( "Брат" киноноос төрсөн сэтгэгдэл)
"За америк хүн гуай, мөнгө хамгаас хүчтэй гэж та боддог билүү? Ах маань бас тэгж боддог юм". Одоогоос хорин жилийн тэртээ, үзэгчдийн хүсэлтээр үргэлжлэлийг нь хийсэн " Брат -2" киноны гол дүр Данила-н хэлсэн энэ үг магадгүй өнөөдөр их утгатай болсон учраас Оросын төв телевиз " Брат" УСК-ны киноны 1, 2-дугаар ангийг анх удаа хамтад нь үзүүллээ. Энэ киног би амтархан үзсэн. Гэхдээ би "Брат" киноны тухай биш харин Данила Багровын дүрийг сэтгэлд хоногштол гаргаж чадсан Сергей Бодровын тухай сэтгэгдлээсээ товчхон хуваалцая гэж санасан юм. -За, Америк хүн гуай, мөнгө хамгаас хүчтэй гэж Та боддог билүү ? Ах маань ч бас тэгж боддог гэж тус киноны гол дүрийг бүтээсэн Сергей хэлдэг. Мөнгө биш шударга үнэн хамгаас хүчтэй гэдэг талаар би уг киноны гол дүр Сергейтэй санал нийлдэг. Сергей ердөө л 30 жил амьдарсан байдаг. Сергей бол маш сонин хүн. Нэгдүгээрт тэр кино жүжигчний мэргэжлийг эзэмшээгүй. Мэргэжлийн жүжигчин огт биш гэдэг нь гайхал төрүүлсэн. Москвагийн Франц хэлний тусгай сургалттай арван жилийн дунд сургууль, Москвагийн Их Сургуульд түүх, урлагийн мэргэжлээр суралцан сэргэн мандлын үеийн Венецийн уран зургаар эрдмийн ажил хийж хэд хэдэн судалгааны өгүүлэл бичиж нийтлүүлсэн шинжлэх ухааны чиглэлийн өндөр боловсролтой хүн юм билээ. Аав нь харин кино найруулагч байсан бөгөөд санамсаргүй тохиолдлоор түүний найруулсан “Кавказад олзлогдсон хүн” УС-ны киноны гол дүрд тоглосон байдаг. Хэдэн жилийн дараа бас л санамсаргүй байдлаар хар далайн эрэгт орших Сочи хотод болсон кино наадмын үеэр "Брат" киноны найруулагч Балабановтой танилцаж гол дүрд нь тоглосноор тэр олны танил болсон байдаг. Санамсаргүй тохиолдол хувь хүний амьдралын хувь заяаг орвонгоор нь эргүүлсэн түүх багагүй байдаг. Тийм л зүйл түүнд тохиолдсон гэж хэлж болно. "Брат" киноны нээлт 1997 оны тавдугаар сард Франц улсад болж, дараа нь арванхоёрдугаар сард Москвад нээлтээ хийсэн түүхтэй. Энэ нь Сергейг Орост төдийгүй дэлхийд танигдах боломжийг нээсэн юм. Энэ кино үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж, улмаар үргэлжлэлийг нь хийгээч гэх хүсэлтийн дагуу "Брат- 2 " УСК гурван жилийн дараа 2000 онд дэлгэцнээ гарчээ. Мэргэжлийн сургуульд суралцаагүй Сергейн бүтээсэн Данилад үзэгчид дурласан.Данилын дүрийг Сергей хэрхэн амьдруулсан нууцын талаар нь олон зүйлийг яриаг сонссон. Харин Сергей;- Кинонд тоглоход жүжиглэх ямар ч шаардлага гараагүй . Би байгаагаараа л байсан гэж нууцаасаа Сергей хуваалцсан. Жижигчиний ур чадвар эзэмшээгүй түүнд яагаад гол дүрийг найруулагч өгөх болов гэдэг асуудал. -Түүний төрөлхийн даруу төлөв зан, чанар нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж найруулагч нь хэлсэн байдаг. Хүмүүс мөнгөөр бүх юмыг шийдэж болох мэт бодож мөнгөний төлөө улайрч байсан тийм цаг үед энэ кино гарсан нь амьдралын утга, учир мөнгөнд байдаггүйг бас харуулж чадсан санагддаг. Амьдрал дээр Сергей Бодров боловсрол, хүмүүжил, соёл, энгийн төлөв зангаараа бусдаас ялгардаг байсныг кинонд хамтдаа бүтээсэн жүжигчид нь хожим бүгдээрээ дурссан нь бий. Өсвөр насанд нь аав, ээж хоёр нь салж, өнчирсөн ч гэсэн тэрээр үнэнч, шудрага, ёс зүйтэй байх хүмүүжлийг бага наснаас олж авч өөртөө суулгаж, төлөвшүүлж чадсан байдаг. Хэдийгээр эхнэрээсээ салсан ч гэсэн аав нь хүүтэйгээ байнгын харилцаатай байсан нь түүний хүмүүжилд нөлөөлсөн байх талтай. Сергей эмэгтэй хүнд асар хүндэтгэлтэй хандаж харьцдаг байсныг найз, нөхөд нь дурсдаг. Олон охид, бүсгүйчүүд Сергейтэй танилцаж найзлахыг хүсч орцны үүдэнд нь хүртэл хүлээж харах гэж зогсдог байсан тухай дурсамжийг тэд хуваалцсан. Тэглээ гээд түүний зан ааш хувирсангүй. Сонирхуулахад, " Брат " кинонд тоглож, тухайн үед нэрд гарч байсан үзэсгэлэнтэй дуучин Ирина Салтыкова Данилын сэтгэлтэй бүсгүйн дүрийг бүтээсэн байдаг. Энэ дүрээр нь тэдний хооронд хайр дурлалын роман үүссэн гэж ч шуугиж байв. Ирина үүнийг үгүйсгэж: - Сергей бол маш өндөр соёлтой, хүмүүжилтэй залуу. Ийм эрчүүд ховор гэж магтжээ. " Миний найз бүсгүй иймэрхүү байна гэсэн төсөөллийг өөртөө үүсгэж яг тэр төсөөлсөн бүсгүйдээ анхны харцаар дурлаж суусан. Түүнд эхнэр Светланагаас өөр сайхан бүсгүй энэ хорвоо дээр байхгүй байлаа" гэж нөхөд нь дурссан. Сергей эхнэртэйгээ гэр бүлж үүсгэж охин, хүү хоёртой болж аз жаргал дүүрэн амьдрал үргэлжилж байсан ч , нэгэн киноны зураг авалтын үеэр тохиолдсон байгалийн гамшгийн улмаас 2002 онд тэрбээр амиа харамсалтай алдсан түүхтэй. Тэр дөнгөж гучхан жил амьдарсан ч , хорвоод охин, хүү хоёроо, өөрийн бүтээсэн дүрийг амьдруулаад үлдээсэн. Энэ киног Оросын Планета РТР сувгаар саяхан гаргасан. Та ч гэсэн нөхөн үзэх боломжтой.
Д.БАЯРСАЙХАН