ЭРГЭН ДУРСАГДАХ СОЛОНГОС ОРОН ЦУВРАЛ 7

2020-05-05  

    Дэйжон хот. Хуримын маргааш өдөр нь бид хэд шинэ хосуудын ажиллаж, бас сурч амьдардаг Дэйжон хотыг зорьсон юм. Сөүлээс 144 км гэнэ. Бид зургаан хүний суудалтай бага шиг микрогоор тийшээ давхив. Сун жолоо барьж Ану зам зуурын тосгод, өөрсдийн амьдардаг хот, ажил албаныхаа тухай ойр зуурыг ярьж танилцуулж явлаа. Энэ хотын тухай мэдээллийг би цахимаас ч  олоод танилцчихсан байсан болохоор заримыг асууж тодруулж, өөрсдийнх нь талаар болон тэнд ажиллаж амьдардаг монгол залуусын талаар илүүтэй сонирхож хэрэгт дурласан асуулт тавьж явав. Ану, Сун хоёр чөлөөт цаг гарвал хотынхоо “Тэшүүрийн ордон”-д очиж тэшүүрээр гулгаж, заримдаа хоккей тоглоцгоодог гэнэ. Сун хоккейн командад орж тоглодог довтлогч юм байх. Бидэнтэй хамт яваа Арвисын бага хүү Хашэрдэнэ тэшүүрээр дажгүй гулгадаг гэсэн тул тэд “Тэшүүрийн ордон”-д нэг өдөр очиж ганц хоёр цаг гулгацгаахаар зам зуур тохиролцож байв. Бас нэг өдөр нь би Анугийн хуримын үеэр нэг ширээнээ сууж танилцсан эрдэмтэн залуустай институт дээр нь очиж ярилцахаар хөтөлбөрт оруулаад авсан юм. Ингээд толигор сайхан замаар хоёр цаг давхиад л үдийн хойхнотой Дэйжон хотод ороод ирэв. Замдаа Дарханы замд байдаг “Урьхан” шиг зогсоолд түр зогсож кофе, ус ундаагаар үйлчлүүлж нуруу, хөлийн чилээ гаргаад хөдөлсөн юмдаг. Дэйжон манай Дарханаас ч залуу дөчөөд настай хот аж. Ой мод, цэцэг навчинд умбасан нов ногоон хот юм. Хотынхоо зүүн захаар нэг сайхан цэнгэг устай том голтой юм. Машин замын дагуу жигдхэн гудамлаад тарьчихсан битүү нарстай юм билээ. Энэ хот 1,6 сая хүнтэй аж. Солонгосын 15 метрополь хотын тавд эрэмбэлэгддэг юм байна. Төр засгийн үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн алба, агентлаг энд төвлөрдөг аж.

                                      Дэйжон хотын орон сууцны хороолол

 Шинжлэх ухаан, шинэ технологийн төвлөрсөн хот болж хөгжиж байгаа гэж Ану ярьж байв. Биднийг зургаан давхар тохилог зочид буудлын таван давхрын хоёр өрөөнд буулгалаа. Миний өрөө массажны креслотой юм. Нуруу, хөлөндөө үйлчилгээ авч замын ядаргаа гаргав. Нөгөөдүүл маань ч бас өрөөндөө ээлжлээд л сандалдаа сууцгаасан гэнэ. Буудалдаа оройн цай уучихаад Арвистай хамт ойр зуурын гудмуудтай танилцлаа. Гэрэл чимэглэл сайтай юм. Халуун рашаан ихтэй хот гэсэн. Тийм болохоор рашаан усанд амарч аялах жуулчин гийчин их ирдэг гэнэ. Бидний буудлын эргэн тойронд гаднаа халуун рашааны усан сантай зочид буудал хэд хэд байв.  Зуны урин дулаан хараахан эхлээгүй болохоор усан сангууд нь ажиллаж эхлээгүй байв. Гэхдээ буудалдаа хүхэр үнэртсэн халуун рашаанд орох боломжтой нь таатай юм билээ. Энд бид хоёр хонохдоо эхний өдөр нь Ану, Сун хоёрын хоккей тоглодог мөсөн гулгуурын талбайд очлоо. Анугийн бага дүү Хашэрдэнийг цэнгээх хөтөлбөр байсан юм. Хашэрдэнэ 14 дүгээр дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч, тэшүүрээр сүрхий сайн гулгачих юм билээ.

               Ану, дүү Хаш-Эрдэнэтэйгээ мөсөн талбайд

Ажлын өдрийн үдийн цайны дараахь цаг гэхэд хүүхэд залуус олонтой байв мөсөн гулгуурын энэ талбай. Тэшүүр болон хамгаалалтын малгай, бусад хувцас хэрэглэлийг эндээс түрээсээр авчих боломжтой аж. Харин Ану, Сун нар хоккей тоглохоор ирэхдээ өөр өөрийн тэшүүр, малгай хэрэглэлтэй ирдэг гэсэн. Энэ удаа манай гурван тэшүүрчин яг нэг цаг энэ талбайд уран гулгалт, хоккейн тоглолтын үзүүлбэр бид хэдэд сонирхууллаа.

