Д.БОЛДБААТАР (Хятад судлаач): ӨВӨРМОНГОЛЧУУДЫН "ТАМГА ХӨЗӨР"

2020-09-08  

НЭГ: ХЯТАД ТОРГОН ХӨШИГНИЙ ЦААДАХ ТӨРИЙН БОДЛОГО

Хятад торгон хөшигний цаана үргэлжилж байгаа төрийн бодлого асар нарийн. Дэлхийд хамгийн томд тооцогдох цөмийн хог булшлах цэгийг сонгосон газар нь Өвөрмонгол, Шинжаан мөн Төвдийн яг голд, бас болоогүй Монгол улс болон Казакстанаас 500 км-ийн байрлалтай Зя Юй Гуань нэрт газарт байрласан байдаг юм.

Энэ бол арваад жилийн өмнөөс эхэлсэн төсөл бөгөөд алдарт Арева компанитай хамтарсан уг төслийн өртөг 60 тэрбум гээд бод доо. Гэхдээ энэ өндөр өртөгтэй төсөл 600 тэрбумын ашиг олох юм гэж уншиж байснаа санаж байна. Энэхүү бизнесийг эрхэлснээр Хятад - Америкийн худалдааг хол давсан ашгийг өмнөд хөрш олдог гэвэл Та бүхэн итгэх үү? Төсөл хэрэгжих газрын сонголт мөн "ухаалаг" шүү

