Ги де МОПАССАН( Франц) ОЧИР -ЭРДЭНИЙН ЗҮҮЛТ (Өгүүллэг)

2020-07-16  

Түүн шиг гоо үзэсгэлэнтэй төрсөн эмэгтэй ховор. Дээр нь эелдэг, ялдам. Ийм охид бүсгүйчүүд язгууртан айл өрхөд л төөргөөр хаа нэгтээ заяах нь бий. Харин түүнд ийм заяа дутсан. Хэдий сайхан төрсөн ч, нийгмийн доод давхаргын ядуу гэр бүлд өссөн, өвлөсөн хөрөнгө ч үгүй энэ үзэсгэлэнт бүсгүйд алсдаа нийгэмд хүндтэй дээгүүр байр эзлэх, хөрөнгөтэй, чинээлэг эртэй хайрын романс үүсгэх, хайртай эхнэр нь болох бүү хэл хараанд нь ч өртөх найдвар үгүй. Насанд хүрэхийн алдад түүнд өөрийн ижил хүрээллийн, Ардын боловсролын яамны нэгэн жижигхэн түшмэлийн өөртэйгээ гэрлэх саналыг хүлээж авахаас өөр сонголт үлдсэнгүй. Угийн ядуу тарчиг тэрбээр ганган даашинз, гоёлын зүүлт зэргийг мэдэлгүй өссөн. Энгийнээс энгийн хувцаслана. Гэвч хувь заяатайгаа хэзээ ч эвлэрч чадахгүй, амьдралдаа сэтгэл дундуур төдийгүй, бүр аз жаргалгүй эмэгтэйд өөрийгөө тооцож бухимдана. Язгууртан удам угсаа, ихэс дээдсийн гэр бүлийн нийгэм дэх давуу эрхийг тэр нэхээд хүртэж чадахгүй ч, тэр бүсгүйн төрөлх гоо үзэсгэлэн нь энэ бүгдийг нь нөхөх цорын ганц боломж. Сайн удам угсаа, эд хөрөнгө өвлөөгүй ч , төрөлх гоо үзэсгэлэн , байгалиас заяасан нарийн ухаан, торгон мэдрэмж, биеэ авч явах чадвараар л ядуусын охид дээдсийн хүрээллийн ихэмсэг хатагтай нартай дүйцэх амьдралын хатуу хууль л үйлчилдэг.

 

Үзэсгэлэн төгөлдөр төрсөн тэр өөрийгөө эд баялагт умбаж, хайр энэрэлд бялхаж явах учиртай гэдэгтээ итгэдэг ч, ядуу зүдүү амьдарч буйдаа байнга шанална. Туулж буй ядуу амьдрал, орон гэрийнхээ цулгуй хана, чихран дуугарах сандал, өнгө алдсан хөшигнөөсөө ч ичнэ. Яг түүний зиндааны нэг ч эмэгтэй огт зовохгүй зүйлд тэрбээр санаагаа дэмий зовооно. Тэр өөрөө даашинз оёж, түүгээрээ гэр бүлийн амьдралаа өөд татахад хувь нэмэр оруулж байсан ч , түүндээ мөн л гутарч, биелэшгүй хүсэл мөрөөдөлд автан шунаж, тэмүүлж байлаа. Тэр өнөөгийнхээ амьдралыг голж, огт өөр амьдралыг хүсэж төсөөлж байв. Чимээгүй, сүрлэг, тансаг орчин, нам гүм дүнсийх зочдын хүлээн авах том тасалгаа, алс дорнодын торгомсог даавуугаар битүү бүрсэн хана, хүрэл сууринд асаасан танхимын гоёмсог гэрэлтүүлэг, зөөлөн буйданд тухлан халуун дулаанд нам цохиулан зүүрмэглэх урт оймстой олон тооны үйлчлэгч зарц нар л түүнд зүүдлэгдэнэ. Мөн эртний хээ хуар татсан уужим том танхим, тэнд байрлуулсан үнэ нь тэнгэрт хадсан хэрэггүй шахам эд зүйлс, инээд баяр цангинасан зочны өрөө, сэтгэл татам, дээр нь алдар цуу нь түгсэн, нэр алдартай эрчүүдэд эрхлэн тав арван цагаар аяга цай уунгаа хөгжилдөн цэнгэхийг мөрөөднө. Дээдсийн эмэгтэйчүүдийн эдэлж буй бүхнийг тэр хүсэмжилнэ. Гэтэл түүний бодит амьдрал мөрөөдлөөс нь тэс өөр. Орой бүр жижигхэн умгар өрөөнд гурван өдрийн өмнө дэвссэн бүтээлэгтэй ширээний ард нөхрийнхөө өөдөөс харан суух бүрт, нөхөр нь;

-Аах. Байцаатай шөл. Үүнээс илүү амттан гэж үгүй хэмээн хоолны төмөр төмпөнгийн тагийг сөхөхдөө дуу алдах нь давтагдана.

