Н.ГАРАМХАНД: БИ ӨӨРӨӨ МАШ ХАЙРЛАЖ ДУРЛАЖ БАЙЖ СУУСАН БОЛОХООР ГОМДОХ ЮМ БАЙХГҮЙ

2020-10-21  

Монголын үзэсгэлэнт эмэгтэйчүүдийн нэг Н.Гарамхандыг зочноороо урьж ярилцлаа. Сүүлийн үед түүнийг А.Сүхбат аваргаас өрх тусгаарласан, ганц бие ээж боллоо гээд л хэвлэлээр шуугиж байна. Удаан хугацаанд нам жим амьдарч, чамгүй олон зүйлийг тунгаан, ажил амьдралаа төвхнүүлсэн Н.Гарамхандаар чухам сонин их байгаа биз ээ. 13-хан настайдаа ОУ-ын хэмжээний мастер, гимнастикийн 5 дахь их мастер тэрбээр бага балчраасаа хөдөлмөрт суралцсан ухаалаг, дайчин бүсгүй. Бүжиглэнэ, дуулна, оёно, бялдаржуулна гээд олон авьяастай тэрбээр биднийг үнэхээр бишрүүлж чадсан, бодсоноос өөр нэгэн байлаа.

-Сүүлийн үед Гарамхандыг ганц бие ээж болсон гээд л шуугиад байна. Нэгэнт уулзсаных хувийн амьдралын талаар асуух хэрэгтэй байх?

-Одоогоор хоёр хүүтэйгээ амьдарч байна. Бид хоёр тийшээ болоод жил хагас болжээ.

-Шийдвэрийг өөрөө гаргасан уу. Аваргын талаар олон нийт хэд хэдэн эхнэртэй, Гарамхандаас гадна ч цөөнгүй байдаг гэх мэтээр ярьдаг л даа. Мэдээж аливаа зүйлд хэмжээ хязгаар бий шүү дээ?

-Энэ шийдвэрийг би өөрөө гаргасан. Нэлээн бодсон. Бид арван жил хамт амьдарсан. Есөн настай, долоон настай хоёр сайхан хүүтэй боллоо. Бид хамтдаа сайхан амьдрал, сайхан цаг хугацааг өнгөрүүлсэн. Олон хүний шуум, ярианд стрессдэж, нервитэхээс илүү гэр бүлийн харилцаа, бие биендээ хэрхэн хандах нь хамгийн чухал. Олон шалтгаанаас болсон л доо. Тусдаа байх, өөр өөрийнхөө амьдралыг хөөх гэдэг шийдвэрийг жил хагасын өмнө гаргаад л өнөөдрийг хүрлээ дээ.

Маш их зүйлийг тэвчиж, ойлгож байсан, арван жилийн хугацаанд юу эсийг үзэх вэ дээ

 -Мэдээж энэ шийдвэрийг эмэгтэй хүн гаргатлаа маш олон зүйлийг тэвчиж, тэсэж ирсэн байх л даа, амаргүй шүү дээ?

-Маш их зүйлийг тэвчиж, ойлгож байсан. Арван жилийн хугацаанд юу эсийг үзэх вэ дээ. Олон асуудал байсан, их ч удаан бодсон. Зөв үү, буруу юу, үүнээс цааш яах ёстой вэ гэж бодсон л доо. Гэхдээ гэр бүлийн харилцаа тогоон дотроо байх ёстой. Түүнээс биш ингээд, тэгээд, тэгж гомдоогоод гэж ярих нь утгагүй. Одоо бол бид үр хүүхдийнхээ төлөө хичээх ёстой юм. Эх нь эх шиг, эцэг нь эцэг шиг ээж, аавынхаа үүргийг тэнцүү гүйцэтгээд явж байвал боллоо. Надад гомдож, туних зүйл байхгүй. Яагаад гэвэл энэ миний хийсэн сонголт. Би өөрөө маш хайрлаж, дурлаж, үнэхээр хайртай болж байж суусан. Халуун хайртай байсан, тэр гоё мэдрэмжийг авч байсан хүнд энэ шийдвэрийг гаргатал маш олон асуудал тулгарсан байж таарна.

