14-Р ДАЛАЙ ЛАМ ЯАГААД ХАМГИЙН СҮҮЛЧИЙН ДАЛАЙ ЛАМ ГЭЖ?

2020-09-09  

Геополитик ярихаас өмнө бага зэрэг түүх ярих хэрэгтэй байх. 13-р далай лам Түвдэнжамцыг 1933 оны 2-р сарын 17-ны өдөр таалал төгсмөгц түүний биеийг Төвөд заншлаар ил тавьсан байна. Гэтэл 2 хоногийн дараа лам нар эргэж очтол талийгаачийн толгой зүүн хойд зүг уруу хазайсан байв. Ингээд уламжлалын дагуу толгой хазайсан зүг болох зүүн хойд зүгээс дараагийн далай ламыг тодруулах ёстой болов. Уг явдлаас хойш олон жилийн турш Төвөдийн буддын шашны тэргүүнүүд 14-р далай ламыг хайсны эцэст Төвөдийн алс бөглүү хөдөө нутгаас нэгэн бяцхан хүүг олж, түүнээс олон зуун төрлийн шашны холбогдолтой шалгалт авсаны эцэст гарцаа байхгүй 14-р далай лам болохыг нь тогтоосон байна. Ингээд 1940 оны 2-р сард "Тэнзин Гятсо" хэмээх 5 настай балчир хүүг 14-р далай ламд өргөмжлөн, дэлхий дахины буддын шашны тэргүүнээр залж, хожим нь түүнийг Төвөдийн хууль ёсны засгийн газрын тэргүүнээр өргөмжилсөн түүхтэй. Гэтэл 1949 онд Хятадад Мао Зедунаар удирдуулсан ардын хувьсгал ялж, Бүгд Найрамдах Хятад ард улс байгуулагдав. Шинээр байгуулагдсан Хятадын коммунист засгийн газар хуучны Манж Чин гүрний үед байсан бүх газар нутгаа эргүүлэн авах түрэмгий бодлого баримталж эхлэв. 1913 онд Чин гүрэн задрахтай зэрэгцэн Төвөд улс тусгаар тогтнолоо зарлан, өөрийн эрхээр амьдарч байсан ч, коммунист Хятадын бодлого нь Төвөдийн тусгаар тогтнолд шууд заналхийлэх болсон юм. Улмаар дундад улсын бодлого улам ширүүсч, тэд бүх нийтээр цэрэглэн 1950 он гэхэд Төвөдийн зүг дайрахад бэлэн болов. Төвөд улс, шинээр байгуулагдсан коммунист" мангасаас" дан ганц өөрийн хүчээр улс орноо хамгаалж чадахгүйгээ мэдэж байсан учир тэд АНУ болон Их Британи уруу элч явуулан тусламж гуйсан ч эерэг хариу авсангүй. Ингээд Төвөд улс Хятадын коммунизмыг дан ганцаар сөрөн зогсохоос өөр арга үлдээгүй. Энэ үеэр далай лам болон түүний засгийн газрын хүмүүст нэгэн мэргэн санаа орж ирсэн нь Бээжин уруу элч төлөөлөгч явуулж, Хятадын цэргийг Төвөдөд оруулахгүй байх талаар яриа хэлэлцээр хийх санаа байв. Төвөдүүд ч төлөөлөгчөө илгээв. Гэтэл элч төлөөлөгч нь Бээжин явснаас ойролцоогоор 14 хоногийн дараа Хятадын радиогоор "Төвөд улс ямар ч эсэргүүцэлгүйгээр их гэр бүлд эргэн нэгдлээ" гэх мэдээ цацжээ. Учир юу гэвээс Бээжинг зорьсон төвдийн элч төлөөлөгчдийг "Төвөдийг Хятад улсад хүчээр нэгтгэх" бичигт гарын үсэг зуруулж, далай ламын тамгийг хуурамчаар үйлдэн даруулсан болохыг хожим нь Төвдүүд ойлгосон юм. Ингээд Төвөдүүд хууль бусаар эх гэр бүлийн нэгэн хэсэг болж, хариуд нь Хятад цэргээ Төвөдийн нутагт оруулаагүй түүхтэй. Бүх зүйл ингээд төгслөө гэж бодтол бас үүгээр дууссангүй. 1959 оны 3-р сард 14-р далай лам болон Төвөдийн ЗГ-ын олон тооны дээд тушаалын хүмүүсийг Бээжинд морилохыг урьсан байдаг.