Харин хатагтай Лаурель илүү тансаг орчин, амтат хоол, өөр орчинг хүсэн мөрөөдсөөр байв. Мөнгөн халбага, хутга, сэрээ ширээг чимж, үлгэрт л гардаг шувуудыг хананд нь дүрсэлсэн танхим, нимгэн шаазан тавганд аягалах амттан, чихэнд нь шивэгнэх эр хүн, түүний шивнээг нүүрэндээ ялихгүй инээмсэглэл тодруулан чагнах дээдсийн эмэгтэйн дүрд амилж, амталж шарсан форели загас, үхрийн хавирга зэрэг л нүдэнд нь үзэгдэнэ. Яг үнэндээ гоёлын даашинз, өмсгөл, гутал, цүнх, нэг ч гоёлын зүүлт зэрэг үнэ цэнтэй зүйлтэй тэр байж үзээгүй. Гэвч тэр энэ бүхэнд дуртай, түүгээр ч зогсохгүй , энэ бүхнийг эдлэхийн төлөө өөрийгөө төрсөн гэдэгт тэр бүсгүй үнэн сэтгэлээсээ итгэдэг. Анхаарлын төвд байх, дээдсийн хүрээлэнгийн эрчүүдийн хараанд өртөх, бусдаас магтаал сонсох, амжилт гарган нийгэмд байр сууриа дээшлүүлэх, эмэгтэйчүүд олноороо түүнд атаархаасай л гэдэг цор ганц хүсэлтэй.

Ядуу өссөн түүнд бас баян найз бий. Хүүхэд байхдаа сүмд хамтдаа хүмүүжсэн баян найзындаа хааяа нэг очно. Очих бүртээ түүний тансаг, өөрийн ядуу амьдралыг харьцуулж, түүндээ шатаж, шанална. Тиймээс баян найзындаа дахиж очихгүй гэж өөртөө амлавч бас л хэлсэндээ хүрч чадахгүй. Найзындаа очих тоолондоо ядуу амьдралтай хувь заяагаа харьцуулан бодож, өөрийгөө өрөвдөн, уйтгар гуниг, зовлонгоо санан санан өдөржин уйлж унжих ч ядуу амьдрал нь үргэлжилсээр. Юу ч өөрчлөгдөхгүй, яг хэвээр. Нэгэн удаа нөхөр нь орой ажлаасаа таран гэртээ ирэхдээ баяр ёслол төгөлдөр гэгч нь том гэгчийн дугтуйг түүнд гардууллаа.

- Май, үүнийг ав даа, санамсаргүй бэлэг шүү гэж хэлэв. Бүсгүй тэр дор нь дугтуйг урж тасдан дотроос нь ил захидлыг гаргав.

Түүн дээр: " Ардын боловсролын сайд, түүний гэргий Жорж Рампонна нар нөхөр Лаузель таныг эхнэрийн хамт нэгдүгээр сарын 18-ны Даваа гарагт болох хүлээн авалтад урьж байна гэхийг уншлаа. Уншиж дуусаад Матильда баярлах биш, харин ч уурлаж, урилгаа ширээн дээр шидчихэв.

-Үүгээр чинь би яах юм бэ? Хэлээд өгөөч гэж уурсав. -Хань минь би чамайг баярлах л байх гэж бодсон юм. Чи хаана ч уригдаж байгаагүй. Тиймээс үүнийг сайхан боломж гэж харсан юмсан. Энэ урилгыг авах гэж ямар их хүч чармайлт намайг гаргасныг чи мэдэхгүй. Хүн бүрт, тэр тусмаа над шиг жижиг түшмэдүүдэд энэ урилга оногдохгүй. Энэ үдэшлэг дээр нийгмийн бүх дээдсийг нэг дор харах болно шүү дээ чи минь гэж үнэн сэтгэлээсээ учирлалаа. Тэр нөхөр лүүгээ хилэн нь бадарсан харцаар ширтэж:

