ЗЭЭЛ АВАХ УУ? ХҮҮХЭД ГАРГАХ УУ?

2020-05-07  

“Хүүе ээ гуч хүрлээ хүүхэдтэй болооч ээ, Хүүш ээ хүүхэд чинь ой хүрчихлээ, дараагийн хүүхдээ бодооч ээ холдчихвол дэмий ш дээ, Хөөх танай хүүхэд ямар том болоо вэ? дүү нь хэзээ гарах вэ” гэх уулга алдсан, гайхсан, санаа тавьсан, егөөдсөн аль нь ч болов ийм асуулттай нүүр тулаагүй “залуу хүн” Монголд үгүй…

Уламжлалт нүүдлийн соёл, ураг удмын харилцааны суурьтай Монголчуудын хувьд эдгээр асуулт нь өмнөх нийгмийн хэвшмэл ойлголт /stereo-type/ бөгөөд хол тусдаа өвөлжиж, зусч байгаад хаа нэг нүүдэллэх үеэр таардаг учраас сонин сайхан юу байна даа? гэхэд хувийн амьдралаа сонин болгож ярьдаг байсантай холбоотой.

Гэсэн ч суурин соёлд шилжээд, огт өөр нүдээр орчлонг харах болсон залуусын хувьд энэ асуулт аль хэдийнэ “тохиромжгүй асуулт”-ын эгнээнд ороод удаж буй. Үүний бас нэгэн шалтгаан нь залуусын ажил эрхлэлт, карьер төлөвлөлт, гэр бүл төлөвлөлттэй холбоотой. Хэдэн мал тасалж өгөөд, илүү гэр буулгаж бариад өрх тусгаарлаж, үр хүүхэдтэй болдог нийгмээс тэс биш ч нилээн ондоо цаг үед амьдарч буй залуусын ахуй хийгээд амьдралын хэрэгцээнд орсон онцлог өөрчлөлт нь үр хүүхдийн асуудал…

“Монгол улс жилийн 4 улиралтай, эрс тэрс уур амьсгалтай учраас хүн амын өсөлт муу. Жилийн 4 улирлын 3 нь ямар нэг байдлаар дараагийн улиралдаа бэлдэхэд автоматаар зориулагддаг учир үржлийн асуудалд анхаарах боломж хомс байдаг, зун хавартаа хамгийн оргил үе байх магадлалтай” хэмээн нэгэн судлаач эрхэм ярьж байсан юм. Суурин соёлд шилжээд өмнөх үед байсан улирлын асуудал (зун нь намартаа бэлдэж айраг цагаагаа хураах, намар нь өвөлдөө бэлдэж өвс хадлан бэлтгэх, өвөл нь зуднаас хамгаалах, түлээ бэлдэх, хавар нь нүүдэллэх гэх мэт) бараг үгүй болохтой зэрэгцэн “зээл, цалин” гэдэг том хаалт хүн амын өсөлтийг удаашруулж байгаа хамгийн том хүчин зүйл болсон. Хэлбэр нь өөр боловч агуулгын хувьд мөн л дараагийн улиралд шилжих, сэтгэл санаагаа бэлдэх өсөлт үржлийн хаалт хэвээр…

Хүйтэн улиралд хүний сэтгэл зүй болон сэтгэх механизм байгалийн инстиктээр амьд үлдэх буюу идэх, унтах, дулаан байхад төвлөрч байдаг бол дулааны улиралд харьцангуй тайван байх тул сэтгэл хөдлөл өндөр байна. Дулаан уур амьсгалтай орнуудын хүн амын өсөлт өндөр байдгийг үүнтэй холбож тайлбарлах хандлага ч байдаг. Хаврын синдром гэж Монголчууд зүгээр ч нэг хэлчихээгүйг дээрх зүй тогтол батлах мэт…

Орчин цагт залуусын зээлийн эргэн төлөлт яг л дээрх улирлын нөлөөлөл шиг залуусын сэтгэл зүй, амьдралын хэрэгцээнд нөлөөлж, үр хөврөл, гэр бүл төлөвлөлтийн асуудлыг “шийдвэрлэгч” хүчин зүйл болоод сүүлийн 10-аад жилийн нүүрийг үзжээ. Монгол банкнаас гаргасан зээлийн төлвийн судалгааны тайлангаас харахад хагас жилд нийт арилжааны банкуудаас иргэдэд олгож буй зээлийн долоон хувийг ипотекийн зээл, 70 хувийг цалингийн болон хэрэглээний зээл, харин үлдсэн 27 хувийг ЖДҮ зээл эзэлж байна. Зээлийг үндсэн төрлөөр нь авч үзвэл банкууд иргэдийн хэрэглээний зээлийн хэмжээг өнгөрөгч хагас жилд нэмэгдүүлсэн нь иргэдийн зээлийн эрэлт ахуйн хэрэгцээ, амьжиргаа залгуулах зорилготой нь харагдана. Өнгөрөгч гурван сарын хугацаан дахь иргэдийн зээлийн эрэлт 17%-аар өссөн үзүүлэлттэй, бөгөөд арилжааны банкууд дараагийн гурван сард зээлийн хүүг бага зэрэг нэмэх хүлээлттэй байгаа үр дүн гарчээ. Дээрх шийдвэр нь зээлээс зээл, хүүгээс хүү төлөлтийн хооронд гэр бүл төлөвлөлт, ахуйн асуудлаа зохицуулж буй залууст хүндхэн даваа болох нь тодорхой.

Эх сурвалж: Монгол банк

Хүүхэдтэй залуусын хувьд ч зээлээс хамаарч хүүхдийн хэрэглээ, боловсролын хэрэгцээ хумигдахад хүрч байна. Нэг хүүхэдтэй айлын хувьд төлөвлөгөөт зээл, хуваарьт төлбөрүүдийг төлснөөр үлдэж буй хэсэг нь өдөр тутмын хэрэглээнд зарцуулагдах тул эндээс хичнээнийг хүүхэддээ зарцуулах нь дараагийн эмзэг сэдэв. Өмнөх нийгмээс ялгаатай нь нийгмийн халамжийн боломж хумигдаж, төрөөс олгох тэтгэвэр тэтгэмж нь төлсөн хэмжээгээр эргэн хязгаарлагдах болсон тул гэр бүл төлөвлөлтөд “банкнаас олгох зээл”, “зээлд төлөх барьцаа” зэрэг нь шууд хамаарлыг бий болгож, бага хэмжээний цалинтай ганц бие эрэгтэй эхнэр авах, үр удмаа үлдээх боломж нь улам хязгаарлагдмал болсон гэж болно. Үерхэж, хайрлаж дурлахад “амьдралын баталгаа”-г харах болсон бүсгүйчүүдийн хэрэгцээнээс ч дээрх хязгаарлалт харагдаж, нөгөөтэйгүүр тэдгээр эмэгтэйчүүдийг буруутгахад бэрх байгаа юм.

Хуучин цагт мал, бэлчээрээр хэмжигдэж байсан амьдралын баталгаа өнөө цагт зээлийн шаардлага, зээл төлөх чадвараар солигдож, хамтын амьдрал зохиоход зээлийн хүү, цалингийн хэмжээгээрээ тооцоолон баримжаалах амьдралын энэхүү хэв маягт залуу хүн та зохицож зээл авах уу? хүүхэд гаргах уу?

 

Ariun Kang

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?