1998 оны 10-р сарын 02. Энэ өдөр Монголын Ардчилсан Холбооны тэргүүн, Монголын Ардчиллын алтан хараацайн нэг, Дэд бүтцийн сайд, Ерөнхий сайдад нэр дэвшигч С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн. Үүнээс хойш 22 жил өнгөрчээ. Сонгууль бүрээр л С.Зоригийн хэргийг нээнэ, ил болгоно гэдэг ч 6 удаагийн сонгуулийн нүүрийг үзжээ. 2016 оны сонгуулийн өмнө Зоригийн бэлэвсэн эхнэр Булганыг хорьж, мөн Булган аймгаас сэжигтэй гэх хоёр хүнийг саатуулан, хэрэг тохсон нь өнөөдөр эргээд л задарч байна. С.Зоригийн хэргийг заргалдах чадваргүй хүмүүст хийсээр тохож, хавтаст хэргийг нэгмөр хаах гэсэн оролдлого гэж үзэж байгаа улс төрчид гарч ирсэн ч, нэгмөсөн эцэслэн шийдэж чадсангүй. Энэ хэрэгт Зоригийн бэлэвсэн эхнэр Булган, УИХ-ын гишүүн асан, хэргийн газраас малгай нь илэрсэн Бат-Үүл нарыг багагүй хардаж шалгасан. Бат-Үүл нь Булгантай сэтгэлийн амраглал эдэлж байсан гэдэг мэдээлэл ч тэр үеэс цацагдсан. Уг хэргийг мөрдөн шалгаж, шинжлэн тогтоож байсан албаны хүмүүсээс С.Зоригийн хэрэг илрэхгүй гэж хэлсэн нь бий. Хэргийн газрын ул мөрийг бүдгэрүүлсэн. Дэндүү олуулаа орж, Цагдаа хүчний байгууллагын шаардлагыг үл биелүүлэн хэргийн газарт туучсан нь ул мөрийг тогтооход ихээхэн саад учруулсан ч гэж хэлж байсан. Тэгвэл энэ үед чухам юу болж байсныг, улс орны улс төрийн нөхцөл байдал хаашаа эргэж байсныг тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Баатарын дурсгалаас эргэн санацгаая.
- ” 1998 онд сөрөг хүчний намын дарга Н.Энхбаяр УИХ-д орж ирээд хийсэн анхны ажил нь Энхсайханы засгийн газрыг огцруулах оролдлого байв. Түүний санаачилга, МАХН-ын ( Тухайн үедээ МАН нь МАХН гэж нэртэй байсан) бүлгийн гарын үсгийн дагуу Монголд анх удаа засгийн газрыг огцруулах санал хураалт боллоо. Ардчилсан холбоо эвсэл нийт 50 суудалтай байсан. Яг л ийм тооны санал Энхсайханыг дэмжсэн юм. Гэвч бие даагч О.Дашбалбар М.Энхсайханд харуулж байгаад улаан балаар дэмжиж дугуйлсан болохоор эвлээс хэн нэг нөгөө талд санал өгсөн нь ил болсон. Энэ бол С.Зориг байсан юм… Цаашлаад үйл явдал хэрхэн өрнөснөөс үзэхэд М.Энхсайхан, С.Зоригийн зөрчил гүнзгийрч эсрэг намынханд өгөөш болж тухайн үеийн ХЗДХ-ийн дэд сайд ТЕГ-ын даргыг зайлуулахын тулд тэднийг ашигласан гэх агуулга ч бий. Мөн С.Зориг М.Энхсайханыг оролцуулж Ц.Элбэгдоржийг ерөнхий сайд болгохын тул Н.Энхбаяртай ойртож дэм авч, үр дүнд хүрсэн ч, дараа нь Н.Энхбаяр нь Ц.Элбэгдоржийн засгийн газрыг айлгаж эхэлсэн байдаг. Тэр үед С.Зориг дэд бүтцийн дэд сайд байв. Улс төр өргөсөж , дээр өгүүлсэнчлэн С.Зориг Дэд бүтцийн сайдаас ерөнхий сайдын албан тушаалд очих өндөр магадлалтай болсон байв. Тухайн үед ерөнхийлөгч Н.Багабанди Э.Бат-Үүлийг бус С.Зоригийг ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн байсан билээ. Тэр үе нь Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрын дунд далдхан тэмцлийн гал ассан үетэй давхацсан. Өнгөц харвал С.Зориг амиа алдахаас өмнөх улс төрийн нөхцөл байдал нэг иймэрхүү байлаа….” хэмээн бичсэн байдаг.