-Чи намайг ямар хувцас өмсөж яв гэж байгаа юм бэ! Нөмөрчих олигтой ч хувцас алга гэж бүсгүй гомдоллов. Ийм зүйл өрнөнө гэж огт санаагүй нөхөр нь:

-Яагаав, театр руу явахдаа өмсдөг нөгөө даашинз бий шүү дээ. Миний бодлоор сайхан л харагддаг шүү дээ, чамд зохидог гэж амандаа бувтнав. Түүний үгийг ч сонсолгүй үнэн сэтгэлээсээ гомдоллон уйлах эхнэрээ хараад амиа хамхив. Бас дотроо гомдолтой үлдэв. Эхнэрийнх нь хацрыг даган бөмбөрөх хоёр том дусал уруул дээр нь ирж тогтохыг хараад: 

- Чи минь зүгээр үү ? Яачихав, юу болов? гэж тайвшруулахыг оролдов. Эхнэр нь аль болох биеэ хүчлэн барьж, уйтгар гунигаа дарж, хацраа гарынхаа алгаар арчингаа, тайвнаар: 

- Зүгээр дээ. Өмсөх олигтой хувцасгүй учир тэр үдэшлэгт очиж чадахгүй нь. Энэ урилгаа өөр хэн нэгэнд дамжуулчих. Надаас арай дээр даашинз, гоёлтой эхнэртэй түшмэл байгаа байлгүй. Түүндээ өгчих дөө гэж арга нь тасарсан өнгөөр нөхөртөө дуулдах төдий хэллээ. Ийм зүйл сонсоно гэж огт хүлээгээгүй Лаурель ч бууж өгөхийг хүссэнгүй.

- Матильда эсэргүүцэхээс өмнө намайг сонс л доо. Арга зам хайя гэж ятгав. -Нэг хоёр удаа өмсчих энгийн даашинз ямар үнэтэй болох вэ? гэж араас нь намуухан асуув. Матильда хэсэг дуугүй бодолхийлэн суунгаа , сэтгэлдээ даашинзны үнэлгээг тооцож амжив. Мөнгөндөө тун харам нөхөр нь бүрмөсөн татгалзахгүй байх тийм үнийг дуулгаж, үлдсэнийг зээлчих бодлыг тээв.

-Сайн мэдэхгүй байна. Дөрвөн зуун франк хүрэлцэх болов уу гэж санаж байна гэж түгдчин, хэл ам нь олигтой эвлэлгүй хэллээ. Ийм мөнгөний дүнг сонссон нөхрийн царай ч цонхийв. Ангийн буу худалдаж авахын тулд яг энэ хэмжээний мөнгийг тэр хурааж нөөцөлсөн байлаа. Тэрбээр энэ зун найз нарын хамт Нантерагийн орчимд ан гөрөөнд явахаар төлөвлөсөн. Найз нар нь ням гараг бүрд тэнд шувууны ан гөрөө хийдэг нь түүний сэтгэлийг уул нь татсан хэрэг. Нөхөр: 

- Би чамд хэрэгцээтэй тэр дөрвөнзуун франкийг өгье. Гол нь даашинз чинь гоё л байх ёстой шүү. Энэ бол миний болзол гэдэг байна. Хүлээн авалтын өдөр ойртох тусам эхнэр Лаузель байх суух газраа олж ядан , уйтгар гунигт автан, сэтгэл санаа нь тогтворгүйтэх нь ихсэв. Даашинзаа хэдийнээ худалдан авсан эхнэрийнхээ энэ бүх байдлыг анзаарсан нөхөр нь:

- Чи минь яачихав аа. Сүүлийн өдрүүдэд нэг л хачин гэж асуувал;

- Даашинз яахав ээ. Түүнийг амь оруулах нэг ч үнэт чулуу, гоёлын зүүлт надад алга. Үнэт чулуугүй, гоёлын зүүлтгүй очих нь дэндүү өрөвдөлтэй, бас шившигтэй. Би больдог ч юм уу даа. Тийшээ очихгүй байх нь дээр юм шиг байна. Үнэхээр харамсалтай гэж хэлэх нь тэр. Нөхөр түүний хэлснийг эсэргүүцэж;

- Зүгээр л амьд цэцэг хатгачих. Өвөл амьд цэцэг шиг сайн гоёл үгүй. Арван франкаар хоёр ч цэцэг авч хүрнэ гэж ятгалаа.

