ЭРГЭН ДУРСАГДАХ СОЛОНГОС ОРОН /Цуврал 6/

2020-05-02  

Батсүхтэй, Бат-Энэрэлтэй Монгол таун. Өглөөнийхөө цайг уухаар Монгол тауны зэргэлдээх орос хоолны газар очицгоов. Миний үеэл Арвис, гэргий Дэжээ хоёр хоёулаа орос арван жил төгсч орост  их дээдээ дүүргэсэн болохоор орос ресторанд нь орж үзье гэж санал тавьсан юм. Томоос том “Матрёшка” үүдэндээ босгочихсон, доторх ханаа “Улаан талбай”, “Кремль”-ээрээ чимчихсэн, орос дуу эгшиглэсэн орос орчин биднийг угтаж байна лээ. Зөөгчид нь орос тариачин маягийн хээтэй цагаан цамц өмссөн, торгомсог алчуур зангидсан царайлаг бүсгүйчүүд. “Винегрет”, “Столичный” гээд бидний мэдэх салат, “Борщ”, “Солянка” мэтийн танил шөл, “Чебурек”, “Цеплята табака”,  ”Поджарка” гээд л орос зоогийн газрын брендүүд сонгоод ав гээд зураг хөрөгтэйгөө байж байна. “Джигулевское” пиво, “Столичный” водка мэтийн оюутан үеийн минь танилууд ч ханаар нь  өрөөстэй харагдана лээ. Долоон орос, буриад ч юм уу якут ч юмуу оросоор ярьсан дөрвөн бүсгүй бидний хажуугийн ширээнээ үйлчлүүлж байв. Бид гурав өөр өөрсдийн сурч байсан оюутан ахуй үеийн Москвагаа дурсан ярилцаж, тэр цаг үеийнхээ танил хоол унд захиалан үйлчлүүлж, орос үйлчлэгчидтэй нь бас ч гэж хэдэн үг сольж яриа хөөрөө болж  байгаад гарцгаав. Булан тойроод л монгол тауныхаа танил гудмаар аялацгаалаа. Ер нь энэ хавийн байр байшин дээрх хаяг адрес, зар мэдээлэл, элдэв рекламууд нь орос, монгол хэл дээр эрээлжилж байх юм билээ. Монгол орос таун нь нэг дор шахуу юм гэж хэлж болохоор. “Наадмын хуушуур”, “Гэрийн бууз”, “Банштай цай” гэх том том реклам зурагтай байр байшингийн хажуух байшинд “Агентство Авиа Билеты”, “Русские Песни”, “Русская водка” гэсэн хаягтай мухлаг дэлгүүрүүд зэрэгцээд л ажиллаж байх жишээтэй.

Орос архи дарсны дэлгүүр нь хэд хэдэн тасагтай томоохон цэг юм.  Түүгээр орж водка, коньякны нэр төрөл, үнэ ханш сонирхчихоод “Монгол таун”-аараа хэсэг алхацгаалаа. “Наадмын хуушуур”гуанзны хавиар нутгийн залуус бөөгнөрч буй нь намайг хэрэгт дурлуулав. “Завхан гол” дуугаараа алдаршсан нэрт дуучин С.Батсүх тэнд сандал тавиулж тухлаад суучихсан, залуус тойрчихож. Хажууд нь сүүлийн хэдэн жил түүнтэй хамтарч дуулж ач, зээ хүү шиг нь туждаа хамт явах болсон бяцхан дуучин Б.Бат-Энэрэл нь эргэн тойрны залуустай элдвийг ярьж жүжиглэн хэвлүүтэж зогсов. Хуучны танилын хувьд Батсүх гавъяатын мэндийг асуун дөхөж очив. Хорин хэдэн жил уулзалдаагүй явсан болохоор тэр намайг таньж ядаж байна. “Ардын эрх”-ийн “Хит парад” гээд ярьж эхэлсэн чинь “Аа За За...” гээд нөгөө бүдүүн лагс эр маань сандлаасаа ухасхийн босч ирээд намайг тэвэрч сууж байсан түшлэгтэй сандлаа над руу дөхүүлж суухыг урьж байв. Миний ажиллаж байсан “Ардын эрх” сониныхон ерээд оны эхээр олон түмний сэтгэлд хоногшсон дууны наадам болох “Ардын эрхийн Хит парад” хэмээх томоохон шоу зохион байгуулдаг байсан юм. Эхний жил нийслэлд болдог байснаа хоёрдахь гуравдахь жилээс хүрээгээ тэлж “Эрдэнэт”, “Дархан”хот, Сэлэнгэ, Дорноговь аймаг, сүүлдээ урд хойт хөршийн Улаан-Үд, Хөх хотод ч тоглолт болж үзэгч олныг шуугиулж байлаа. Жүжигчид дуучид нь Ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ, Гавъяат Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, Д.Сосорбарам гээд л мундагчуул. Тэр цаг үед ид алдаршиж “Од” болж байсан Эрдэнэтийн Чулуунчимэг, Завханы С.Батсүх нар орон нутгаас “Хит парад”-ын энэ багт багтан дуулж байлаа.  “АЭ-ийн Хит парад”-ыг удирдан зохион байгуулагч нэгэн байсныхаа хувьд миний бие эд нөхөдтэй хот хөдөөгүй олонтоо хамт явж байсан юм даг. Урд хөршийн Хөх Хотод ч энэ Батсүх маань “Завхан гол”, “Дуут нуур”-аа дуулаад л хамт аялж байж билээ. “Ардын эрх” гээд хэлэнгүүт л Батсүх гавъяат маань намайг таньж тэврэлдэж мэнд мэдээд л сандлаа өгч хүндэтгэл үзүүлж байв. Батсүх гавъяат, Бат-Энэрэл хоёр маргааш, нөгөөдөр хоёр ч өдөр Солонгост ажиллаж амьдарч буй монголчууддаа концерт тоглох аж. Монгол таунаар эднийхэн багаараа явж концертынхоо сурталчилгаа хийж билетээ борлуулж буйтай нь бид энд тааралдчихаж.

