Македоны Александр жанжинг дүрсэлсэн олон сонгодог уран зураг бий. Нэгийг нь та бид үзэж байна. Их Александрын хамгийн том ялалтын нэг нь Перс улсыг эзэлсэн тулалдаан юм. Одоогийн Иран, Энэтхэг улсын урд талаар үргэлжилсэн Гедросия элсэн цөлийг жанжины цэргүүд халуун наранд уух усгүй ангаж эцэж цуцан туулахдаа маш их бэрхшээл амсжээ. Александр арван таван мянган хүнтэй армийнхаа гуравны нэгийг энд алдсан гэж түүхэнд бичигдэн үлдсэн. Зах хязгааргүй үргэлжилсэн аагим цөл дундуур цэргүүдийн урт цуваа арай ядан урагш мацана. Зэр зэвсэг майхан сууцаа ачсан жин хөсөгөө орхилгүй тэмцэн зүтгэцгээнэ. Дайчидын манлайд яваа жанжины өмнө гэнэт нэг цэрэг гарч ирэв.Тэрбээр дотор нь ус дүүргэн хийсэн дуулга малгайгаа жанжинд өглөө. Цангаж үхэж байгаа цэргүүдийн адил жанжинаа үхүүлэхийг тэр хүсссэнгүй. Александр дуулгатай усыг авав. Цэргийн цуваа ч бас зогсов. Бүх цэрэг дарга нарын нүд Александрыг ширтэнэ. Тэгтэл жанжин гартаа барьсан дуулгыг дээш өргөснөө алгуурхан хазайлгаж усыг элсэн дээр бүгдийг нь асгаж орхив. Сульдаж ядарсан жанжин чанга дуугаар “-Нэг хүнд дэндүү ихэдсэн энэ ус бүх хүнд даан ч багадана” гэлээ. Жанжин нь цэргүүдийнхээ л адил зовлон туулахыг хүсжээ. Александрын энэ үйлдэл цэргүүдийн сэтгэл санааг тэр дороо өргөлөө. Ядарч зүдэрсэн цэргүүд уухайлан хашгирч зориг зүрхээ чангалан өөрийнхөө жанжинтай хамт тулгарсан бэрхшээлийг сөрөн давах итгэл бадрах нь энэ. Александр жанжин эр зориг, ур чадвараараа төдийгүй сэтгэл зүрх мэдрэмжээрээ суутан билээ. Арга ч үгүй дээ, түүний багш нь их Аристотель юм. Энэ зургийг Америкийн зураач Том Ловелл 1958 онд зуржээ. Уран зурагт мөнхөрсөн Александр жанжинтай бид дахин учирна аа.
Ѳ.Рагчаасүрэн ( Дархан -уул аймаг) 2020 он