АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ТӨВ БАЙГУУЛАГДЛАА

2016-05-13  

Хээл хахууль авсан томчуудыг мөрдөх, хулгайлсан хөрөнгийг нь эргүүлэн өгөх зорилготой Олон улсын авлигын эсрэг төв Лондонд байгуулагдана гэж Британийн “Press Association” агентлаг мэдээллээ.

Их Британид ийм төв байгуулах санаачилгыг АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Швейцарь, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерпол зэрэг дэмжиж байгаа аж. Ийм байгууллага байгуулах тухай Лондонд өчигдөр болсон Авлигын эсрэг дээд хэмжээний уулзалтаар мэдэгдэхээр төлөвлөжээ. Энэхүү хуралд 40 орны төлөөлөгч оролцож байгаа юм. Хурлаар улс орнуудын тэргүүн, Засгийн газрын тэргүүнүүд оролцон олон улсад хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, хулгайлсан хөрөнгийг эргүүлэн төлүүлэх, төрийн худалдаа, санхүүгийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тус дээд хэмжээний хуралд Афганистан, Нигери, Колумбын Ерөнхийлөгчид, Норвегийн Ерөнхий сайд Эрна Сульберг нар оролцож байгаа юм байна. Түүнчлэн Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ен Ким, ОУВС-гийн захирал Кристин Лагард, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар ч очжээ. ОУВС-гийн захирал Кристин Лагардын мэдэгдсэнээр дэлхийн нийт ДНБ-ий хоёр орчим хувь нь авлигад зарцуулагдаж байгаа аж. 2015 оны байдлаар энэ нь 1.5-2 их наяд ам.доллараар үнэлэгдэж байна. Үүнээс гадна авлига, хээл хахууль зөвхөн хөгжиж буй оронд биш, хөгжингүй орнуудад ч гардаг тухай Лагард мэдэгджээ. Тэрбээр “Дэлхий нийтэд явуулсан саяхны судалгаагаар авлига нь ядуурал, ажилгүйдлээс илүү нийгэм даяараа хэлэлцэх ёстой чухал сэдэв гэдэг нь тогтоогдсон. Ядуурал, ажилгүйдэл нь авлигын архаг шинж тэмдэг тул энэхүү асуудлыг олон нийтийн нүдэн дээр хэлэлцэх нь зөв” хэмээсэн байна. Сонирхолтой нь Лагард өөрөө ч төрөлх Францдаа хэдэн жилийн турш авлигын шуугиантай холбоотой “Бернар Тапигийн хэрэг” хэмээх асуудлаар шалгагдаж байгаа юм.

 

 

 

Х. АЯЛГУУ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?