Хятадын түүхэнд Күнзийн ном судрыг шатааж устгах явдал хоёр ч удаа гарсан байдаг. Анхных нь бол Манай эриний өмнөх 2-р зуунд амьдарч байсан Цин Ши Хуанди хаан бөгөөд тэрбээр өөрөөсөө гурван зуугаад жилийн өмнө амьдарч байсан Күнзийн сургааль бүхий ном судрыг шатааж, үүнийг эсэргүүцсэн дөрвөн зуу гаруй эрдэмтнийг амьдаар нь булж, олон түмний бослогыг цус урсган дарж байж Цин улсыг байгуулж байжээ. Харин түүний дараа дараачийн Сүн, Мин зэрэг династууд Күнзийн номлолыг сэргээж эхэлсэн байдаг.
Тэгж байтал 1960-аад оны үед Мао Зе Дун Соёлын хувьсгал хийхдээ Күнзийн ном судрыг юу юугүй шатааж, түүний улаан хамгаалагч нар “Бидний Мао дарга Хятад даяар хуучныг номлогч дөчин мянган эрдэмтэн, сэхээтнийг үгүй хийж, Ши Хуанди хаанаас зуу дахин илүү гарч чадлаа” гэж бахархан хашгирч явсан түүхтэй.
Ши Хуанди болоод Мао Зе Дун нар Күнзийг яагаад ийнхүү ад үзэх болов гэвээс тэдний хууль сахиулагчдын дэг нь Күнзийн сургаалиас эрс өөр, тухайлбал хүн бүр ямар ч хуулинд үг дуугүй захирагдаж, төр засаг нь улс орныг хүчээр удирдах ёстой гэж үздэгт оршино. Энэ нь Күнзийн “Удирдагч хүн ард иргэдээ хувийн суртахууны шилдэг үлгэр жишээгээр удирдах ёстой” гэсэн үзлээс эрс өөр ажээ.
Харин Мао даргыг таалал төгсмөгц “Хүйтэн дайн” дуусна гэдгийг аль эрт олж харсан, бас аливаа нэг үзэл суртлыг ягштал баримтлахыг эсэргүүцэж ирсэн Дэн Сяо Пин гарч ирээд Күнзийн номлолыг сэргээж эхэлжээ.
Одоо тэгтэл Күнзийг хориглох гурав дахь давалгаа Хятад оронд бий болоод байна. Саяханаас Бээжингийн засгийн газраас гадаад болон дотоодод байгаа хятад иргэдийн эрхэлдэг Күнзийн сургуулиудыг бүрмөсөн хаах шийдвэр гаргажээ. Хөх хотод Күнзийн сургууль эрхэлдэг нэгэн өвөрлөгч найз маань өгүүлэхдээ: “Дөнгөж өчигдөр сургуулиа хаалгачихлаа. Ганц би биш ээ. Америкт байгаа хэд хэдэн хятад хүний Күнзийн сургуулийг бас хаажээ. Гэхдээ Күнзийн сургуулийн буурин дээр өөр сургууль эрхэлж болно гэж үзсэн. Одоо би ямар сургууль байгуулдаг юм билээ гээд л бодоод сууж байна. Гоё санаа байвал хэлээч” хэмээв. WeChat-ын зарим бүлгэм дээр ч Күнзийн сургуулийг хаах болсон тухай бичлэг явж л байна. (Энэ тухай ганц нэг бичлэгийг комeнтонд байршуулав )
Күнзийн сургуулиудыг ийнхүү гэв гэнэт хаасан явдлыг Өвөр Монголын зарим сэхээтэн тодорхойлохдоо: “Күнзийн сургааль бол дээдсээ хүндэлж, доодсоо хайрлах ёс суртахуун юм. Харин өнөөгийн Хятадын бодлого бол үүний эсрэг чиглэж байгаа. Дэлхий дээр хүн мэхэлдэг хамгийн айхтар худалч, хуурамч, зальтай улс бол Хятад болж хувирсан. Гадаадын шилдэг тэргүүний бараа матeриалын хамаг патентыг хятадууд л хулгайлж байна. Тиймээс тэдэнд Күнзийн ёс суртахуун таарахгүй болсон. Харин зоос л байвал эцэг эхийгээ хүртэл наймаалах хэмжээнд хүрсэн хятадууд Күнзийг биш Сүнзийг шүтэн бишрэх болсон шүү” гэж хэлж байна.
Мөн Хөх хотын Монгол дээд сургуульд багшилдаг нэгэн өвөрмонгол анд маань: “Ши дарга бүх насаараа сонгогдох эрхтэй болсон. Тиймээс түүнийг хятадууд “Хоёрдугаар Мао” гэж хэлэх боллоо. Ийм том агуулганд холбогдсон хүн чинь Хятадын коммунист намын маш том тулгалт, шахалтанд орох нь зайлшгүй. Үүнд Күнзийг хориглох бол юу ч биш” хэмээв.
Хятадууд Сүнзийг бишрэх болсон гэснээс одоогоос хоёр мянга гаруй жилийн тэртээ бичигдсэн Сүнзийн “Дайтах урлаг” бол дэлхийн цэрэг, дайны онолын хамгийн анхны сод бүтээл гэж үнэлэгддэг. Харвардын их сургууль Сүнзийн “Дайтах урлаг”-ийг хичээл сургалтынхаа голлох гарын авлага болгон ашиглаж, мөн Америкийн зэвсэгт хүчний командлал Пентагон энэхүү дайтах урлагийн зарим гоц санааг үйл ажиллагаандаа хэрэглэж ирсэн, түүнчлэн дэлхийн том том пүүс, компаниуд Сүнзийн “Дайтах урлаг”-ийн үзэл санааг эдийн засагт ашиглаж, зах зээлийн “Баатар хамгаалагч” болсон гэх мэт янз янзын л юм байдаг бололтой.
Сүнзийн “Дайтах урлаг”-т өгүүлснээр бол дайны хуулийн дагуу хамгийн эхэнд дайсны төрийг хэвээр үлдээж, дараа нь төрийг өөрсдийн санаснаар хөдөлгөж, дураараа сүйтгэж самууруулах нь тун ч ашигтай. Түүнчлэн дайны хамгийн сайн чанар нь дайсны түмэн цэргийг хэвээр нь үлдээж, хоёрдугаар байранд тэр түмэн цэргийг санаан зоргоороо буулгаж авах юмсанж. Тийм учраас зуун удаагийн дайн тулаанд зуун ялалт байгуулах нь хамгийн сайн нь биш. Харин дайсны цэргийг тулалдаангүйгээр дарж, тэднийг цусгүйгээр буулган авч, цайзыг эвдэлгүйгээр эзэлж, цэрэг цуухаа ядраалгүйгээр ялалт байгуулах нь хамгийн сайн нь ажээ.
Тиймээс саяхан Хятадын нэг эрдэмтэн “Өнөө цагт жижиг буурай орныг уусгаж авахад зэвсэг хөдөлгөх бол хоцронгуй арга. Дэлхий дахины хараалыг барахын нэмэр. Харин тухайн улсын хэл, соёлыг устгаж байгаад уусгаж авах бол нэгдүгээр дэсийн дайн юм” гэж мэдэгджээ. Өмнө нь энэ дайн Шинжаан Уйгарт тун гарамгай хэрэгжсэн. Одоо харин энэ дайн Өвөр Монголд ид өрнөөд байна.
Эх сурвалж: Б.ОЙДОВ