Бяцхан жүжигчин, сод авъяастан Б.Бат-Энэрэлийн том зурагт хуудсыг багийнхан нь сурталчилгаа болгон тарааж байлаа. Эмээ Барамсаймаа нь Бат-Энэрэл зээгээ халамжилж яваа бололтой гараас нь хөтлөөд явж байв. Батсүх гавъяат, бяцхан жүжигчин хоёрын хамтдаа авахуулсан аав хүү хоёр шиг сайхан зурагт хуудас, концертын зарыг ч энэ хавийн дэлгүүр мухлаг, хоолны газрын үүд хавиар наасан байв. Хоёр өдөр гурван удаагийн тоглолт хийх гэнэ.

Концертын тасалбар 50 мянган воны үнэтэй аж. Манайхаар бол 120 мянган төгрөг орчим юм уу даа. Б.Бат-Энэрэл хүү харааны бэрхшээлтэй нэгэн. Нялх багад нь эмчилгээний чанараас болоод нүд хараа нь гэмтэж тэр нь өсөлтийг зогсоочихсон гэдэг. Гэсэн хэдий ч энэ балчир хүү онцгой мэдрэмжтэй, бас дууны урлагийн сод авъяастай нэгэн болсон. Энэ тухай нь сонин хэвлэл, телевизүүд ч хангалттай мэдээлж сурталчилсан. Гурав дөрвөн жилийн өмнөөс Батсүх гавъяаттай хамтарсан концерт тоглож олны танил болж мандаад буй. Батсүх гавъяатыг сонгож шавь нь болсон нь ч бас учиртай аж. Нэг нутаг ус, Отгонтэнгэр хайрханы өвөр бэлд төрсөн авъяастнууд гэдгээрээ хэн хэнээ олсон учир жанцантай гэж сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн бичсэн байх юм билээ. Өөрийг нь сонгож олоод шавь орсон бяцхан шавийнхаа авъяасыг магтаж дээдэлсэн ярилцлагыг ч Батсүх гавъяат олонтоо өгсөн байна лээ. Шавь нь зүгээр нэг дуучин ч биш ер бусын мэдрэмжтэй сод нэгэн гэж тэр үнэлсэн байв. Бяцхан хүүгийн ээж нь аж амьдралаа дээшлүүлэх, бас хүүгээ эмчлүүлэх зардал мөнгө олох гээд Солонгост хэдэн жил “хараар” ажилласан гэдэг. Бат-Энэрэл хүү эмээтэйгээ айл айл дамжиж байр түрээслэн амьдарч байж. Бяцхан хүү нутгийнхаа нэрт дуучныг олж түүнд шавь орж дууны урлагт суралцсанаар авъяас нь ихэд тодорсон гэдэг. Батсүх багш нь ч хүүг “төрмөл авъяастай сод нэгэн” гэж “Өдрийн сонин”-д ярилцлага өгч байсныг би хоёр жилийн өмнө уншиж байсан санагдана. Бат-Энэрэл хүү, Батсүх гавъяат хоёр хамтарсан концерт олныг бүтээж тоглолт хийсэн юм билээ. Нэг тоглолтынхоо үеэр Батсүх гавъяат бяцхан дуучин Бат-Энэрэлд хоёр өрөө байр бэлэглэж эмээ хүү хоёр түрээсийн байрнаасаа өөрийн байранд нүүж суурьшсан гэдэг. Одоо бяцхан дуучин, Гавъяат хоёрын хоршил үзэгч түмэнд нөгөө Жавхлан, Баясгалангийн хоршлоос ч дутахгүй алдаршчихаад буй. Бат-Энэрэл, эмээ хоёрын амьдрал ч дээшилж. Ээж Болормаа нь ч Солонгост “хараар” ажиллахаа больсон гэдэг. Эмээ Барамсаймаа нь бяцхан зээгээ халамжилж концертийн багтай нь байнга хамт явдаг аж. Энэ удаа Сөүлд ч зээгээ халамжлаад дулаан хүрэм, борооны шүхэрийг барьчихсан хамт явж байна лээ. Сөүлийн хоёр тоглолтынх нь билет зарагдаад дуусч байгаа гэж байв. Батсүх гавъяаттай дотно яриа өрнүүлж буй намайг анзаарсан эдний багийнхны нэгэн бүсгүй намайг маргаашийн концерт үзээч гэж урьж байв. Ану, Сун нарын ажиллаж амьдардаг Дэйжон хот руу маргааш өглөө явах болохоор концерт үзэж амжихааргүй байв. Батсүх гавъяат, бяцхан дуучин болон тэдний багийнханд амжилт хүсээд хоёр