ХОЁР: ӨВӨРМОНГОЛД ӨРНӨЖ БУЙ ҮЙЛДЛИЙГ ИХ ХОЛООС АЖИГЛАХ ЁСТОЙ
Өвөрмонголд өрнөж байгаа үйл явдлын талаар бичих байх гэсэн чинь юуны цөмийн хаягдал яриад унав? гэж зарим уншигчид гайхаж байж магад. Хятадад өрнөж байгаа үйл явдлыг их холоос нэлээд өндрөөс ажиглаж, үнэлж цэгнэх хэрэгтэй гэдэг утгаар ийм оршилоор эхэлсэн юм. Тэр дагуу ажиглаж үзэх юм бол асуудлын тайлал аяндаа тайлагдах болно. Манай улсад амьдарч байгаа өвөрмонголчууд "Си Зиньпин дарга тийм муу хүн биш ээ. Завсар заальхайгаар нь дунд шатны удирдагчид бужигнуулаад байна" гэсэн утгатай зүйл ярьсан байдаг.
ГУРАВ: ТЭР ДУНД ШАТНЫ УДИРДАГЧИД ХЭН БЭ?
Гадаад ертөнцөд тэр дунд шатны төрийн тайганыг Хятадын Коммунист Намын Төв Хорооны улс төрийн товчооны гишүүн, нарийн бичгийн газрын дарга нарын нэгдүгээр нарийн бичгийн дарга Ван Ху Нин хэмээн нэрлэж байгаа нь нэг их хол зөрөхгүй байх. Үнэндээ дунд шатны биш дээдийн дээд шатны хүн гэсэн үг л дээ. Эдүгээ 64 настай дээд шатны удирдагч гэдэг бол Хятадын хэмжүүрээр залуу талдаа орно. Зян Зөмин, Ху Зиньтао, өдгөө Си Зиньпингийн бодлогын гол зөвлөгч гэхээр мундаг том сэцэн сийрэг толгойтой нэгэн байж таарах нь ойлгомжтой.
ДӨРӨВ: СИ ЖИН ПИНГ " ХУРДАСГУУР" ГЭЖ ХОЧИЛЖЭЭ
Хэт зүүний үзэлтэй гэгддэг Ван Ху Нингийн зөвлөгөө Хятадын нөхцөл байдлыг даамжруулж самууруулаад байна гэж гадны ажиглагчид дүгнэж байна. Түүний үгэнд хэт итгэж бодлогын алдаа ойр ойрхон гаргаад байгаа Си Зиньпин даргыгаа хятадууд өөрсдөө "加速师" буюу "Хурдасгуур" гээд хочилчихжээ. "Хятад гэж сайхан улс байлаа. Түүний мөхлийг хурдасгав. Хятадын Коммунист Нам гэж гайхалтай хүчирхэг тогтолцоо байлаа. Түүний сүйрлийг хурдасгалаа" гэдэг утгаар ийм хоч өгөөд байна.
ТАВ: СИ ЖИН ПИНГИЙН ҮГ , ҮЙЛДЭЛ ЗӨРЖЭЭ
Си Зиньпин цагтаа үндэсний бодлогын хувьд маш зөв зүйтэй үг ярьдаг, аядуу зөөлөн бодлого баримталдаг байсан Хятадын удирдагч. Гэтэл яахаараа гэнэт түүний үг яриа, үйл хөдлөл гэнэт ийнхүү 180 градус эргэдэг билээ гэж та бүхэн гайхаж байна уу? Түүний цаад нууц нь Өвөрмонголчууд өөрсдөө тэр болгон мэддэггүй байж болох "Тамга хөзөр"-ийг атгаж буйд оршино. Хятад улсын өнөөгийн нөхцөл тун амаргүй байгаа. Ийм хүнд нөхцөлд байгаа хэр нь яахаараа маш аядуу зөөлөн Өвөрмонголчуудын бичиг соёлоор оролдож өөртөө лай гай хураадаг билээ гээд бодоод үзэх хэрэгтэй л дээ. Тэгвэл тэр "тамга хөзөр" гэгч нь юу байж таарах вэ?
ЗУРГАА: ТЭР ТАМГА ХӨЗӨР НЬ ЮУ ВЭ?
Хятадууд өрнөдийнхөнтэй, тэр дундаа Америкчуудтай хэлэлцээр хийхдээ гартаа атгаж байгаа хамгийн том тамга хөзөр нь бас л нөгөө "Газрын ховор элемент" гээч болой. Өндөр технологийн амин сүнс хэмээн хэлж болохуйц газрын ховор элементийн 90 хувийг Хятад улс дангаараа боловсруулан гаргаж байна. Тэрхүү нандин нөөцийн 95 хувь нь зөвхөн Өвөрмонголд байгаа гээд ярьвал уншигч танд нэгэн төсөөлөл, үйл явдлын өрнөлийн ерөнхий дүр зураг тодорч байна уу? Тиймээс Өвөрмонголыг атгах атгалтаа л улам чангалах Хятад улсын төрийн, алсын хараатай бодлого юм.
ДОЛОО: ӨВӨРМОНГОЛД ЧАНГА ДЭГЛЭМ ТОГТООХ БОЛНО
