АНУ, ИХ БРИТАНИ ОРОСЫН ЗУРГААН ИРГЭНИЙГ ХАКЕРЫН ХАЛДЛАГАД БУРУУТГАВ

2020-10-20  

Их Британи, АНУ-ын эрх баригчид ОХУ-ын зургаан иргэнийг Олимпын наадмын хэд хэдэн цахим хуудас, мөн Францын одоогийн Ерөнхийлөгчийн сонгуулийн штабыг хакердсан хэрэгт буруутгажээ.

АНУ-ын Хууль зүйн яам Оросын иргэдийг 2018 оны Пёнчаны өвлийн Олимпын наадам, 2017 онд болсон Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хакерын халдлагын хэрэгт буруутгасан байна. Тус яамны мэдээлснээр, эдгээр хүмүүс Оросын Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд байжээ. Их Британийн тагнуулын алба ч мөн ингэж мэдээлж байна. Тэдний авсан мэдээллээр оросууд 74455 дугаар тусгай ангийн бүрэлдэхүүнд багтаж байжээ.

Их Британийн эрх баригчид мөн энэ анги нэгтгэлийг цар тахлын улмаас ирэх жил зохион байгуулахаар хойшлуулсан Токиогийн Олимпын наадмын кибер дэд бүтцэд халдсан гэж сэжиглэсэн байна. Харин Америкийн яллах дүгнэлтэд энэ хэргийг оруулаагүй гэж АНУ-ын Хууль зүйн яамныхан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгджээ.

Оросын албан тушаалтнуудаас Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Леонид Слуцкий хамгийн түрүүнд хариу мэдэгдэл хийж, Оросын иргэдийг буруутгасныг "Москвагийн нэр хүндийг унагах гэсэн ээлжит алхам" гэж нэрлэсэн байна.

Тагнуулын ерөнхий газрын кибер анги нэгтгэлийн ажилтнууд Пёнчан хотод Умард Солонгос, Хятадын хакеруудын нэрийдлээр Олимпын цахим хуудсуудад халдаж, Олимпын наадмын нээлтийн үеэр цэнгэлдэх хүрээлэнгийн “wifi”-ийг унтраахыг оролдсон гэж Их Британийн тусгай албаныхан мэдээлжээ.

Их Британийн тагнуулын байгууллагын мэдээлж байгаагаар, Оросын хакеруудын гол бай нь телевизийн сувгууд, уулын амралт сувиллын газрууд, Олимпын наадам хариуцсан албан тушаалтнууд, тэмцээний ивээн тэтгэгчид байв.

"Олимп, Паралимпын наадмын эсрэг Оросын Тагнуулын ерөнхий газрын хийсэн үйлдэл нь увайгүй, бодлогогүй үйлдэл юм. Бид үүнийг эрс буруушааж байна" гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдэгджээ.

АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлснээр, Олимпын наадмаас гадна хакерууд  2010-2015 онд Украины Засгийн газрын серверт, 2017 онд тухайн үед Францын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Эммануэл Макроны сонгуулийн штабад халдсан бол 2018 онд Гүржийн компани, байгууллагууд хакеруудын бай болсон байна.

Түүнчлэн 2018 оны дөрөвдүгээр сард Солсбери хотод Сергей болон Юлия Скрипал нарыг хордуулсан хэргийг шалгаж байсан Химийн зэвсгийг хориглох байгууллагын сүлжээг хакердах зорилгоор фишинг мессеж илгээсний цаана мөн Оросын хакерууд байсан гэж Холбооны мөрдөх товчооныхон үзэж байгаа аж.

Америкийн эрх баригчид мөн Оросын иргэдийг “NotPetya” компьютерын вирусийг бүтээж, дэлхийн олон арван томоохон компанийн серверүүдэд тараасан гэж буруутгажээ. Үүнээс тэрбум ам.долларын хохирол учирсан гэж тооцсон байна.

Эрэн сурвалжилж буй хүмүүс

Яллах дүгнэлтэд дараах хүмүүсийн нэрсийг жагсаажээ.

  • Юрий Сергеевич Андриенко
  • Сергей Владимирович Детистов
  • Павел Валерьевич Фролов
  • Анатолий Сергеевич Ковалев
  • Артем Валерьевич Очиченко
  • Петр Николаевич Плискин

Эдгээр хүмүүсийн гурвыг нь “NotPetya” болон бусад хортой программыг бүтээсэн гэж буруутгаж байгаа юм. Детистов, Ковалев, Очиченко нарыг байгууллагын ажилтнуудын нэвтрэх нууц үгийг олж авахад зориулагдсан хуурамч имэйл хаягаар дамжуулан фишинг халдлага үйлдсэн хэрэгт буруутгасан байна. 2018 онд Ковалевыг 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэрэгт буруутгаж байжээ.

Эх сурвалж: ЛОНДОН. /BBC/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?