дуучинтай зургаа авахуулаад алхах аялалаа үргэлжлүүлэв. Сарантуяагийн концерт тавдугаар сарын 18 нд болно гэсэн дуучны зурагтай зарыг “Монгол таун” хавийн дэлгүүр мухлаг, гуанзны үүд, зарим байр байшингийн ханаар наачихсан байна лээ. Бас “Хараагүйчүүдийн төв”-ийн бариач бариа засал байнга хийнэ гэсэн зар ч энд тэнд олон харагдсан. Орос, Хятад, Монгол,Узбекийн иргэдэд сард нэг удаа 5 төрлийн үнэгүй үзлэгийг Солонгос эмнэлэг хийж байна гэсэн өнгөт зурагтай хуудсыг нэгэн солонгос бүсгүй хүмүүст идэвхтэй тараагаад явж байв. “Монгол таун”-д ийнхүү манай иргэд олноороо ирж, найз нөхөдтэйгээ уулзалдаж зоогийн газар, хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж бас зар мэдээлэлтэй танилцдаг аж. Хөл хөдөлгөөнтэй иймэрхүү амьдрал энд өрнөж байлаа. Тэрүүхнээс хөдлөөд нутгийн залуус маргалдаж байхтай тааралдцгаав. Нутагтаа байдаг шиг элдэв хараал хэлж хашгираад л нэгэн лүүгээ дайрч давшилж байх юм. Дэжээ олон жил багш хийж байсан юм болохоороо тэсч чадсангүй, агсраад буй залууг тайвшруулах гэж тэдэн лүү очлоо. Арга учрыг нь олоод залуусыг нь аргадаад явуулчихлаа. “Гурав нь эв эрүүл, ганцаар явж байгаа тэр согтуу залуу л нөгөөдүүлд агсам тавиад өдөөд байх юм... Огт танихгүй байж элдэв юм яриад гээд нөгөө гурав нь салахын түүс болж байна лээ” гэж Дэжээ ярьж байв. Ингээд бид хэд Бөмбөгөр ордон руу орохоор гудам тойроод зам гарсан юм. Бидний хойхонтой явсан Дэжээ бас гаслаад явчихлаа. “Нөгөө согтуу чинь тэр гурван залуугийн араас буцаад гүйгээд оччихлоо. Агсарч байгаад тэр гуравт зодуулна аа тэр. Бүр гай болж зодоон цохион хийлээ гээд цагдаад баригдана шдээ...” гээд л Дэжээ харамсч байв. Хөвгүүдтэй ээж хүний хувьд, бас багш сурган хүмүүжүүлэгчээр олон жил ажилласаныхаа хувьд тэр биднээс илүүтэй санаа зовж тэднийг салгаад явуулчих гэж уг нь оролдсон л доо. Хоёрдахь удаад бидэнд цаг байсангүй, Бөмбөгөр ордон хаахаас өмнө орж сонирхох гээд бид тийш зорьж яваа. Тэр согтуу залуу нөгөөдүүлтэй зууралдаж зодоон цохиондоо хүрвэл Сөүлийн цагдаа дорхноо гарч ирээд бариад журамлачихна. Хараар ажиллаж амьдарч байгаа бол гэмтэй согтуу ч, гэмгүй гурван залуу ч ялгаагүй, бүгд л баригдаад нутаг буцна. Нөгөө байрны мөнгө төгрөг хийх ч будаа. Нутагт хүлээж буй эцэг эх, эхнэр хүүхдүүдийн найдвар ч будаа. Нэг согтуугийн балаг ийм л юм. Залуус үүнийг бодож болгоомжилж байгаасай гэж хэлмээр санагдсан...  Үргэлжлэл бий

 

 

Д.Цэдэн-Иш

 

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?