ЭРГЭН ДУРСАГДАХ СОЛОНГОС ОРОН ЦУВРАЛ 8

2020-05-06  

   Шинэ нийслэл Сэйжон. Сун Вонг машинаа барьж Ану бидэнд хажуугаар өнгөрөх хот сууринг танилцуулж явав. Замын тал дунд орших Сэйжон хот удахгүй Солонгосын нийслэл болох гэнэ. Манайхны  “Маршал таун”, “Ривер Гарден”, “Энканто” шиг орчин үеийн хороололуудыг шил шилийг нь даруулаад зам дагуу сүндэрлүүлчихэж. Хороолол хооронд болон замын дагуу битүү ногоон мод бут харагдана лээ. Сөүлийн ачаалал хэт ихэснээс болоод улс орны удирдлагууд нь шинэ нийслэлтэй болох шийдвэр гаргаж энэхүү Сейжон хотыг арван хоёр жилийн өмнөөс байгуулж эхлэсэн гэнэ. Сөүлээс 120 км, шинэ хуучин нийслэлийн хоорондох зам ч хоёр урсгалтай өргөн дардан юм. Зарим яам, агентлагууд аль хэдийнээ Сейжон хот руу нүүн ирж үйл ажиллагаагаа эндээс явуулаад эхлэсэн аж. Төр засгийнх нь барилга байгууламжийн план зураг схемийг аль хэдийнээ баталгаажуулаад нийтэд зарлачихсан гэнэ. Энэ зургаар Засгийн газрын 36 яамны барилга байгууламж нэгдсэн нэг хороолол маягаар баригдаж буй аж. Парламентын ордныг ч засгийн  хорооллоос холгүй байршуулсан зураг схем байдаг гэнэ.