Судлаачийн хувьд миний таамаглаж байгаагаар Өвөрмонголд өрнөж байгаа үйл явдлын эцсийн үр дүнд өвөрлөгч ахан дүүс маань монгол бичгээ хуучин хэвээр нь үргэлжлүүлэн сурах болно. Харин энэ дуулиан буюу хариу барьцаанд нь Хятадын эрх баригчид Өвөрмонголд нэлээд хатуу чанга засаглал тогтоосноор өөрсдийн далд зорилгодоо хүрнэ гэж дүгнэхэд хол зөрөхгүй байх аа. Энэ бол бичлэгийн эхэнд дурьдсан Ван Ху Нин нэрт Хятадын шинэ цагийн "төрийн тайганы" том стратегич, улс төрийн бодлоготны хувьд өргөн цар хүрээтэй талбар дээр харсан "холч бодлогын" тусгал мөн байж таарна. Өөрөөр хэлбэл Хятадын нөхцөл байдал маш хүнд хэцүү байна. Хятад улс задарлаа гэж муугаар бодоход Шинжаан , Төвдийг алдаж болно. Харин Өвөрмонголыг яасан ч алдаж болохгүй гэдэг далд бодлого нуугдаж буй. Өвөрмонголыг аль болох богино хугацаанд бүрэн хятадчилаад өөрийн болгох далд санаархал, хэтийн бодлого нуугдаж байгаа хэрэг.
НАЙМ: ӨВӨРМОНГОЛЫН ТЭМЦЭЛД МОНГОЛ УЛСЫН НӨЛӨӨ Ч ИХ БАЙНА
Өвөрмонголчуудын тэмцлийг гадаад ертөнцөд 1980-аад оны эхэн үеийн Польшийн "Эв санааны нэгдэл" олон нийтийн хөдөлгөөнтэй зүйрлэн бичиж байна. Түүнд жижигхэн гэлтгүй Монгол улсын маань нөлөө хүч маш их байгааг дурьдаж байна. Хэрвээ Өвөрмонголд өрнөсөн эсэргүүцэл хөдөлгөөн ширүүсээд эхлэвэл хуурай түлээ гал авалцан дүрэлзэх шиг олныг хамарсан зэвүүрхэл дургүйцэл, эсэргүүцлийн хөдөлгөөн Хятад даяар өрнөхөд бэлэн байгааг л ажиглах үлдэнэ.
ЕС: ХӨХ ХОТ, ТУНЛЯО ХОТЫН ЭСЭРГҮҮЦЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НУХЧИН ДАРЖ ЗҮРХЛЭХГҮЙ
Энэ дашрамд дурьдахад Хөххот, Тунляо зэрэг хотуудад Хятадын танк, хуягт машинууд ороод ирчихсэн эсэргүүцлийг нухчин дарахад тушаалаа хүлээж буй. Бас тусгай хүчний цэргүүд олон арван автобусаар нэмэгдэн ирсээр байна. Гэхдээ 1989 оны оюутны хөдөлгөөнийг дарсан шиг нялаад нядлаад хаячихаж зүрхлэхгүй байх. Яагаад гэвэл дэлхий нийтээрээ Өвөрлөгч ахан дүүсийн шударга тэмцлийг нүд цавчилгүй ажиглан харж байна. Нэг лайк, нэг шэйр ч энэхүү шудрага тэмцлийг дэмжиж, хувь нэмэр оруулж буйн маш том илрэл болж байна.
Хятад судлаач Д.Болдбаатар. Дэлхий дахины уншигчдыг " байлдан дагуулсан" - " Чонон сүлд" бестселлер романыг монгол эх хэлнээ хөрвүүлсэн орчуулагч. Хятадын үе үеийн зохиолч, яруу найрагчдын шүлэг зохиолыг ч эх хэлнээс нь чадварлаг буулгасан соён гэгээрүүлэгч. Түүнд дүйн Хятадын түүх, соёл, зан заншлыг мэдэх монгол хүн хуруу дарам цөөхөн. Өвөрмонголд үүсээд буй асуудлаар Болдбаатарын бичсэн энэхүү нийтлэл нь гүн гүнзгий агуулгатай юм. Монгол хүн бүр уншаасай гэж Болдбаатар судлаачийн бичсэнийг нийтэллээ.
Хятад улс нь Өвөрмонголын Гансу мужид Цөмийн хаягдлын газар дорви лаборатори байгуулах болсон тухай Хятадын Өглөөний сонин мэдээллээ. Өвөрмонголын Гансу муж нь Монгол улсаар Говь-Алтай аймагтай маш ойрхон хил залгаж буй аймаг. Элсэн цөл. Үхлийн цөл ч гэж нэрлэж ирсэн гэж хятад судлаач Гансүх тодотголоо. Зураг төсөл, шийдвэр нь гарсан нь энэхүү цомын хаягдлын газар дорхи лабораторийг 400 метрийн газрын гүнд байгуулах болсон байна. Ийнхүү Монголыг тойроод цөмийн хаягдал дүүрсэн төдийгүй, Монгол улсын хил залгаад цөмийн хаягдлын газар дорхи лаборатори байгуулах болжээ. Өөрөөр хэлбэл цөмийн хаягдлын хор нь Монголын баруун захаас салхиар орж ирэх аюул нүүрлэлээ.
 
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?