Монголчууд бид дэлхийн түүхийг донсолгосон гайхалтай түүхтэй ард түмэн. Түүний нотолгоо нь Монгол бичиг юм. Монгол хэл бичиг минь бүхнээс илүү гайхамшигтай. Иймд бид хэл соёлоо нандигнан, сурталчилж, хойч үедээ өвлүүлэх хэрэгтэй. Монголчууд 2025 онд хос бичигтэй болно гэх Засгийн газар шийдвэр гарсан. Тиймээс энэхүү “Энгүй их бичиг” дуу нь төр засгийн шийдвэр хэрэгжихэд нэмэр болох байх.
Энэхүү дууны зохиолч Л.Эрдэнэ-очиртой ярилцлаа.
Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Дуу бүтсэн түүхээс хуваалцаач ?
- Германы гүн ухаан Гегель Монголчууд энэ дэлхийд оюун ухаан бэлэглэсэн гэж хэлсэн байдаг. Энэ эрхэм үгийн нотолгоо нь Монгол бичиг юм. Монгол бичгийн татлага, галиг, уншлага бүр өөр өөр байдаг. Намайг багшийн их сургуульд оюутан байхад багш минь Монгол бичгийн талаар бидэнд ярьж, уншиж өгч байсан юм. Тэр үед монгол бичгийн галиг бүр аялгуу адил чихэнд сонсголонтой байсан юм. Тиймээс л Монгол бичгийн талаар дуу хийе гэх бодол олон жил тээж явсны эцэст энэхүү дууг Монгол бичгийн өдөрт зориулан бүтээсэн.
Монгол бичгийн өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг боловч тодорхой хүрээний хүмүүс тэмдэглэдэг бололтой.
- Монгол бичгийн өдрийг зүгээр ёс төдий тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол бичгээр бичдэг хүмүүс маш ховордсон.
Улс орны тусгаар тогтнолын үндэс нь хэл соёл шүү дээ . Тиймээс бид Монгол бичгээ хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд юу хийх ёстой вэ ?
- Монголд одоогоос 3-4 жилийн өмнө Болгарын Ерөнхийлөгч Монголд айлчилсан юм. Тэр үеэр крилл бичигтний хөшөө босгох санал гаргасан. Одоо тэр хөшөө яармагын тэнд байгаа болов уу ? Түүнтэй адил Монгол бичгийн хөшөө босговол хойч үед үлдэх хүртээмжтэй бүтээн байгуулалт болох юм. Гэтэл бид зүгээр нэг гадны хүнд сурталчлаад өнгөрч байна. Хэл соёл, түүхт бичгээ хойч үедээ өвлүүлэн үлдээх хэрэгтэй. Монгол бичгийг мартах ёсгүй. Хэлгүй бол хөлгүй. Мөн сурагчдад арван жилээс нь “Монгол бичиг “-ийн хичээлийг бүрэн заах хэрэгтэй. Одоо бол хэдэн галиг заагаад өнгөрч байна.
Мэдээлэл өгсөн танд баярлалаа
-Танай хамт олонд ч мөн адил баярлалаа