Манайд байсхийгээд л нийтлэлээ ирүүлж бидэнтэй ойр дотно хамтран ажилладаг ахмад сэтгүүлч Д.Цэдэн-Иш саяхан бидэнтэй уулзаж жил гаруйн өмнө Киргиз орноор аяласан тухайгаа дурсаж тэр орон нь өнөө үймээн самуун, мөргөөлдөөн тэмцэлд нэрвэгдэж дэлхийн халуун цэг болоод буйд сэтгэл эмзэглэж яваагаа илэрхийлж байв. Одоо хэвлэлд бэлтгэж буй “Аян зам, бодол эргэцүүлэл “ II номд нь орсон Киргизийн талаарх тэмдэглэлээ тэрээр манайд нийтлүүлэхийг хүссэн юм. “Миний аялах үеийн Киргиз орон, Бишкек хот хөгжиж дэвжсэн, амгалан тайван улс орон, нийслэл байсан. Миний нийтлэлээс ч харагдах байх. Улс орон, ард олны амгалан тайван амьдрал өнөөгийн энэ ертөнцөд улс төрчдийн харалган бодлого, буруу алхмаас болж бутарч бужигнах эрсдэл ихтэй, ер нь их эмзэг байдаг юм байна.Киргиз орон, нийслэл Бишкекийн өнөөгийн байдал үүний тод жишээ болоод байна. Үүнийг монголчууд бид ч, манай төр засгийн томчуул ч бас бодож сургамж авч байх нь зүй болов уу” гэж тэр ярьж байв.
Дэлхийн долоон гайхамшгийн нэг гэгдэх Египетийн пирамидууд манай энэ эрин байтугай түүнээс ч өмнө хүн төрлөхтний анхаарал сонирхлыг татсаар ирсэн байх. Аялах жуулчлах дуртай хүн бүхэн л түүнийг үзэх харах юмсан хэмээн хүсэж мөрөөдөж явдаг буй заа. Би ч тэдний л нэг. Тийшээ явах аялал төлөвлөхдөө зам зуурт үзэж хараад хамтруулчихмаар ямар улс орон, хот суурин байна вэ гэдгийг бас давхар бодож судлаж байв. Хоёр жилийн өмнө Узбек, Израил, Сочи гээд явахдаа Казахстаны нийслэл Астанаг үзчих юмсан гэж оролдоод нислэгийн боломжит хувилбар таараагүй юм. Ер нь Казахстан орон, Ерөнхийлөгч ноён Нурсултан Назарбаев нь , бас түүний шинээр барьж байгуулсан нийслэл Астана нь өнөө үеийнхний анхаарал татсан нэг орон зай болоод байгаа билээ. Энэ удаад зүг нь нэг юм гээд хөтөлбөртөө оруулчихлаа. Москвад надтай хамт гучаад жилийн өмнө Намын дээдэд сурч байсан манай ангийн дарга казах бүсгүй сургуулиа төгсөөд нутгаадаа явж өөрийн төрөлх хот Шевченкод намын дээд удирдлагад ажиллаж буй мэдээтэй байсан юм. Сургууль төгссөнөөс хойш гурван жилийн дараа би түүнээс захидал авч байлаа. Харин сүүлийн жилүүдэд бид харилцаж амжаагүй юм. Шевченко хот руу хоёр гурван захиа бичээд ч түүнээс хариу авсангүй. Астанагаар дайрах онгоцны тийз энэ тэрээ жигдэлчихээд ангийн дарга Гульнар бүсгүйгээ идэвхтэй хайж эхлэв. Дэлхий хавтгай болж буйн сайн жишээг миний бие өмнөх нийтлэлдээ бас дурдан тэмдэглэж, түүний үр шимийг хүртсэнээ ч дурдан бичиж байсандаг. Захидал шуудан хэдэнтээ илгээгээд олохгүй байсан ангийн даргаа компьютерийн хэдхэн товчлуур дарж байгаад олоод авлаа. Өдөр дутмын аар саар ажил албатай зууралдсаар байгаад асуудлыг их энгийнээр төсөөлж түүндээ дасчихсанаа ч ойлгов. Сейтмаганбетова Гульнар Сулейменовна хэмээх казах бүсгүйг хайлтын системээр аль хэдийнээ олчих боломж байсныг ашиглаж чадахгүй захиа илгээж байгаад олчихно гэж санаархсан маань миний хоцрогдсоны л илэрхийлэл байж.