    “Холын газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ”. Нөгөөдөр нь бид Анугийн ажилладаг Эрдэм шинжилгээний институтын цогцолборт очиж хуримын үеэр танилцсан эрдэмтэн залуустай уулзаж ярилцав. Цогцолбор гэхийн учир нь бидний очсон тэр газар харуул хамгаалалттай тусгайлсан хэрмэн хашаатай, хоёроос дөрвөн давхар арваад байшинтай бага шиг хороололорхуу юм билээ. Хотоосоо зайдуу ой модтой уулын аман дахь үзэсгэлэнтэй газар энэ институт байрласан байв. Харуулын цэгээр нэвтэрч цардмал замаар нь давхиж явахад цагаан хавтангаар урласан “KIGAM” гэх том реклам замын хажууханд анхаарал татахуйцаар харагдав. “Кorea Institute of Geoscience and Mineral Resources” буюу “Солонгосын Уул уурхай, геологи судлалын эрдэм шинжилгээний институт” хэмээх товчилсон хаяг нь энэ юм билээ. Миний танилцсан эрдэмтэн Ж.Даваасүрэн, Д.Отгон-Эрдэнэ, Д.Цогчулуун нар биднийг институтийнхээ кафед угтаж ажил амьдралын тухай яриа өрнүүлэв. Арай ахмад нь болох Даваасүрэн энэ институтдээ долоон жил ажиллаж суралцаж буй юм билээ. Монголдоо ерээд оны сүүлээр анхны хувийн сургуулиудын нэг болох “Газарчин” дээд сургуулийг төгсч уул уурхайн баяжуулагч мэргэжилтэй болсон аж. ТЭЦ-2 станцад нүүрс кокосжуулах судалгааны багт гаднын мэргэжилтэн эрдэмтэдтэй хоёр гурван жил хамтран ажилласан гэх. Хожмоо ШУТИС-т суралцаж уул уурхайн технологи инженер мэргэжил эзэмшсэн аж. Тэгээд л Солонгосыг зүглэж Чосуны Их Сургуульд элсэн суралцаж мастер, дараа нь  доктор хамгаалсан юм байх. Тэгээд л энэ “KIGAM”-даа ажиллаж докторын дараагийн шатны судалгааны ажил хийж байгаа аж. Энд нийтдээ арван гурван жил сурч, ажиллаж амьдарч буй юм байна. Эрдэм шинжилгээний гол объект нь нүүрсний судалгаа аж. Тийм болохоор ажил албаар Монгол руугаа явах нь олонтоо гэнэ. Таван толгой болон бусад зарим ордын нүүрсний дээжийг энд авчирч судалгаанд оруулсан нь ч бий гэнэ. Тэрээр сүүлийн хэдэн жил нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг нарийвчлан судлаж түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх үе шатны ажлыг Солонгос эрдэмтэдийн хамт боловсруулж буй юм байх. Ер нь эдний институт нүүрсийг бүх талаас нь судалдаг гэнэ. Энэхүү төслийн таван жилийн санхүүжилтэд Солонгосын Засгийн газар 10 тэрбум вон төсөвлөөд зарж буй гэв. Монголд маань аваад хэрэгжүүлчихээр хэрэгтэй судалгаа шинжилгээ аль хэр гарч байна, түүнийг нь манайд нэвтрүүлж ажил амьдралд ашиглах боломжтой юу гэж Ж.Даваасүрэн доктороос би асуусан юм. “Манайхан яг үйлдвэрлэлд нэвтрүүлээд үр дүн нь гарчихсан тийм ажлыг сонирхоод байдаг юм. Тэр нь маш өндөр үнэтэй болно. Бидний судалгааны сүүлийн зарим ажил үйлдвэрлэлийн шат руугаа явж байгаа. Манай нүүрсний зарим компаниуд манай ажлын үр дүнг асууж сонирхож байсан. Би нутагт очихдоо тэр компаниудын зарим захирал, удирдлагуудтай нь уулзаж сонирхсон асуултад нь мэдээлэл, зөвлөгөө өгөх тохиолдол гардаг л юм...” гэж тэр хариулж байв. “KIGAM”-д ажиллаж буй манай энэ эрдэмтэн залуусын орон байр, цалин хангамж боломжийн гэнэ. Бүгдээрээ л эхнэр хүүхдүүдтэйгээ хамтдаа амьдарцгаадаг аж. Ж.Даваасүрэн доктор эхнэр, дөрвөн настай хүү, зургаан настай охинтойгоо  аятай тохитой амьдарч байгаа гэв. Хоёулаа энэ Дэйжонд төрж өсч солонгос цэцэрлэг сургуулиар дамжин хүмүүжиж буй аж. Монгол хэл, монгол ахуйгаас холдох гээд буй нь эцэг эхийн санааг зовоож байгаа асуудал болоод байна гэж залуу доктор ярьж байв.               