Гэхдээ ямар ч хамгаалалтгүй ирэхийг санал болгосон байна. Харин уг урилгын талаар Төвөдийн ард түмэн мэдсэн даруйдаа олон арван мянгаараа далай ламын өргөөний гадна жагсаж, буддын шашны тэргүүнийг Бээжин рүү явахгүй байхыг хүссэн аж. Урилгаар далдлан 14-р далай ламын амийг хороох, өс бөгөөс засан хүмүүжүүлэх лагерьт илгээх Хятад ухааны заль байсан нь удалгүй ил болсон тул далай лам Бээжингийн урилгыг хойш тавьжээ. Гэтэл Хятадын коммунист нам өөрсдөө уг бодлоо баталсан мэт "хэрэв гуйгаад ирэхгүй бол хүчээр ирүүлнэ" гэсэн шиг Төвөдийн хил дагуу асар их цэргийн хүч цуглуулав. Энэ үеэр Төвөдийн Засгийн Газар яаралтай хуралдаж ЗГ-ын дээд тушаалын хүмүүс болон далай ламыг олон тооны нөлөө бүхий Төвөд хүмүүсийн хамтаар Энэтхэг рүү дүрвүүлэх шийдвэр гаргасан байдаг. Төвөдийн ард түмэн ч мөн далай ламаа аврахын тулд түүний дүрвэх ажиллагааг бүгд дэмжсэн байна. Ингээд 1959 оны 3-р сарын 17-ны өдөр далай лам эх орноо орхин Төвөдийг зорьсон түүхтэй. Тухайн үед Энэтхэгийн ерөнхий сайдын албыг Жавахарлал Неру гэх хүн хашиж байсан ба Төвөдөөс ирсэн дүрвэгчдэд зориулан Энэтхэгийн хойд хэсэгт багахан газар шийдэж өгчээ. Мөн үүгээр тогтохгүй тус газарт Төвөд хэлээр хичээл явуулах сургуулиуд байгуулж, Төвөдүүдэд зориулан гарах бүхий л зардлыг Энэтхэгийн ЗГ-аас даахаар тохирсон байна. Харин өдгөө Төвөдүүдэд олгосон нутагт хэдийнээ 100,000 орчим Төвөд дүрвэгчид амьдарч байгаа бөгөөд Төвөдийн хууль ёсны ЗГ ч мөн далай ламаар удирдуулан Энэтхэгийн нутагт, Энэтэхэгийн хамгаалалт дор үйл ажиллагаагаа явуулсаар байна. Нэгэнт эх орноо харь улсад алдсан 14-р далай лам тухайн цаг мөчөөс эхлэн өөрийн үндэстний эрх чөлөөний төлөөх үйл ажиллагааг идэвхитэй явуулсаар ирсэн ба дэлхийн олон улс орнуудаар айлчлан, төр засгийн тэргүүнүүд болон олон чухал хүмүүстэй уулзаж, их сургуулиудад лекц тавьсаар ирэв. Гэвч дэлхийн дийлэнх улсууд Хятадтай харилцах харилцаагаа муутгахгүй үүднээс далай ламын айлчлалыг улс төрийн шалтгаанаар бус, харин шашны тэргүүн гэдэг утгаар нь уулздаг гэж албан ёсоор зарладаг байна.

