БУРХАНЫ ГАР ОРОЛЦСОН МЭТ БҮТЭЭЛҮҮД

2016-05-15  

Манай дэлхийн хамгийн ер бусын, содон сүм, дугануудыг танилцуулж байна. Тэдний нэг нь эгц  босоо хадан хясаан дээр байрласан бол удаах нь 15 км сэлж байж хүрэх газрт сүндэрлэж, гуравдахь нь 30 жил баригдах учиртай ажгуу. 

Мон-Сен-Мишелийн сүм,  Франц улс

Гэгээн Михаил уулын Мон-Сен-Мишель хэмээх сүм нь Францын Бретань, Норманди хоёр мужийн заагаар урсах Кюснон голын эрэг дээрх хад чулуу бүхий арал дээр оршдог. Парисаас тэнд хүртэл 400 км зайтай. 708 онд баригдсан уг сүм эхлээд шашны болоод цэрэг дайны зориулалттай үүргийг хавсран гүйцэтгэж, тухайн үедээ маш сайн бэхлэгдсэн цайз хэмээн тооцогдож байв. Жишээ нь, зуун жилийн дайны үед англичууд тус орныг бүхэлд нь эзлэн авсан атлаа ганцхан уг сүмийг эзэлж авч чадаагүй юм. Мон-Сен-Мишель сүмийн барилгын ажил нилээн ээдрээтэй түүхтэй. Домогт өгүүлснээр сүмээс холгүй орших нэгэн хотын ширээт лам Обер дээр Христийн дагалдагчдын нэг Михаил ирээд уг арал дээр дугана барих хэрэгтэй байна гэж хэлжээ. Гэтэл Обер санаа дагасан биз гэж бодоод энэ үгийг тоолгүй өнгөрүүлжээ. Михаил дахин ирэх үед ширээт лам огт тоохгүй байсан тул тэр Оберын толгойн оройг шатаан нүхэлж орхисон байна. Үүний дараа л барилгын ажил эхэлсэн гэдэг.

Сюанькунсы,  Хятад улс

Агаарт дүүжлэгдсэн мэт Сюанькунсы сүм нь 1500 жилийн настай бөгөөд “дүүжлэгдэх”, “агаарт”, “сүм” гэсэн гурван үгнээс гаралтай. 386-534 онуудад Вей гүрэн эгц хадан хясаан дээр уг сүмийг барьж  байгуулжээ. Энэ сүм бол уран барилгын жинхэнэ гайхамшиг, ер бусын технологтой учраас дэлхийн өнцөг булан бүрээс шинжээчид судлахаар ирдэг ажээ. Тус сүм нь Шаньси мужийн Датун хотоос 65 км-ийн зайтай, 58 метрийн өндөрт агаарт “дүүжлэгдэн” оршдог. Нэг хэсэг Сюанькунсы сүм хэцүүхэн байдалд орсон боловч 1900 онд анх сэргээн засварласан байна. Одоо уг сүм Хятадын хамгийн үнэт түүхийн дурсгалд зүй ёсоор тооцогддог юм. Сюанькунсы сүм гурван давхар, 40 танхимтай, барилга нь хадан хясаан дээр тэр чигтээ модон хөндлөвч дээр тогтож байдаг. Нийт талбай нь 152 м2. Сүмд Будда бурханы эртний баримал хөшөөнүүд хадгалдан буй. Хятадын таван ноён оргилуудын нэг, заримдаа Хойд ноён оргил хэмээдэг ариун Хэншань уулан дээр  Сюанькунсы сүм сүндэрлэн байдаг. 

Скеллиг-Майкл,  Ирланди улс

Скеллиг-Майкл сүм нь Ирландын Керри гүнлэгийн далайн эргийн хадан хясаан дээр оршдог. Тийшээ хүрч очих амаргүй учраас уг сүмийн барилга өдгөө хүртэл сайтар хадгалагдан үлдсэн байдаг. Сүмийг анх 6-р зуунд барьж, лам нар нь зөгийн үүрийг санагдуулам чулуун оромжинд амьдарцгаадаг байжээ. Энд нийтдээ 12 хүн байсан гэдэг. 9-р зуунд викингүүд Скеллиг-Майклыг байнга уулгалан довтлох болсон ба 823 онд тэд хамгийн том дайралтыг хийсэн боловч лам нарын чадварлаг хамгаалалтын ачаар тэд сүмийг эзэлж авч чадаагүй ажээ. Хожим нь Скеллиг-Майклыг томсгож, 11-р зуунд дуган, 19-р зуунд хоёр гэрэлт цамхаг нэмж барьжээ. Хоёр гэрэлт цамхагийн нэг нь одоо болтол ажилсан хэвээр /гэхдээ өнөө үед түүнийг бүрэн автоматжуулсан байна/. 1996 онд тус сүмийг ЮНЕСКО-оос Дэлхийн өв соёлын дурсгалт газар хэмээн зарлажээ. Дашрамд дурдахад 2007 онд Робет Боган гэдэг тамирчин Скеллиг-Майкл хясаанаас сэлж, Ирланд хүртэлх 18,7 км замыг 6 цаг 29 минутанд туулсан байдаг.    

 

 

 

Х.АЯЛГУУ 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?