Ийм улс төрийн нөхцөл байдал үүссэн нь, С.Зориг хэзээ хэзээгүй ерөнхий сайд болох нь тодорхой болсон үед энэхүү хэрцгий аллага болсон. Тиймээс үүнийг ахуйн осол гэж нэрлэхэд бэрхшээлтэй. Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн захирлын суудал бол Монгол улсын ерөнхий сайдын суудлаас ч үнэ цэнтэй байсан. Н.Багабанди, Отгонбилэг нар зузаан найз, бизнесийн том түншлэл үүсгэсэн байсан үе. Энэ түншлэлд нь хэвлэлийн магнат болсон Балдоржийг нэмж, улс төр- бизнес-хэвлэлийн алтан гурвалжин гэж ч ярих хэлцэх болсон. Энэ үеэс л улс төрийн лидерүүд өөртөө хэвлэлтэй байх ёстой гэсэн жишиг халдварлаж, өнөөдөр Монголын улс төрчид толгой дараалан хэвлэлтэй болсон гэж хэлж болно. 1998 онд эргэж орьё. 1998 оны найм, есдүгээр сард Монгол улсын ерөнхий сайдад нэр дэвшсэн хэд хэдэн хүнд ерөнхийлөгч Н.Багабанди удаа дараа хориг тавьсан. Ардчиллын алтан хараацайнуудын нэг гэгддэг Да.Ганболд гэхэд л 11 удаа нэг дэвшээд Н.Багабандийн хоригоор буцаж байсан түүхтэй. Тэд нарыг зөвшөөрөөгүйн гол шалтгаан нь тэд Багабандийн гол асуултад унасан гэдэг. -Ерөнхий сайдаар томилохыг зөвшөөрвөл Ш.Отгонбилэгийг Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар үлдээх үү? гэсэн асуултанд тэд дараалан унасан учраас ерөнхий сайд болоогүй гэсэн үг. Эхний нэр дэвшигчид дараалан унасан учир С.Зоригийг ерөнхий сайдад нэр дэвшүүлэх талаар хэлэлцсэн байдаг. Энэ үед нөгөө л улс төрийн намуудын хоорондоо хуйвалддаг бохир хор найруулалт, албан тушаалын наймаа давхар яригдсаны анзаарч болно. Тухайн үед Санжийн Баяр ерөнхийлөгч Н.Багабандийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Баяр багын найз, Дөчин мянгатын нэгэн дошны Э.Бат-Үүлийг ерөнхийлөгч Н.Багабандитай уулзуулсан байдаг. Энэ уулзалтын үеэр Н.Багабанди, С.Баяр нар Э.Бат-Үүлд хандаж “Хэрвээ С.Зоригийг ерөнхий сайд болгож хэмээнэ Огтонбилэгийг “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар буцаагаад тавих уу. Энэ тухай түүнээс асуу. Отгонбилэг хэрвээ хуучин албан тушаалд нь тавина гэвэл бид С.Зоригийг ерөнхий сайд болоход саад хийхгүй” гэж хэлж байсан тухай мэдээлэл бий. Зориг ерөнхий сайд болох нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл тэр " согласие" өгсөн гэсэн үг. Тэгээд юу болов?
