С.ЖАВХЛАНД ХАНДАЖ ХЭЛЭХ ҮГ: НЭГ ДУУЧНААР АРД ТҮМЭН ДУТДАГГҮЙ

2020-07-02  

Жавхлан дуучин УИХ-д сонгогдож чадсангүй. Увсчууддаа гомджээ. Бүр төрж өссөн нутгаа "хаяж", нутаг нэгт увсчууддаа дууг нь сонсохыг, сонсвол зохиогчийн эрхийн дагуу хандахаа "ууртай" мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл " мөнгө төлж" намайг сонс гэж чадахаараа " боолоо". Эхнэр нь ч нөхрийнхөө үйлдлийг зөв гэж дэмжлээ. Үүнийг хараад нэг зүйл санаанд оров. Хэдхэн жилийн өмнө Оросын ард түмний, тэр дундаа орос эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг булаасан дуучин Киркоров хамтарч амьдарч байсан орос бүсгүйгээ хэрцгийгээр зодсоноос болж нэгэн хэрэг мандсан. Цагдаа хэргийг шалгаж, хэвлэл мэдээлэл уг хэргийн мөрөөр бичиж эхэлсэн. Орос эмэгтэйг хэрцгийгээр зодсон " цагаач" Киркоровыг үзэн ядах үзэл Орос орон даяар хүчтэй дэлгэрсэн. Телевиз радио ч мэдээллийн мөрөөр ажиллаж, Киркоровыг "буланд" шахаж, хүч нөлөөгөө үзүүлсэн. Түүний тухай өөдрөгөөр бичих, дурсах нэг ч мэдээллийн хэрэгсэл үгүй болсон. Түүгээр ч зогсохгүй, телевиз, радио өөрийн эфирээсээ түүний дууг хасаж, концерт тоглох эрхийг нь Орос орон даяар зогсоосон үйл явц өрнөсөн. Энэ бүхнийг Оросын рок поп ертөнцийн жинхэнэ хатан хаан Пугачёва далдаас удирдаж байсан гэдэг. Телевиз радиогоор хэний дуу эгшиглэх, хэний дуу эгшиглэхгүй байхыг шийддэг эрх мэдэлтэй Пугачёвад ч өөрөөсөө холдсон, "биеэ тоосон" давилуун Киркоровыг дарах, дахин атгандаа оруулах сайхан боломж нээгдсэн гэдэг аргументтай ч би санал нийлдэг. Энэ бүхний эцэст нөгөө баян, аз жаргалтай, олны хайрыг булаасан дуучин Киркоров нэг л өдөр хэн ч биш болсон. Түүнийг Оросын урлагийн ертөнцөөс бүрэн арчих, тайзнаас буулгах ажиллагаа жинхэнэ утгаар хэрэгжсэн. Дуугаа дуулах бүү хэл, ял авахдаа хүрсэн Киркоров өөрийн эрхгүй Аллагийн ивээлийг хайж, арчаагаа алдсан байдаг. Буруугаа хүлээж, алдаагаа ухамсарласан Киркоровыг сөгдөн сөгдөн гуйхыг л Алла харахыг хүсэн хүлээж байсан. Тэр ч ёсоор болсон. Энэ бүхний эцэст сэтгэл нь уужирсан Алла хуучин нөхрөө дахин ивээлдээ авсан. Оросоос хэсэг хугацаанд холдуулж, Израйль руу явуулах, эмнэлэгт хэвтүүлэх, араас нь сүүлийн нөхөр Галкинаа телевизийн багтай илгээж, нэвтрүүлэг хийлгэж, Киркоровыг "аврах бас өрөвдүүлэх" ажлыг Пугачёва зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн. -Би их азгүй. Багадаа аавдаа зодуулдаг байсан. Тэгэж байхдаа гүн цочролд орж, сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон. Огцом уурласан үедээ өөрийгээ хянах чадваргүй болдог. Юу хийж байгаагаа ч мэдэхээ больдог гэдэг үгийг өрөвдөлтэй царайтай Киркоровоор хэлүүлсэн. Бүр хайртай хүнээ ч яаж ч мэднэ гэдэг нэгэн гаргалгааг тус нэвтрүүлгээр гаргасан. Өөрөөр хэлбэл ялаас мултлах арга замыг нээсэн. Мөн - Намайг олон найзтай гэж боддог байх. Надад найз нөхөд байхгүй. Надад нэг л их хувцас бий. Би том сайхан байранд амьдардаг. Гэхдээ би гэртээ хэн нэгнийг дуртай цагтаа дагуулаад орох эрхгүй. Эхнэр зөвшөөрдөггүй гэж телевизийн камер луу харан алаг нүднээсээ том том нулимс дуслуулан уйлан хэлсэн. Энэ нь түүнийг өрөвдүүлэх, буцааж фэнүүдийг нь татах тактик болсон. Энэ нэвтрүүлгийн үр дүнд Киркоровын хэрцгийгээр зодсон хэргийг цайруулж, дууг нь телевиз радиогоор нээж, концерт тоглох эрхийг нь сэргээснээр Киркоров дахин амилсан. Ийм л зүйл санаанд орлоо. Жавхланд одоохондоо ийм зүйл тохиолдсонгүй. Гэхдээ давлиун, бардам зан нь Киркоровынхоос нэг ч их ялгарахгүй байна. Киркоров нэг орос эмэгтэйг гомдоосны горыг амсаж, "хүмүүжсэн". Тэгвэл Жавхланы хувьд нэг охиныг гомдоосон биш, нутаг усаа, ард түмнээ орхисноо зарлалаа. Энэ бол орхигдож, доромжлуулсан нэг бүсгүйн асуудалтай зүйрлэх ч зүйл биш. Тун болчимгүй, уран бүтээлч хүнээс гарамгүй үйлдэл. Энэ бүхний эцэст Жавхлан уран бүтээлч сэтгэлгээгээ бүрмөсөн гээжээ. Тэр дуучин биш , улс төрч болжээ. Монголын улс төрчид ард түмнээ орхих дуртай. Жавхлан бас орхилоо. Ийм л улс төрчид Монголоор минь дүүрчээ, гунигтай нь. Дуучин хүний амьдрал, амжилт шүтэн бишрэгч дээр л тогтдог. Шүтэн бишрэгчээ алдсан дуучин бол хэн ч биш болдог. Увсын ард түмэн бол Жавхлангийн хувьд Алла Пугачёва юм гэдгийг сануулья.

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
amar:yamar xydlaa medeelel be. Krikorov emegtei setgyylched gar xyrsen. Ter exnergyi. 2020-07-03
zochin :Нэг их сүртэй юм бичих гээд ядчихсан юм уу даа. Хаа хамаагүй юун Киркоров вэ .. 2020-07-04
zochin :Юм болгонд худалаа Ард түмний нэр барьдагаа болимоор юмаа Бид нар одоо ч Жавхлангын дууг сонсож байгаа цаашид ч сонсоно 2020-07-04
Y:Javhlang mongoliin haana ch huleegeed avna. Uvstai uvsgui amidraal irsen, aldriin orgild garaal irsen zaluu shuu dee 2020-07-05
Y:Javhlang mongoliin haana ch huleegeed avna. Uvstai uvsgui amidraal irsen, aldriin orgild garaal irsen zaluu shuu dee 2020-07-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?