-Тийм биш. Би ийм байдалтай очихыг хүсэхгүй байна. Дээдсийн баян, тансаг авхай нарын дунд ядуугаар ялгарна гэдэг бол эмэгтэй хүний хувьд хамгийн том доромжлол. Би ийм доромжлол амсахыг хүсэхгүй байна. Тиймээс явахгүй гэж Матильда зүтгэж, нөхрийнхөө үгийг авсангүй. Бодолд унасан нөхөр нь;

-Чи ямар тэнэг юм бэ? Найз хатагтай Форестьег зорьж оч. Түүнээс нэг зүүлтийг нь түр эзэлчих. Та хоёр чинь сайн найз биз дээ. Энэ хэмжээний тусыг тэр үзүүлэхээс татгалзахгүй гэж гэнэт хаанаас ч юм бэ сэтгэчих нь тэр. Үүнийг сонссон Матильда;

-Нээрээ тийм шүү дээ. Яагаад би өмнө нь санасангүй вэ гэж гэнэт баярласандаа чангаар дуу алдав. Маргааш нь хатагтай Форестьегийн гэрт зочилж, үүссэн зовлонгоо тоочив. Түүний яриаг сонссон хатагтай Форестье толины өмнөөс том шургуулга авчран , өмнө нь дэлгэж, дуртайгаа сонгоод ав, хонгор минь гэлээ. Тэр эхлээд, бугуйвч баахныг, дараа нь Венец хийцийн чулуу шигтгэсэн , алтаар хийсэн загалмайн зүүлт сонирхов. Зүүлт нэг бүрийг дахин дахин зүүж , салж хагацаж ядан байлаа. Өмнөхөө барахгүй хэрнээ өөр зүүлт байна уу ? гэж бас асууна.

- Бий бий. Наанаа сайн хай, дээш доош нь ух төнх. Ямар зүүлт чамд таалагддагийг би сайн мэдэхгүй учир зөвлөж чадахгүй нь гэж тэр хошуу нэмэв. Гэнэт түүний гар нэгэн том очир-эрдэнийн шигтгээ бүхий зүүлтийг атгав. Зүрх нь зогсох шахсан тэрбээр уг зүүлтийг зүүж, толины өмнө зогсохдоо золтой л ухаан алдсангүй. Тэрбээр нэг л эргэлзсэн өнгөөр,

- Үүнийгээ зээлдүүлж болох уу? гэж эмээнгүй асуув.

- Тэгэлгүй яах вэ, наадахыгаа ав ав гэхийг сонсоод, үсрэн очиж Форестьег хүзүүдэн тэвэрч, талархлаа илэрхийллээ. Хатагтай Форестье зүүлтийг нь нэг хайрцганд хийж өгөв. Тэднийхээс нөгөө зүүлтээ гартаа атган нисэх мэт гарлаа. Догдлон хүлээсэн хүлээн авалтын өдөр. Энэ өдөр түүн шиг аз жаргалтай хүн үгүй байлаа. Тэр амжилтанд хүрсэн. Үзэсгэлэнтэй, энхрийхэн, ялдамхан , залуухан Лаузель бусдаас бүх талаар илүү байлаа, тэр үдэш. Бүх эрчүүд түүнийг л бүчиж, шохоорхож, хэн гэдгийг нь лавлан сонирхож, танилцах гэж зүтгэлээ. Дээдсийн хүрээллийн бүх томчууд зөвхөн түүнтэй л вальс эргэв. Сайд ч Матильдаг анзаарав. Тэр нэг ч ая алгасалгүй бүжгэнд уригдаж, сэтгэл хангалуун бүжиглэж, баярласандаа толгой нь эргэж, өөрийн гоо үзэсгэлэнг дээдсийн авхай нарт гайхуулж, зүрх сэтгэлийн ялалтыг тэнд байгуулж, эмэгтэй хүний жаргалыг мэдэрлээ. Үүрийн дөрвөн цагт үдэшлэг тарав. Нөхөр нь хүнгүй шахам өрөөнд зүүрмэглэн, дээдсийн хамт цэнгэн наргих эхнэрүүдээ Их танхимаас гарч ирэхийг өөр бусад гурван жижиг түшмэлийн хамт хүлээж байв. Эхнэрээ гарч ирэхэд нь Лаурель тосон очиж, мөрөнд нь ердийн нэг бүтээлэг нөмрүүллээ. Тэр бүтээлэг нь гоёлын даашинзтай нь огт авцалдсангүй. Үнэтэй үнэгний арьс нөмөрсөн дээдсийн авхай нар түүний энэ тарчиг байдлыг нь харчих вий гэж айж зовсон Матильда аль болох хүний нүдэнд өртөлгүй тэндээс гарахыг яарлаа. Лаурель эхнэрээ саатуулан зогсоож:

-Чи дэндүү хөлөрчээ. Гадаа сэрүүн байна. Шууд гарвал салхинд цохиулчихна. Эндээ түр хүлээж бай. Би гараад тэрэгчин дуудаад ирье гэв.