1998 оны аравдугаар сарын 2-ны баасан гаригийн орой 21 цаг 40 минутын үед УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зориг гэртээ ирсэн гэгддэг бөгөөд ирэхэээс нь 20 минутын өмнө буюу 21 цаг 20 минутын орчимд гэмт этгээдүүд гэрт нь дайран орж эхнэр Д.Булганых нь амыг боон, Гарыг нь үдээсээр хүлэн ариун цэврийн өрөөнд орхисон байсан. Гэмт хэрэг үйлдэх бүх нөхцөлөө энгэж бүрдүүлсэн этгээдүүд С.Зориг агсаныг гаднаас орж ирмэгц 18 удаа хутгалан амийг нь хөнөөсөн. Энэ дүрслэл бол сонин хэвлэлээс сэтгүүлчдийн олж авсан мэдээлэл. С.Зоригийг амиа алдахаас өмнө, аравдугаар сарын 1-ны өдөр Ардчилсан холбоо Эвсэлээс түүнийг Монгол улсын ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг шийдвэрлэсэн. МҮАН-ын ерөнхий зөвлөлийн хурлыг аравдугаар сарын 2-нд хуралдуулахаар товлосон байсан ч тодорхой бус шалтгаанаар 10-р сарын 3-ны өдөр болтол хойшилсон байв. Гэтэл С.Зориг тус хурлыг хүлээж чадалгүй 10-р сарын 2-ны шөнө амиа алдсан билээ. Энэ шөнө чухам юу болсон талаар аллагын цорын ганц гэрч гэгддэг Д.Булган 17 жилийн дараа: “Төрийн ордон дотор шатар тоглож байна” хэмээн Зориг утсаар ярьсан. Тэр үед тэднийд Бат-Үүл ирсэн байсан. Төдөлгүй С.Зориг гэртээ ирсэн. Тэд халамцсан. Гэтэл гаднаас хоёр залуу орж ирсэн. С.Зоригийн амийг хороосон тэр хоёр залуу Бат -Үүлд хандан:- “Амаа хамхиж яваарай. Хэрвээ амаа хамхиж чадахгүй бол дараачийнх нь чи шүү” гэж сүрдүүлсэн. Тиймээс Э.Бат-Үүл айж сандран гарч гүйхдээ С.Зориг агсны гэрт саарал өнгийн малгайгаа орхижээ. Ийм л зүйл, мэдээлэл тухайн үеийг сонин хэвлэлд шарлан үлдсэн. Үүнээс цааш юу болсныг нь монголчууд мэднэ. Ахынхаа нэр хүндэд тулгуурлан түүний дүү Оюун УИХ-д гурван удаа дараалан сонгогдсон. Сонгогдохынхоо өмнө Англид ажиллаж байсан. Сонгогдож чадаагүй жилээ Япон улсад Олон улсын байгууллагад ажиллахаар одсон. УИХ-д байхдаа, Намын дарга байхдаа ч ахынхаа авлагын хэргийг ахиулж чадаагүй. Учир нь хэргийг төрийн нууц нэрээр хар хайрцагт далдалсан. Тиймээс төрсөн дүү нь ч юу ч хийж чадаагүй. Хэрэг хоёр үзүүртэй хөвөрсөн. Нэг үзүүр нь Булганы нууц амраг нэрээр Э.Бат-Үүл рүү, нөгөө нь Отгонбилэг рүү. Яван явсаар энэ авлагын эзэн нь Отгонбилэг гэж тогтоохыг 2016 онд оролдоод бүтэлгүйтсэн. Одоо энэ хэрэг илрэхгүй. Цаашид ч илрэхгүй гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Энэ хэргийг анхнаас нь шалгасан, мөрдсөн, шинжилсэн хүмүүсийг Тагнуулын байгууллага хараанаасаа мулталдаггүй. Тэгээд ч тэдгээр мөрдөн байцаагчдын зарим нь хорвоог орхиж эхэлсэн байна. Монголын төр С.Зоригийн аллагын захиалагчийг олох байтугай, алуурчин ч олохоос өнгөрсөн.
Ц.ЭНХБАТ