Муу бүхний дээд рекордыг Монгол улс тогтоож байна. Газрын баялагаараа хамгийн баян хэрнээ хамгийн ядуу амьдарч буй улс орныг Монгол тэргүүлж буй. Хамгийн аз жаргалгүй иргэн гэсэн индексээр дэлхийд мөн л сүүл мушгиж буй. Хорт хавдраар хамгийн их нас баралттай орны үзүүлэлтийг ч Монгол улс тэргүүлдэг. Санхүүгийн сахилга батгүй ийм улс. Төр нь улс орноо, ард иргэдээ гэх бодлогогүй. Улс төрийн л амбиц, түүнийг дагасан популист шийдвэр л ноёрхож ирсэн. Энэ бүхэн нь улс орны хөгжлийг боож, уруудах зам руу хөтөлсөн. Төсөв батлах, төсвийн сахилга батыг сахиулах үүрэгтэй УИХ нь чадамжгүй. Төрийн дээд байгууллага нь өөрөө мөнгө санхүүгийн сонирхолд автаж хээл хахуульд идэгдсэн. Энэ бүхэн нь саарал жагсаалтад Монгол улсыг буцаан багтаасан. Европын орнууд Монгол улсыг бүр хар жагсаалтад ч оруулахаа илэрхийлсэн. Учир нь Монгол улс хар тамхины бизнесийг дипломат албаны хүрээнд эрхэлж ирсэн нь удаа дараа тогтоогдож, Германы хуулиар эхнээсээ ял шийтгэл хүлээсэн. Мөнгө угаах санхүүгийн бохир үйл ажиллагаа, банк санхүүгийн эрүүл биш тогтолцоо нь Монгол улсад эргэлзэхэд хүргэсэн. Энэ бүхэнд олон улсын санхүүгийн байгууллагаас "МУУ "гэсэн дүнг тавьсан.
Монгол улсыг ФАФТ-аас саарал жагсаалтад оруулсан. Ийм л байна, Монгол улсын өнөөгийн өнгө төрх. Харин эрх баригчид юу гэж хэлж байна? -Санхүү сайжирсан. Үйл ажиллагаа дээшилсэн. Энэ өдрүүдэд ФАФТ саарал жагсаалтаас Монгол улсыг гаргах гэж буй. Энэ сарын 15, 16-ны өдрүүдэд ФАфТ дээрх асуудлыг хэлэлцэж, 20 -ний өдөр гэхэд гаргах шийдвэрээ эцэслэнэ гэсэн зүйлийг Сангийн сайд Хүрэлбаатар хэлж, түүнийгээ сурталчилж байна. Энэ хэр хариуцлагатай мэдэгдэл вэ? Яагаад заавал Сонгуулийн дүн гарах өдөр энэ хурал болно гэж мэдээлэв гэдгийг тунгаах ёстой. Түүний хэлсэн үнэн эсэх нь сонгуулийн дараачийн асуудал. Тиймээс ийм зүйл ярьж толгой эргүүлж, төөрөгдүүлж буй сангийн сайдтай хариуцлага тооцох шаардлагатай. Тэгвэл улс орны мөнгө санхүү өнөөдөр ямар байна вэ? Юу сайжрав? гэдгийг хэдхэн тоогоор өгүүлье.
Энэ жилийн улсын төсөв 4.8 их наяд буюу монгол улсын жилийн төсвийн тэн хагастай тэнцэх алдагдалтай байна. Үүнийг хэрхэн, ямар орлогоор нөхөх тухай тайлбар алга. Үрлэг зарлага л байна. Хүүхдийн мөнгөнд ирэх жилийн хагаст л 720 тэрбум олгохоор ЗГ-аас төсвийн төсөл өргөн барилаа. Үүнийг нэг намаас бүрэлдсэн энэ УИХ баталгаажуулах нь тодорхой. Энэ бол түрээсийн үлс болсныг улам баталгаажуулж байна. Мэдээж үйлдвэрлэл, ДНБ- ний орлого нэмэгдэхгүй. Тэгэхээр сурснаараа мөнгө хэвлэнэ. Төгрөгийн ханш суларч, бараа бүтээгдэхүүний үнэ улам нэмэгдэнэ. Эдийн засаг хүндэрнэ. Төсвийн цоорхойгоо гадаад зээлээр нөхнө. Ийм л дүр зураг ажиглагдаж байна. Өнөөдрийн байдлаар манай улсын гадаад өр 30 млрд ам.доллар давсан. Энэ бол 7-8 жилийн улсын төсөвтэй тэнцэх дүн. Яг өнөөдрийн байдлаар хамгийн өртэй дэлхийн 10 орны нэгд зүй ёсоор бичигдэж байна. Ингэхэд эдийн засаг сайжирч байна гэдэг сангийн сайд, улс төрчийн нэг үгэнд итгэж болох уу? Монгол улс эдийн засгийн хараат улс болж байна. ОУВСангийн зээлийн хяналтанд Монгол улс орсон. Монголын төсөв санхүүг УИХ биш, бидэнд зээл олгогч гаднын санхүүгийн байгууллага удирдах нөхцөл бүрдсэн. Олон улсын валютын сангийн зааварчилгаа, зөвлөгөө хяналтыг Монгол улсын Сангийн яам үг дуугүй зөвшөөрч байгаа нь тун эрсдэлтэй. Монгол улсын эдийн засаг хямрах тусам Оюу толгой зэргийн томоохон баялгийн гэрээнд зохистой өөрчлөлт хийж чадахгүй сул тал үүсэх аюултай. Рио тинто компани нь Дубайн гэрээг хийхдээ зориуд олон улсын арав гаруй банк санхүүгийн байгууллагаас зээл авсан байдаг нь санамсаргүй үйлдэл биш гэж судлаачид үздэг. Тэдний хамгийн томоохон зээлдэгч,хамтрагч нь ОУВСан гээд бодчих. Төсөв хүндэрсэн. Үүнээс гарах, хөнгөлөх замыг хайх ёстой.
Хүүхдийн мөнгийг сонгууль сонгуулийн өмнө тараадгийг зогсоох ёстой. Үр өгөөжгүй зардал зарлагыг багасгах, үндэсний үйлдвэрлэл дэмжих,ажлын байр нэмэгдүүлэх, зөв хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын дэмжих бодлого орхигдсон. Хавтгайруулан олгох халамж нь монгол улсыг ТҮРЭЭСИЙН ТӨРТЭЙ улс болгон ядуурууллаа. Явж явж Оюутолгойн гэрээг ч өөрчилж чадахгүй байх магадлалтай. Тэгвэл "ЗУУНЫ ЛУЙВРЫН ГЭРЭЭ" хүчин төгс үргэлжилж, Монголын баялгийг минут секунд тутамд хилийн чанадад вагон вагоноор зөөж, бид улам өрөнд идэгдэх болно. Би эдийн засагч биш, гэхдээ ийм л байна даа.
Ц.ЭНХБАТ