Бидний хайрт аав, халамжит өвөө Гучид овгийн Сүхийн Жагдаг ертөнцийн мөнх бусыг үзүүлж, бидэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолоо. Сүхийн Жагдаг нь 1938 онд Хэнтий аймгийн Хэнтий сум (одоогийн Өмнөдэлгэр сум)-ын нутаг Баруун-Урт гэдэг газар малчин ард Догсомын Сүхийн хүү болон мэндэлжээ. Өмнөдэлгэр сумын бага сургуулийг 1952 онд төгсөөд мал маллаж байгаад 1954-1957 онд Улаанбаатар хотын Санхүү-эдийн засгийн техникум төгсгөсөн юм. 1957-1963 онд Хэнтий аймгийн Харилцаа холбооны хороонд ахлах нягтлан бодогчоор ажил амьдралынхаа гараагаа эхлэн ажиллаж байгаад Д.Сүхбаатарын нэрэмжит Санхүү-эдийн засгийн дээд сургуулийг 1967 онд төгсгөсөн билээ. Улмаар Хэнтий аймгийн Өндөрхааны САА-д 1967-1977 онд Ерөнхий нягтлан бодогчоор, 1977-1986 онд аймгийн ХААУГ-т эдийн засагч-мэргэжилтнээр, 1986-1995 онд аймгийн МАА-н Үржил селекцийн улсын станцид ахлах нягтлан бодогчоор нийтдээ 33 жил улс эх орныхоо төлөө ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ. Аав минь 1958 онд бидний хайрт ээж, эмээ Чимидийн Дашдаваатай ханилан сууж, нэгэн жарны турш хамт амьдрахдаа олон сайхан үр хүүхэд, ач зээ нарыг өсгөж хүмүүжүүлсэн, тэднийгээ гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэхийн төлөө бүхий л ухамсарт амьдралаа зориулсан ачтай, гавьяатай жинхэнэ бурхан аав билээ. Түүний хөдөлмөрч, үнэнч шударга зан чанарыг төр, засгаас өндрөөр үнэлж “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90 жилийн ойн хүндэт медаль, Санхүү-банкны тэргүүний ажилтан цол, тэмдэг, ХАА-н тэргүүний ажилтан цол, тэмдэг, Сангийн яамны 100 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнаж урамшуулсан билээ. Таны минь ажилч хичээнгүй, нягт нямбай, уйгагүй зүтгэлтэй, хүнлэг сайхан чанар, төлөв даруу зан байдал бидний сэтгэл зүрхэнд үүрд тодоор дурсагдан мөнхрөх болно.
ҮР ХҮҮХДҮҮД, ТӨРӨЛ ТӨРӨГСДӨӨС НЬ