                  Шинэ нийслэлийн шинэхэн хороолол замын хажуухантай ийн харагдаж байв

Сөүл хот ачааллаа дааж ядах болсноос Засгийн газар нь сүүлийн хэдэн жил тал талын арга хэмжээ авах болоод буй гэж Сун, Ану хоёр өмнө ярьж байсан юм. Дэйжон хотод Шинжлэх ухааны  институт, агентлагууд, зарим их дээд сургуулийг шилжүүлэн байршуулах болсон нь энэ арга хэмжээнийх нь нэг хэсэг гэж байв тэд. Солонгосууд асуудлаа ийн амжилттай шийдвэрлээд явж байна. Сөүлийн хажууд харьцангуй залуу гэгдэх манай нийслэлд хүн амьдрахад улам л хэцүү болоод байдаг. Молхи бичээч би “Мөхсөн хот болох хар тавилан холгүй байна”, “Шороон шуурга”, “Нийслэлээ нүүлгэх яасан бэ? Элбэг ээ Ерөнхийлөгчөө...”, “Тэг зогсолт болох тун ойрхон байна” энэ тэр гээд л олон ч нийтлэл сонин хэвлэлд бичсэн дээ. Назарбаев Ерөнхийлөгч Алма Атагаа нүүлгээд Астана нийслэлтэй болчихлоо гэдгийг ч нэг нийтлэлдээ дурдаж байлаа. Одоо Сөүлийг Сэйжон руу нүүлгэж буй тухай бичиж л байна. Санаа аваасай гээд л байгаа хэрэг. Өөр олон ч сэтгүүлч, нийтлэлчид, иргэд бас энэ сэдвээр бичиж санаа бодлоо илэрхийлж байсан. Төр засгийн томчууд  сонссон ч сонсоогүй юм шиг ээлж халаагаа өгсөөр өдий хүрлээ. Хар Хоринд нийслэлээ нүүлгэх тухай Элбэгээ эрхэм Ерөнхийлөгч болоогүй байхдаа идэвхтэй ярьж байснаа Ерөнхийлөгч болоод л мартчих шиг болсон. Их дээд сургуулиудыг нийслэлээс гаргая гэж үе үеийн Боловсролын сайдууд, Их Хурлын зарим гишүүд, сургуулийн Ректорууд хэдэн жил ярив даа? Эрдэм шинжилгээний институтыг ойр тойрны хотуудад шилжүүлье гэж бас хэдэн жил бурлаа манай эрхэм дээдсүүд. Хөдөө аж ахуйн дээд, Мал аж ахуй, газар тариалангийн хүрээлэнг Дарханд шилжүүлчихье гээд шийдчих нь холгүй л байсан даг... Ажил хэрэг болгосон юм өнөө юу ч байхгүй... Бөглөрч тагларсан нийслэл, утаа униарт хахсан, бухимдсан иргэд. Удахгүй усны гачаалд орчих гээд байна Улаанбаатар нийслэл маань. Асуудал улам л хуримтлагдаад байх юм. Хотын ачааллыг хөнгөвчлөх дагуул хот барина гээд “Майдар Сити”, Хөшигтийн хөндийд байгуулж буй “Аэро Сити”-гийн бүтээн байгуулалтыг манай дээд удирдлагуудын бизнесийн бүлэглэлийнхэн эхлүүлээд байх шиг. Байшин барилга зам харгуй бариад эхэлсэн. Тэгтэл саяханы телевизийн нэгэн нэвтрүүлгээр БОАЖЯ-ны газрын дарга Ш.Мягмар гэх эрхэм энэ дагуул хоёр хотын усны нөөцийн судалгааг огт хийгээгүй барилгын ажил эхэлчихсэн гээд шүүмжилж байв. Манайхан л ийм дутуу дулим юмыг хэнээс ч асуухгүй зориг зүрхтэй хийж чадна даа. Ойр тойрны улс орон, хот тосгод асуудлаа яаж шийдэж буйг уг нь анзаарч анхаарч болмоор доо. Ойр тойрон гэлтгүй дэлхий хавтгай болчихоод байгаа энэ үед шүү дээ. Шинэ эрин, цахим ертөнц гээч нь засаг төр, шийдвэр гаргагч эрхэмүүдийн өмнө бүрэн нээлттэй байж л байна... Сая жуулчин авна гээд л хотын дарга, Улсын Баатар Э.Бат-Үүл нэг үе шуугиулаад байсан даа... Дараа дараагийн удирдлагууд нь утаа тоос, бөглөрөл түгжрэл гээд сүүлийн жилүүдэд үүнийгээ таг мартав бололтой. Олон улсын онгоцны Инчёон буудалд харсан нэг шоу үзвэрийг энд дурдмаар санагдлаа. Нутгаа явах бид хэд Инчёоны онгоц буудалд орж ирж тийзээ бүртгүүлчихээд худалдаа үйлчилгээний танхимуудаар үйлчлүүлж явав. Ийн явтал ойр тойрныхон шуугилдаад нэг тийшээ хошуураад явчихав. Солонгосын хаан хатны хуримлах ёслолын цуваа танхимын гол хэсгээр дайран өнгөрч байгааг харахаар гүйлдэж буй нь тэр аж. Газар газрын олон хэлийн зорчигчид ёслолын энэ цувааныханы зургийг авч бас хүссэн нь залуухан хаан,  хатантай  хамт зургаа авахуулцгааж байна. Би ч бас хаан, хатны хооронд зогсоод авав.

Солонгосын Аялал жуулчлалын агентлаг гэгч байгууллага энэхүү реклам сурталчилгааны энэ үйлчилгээг зохион байгуулдаг аж. Энэ баг цувааныхан өдөртөө хэд хэдэн удаа энэхүү сурталчилгааг хийдэг бололтой. Миний бие гурван жилийн өмнө Инчёоны энэ буудлаар дамжин Европ руу нисэхдээ ийм цувааныхантай бас тааралдаж байсан юм. “Хөшигт” Нисэх буудалдаа манайхан энэ маягийн реклам сурталчилгаа зохион байгуулж аялагч зорчигчид татахыг одооноос анхаарч л байдаг байлгүй дээ. Монгол хаад ноёдын хурим найрын цуваа, тэдний өмсгөл зүүсгэл Инчёоны энэ “Хаан, Хатан”-ыхаас юу л дутав гэж. Олон ястны маань хувцас хунар, язгуур урлаг, дуу хуур, бий биелгээ гээд үзүүлж харуулчих юм зөвхөн хаад, хатдын хуримын цуваа гэлтгүй манайд бишгүй дээ л бий. Ганцхан түүнийг үзүүлж харуулах зохион байгуулалт, ажил хэрэг болгох сэтгэл зүтгэл л дутаж мэднэ. Уг нь сая жуулчин авах санаачлагыг хэрэгжүүлэхэд нэмэр болох ажил хэргийн нэг л салаа мөчир шүү дээ тийм зар сурталчилгаа...

  Д.Цэдэн-Иш

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?