                       Бид хэд “KIGAM”-ийн кафед

          Ж.Даваасүрэн, Д.Цогчулуун, Д.Отгон-Эрдэнэ бид хэд “KIGAM” музейн өмнөхөнтөө  

    Залуу судлаач Д.Цогчулуун 2004 онд нутагтаа ШУТИС-ийг төгсч Уул уурхайн технологи инженер мэргэжил эзэмшсэн аж. Тэрээр “KIGAM”-д ирж ажиллаж суралцаад дөрөв таван жил болж буй юм байна. Нүүрснээс шатахуун гаргаж авах төслийн судалгаан дээр ажиллаж байгаа юм билээ. Нөгөө хоёроосоо арай дүү Д.Отгон-Эрдэнэ нь Монголдоо Ашигт Малтмал Газрын тосны газарт мэргэжилтэнээр зургаан жил ажиллаж байгаад 2015 оноос энд ирж суралцаж ажиллаж байгаа аж.  Өмнөговь аймгийн Цогтцөций орчмын нүүрсний гарал үүсэл, бүтэц сэдвээр мастерийн зэрэг хамгаалах судалгаа хийж тэр төсөл дээрээ ажиллаж буй гэнэ. Докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй миний ач дүү А.Анударийг би дээр нэгэнт танилцуулаад биччихсэн болохоор энд давтсангүй. Эрдэмтэн залуустай “KIGAM”-ийн кафед сууж кофегоор дайлуулангаа танилцах яриа хөөрөө болж байгаад Анугийн санал болгосноор “KIGAM”-ийн музей үзэнгээ яриагаа үргэлжлүүлэхээр гадагш гарцгаав. Харамсалтай нь музей хаалттай байв. Судлаач эрдэмтэдийн тайлбарласнаар бол, энэ музейд улс орнууд, тив тивийн геолог хайгуулын ховор нандин олдвор, эрдэс баялгийн зарим дээжүүд байдаг юм байх. Танин мэдэх талаасаа маш ач холбогдолтой гэв. Гэсэн хэдий ч музейн гадуурх үзмэрийг “KIGAM”-ийн гурван эрдэмтэн залуус надад үзүүлж тайлбарлав. Энэ хавийн цардмал замын хажууд том том чулуунууд цуваагаар байрлуулчихсан нь геолог хайгуулын чухал олдворууд юм байна. Боржин чулуунаас эхлүүлээд занар, жонш, төмрийн хүдэр гээд л үргэлжлэх... Тэдний насжилтыг ч бас тэр дээж чулуунууд дээр бичээд тэмдэглэчихсэн харагдана лээ. Явган замыг геологийн ийм олдвор чулуугаар зүймэлдээд урлачихсаныг залуус надад тайлбарлаж үзүүлэв. Геолог хайгуул, эрдэс баялагийн судлагааны энгийн нэг таниулга гэхээр юм даа. “Уул уурхай, геологи судлалын эрдэм шинжилгээний институт” гээч энэ “KIGAM” нь дотроо ч гаднаа ч үзүүлэх харуулах ийм арвин үзмэртэй байдаг аж. Бүтээгдэхүүн нь гэхэд л манайхны хувьд “гурван залуу эрдэмтэн”. Бүгдийнх нь шинжилгээ судалгааны ажил нь манай орны байгалийн голлох баялаг болох нүүрстэй холбоотой юм билээ. Нэг нь нүүрсийг хуурай аргаар баяжуулж боловсруулах шинжилгээ судалгаа хийж байхад нөгөөх нь Цогтцөцийн нүүрсний гарал үүсэл, бүтцийг, гуравдахь нь нүүрснээс шатахуун гаргаж авах арга технологийг нарийвчлан судлаж байх жишээтэй. Их зохиолч Д.Нацагдоржийн “Холын газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ” гэж хэлсэн шиг залуу эрдэмтэд маань эндээс эрдэм ч, бас эрдэнэ ч өвөртлөн ирэх нээ. Нээлт судалгааных нь ач тусыг улс орон маань хүртэж, Монголын маань эдийн засаг нь хүчирхэгжиж, ард иргэдийн маань амьдрал байдал ч дээшлэх буй заа гэх өөдрөг сэтгэгдэл өвөрлөсөөр “KIGAM”-аас гарав... Буцахын урд орой биднийг Сун Рак Вонг, Анударь хоёр гэртээ оройн хоолонд урив. Тэд хотын төв хэсэгт арван таван давхар байшингуудтай хорооллын нэгэн орон сууцны зургаан давхарт дөрвөн өрөө сууц эзэмшин амьдарцгаадаг аж. Одоохондоо бяцхан цагаан нохойтой гурвуул амьдарч байна лээ. Гэрийн эзэн Сун гал тогоо эрхэлж солонгос хоолоор дайлав. Өглөө нь бид зочид буудлаасаа гарч Инчёоныг зорив. Тэндээсээ МИАТ-аараа нутаг буцна.  Үргэлжлэл бий

            

  Д.Цэдэн-Иш

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?