Тухайлбал дээрхийн гэгээнтэн 2016 онд АНУ-д айлчилсан ба, уг айлчлалын дараа АНУ-ын засаг захиргаа тун болгоомжтойгоор Хятадад хандан “Төвөдийг Хятадын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэвээр байгаа” хэмээн мэдэгдэж ч байв. Ер нь Төвөд болон Шинжааны хувьд адил зүйлс олон бий. Тэд хоёул эх орондоо эх хэлээ хориулсан, мөн хоёул эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийн хурц хэлбэрээр тэмцсээр ирсэн. Хамгийн гол нь Хятадын нутагт 56 өөр үндэстэн амьдардаг бөгөөд Хан үндэстэн олонх болоогүй хоёрхон газар байдаг нь Төвөд болон Шинжаан хоёр юм. Манай Өвөр монголын хувьд гэвэл соёлын хувсгалаар 500 мянга гаруй эрчүүдийг шоронд хорьж, цаазаар авч, сүүлд шинэ хотууд барин Хятад иргэдийг далайн ус мэт цутгасаар хүн амынх нь 79.2 хувийг Хан үндэстэн эзэлсэн байна. Иймээс Төвөд болон Шинжааны хувьд газар нутагтаа үндэстний олонх байна гэдэг нь маш том давуу тал юм. Гэхдээ Төвөдөд байдаг, харин Шинжаанд байдаггүй нэг зүйл гэвэл эрх чөлөөтэй удирдагч. Шинжааны бослого гадны ямар ч дэмжлэггүй, цэвэр үзэл санааны нэгдлийн хүчинд тулгуурлан ирсэн бол Төвөдийн хувьд өөрсдийнх нь хууль ёсны удирдагч, хууль ёсны засгийн газар нь одоо ч харь орны нутагт үйл ажиллагаагаа явуулсаар байгаа гэдэг нь Хятад дахь Төвөд хүмүүсийн оюун санааны хувьд асар том дэмжлэг болсоор иржээ. 2014 онд дээрхийн гэгээнтэн АНУ-д айлчлах үеэрээ BBC телевизийн нэгэн ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо өөрийгөө магадгүй "хамгийн сүүлчийн далай лам байж мэдэх юм" хэмээх үгийг хэлэв. Энэ үгийг сонсоод хүмүүсийн зарим нь түүнийг бие ээ тоосон, эсвэл өөрөө сүүлчийнх байх дуртай, нэр хүндэд дурласан гэх мэтээр янз бүрээр ярих болсон. Гэвч тэрээр яагаад ийн хэлэв?  Энэ бүхний ард ямар шалтгаан нуугдаж байсан бэ? 1992 онд Төвөдийн шашны нэгэн том цолтон болох "16-р кармапа" таалал төгсөв. Харин түүний хойд дүр буюу 17-р кармапаг буддын шашны ёсоор бол далай ламын удирдлага дор тодруулах ёстой байв.

Гэтэл уг гэгээнтний хойд дүрийг тодруулах ёслолд Хятадын коммунист нам илт гар бие оролцож, далай ламын ямар ч хяналтгүйгээр, мянган жил үргэлжилсэн шашны дэгийг зөрчин байж өөрсдийн хүнээ буюу цэвэр коммунист, Хятадын бодлогийг дэмжигч "Өгийн Трэнли Дорж гэх сураггүй" нөхрийг бодлогоор тодруулав. Харин өнөөх коммунистуудын томилсон тоглоомон хүүхэлдэйг нь Төвөдийн ард түмэн хүндэтгэн шүтэх жишээтэй. Гэхдээ зөвхөн 17-р кармапа бус өөр хэд хэдэн хувилгааныг Хятадын коммунист намын зүгээс тодруулсан байдаг. 2019 оны 4-р сард дээрхийн гэгээнтний бие нь муудан эмнэлэгт хэвтэв. Хэдийнээ 84 насны сүүдрийг зооглосон энэ эрхэм, нэгэнтээ хүн л болж төрсөн хойно хэчнээн хутагт, хувилгаан байлаа ч жам ёсны үхлээс хэн ч зугтаж чадахгүй нь үнэн. Харин уг явдлын дараа цоо шинэ асуулт урган гарч ирсэн нь далай лам хэрэв таалал төгсвөл Төвдөд юу тохиолдох бэ? Түүнийг хэн орлох бол? Хэн 15-р далай лам болох бэ? асуудал сөхөгдсөн. 14-р далай лам бол зөвхөн буддын шашны тэргүүн биш юм. Тэр улс төрийн маш чухал тоглогч, дэлхийн геополитикт нөлөөлөхүйц эрх мэдэлтэй, мөн Хятадын хамгийн эмзэг сэдвүүдийн нэг болсон Төвөд орны хууль ёсны засгийн газрын тэргүүн хүн. Тийм учраас түүний хойд дүр хэн байх нь маш чухал асуудал. Тиймээс ч сүүлийн 10-аад жилийн турш 14-р далай лам өөрийн хойд дүрийг хэрхэн тодруулах талаар нэлээд сэтгэлээ чилээсэн гэдгийг харж болохоор. Хэрэв 15-р далай ламыг тодруулах ажилд Хятадын коммунист нам хөндлөнгөөс оролцвол Төвөдийн оюуны санааны их удирдагчаар жинхэнэ утгаараа өөрсдийн гар хөлийг тавьж, Төвөдийн тусгаар тогтнол нь зүүд зэрэглээ болоод зогсохгүй, хэтдээ Төвөд үндэстэн Хятадад бүрэн уусах аюулын цондон болно. Иймээс зөвхөн шашин гэлтгүй, өөрийн үндэстнийг хамгаалах үүднээс 14-р далай ламтан өөрийгөө нас барахаас өмнө дараачийн дүрээ тодруулах, эсвэл өөрийн оюун санааны хүчийг бага насны хүүхдэд шилжүүлэн өгөх талаар боломжит бүх аргийг судална хэмээн нэгэнтээ мэдэгдсэн.