Матильда бусад эмэгтэйд харагдчих вий гэх айдастаа хөтлөгдөн нөхрийнхөө үгийг ч үл тоон шатаар чигээрээ доош гүйж гадагшаа гарав. Ойр хавьд эзэнгүй сул сүйх тэрэг байсангүй. Нэгээс нөгөөг дамжиж асуусаар нэг мэдэхэд тэд ордноос холдсон байлаа. Сүйх тэрэг ч таарахаа болив. Аргаа барсан хос голын эрэг рүү бууж түр амсхийлээ. Даарч, бээрсэн тэд сүйх тэрэг олох найдлагаа баран харанхуйд зам дагуу алхахад Парисын гудамжаар өдрийн цагаар гарахаас ч ичдэг байрын салж унах шахсан тэрэг таарав. Тэрэгчин нь ядаж халамцуу. Тэр тэргээр тэд өөрсдийн амьдрах Мартир гудамжнаа хүргүүлж, дуу шуугүйхэн гэрээ зүглэв. Бүсгүйн хувьд бүх зүйл дууссан. Харин эр нөхөр Лаузель маргааш 10.00 цагт ажилдаа очих ёстойгоо л ухамсарлаж байлаа. Гэртээ оронгуут бүсгүй үдшийн сайхан дурсамжаа сэргээх зорилгоор нөхрийнхөө нөмрүүлсэн нөгөөх бүтээлгийг сөхөж, өөрийнхөө гоо сайхныг дахин нэг тольдов. Тэр цочсондоо хашгирлаа. Түүний хүзүүн дэх гоёлын зүүлт алга байлаа. Хувцсаа тайлж, унтахаар зэхэж байсан нөхөр: 

- Юу болов оо? Чи яав аа? гэж гайхан асуулаа.

-Би яасан гэж үү? Миний , үгүй ээ, хатагтай Форестьегээс зээлсэн зүүлт алга . Яана аа гэхийг сонссон эр нөхөр:

-Яаж ? Юу боллоо гэж ? Тийм юм байж таарахгүй гэж суудлаасаа гуйвасхийн огцом бослоо. Тэд хамтдаа гоёлын зүүлтийг хайв. Даашинзны нугалаа бүрийг шалгав. Халаасаа ч үзэв. Хаа сайгүй, юу ч үлдээлгүй нэгжив. Хаанаас ч гарч ирсэнгүй. Энэ бүхний эцэст арга нь мухардсан эр нөхөр: 

-Чи сайн санаж байна уу , гарахад энгэрт чинь зүүлт байсан уу? гэж лавлав.

-Үдэшлэг тараад, Сайдын үүдний өрөөнд шалгаж, гараараа тэмтэрч үзсэн. Тэгэхэд байсан даа. Ийм хариулт сонсов.

-Гадаа унасан бол сонсогдох л байсан даа, тэгвэл. Нөгөө салж унах шахсан тэргэнд л гээж дээ.

-Тэгсэн болж таарлаа. Дугаарыг нь санаж байна уу? -Үгүй. Чи дугаарыг нь харсан уу?

- Үгүй.

Тэд ийн ярилцаад , бие бие лүүгээ аргаа барсан, зовлон, уйтгар гуниг нөмөрсөн харцаар удаан ширтэцгээлээ. Эр нөхөр Лаузель хувцаслаж: 

