- Зүрх зүссэн их үерийн жил тавын даваанд хэн амладаг бол? Аварга, арслан, заанууд амлахгүй өнгөрвөл учир бий шүү гэж бодож суутал үл таних засуул намайг дуудан:- Чамайг Бээжин арслан амласан. Түргэхэн гар гээд бараг л тууж хөтлөөд явдаг юм. Зүрх палхийгээд, бие ширвээтэх шиг хачин боллоо. Талбайд гараад индэр рүү хартал засуул Лүгдэв гуай маань Ю.Цэдэнбал, Ж.Самбуу дарга нарын дунд суусан бөх тайлбарлаж харагдана. Эргээд харвал, цэнгэлдэхийн зүүн хойд өнцөгт Бээжин арслан өвдгөө тулан хайрцаглан зогсоно. Ямар гоё бөх харагдсаныг үгээр дүрслэхэд бэрхтэй. Ийм гоё бөх бас байдаг аа гэж бодоод бишрэх сэтгэл төрсөн дөө. Тэгээд л очоод золгосон. Бариа зөрүүд дээр дайраад тонгорохоор нь хавираад зайлтал хөл гулгаад дарга нарын халз өмнө шахуу тэнцэрлээ. Арай унасангүй дээ гэж бодоод эргэтэл нэвтрүүлэгч Бадамсэрээжид арслан:' Арслан Бээжин унаж, цэргийн арслан Өвгөнхүү БНМАУ-ын начны болзол хангалаа” хэмээн зарлах үед Бээжин арслан нүдний буланд босож амжаагүй харагдсан гэж дурсамжаа бичсэн байдаг.