-Хоёр хүүхэдтэйгээ уулзаад, хариуцлагаа биелүүлээд явж байна уу?

-Тэр талаар яримааргүй байна. Яг тогтсон шийдвэр гарч, бусад хүмүүс шиг чи сард тэд идийг өг гэсэн зүйл одоохондоо байхгүй байна.

-Танай хүүхдүүдийн хувьд аав, ээж нь аль аль нь спортын хүмүүс гэдэг утгаараа ген нь хаачих вэ дээ. Спортод авьяастай байна уу?

-Миний хоёр хүү хоёулаа спортын авьяастай. Аль аль төрлөө хөгжүүлээд явахад боломжтой. Хүмүүс бөх хүний хүүхэд юм чинь барилдуулна биз дээ гэдэг. Хүүхдүүдийн маань хувь хүний сонирхол нь их чухал. Хүүхэд дургүй байхад бөх болгоно гэж байхгүй. Тэгэхээр ямар спортод сонирхолтой байгааг нь харна. Хоёулаа л спортоор хүмүүжих байх. Хэчнээн мундаг тамирчин болдоггүй юм аа гэхэд заавал спортоор хажуугаар нь хичээллэдэг болгохын тулд анхаарч байна. Одоо бол такиондогоор хичээллүүлж үзлээ, дээрээс нь усан спортоор явуулж, сэлүүлж сургахыг хичээдэг. Миний том хүү бол юүтүбээс дэлхийн том том тамирчдын тоглолтыг үзээд ширээний теннист их дурлаж байна. Ширээний теннис хүний хурд, хүч бүх шалгуурыг хангадаг. Энэ утгаараа том хүү маань энэ спортод их дурладаг болсон. “Ээж ээ, энэ Мика гэдэг тамирчин над шиг солгой гартай” гээд л ярина шүү дээ. Ер нь бол хоёулаа спортод их дуртай, авьяастай. Дээрээс нь хүүхдүүд маань Оюун ухааны академийн “Язгуур” бага сургуульд явдаг. Энгийн байснаас илүү давж сэтгээсэй гэсэндээ оюун ухааны сургуульд явуулж байна. Оюун ухааны спортууд хоёр тархийг зэрэг хөгжүүлдэг, дээрээс нь баруун тархийг илүү дэмжсэн сургалтууд явуулдаг. Бид зүүн тархиа илүү хөгжүүлдгээс тэгж болохгүй, ингэж болохгүй гэсэн баригдмал байдалд хүрдэг. Харин баруун тархийг хөгжүүлснээр бүгдийг байж болно гэж хардаг. Аливааг аргачлачлалын дагуу өөрт зовлонгүй, залхаахгүйгээр сурдаг, түүгээрээ онцдогтой. Хоёр тархи зэрэг хөгжиж, хоёр гар зэрэг хөдөлнө. Хуруугаараа дандаа тоо бодно гэдэг хоёр тархи зэрэг ажиллаж байна гэсэн үг. Их мундаг юм билээ. Хүүхдүүд маань Оюун ухааны төвийн цэцэрлэгээс нь хүмүүжсэн.

Мөн намайг хайрлах, хүндлэх хүнийг зөв сонгох хэрэгтэй

 -Их зөв сонголт хийжээ. Гарамхандын хувьд залуу байна, сайхан байна. Дахиад гэр бүлтэй болох л байх даа?