-Явган явсан мөрөөрөө нэг яваад ирье. Хайя. Олдож магад гээд гарч одлоо. Бүсгүй даашинзаа ч тайлах тэнхэлгүй яг хийтэл доош суулаа. Галаа ч түлэлгүй, хэвтэх ч тэнхээгүй, яг л үхсэн мэт суудалдаа хөшжээ. Эр нөхөр нь буцаж ирэхэд өглөөний долоон цаг зааж байв. Тэр зүүлтийг олсонгүй. Тэр өдөртөө цагдаагийн газарт зүүлтээ гээснээ тэмдэглүүлж, өдөр тутмын сонинд зар өгч, олж сураглаж болох бүхий л арга хэмжээг нөхөр нь авлаа. Харин эхнэр нь гэрээс цухуйлгүй өдөржингөө эр нөхрөө л хүлээв. Гэр бүлийг нь нөмрөн айсуй аймшигт зовлон түүнийг баглаж эхэлжээ. Бие нь ч хөшжээ. Лаузель оройхон, царай алдсан, унжийсан юм гэртээ ирлээ. Бүтэлтэй мэдээлэл бас алга. Юу ч олж мэдсэнгүй. Юу ч олж чадсангүй. Тэр: 

- Найз бүсгүйдээ бич дээ. Зүүлтний түгжээг нь хугалсан тул засуулаад өгнө гээд зурвас биччих . Ингэж л цаг хожьё гэж зөвлөлөө. Эхнэр Лаузель нөхрийнхөө хэлсний дагуу зурвас бичлээ. Долоо хоног өнгөрлөө. Зүүлт олох бүх найдвар тасрав. Энэ өдрүүдэд таван насаар өтөлсөн Лаурель: 

- За хохирлыг нь нөхөж барагдуулья. Үнийг нь тогтоохын тулд хайрцгийг нь үнэт эдлэлийн дэлгүүрт аваачиж тогтоолгоё гэх эцсийн шийдвэр гаргав.

Үнэт эдлэлийн эхний худалдаачин тэдний авчирсан зүүлтний хайрцгийг нь авч, тусгай ном гарган лавлангаа: 

-Энэ зүүлтийг би зараагүй юм байна. Зөвхөн хайрцгийг нь заржээ гэдэг хариулт өгөв. Амьтай голтой үлдсэн Лаурель, үзэсгэлэнт эхнэрийнхээ хамт тэр дэлгүүрийг орхиж, дараачийн дэлгүүрийг зорив. Нэг үнэт эдлэлийн дэлгүүрээс нөгөө дэлгүүр хэсэх ажилтай болов. Тэд ийн явахдаа Пале Роял-ийн нэгэн дэлгүүрт нөгөөх зүүлттэй яг адил зүүлт олж харав. Үнэ нь дөчин мянган франк. Худалдагч нь дөрвөн мянгаар бууна гэсэн мэдээлэлтэй тэд гэртээ ирэв. Худалдагчийг нь гуйж гурав хоногтоо зарахгүй хадгалахыг гуйлаа. Хоёрдугаар сарын эхээр зүүлтээ олчихвол гучин дөрвөн мянгаар буцааж зарахаар ч тохиролцов. Хатагтай Лаузельд бэлнээр яг 18000 франк байв. Ааваас нь өвлүүлсэн. Бусдыг нь зээлэхээр шийдэв. Нөхөр нь маргаашнаас эхлэн мянга, таван зуу, нэг зуу, тавин франк гээд мөнгө зээлэх ажилд мордлоо. Мөнгө хүүлэгч нарын урхинд ч оров. Хүүг нь давж даахгүй, өөрсдийгөө сүйрүүлэх хэмжээний өндөр хүүтэй зээлийг ч зөвшөөрч, нүдээ анин гарын үсгээ зурж баталгаажуулж байв. Ноён Лаурель элдэв төлбөрийн гэрээ байгуулж, түүнээс гарч чадахаа ч бодолгүйгээр , мэдэлгүйгээр орооцолдсон. Өөрсдийнхээ хэрэгцээг танах, байгаагаасаа эрс уруудан доошлох, харанхуй ангал руу унах, улмаар өр ширэнд баригдсан амьдралаас гарахын тулд цуцашгүй хөдөлмөрлөх, хар бор ажил эрхлэх гунигт амьдрал, сэтгэл зүйн хүнд дарамт тэдний гэр бүлийг тосож байсан ч тэрбээр тал талаас цуглуулж олсон гучинзургаан мянган франкаа худалдаачинд төлж нөгөөх гоёлын зүүлтийг худалдан авлаа. Гоёлын зүүлтийг хатагтай Форестьед аваачиж өгөхөд харин юу болсон гээч.

