ДУУЧИН АМАРХҮҮГИЙН АЛДААГ НЭГ УДАА УУЧИЛЦГААЯ ГЭЖ ГУЙЖ БАЙНА

2020-10-07  

 Саяхны амралтын өдөр интернет ухаж, оросын телевизүүдийн дуу хөгжмийн нэвтрүүлгүүд, баярын дугааруудыг зориуд шүүж үзлээ. Тэр " Алтан сан хөмрөг"-т Б.Амархүү дуучны дуулсан дуу, оролцсон нэвтрүүлэг багтсан байна. Гэтэл би юуг шинээр олж харсан гэж санана! Бурхан минь, Та энэ монгол хүүд ямар их хөдөлмөрч зан чанар, гайхамшигтай яруу тунгалаг цээл хоолой, урлагийн хүнд байвал зохих бүхий л сайхан бүхнийг харамгүй бэлэглээ вэ гэж эрхгүй бодогдлоо. Түүний нүүр дүүрэн инээмсэглэл, цог жавхлан дүүрэн гялалзсан хар нүд, айзам хэмнэл дүүрэн хөдөлгөөн, уянгалаг цээл хоолой. Амархүүг харж сэтгэлийн их жаргалд умбан баярлаж, түүнийг дэмжин уухайлж байгаа түм түмэн оросын үзэгчид, тэдний нижигнэсэн зогсолтгүй алга ташилт... Амархүүгээр бахархахгүй, баярлахгүй байхын аргагүй. Урьд нь энэ дуучны тоглолтын хэсгүүдээс үзэж л байсан л даа. Гэхдээ л өөр нүдээр харж байж.

Энэ дуучнаар дамжин найрамдал, нөхөрлөл, хөгжил цэцэглэлт, ая дууны ямар “гоё гүүр” бий болсныг дахин анзаарлаа. Гэвч энэ бүхэн маань өнгөрсөн цагт хамаарах болсон нь харамсаад ч баршгүй. Нэгэн цагт мянга мянган хүнийг соронзон мэт татан, гайхагдан шагшигдаж явсан эрдэнэ мэт авъяасаа харанхуй нүх рүү "шидчихээд" тэр чигээр нь орхичиж болно гэж үү гэх бодол дотор харлуулна. Дэндүү хайран хүн, дэндүү ховорхон авьяас, нөр их хөдөлмөр хөсөр хаягдах нь гэхээс зүрх сэтгэл хөндүүрлэн өвдөж байна. Судалж, сурвалжилж байтал, зарим нэг хүмүүсийн бичээд,яриад байсан шиг хар тамхинд Амархүү маань ороогүй, тэр барааг арилжаалаагүй, донтоогүйг нь олж мэдээд магнай тэнийтлээ баярлалаа. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд шинжлүүлсэн байдлаар түүний цусанд хар тамхинд донтсон, байнгын хэрэглээ болсон үзүүлэлтүүд огт илэрсэнгүй. Саваагүй сонирхол ,бодлогогүй алхам ямар хор уршиг дагуулдаг болохын тод жишээ энэ болов.

Тэр өөрөө ч туйлаас харамсаж,өөрийгээ буруутгаж байна. Тэр уйлж, гуниглаж байна. “ Эр нэг алдаж,эрэг нэг нурдаг “ гэдэг ардын үг бий. Тэвчээртэй байгаарай л гэж зөвлөхөөс өөрийг хийж чадахгүй байгаадаа давчдаж байна. Тэвчээрийн ард ерөөл бий шүү. Амархүү бол одонцор биш. Тэр бол төрөлхийн авьяас. Тэр дөнгөж 28 настай. Алдаа онооны л нас. Алдсанаа гэмшин ухаарсан Б.Амархүүгээ нэг л удаа уучилж, дахин чөлөөт иргэн шиг амьдрах, бүтээх туурвихын алтан боломжийг олгоё. Бүгдээрээ уучлал үзүүлье. Амьдрал баян шүү дээ. Амархүү бол Шүүхийн байгууллагад он удаан жил шүүгчээр ажиллаж байсан миний хань Н.Пүрвээгийн маань дэндүү их хайрлаж, хүндэтгэдэг дуучин нь. Тэр маань тэнгэрээс нулимс дуслуулан залбирч байгааг би сэтгэлээрээ мэдэрч байна. Нэгнийгээ алдаан дээр нь дөрөөлж цааш нь түлхэж унагах биш, уучилж, өөд нь татдаг уужуу ухаантай ард түмэн дээ, монголчууд минь. Миний постыг аль болох олон хүнд хүртэл шэйр хийж өгөхийг хүсье. Амархүүг өршөөн, уучилья.

СТА, дуучин О. БОЛДБААТАР, 2020 оны аравдугаар сар.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
USA :Битгий донгос дуучин гуай 2020-10-10
зочин:Харин ч хөнгөн шийтгэсэн. Ухаарал суухгүй байсаар өөрөө ялаа авсан хүн шүү дээ. Бүү нялцгана 2020-10-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?