-Мэдээж хүний амьдрал баялаг шүү дээ. Насны бөгсөнд цайгаа хувааж уух хань ижилгүй байвал эмэгтэй хүн хэцүү. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал. Надад хоёр сайхан хүү байна, хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэх, сэтгэл зүйн хувьд эрүүл байлгахын тулд одоохондоо хүнтэй суухад арай эрт байна. Дээрээс нь энэ шийдвэрийг гаргахад нэлээн бодсон. Мөн намайг хайрлах, хүндлэх хүнийг зөв сонгох хэрэгтэй. Сонголт маш бодууштай л болчхоод байна шүү дээ. Нэртэй, төртэй хүний эхнэр, маш хариуцлагатай эзэгтэй байсны хувьд тохирох хүн нь гарч иртэл цаг хугацааны асуудал байх аа. Мэдээж тэр сайхан хүн гарч ирвэл хань ижил болоод л явах байлгүй дээ, хүн л юм чинь. Түүнээс биш би ийм хүний эхнэр байсан, хэзээ ч хүнтэй суухгүй гэж хэлж болохгүй байх. Хэзээ ч гэдэг үгийг бүү хэл гэдэг дээ. Тэгээд ч хүүхдүүд маань жаахан том болог, ээж, аав хоёр маань яг яагаад салах болсон юм бол гэдгийг ойлгодог, зөв талаас нь харж, хүндэлдэг болох цаг хугацааг хүлээх хэрэгтэй байна.

Хүмүүс над руу хэр барагтаа халдаж чаддаггүй

 -Нэртэй хүний эхнэр байсан гэдэг утгаараа хэр баргийн хүн халдаж чаддаггүй байх?

-Ер нь бол ихэнх хүмүүс халдаж, харьцаад байдаггүй. Гоё сайхан хүүхэн гэдэг боловч халдаж чаддаггүй. Тэгээд ч би өөрөө чанга, хатуу зан чанартай болохоор халдаад байдаггүй шүү.

-Тийм дээ. Гарамаа их жаахандаа нөхөрт гарсан байх аа?

-Жаахан байсан. 18 настайдаа суусан.

-Тэр жаахандаа хүнтэй суугаад тэр тусмаа бөх хүний эхнэр байна гэдэг их л хариуцлага байдаг гэж сонсогдсон. Айлын жаахан охиноос шууд л хариуцлагатай гэрийн эзэгтэй болчихсон байна шүү дээ?

-Миний ээж, аав хоёр эгэл жирийн хэрнэ их хөдөлмөрч, ухаалаг хүмүүс бий. Би жирийн л дундаж амьдралтай айлын охин. Аав маань осолтгүй манлай, онц тээвэрчин хүн бий. Ээж маань мастер үсчин. Сүлжмэлийн үйлдвэрийн мастер байсан. Хоёр эгчтэй, айлын бага шүү дээ. Ер нь хүний гэр бүлийн суурь хүмүүжил хамгийн чухал. Би өөрийнхөө гэр бүлийг маш зөв сайхан хүмүүжилтэй өсгөсөн гэж боддог. Миний ээж, аав намайг зөв зүйлд удирдаж, ташуурдаж өсгөсөн. Тиймээс хамгийн түрүүнд миний гэр бүлийн хүмүүжил нөлөөлсөн байх. Хоёрдугаарт ээж, аавынхаа бие биенээ хүндлээд, хайрлаад явахыг харж өссөн. Энэ утгаараа эр нөхөртөө маш их хүндэтгэлтэй ханддаг байсан. Байнга л цай сүүнийхээ дээжийг мэдээж өгнө, хоол цайгаар дутаахгүй, аль болох өөрийгөө сайжруулж, би яаж аятайхан гэрийн эзэгтэй байх вэ гэдэгт анхаарч, хичээдэг байлаа. Тэгээд ч би спортын хүн учраас аливаад нугарч хугараад байхгүй, шийдвэр гаргавал зоригтой, туушдаа, үнэнч байдаг нь нөлөөлсөн байх.

-Тухайн үед тэр мундаг хүний эхнэр болно, нөгөөтэйгүүр охин маань жаахан байна гээд л аав, ээж нь их л сандарсан бас эргэлзсэн байх?