-Чи ямар их удаадаг юм бэ? Надад хэрэг болсон бол яана? гэж дурамжхан өгүүлэв. Зүүлт бүхий хайрцгийг нь ч нээж шалгасангүй. Цааш нь зүгээр л шидчихэв. Нээчих вий, сольчихож гэдгийг нь мэдчих вий гэж хатагтай Лаурель их эмээж байлаа. Бүр хулгайнх гэж саначих вий дээ ч гэж түгшсэн. Тэгтэл аз болоход шалгасан ч үгүй. Энэ өдрөөс хойш хатагтай Лаурель жинхэнэ ядуучуудын аймшигт амьдралыг туулсан. Тэр хувь заяатайгаа ч өөрөө баатарлагаар эвлэрсэн. Аймшиг авчирсан өрийг дарах ёстой. Түүнийг тэр өөрөө дарах учиртай. Хамгийн түрүүнд зарцаа халав. Байр сууцаа солив. Дээвэрт амьдарч эхлэв. Бүх илүү зардлаа танав. Гэр орны хүнд хүчир, гал зуухны үзэн ядах дуусашгүй заваан ажилд тэр нухлагдав. Аяга сав угааж, сайхан ягаан тольтой хумсаа хоолны савны амсарт хугаллаа. Ор дэрний даавуу, алчуур, өмд, цамц угааж, гэцэн дээр тохон хатааж, өглөө бүр хог асгаж, ус зөөж, хөл, гараа чилээх зуураа гадаа талбайд л амсхийж байв. Савхан хуруу нь ч моонийв. Ёстой л жинхэнэ үгээгүй ядуу хүн шиг хувцаслаж, гартаа том тор барьж, зээл орж, мах, талх, ногоо худалдан авч, худалдаачидтай задгай мөнгөний хэрүүл хийж улайран явдаг бүдүүлэг эм болов. Сар бүр л зээлийн хүү дарж, шинээр сунгаж, гуравдахиас нь өрөө хойшлуулж өгөхийг л хүснэ. Нөхөр нь шөнө дөлөөр ажиллаж, худалдаачдын тайланг гаргаж, зарим шөнө унталгүй ажиллаж, гар бичмэлийг тавхан мөнгөөр хуулан бичиж байв. Яг ийм амьдралыг арван жил туулав. Зовлон туулсан арван жилийн дараа Лаурелийн гэр бүл бүх өрөө дарлаа. Бүр дээрэмчин гэж нэрлэж ч болох зээлийн хүүг ч барагдуулав

Гоолиг, үзэсгэлэнтэй хатагтай Лаурель ч эрс хөгшрөв. Тэр мөрөөрөө өргөсөж, цээж нь зузаарч, бүдүүлэг, хатуу эм болжээ. Ядуу гэр бүлийн бүдүүлэг эзэгтэй нар ямар байдаг, яг л тийм болж хувирчээ. Бохир, хааш яайш хувцаслаж, гар нь улайж, үрчийж, хуруу гар нь мойнийж, чанга дуугаар хашгирч, халуун усыг ч үл тоон нүцгэн гараараа шалаа өөрөө угаадаг эм болжээ. Гэхдээ, тэр цаг үед ч, нөхрийгөө ажил дээрээ оройтох зуур, цонхоор гадагшаа харангаа тэрхүү үдэшлэгийг ой тойндоо сэргээн санах дуртай байв. Хөгжилтэй, бусдыг татсан, үзэсгэлэнгээрээ дээдсийн хүрээлэнгийн хатагтай нарын атаархлыг төрүүлж, эрчүүдийг нь байлдан дагуулж байсан тэр үдшийг санаашрах дуртай байж билээ. Хэрвээ тэр зүүлтийг гээгээгүй бол юу болох байсан бол? Хэн мэдлээ? Хэн мэдэх вэ дээ? Амьдрал ямар хуурамч, бас ямар муухай аашилж чадна вэ? Хүний амьдралыг өөд нь татах, уруудуулж доройтуулахад ямар жижигхэн зүйл нөлөөтэй юм бэ? ингэхэд. Өр төлж дууссанаас хойш, нэгэн Ням гарагт Елисейн цэцэрлэгт хүрээлэнд долоо хоногийнхоо ажлын алжаалыг тайлах санаатай зугаалж явтал хүүхэд хөтөлсөн нэгэн эмэгтэйтэй таарав. Лавлаж харвал хатагтай Форестье байв. Тэр залуу, нөгөө л царайлаг хэвээрээ аж. Түүнтэй уулзана гэхээс хатагтай Лаурелийн сэтгэл догдлов. Юу ярих билээ? Өө тийм, өрөө нэгэнт төлсөн юм чинь юуны ч тухай ярьж болно. Яагаад болохгүй гэж өөрийгөө зоригжуулав. Түүний дэргэд очив.

