Улсын төсөв мөнгө хүрэлцэхгүй болсон. Монгол улс Японоос ээлжит хөнгөлөлттэй зээлээ авах болсноо "бахдан" ярьж байна. Мөнгө хаанаас олох, зардлаа яаж зөв зарцуулах вэ? гэдгийг УИХ хэлэлцэх зуур мөнгөний цоорхойг илрүүлж эхэллээ.
Тооцоо, судалгаа хийхэд зарим аймгуудын хүн амын 60 хувь нь группт орчихсон, халамжийн нэрээр төсвийн хөрөнгээс хүртдэг, дэндүү хавтгайрсан байдал Монголд бий болсон байна. - Наад зах нь өнөөдөр группэд орсон хүмүүс, оруулсан эмч нарыг нь шалгаж, зөв бурууг нь тогтоох ажлын хэсэг гаргах хэрэгтэй. Тэгэж чадвал, улсын төсвийн дэмий урсаж байгаа мөнгийг зогсоох боломж бүрдэнэ. 2021 оны нэгдүгээр сарын 1 гэхэд эрүүл мэндийн нэгдсэн санг бүрдүүлж, хяналтаа 100 хувь тавина гэж Эрүүл мэндийн сайд Манхсайхан хэлсэн.
Мөнхсайхан сайд эрүүл мэндийн группэд хамрагдсан хүмүүсийг ийнхүү шалгах болсон нэг шалтгааныг дурдая. Төсвийн мөнгийг буруу замаар урвуулан авч буй аймгийг Баян-Өлгий аймаг хошуучилж байна. Баян-Өлгий аймгийн тэргүүн баячуудын тоонд зүй ёсоор ордог нэгэн эр хүртэл группэд буюу тахир дутуугийн тэтгэмжид хамрагдчихсан, сар бүр 480 мянган төгрөг улсаас авдаг тухай, группэд орсон тэр эр 200 гаруй сая төгрөгийн үнэ бүхий автомашин хөлөглөж, Өлгий хотын төвөөр салхи татуулан давхидаг, эрүүл бие, саруул ухаантай бизнесмэн эр байдаг тухай олонд ил болж эхэлсэн нь сайдыг ингэж хэлэхэд хүргэсэн. Энэ нь Баян-Өлгий аймгийн эмч нар “Хөдөлмөрийн чадвараа 60 гаруй хувиар алдсан, өтгөн, шингэнтэйгээ холилдон, бусдын асаргаа сувилалд хэвтрийн дэглэмд байдаг гэсэн оноштойгоор группэд хамруулсан нь дэлгэгдсэн. Тиймээс Мөнхсайхан сайдын анхны шалгалтын баг Баян-Өлгий аймгийг зорих болж байх шиг.
Т.ОРГИЛ