Харин уг мэдэгдлийг хийснээс хэдэн сарын дараа, шинэ далай лам Төвөдөөс гаднах нутагт мэндлэх, тэр мэндлэх хүүхэд нь эмэгтэй байх магадлалтай гэх мэдээ нийтэлсэн байдаг нь сонирхол татдаг. Төвөдийг Хятад эрхшээдэг тул мэдээж Төвөдөөс гадна гэж хэлэхээс өөр сонголтгүй ч болсон байж мэдэх юм. Мөн эмэгтэй хүүхэд төрнө гэдэг нь далай лам болох хууль эрх зүйн үндэслэлгүй болж, уламжлалыг эвдэнэ гэсэн үг. Бүр тодруулбал далай лам тодрох боломжгүй болно гэж ойлгож болно. Энэ ч утгаараа олон улсын хэвлэлүүд 14-р далай ламыг хамгийн сүүлчийн далай лам байж магадгүй хэмээн хэсэгтээ шуугисан юм. Өөрийнхөө дараа дахин далай лам тодруулахгүй байх уг яриа нь, өөрийг нь нас барсаны дараа Хятад улс шинэ далай ламыг дур зоргоороо тодруулан, үндэстнийг нь мөхөөх вий, заншил уруу нь нулимах вий гэх айдсаас үүдэлтэй нь ойлгомжтой. Мөн далай ламын мэдэгдлийн дараагаар АНУ-ын конгрессээс Хятадад хандан “Хятадын ЗГ-ын сонгосон шинэ далай ламыг АНУ-ын зүгээс буддын шашны тэргүүн хэмээн хүлээн зөвшөөрч чадахгүй” гэдгээ ч илэрхийлсэн байна. Иймээс далай ламын үхэл Хятад улсын хувьд, улсынхаа эв нэгдлийг бататгах, Төвөдийн оюун санааны тэмцлийг намжаах, цаашлаад их гэр бүлд уусган нэгтгэх нэгэн том хожлын хөзөр болж ирэх нь мэдээж. Мөн өдрөөс өдөрт далай ламын нас өндөр болж бие нь муудсаар байгаа тул Хятад улс шинэ далай ламын асуудалд нэлээд анхаарал хандуулж байгаа нь тодорхой. Ямартай ч та далай ламыг зөвхөн буддын шашны тэргүүн гэж хардаг байж болох ч, далай лам нь Хятадын их гэр бүлийн эв нэгдэлийг сүйрэлд хүргэж болохүйц нэгэн аюул заналхийлэл, улс төрийн томоохон хожлын хөзөр гэдгийг ойлгох хэрэгтэй.

Ц.БАЯРЫН постоос ишлэв

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?