-Сайн уу Жанна?

-Хатагтай, Та хүн андуурсан бололтой . Би таныг танихгүй юм байна.Уучлаарай гэв.

-Үгүй ээ. Андуураагүй. Би Матильда Лаурель байна гэвэл,

- Хөөрхий дөө, Миний Матильда. Чи ямар их өөрчлөгдөө вэ? гэж түүний найз дуу алдлаа.

- Чамтай тэр өдөр уулзсанаас хойш маш хүнд амьдралыг тууллаа. Их ч зовлон амслаа. Энэ бүхэн чамаас л үүдэлтэй.

-Надаас уу? Яагаад надаас болсон гэж?

-Яамны сайдын хүлээн авалтанд очиход надад зээлдүүлсэн очир-эрдэнийн зүүлтээ чи санаж байна уу?

-Санаж байна. Тэгээд юу гэж?

- Түүнийг чинь би гээчихсэн юм аа. -Тэгээд. Чи надад буцааж өгсөн шүү дээ, тэр дор нь.

- Би яг ижлийг чамд буцааж өгсөн юм аа. Түүний өрийг би бүтэн арван жил төлж барагдуулсан. Ямар хэцүү байсныг чи төсөөлж байна уу? Бидэнд юу ч байгаагүй. Энэ бүгд ард хоцорсон. Дарж барагдуулж чадсандаа баяртай байгаагаа хэлэхгүй байж чадахгүй нь. Үүнийг сонссон хатагтай Форестье нэг хэсэг цочирдон зогтусав.

-Чи миний зүүлтний оронд шинийг худалдан авч өгсөн гэв үү?

-Тийм ээ. Чи анзаараагүй байх. Ялгахын аргагүй адилхан. Ингэж хэлээд Матильда чин сэтгэлээсээ инээмсэглэв. Хатагтай Форестье түүний гараас шүүрэн атгаж;

- Матильда минь дээ, миний гоёлын зүүлт чинь жинхэнэ биш дуураймал очир-эрдэнэс байсан шүү дээ. Үнэ нь үсрээд л таван зуун франкаас үл хэтэрнэ гэж тэрбээр өрөвдөнгүй учирлалаа. 

 

Орос хэлнээс хөрвүүлсэн Ц.ЭНХБАТ

 

Францын суут зохиолч Мопассан дөнгөж 42 насалсан. Тайж удамтай. Аав нь дампуурч, өвөөгөөс нь үлдээсэн эдлэн газраа өрөндөө алдаж эхнэрээс нь салснаас хойш тэдний гэр бүл ядуу зүдүү амьдралыг туулсан. Мопассан аавыгаа үзэн ядах үзлээр хүмүүжсэн. Түүндээ ч болсон уу, ганц бие амьдралыг сонгосон. Түүнийг Францын богино өгүүллэгийн мастер болох замналд Гюстав Флобер нөлөөлсөн байдаг. Тэр залуу зохиолчийг халамжилдаг авснаар Мопассаны амьдралд эргэлт гарсан гэдэг. "Шүүрхий зохиолоо бүү хэвлүүл." Энэ бол анхны хичээл байсан. Түүний зааврыг ч Мопассан дагаж, амжилтанд хүрсэн. Тэрбээр дэлхий дахинд хамгийн олон бүтээл нь орчуулагдсан зохиолчийн нэг болсон. Түүний "Хонгор найз" роман нь өнгөрсөн зууны 70-аад оноос Монголын уншигчдыг байлдан дагуулсан байдаг. Түүний бүтээл дотроос " Хүзүүний зүүлт" өгүүллэг нь үнэтэй байр суурь эзэлдэг. Хиймэл, хуурамч дүр төрх, хиймэл хуурамч амьдралын дүр зургийг илчилсэн бүтээл. Олон ч хэлнээ энэ өгүүллэг орчуулагдсан. Зохиолч гэрлэж байгаагүй. Гэхдээ маш олон эмэгтэйтэй романс ургуулсан байдаг. Дээдсийн эмэгтэйчүүдийг хамгийн сайн мэдэх хүн ч гэж түүний талаар бичдэг. Тэрбээр багаасаа сифилис өвчин тусаж, түүгээрээ нас барсан.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Найруулга үг сонголт зарим нэг хэсэгт тохиромжгүй ч утгын хувьд таалагдлаа 2020-07-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?