тэр номноос түүвэрлээд хуулан хуулан бич. Бичсэн бүхнээ дуудан дуудан цээжил. Ингэж гэмээнэ сая ном уншсаны хэрэг бүтэж, үр дүн гармуй.
Ихэс дээдэстэй арсалдан зорилго тавь
Би Оросын их яруу найрагч Александр Сергеевич Пушкинийг 17 насандаа зургийг нь урдаа залж байгаад “Хээе Александр Сергеевич сонсож бай. Азиас чамаас илүү яруу найрагч төрнө харж байгаарай. Чи шүлэглэсэн роман ганцыг бичсэн. Би дор хаяж гурвыг бичнэ мэдэв үү. Чи 700 шүлэг бичсэн юм байна. Би 700 мянган шүлэг бичнэ мэдэв үү” гэж эрхийнийхээ өндгийг зүүгээр шивж байгаад цусаа сорж явлаа. Ихэс дээдэстэй арцалдан зорилго тавь. Тэд уурладаггүй, уцаарладаггүй юм билээ. Энэ бол хүн өөрийгөө цочоогоод авсан хэрэг. Өөлд хүн үгээ иддэггүй, тэгээд цусаараа андгайлсан учир андгай тангаргаа биелүүлэх гэж хичээлээ хийнгээ хажуугаар нь шүлгээ бичдэг байсны буянд 64-хөн кино, 110-хан ном ард түмэндээ өглөө. Тэгээд эсэргүү хэмээн цөлөгдөж, сийрсэн малгайгаа цоо буудуулж явлаа. Зовлогоо зовоохгүйгээр зорилгодоо хүрнэ гэж үгүй Ингээд ардын уран зохиолч хэмээн нэрлэгдээд сууж байгаа нь зорьсон зорилгодоо ямар нэг хэмжээгээр хүрсэн гэсэн үг. Хэрвээ би зорилгогүй байсан бол цаасны цагаан хорхой, нэг муу эрээчигч байх байсан гэж боддог.
Залуус та бүгдэд дэлхийн хэмжээний эрдэнэт хүний цээнд хүрэх, хоёрдугаарт эзэн Чингисийн Монголыг өөд татах боломж бий. Их үйлс сэтгэлчлэн бүтэх болтугай. Ирээдүй хойч Монголын заяаг та бүхэн өөд татах болтугай.