-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ тэр зөвхөн миний шийдвэр байсан. Мэдээж анх хориглож байсан. Миний охин энэ чинь ийм хүн шүү дээ, болж байна уу гэж л байсан. Тухайн үед би чинь өөрөө аймаар хайртай, бид хоёр чинь нуур нугас байсан болохоор манай хүн шууд л намайг гуйж авсан. Анх манайд орж ирээд л аав, ээжийг маань “Аав, ээж” гэж дуудсан. Учрах ёстой хүмүүс учирна гэдэг шиг цаг хугацаа, тохироо нь бүрдсэн байх гэж боддог. Бүх зүйл их хурдан болсон. Хүмүүсийн юу гэхийг ч сонсоогүй. Тэр бүхэн миний гаргасан шийдвэр болохоор гомдоод байх ч шаардлага байхгүй.

-Бараг л анхны хайр чинь байх даа?

-Чухам хайртай болоод сууснаа нуух юм байхгүй ээ.

-Ингэхэд Гарамааг баян хүний биеэ гоодсон эмэгтэй гэж хардаг байсан хүмүүсийн бодол энэ ярилцлагаар өөрчлөгдсөн байх. Хэзээ ч зүгээр суудаггүй, ажил амьдралын төлөө эмэгтэй юм байна шүү дээ?

-Юу гэж зүгээр суух вэ. Хүмүүс намайг ойлгохдоо баян хүний залуу эхнэр, алган дээр нь бөмбөрөөд аймаар брэндээр гоёод ажил ч хийдэггүй гэж боддог шиг байна билээ. Гэтэл миний амьдрал тийм байгаагүй ээ. Аль болох өөрийнхөө хөдөлмөрөөр, хэн нэгнээс гуйхгүй явахыг боддог. Миний амьдралын замнал ч тийм байсан. Би энэ арван жилийн хугацаанд тэр хүнээр тэтгүүлээд байсан юм байхгүй. Хар багаасаа ажил хийчихсэн, мөнгийг хэрхэн зарцуулах вэ гэдгийг хүртэл маш сайн боддог. Тиймээс хөнгөн хуймгаа, шуналтай зан надад ерөөсөө ч байхгүй.

Ер нь хүчирхэг, сүрлэг хүнтэй байх дуртай юм уу, Сүрдэх мэдрэмж надад их чухал

-Хүн бүрт өөр өөрийн фигур бий. Эр хүний хувьд ямар фигуртай вэ?

-Би ер нь надаас илүү, надад хүндлэгдэх мэдрэмж өгч байгаа хүнийг л сонгоно. Гоё гоё залуучууд зөндөө байна л даа. Тэгэхдээ тэр хүнтэй уулзахад шууд хүндлэгдэх мэдрэмж надад өгч байх ёстой. Мэдээж биеэ гоё авч явдаг, зан чанарын хувьд маш сайхан харьцаатай, ажил төрөлдөө манлайлагч байж чаддаг, ярилцаад суухад эерэг хандлагатай ч байдаг юм уу. Уулзаад суухад хүндэлмээр санагдах тийм л хүн байх болов уу. Ер нь хүчирхэг, сүрлэг хүнтэй байх дуртай юм уу. Сүрдэх мэдрэмж надад их чухал. Надаас илүү байж л би тэр хүнд татагдана шүү дээ. Хүний харилцаа хүндлэл дээр л тогтдог. Бие биенээ хүндэлж л байвал тэр харилцаа байж байдаг. Хүндлэл дууссан цагт харилцаа дуусна. Анх биенээ хүндэлдэг байсан мэдрэмж байхгүй болсон цагт л харилцаа дуусдаг байх гэж боддог. Хүний харах мэдрэхүй чинь өөр шүү дээ. Зарим хүмүүс гоё, царайлаг, сайхан залуу гээд л ярьдаг, гэтэл миний сонголт намхан, царай муутай байхыг үгүйсгэхгүй. Тэр мэдрэмжийг надад ямар хүн өгч байна, түүнээс л шалтгаалах байх.

Бүрэн эхээр нь People сэтгүүлээс уншина уу

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Ene ogthon ch uuriinh n yaria bish bna, mash hungun yavdaltai muu huuhende 2020-10-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?