Цахимаар хайсан чинь Гульнар маань аль найман жилийн өмнөөс Казахстаны Думын гишүүнээр хоёр удаа сонгогдоод төрийн том хүний эгнээнд орчихсон, зураг хөрөг намтар түүх нь цахим системүүдэд аль хэдийнээ бүртгэгдчихсэн алдартан болчихсон байдаг байна шүү. Ингээд Астана явах аялалд маань бас нэг сайхан уулзалт учрал нэмэгдэхээр болчихов. Тэр рүү зүглэх бас нэг нааштай шалтаг гэвэл миний Москвагийн намын дээд сургуулийн нэг жилийн төгсөгч Чимэддоржийн Амарболд эрхэм Астанад Монголынхоо ЭСЯ-нд алба хааж буй талаар сонссон сайхан мэдээлэл байлаа. Цагдаагийн генерал гэдгээр нь монгол даяар л түүнийг мэднэ дээ. Иймэрхүү учир шалтгаар Астанаг аялалын маршрутад эргэлзэх юмгүй оруулж ТurkishAir-ээр нисэхээр болов. Улаанбаатар-Бишкек-Истанбул гэх маршрут юм... Өглөө эртийн тэр нислэг онгоц дүүрэн хүнтэй байлаа. Гурван цаг гаруй нисээд Бишкект газардлаа. Арван найман жилийн өмнө Н.Багабанди Ерөнхийлөгч Арабын Эмират улсад төрийн айлчлал хийхэд хэвлэл мэдээлийнхний бүрэлдэхүүнд миний бие багтаж Киргизийн нийслэлийн энэхүү онгоцны буудалд нэг үдлээд явж байсан юмдаг. Тэр үеийнхээс онцгой өөрчлөгдсөн юм энэ хавьд төдий л мэдрэгдсэнгүй, хил гааль ч, буудлын үйлчилгээнийхэн ч биднийг оросоор командлаад л угтацгааж байна. Бишкект үлдэх бид хоёр албадад нь паспортаа шалгуулаад ачаа тээш авах хэсэг дээр ирэхэд тээш маань хэдийнээ ирчихэж. Бишкект эхнэр бид хоёроос өөр хүн буугаагүй бололтой. Гадагшлах хаалга руу зүглэхэд хилийнхний дүрэмт хувцастай эр, эм хоёртой хамт зогсож буй туранхайвтар хүү таксийн үйлчилгээ бидэнд санал болгож байна. Албан ёсны такси юу гэж асуухад “Бүртгэлтэй, санаа зоволтгүй...” хэмээн тэрээр итгэлтэй хариулж байв. Тэр залуу хилийнхэнтэй ярьж дотносуу байгаа болохоор нь эргэлзэж түдгэлзсэнгүй түүнийг дагаж машинд нь сууцгаалаа. Хот орох зам зуур яриа хөөрөө болж явав. Биднээс өмнө найман зорчигч Бишкект бууж гарцгаасан гэнэ. Заримыг нь монголчууд, тавыг нь эдний таксичэд аваад явцгааж. “Хоёр зорчигч үлдлээ” гээд л энэ жолооч залуу хүлээж байж. Нисэх буудлынхан нь үйлчилгээнийхэнтэйгээ иймэрхүү мэдээллийг хуваалцаж байдаг юм байна.
Таксич хүүг Бекзат гэнэ. Бишкектээ Техник технологийн дээд сургууль төгссөн инженер юм билээ. Онгоц буудал нь нийслэлээсээ манай нисэх шиг л зайтай юм. Ялгаатай нь зам зуур байшин барилга төдийлэн тааралдсангүй хот руугаа дөхөж байж л барилга байгууламж эхлэнэ лээ. Зам нь харин хурдны гэхээр хоёр эгнээ дардан сайхан. Киргиз бол мөнх цаст уул нурууд, бас тал хээр, говь цөл хосолсон нутаг орон гэдгийг би ном сэтгүүл, интернэтийн танилцуулгаас нь мэдэх юм. Тянь-Шянь буюу манайхан Тэнгэр уул хэмээн нэрлэдэг алдартай уул нурууд энэ нутагт буй. Нийслэл Бишкекийн зүүн хэсэг нь тал хээрдүү, баруун урд тал нь мөнх цаст цавчим өндөр уулсаар хүрээлэгдсэнийг зам зуур харж явав. Өглөөний зургаан цагт нутгаас ниссэн бид энд бас л өглөө эртний нар дагуулаад буув. Манайхаас гурван цагийн зөрүүтэй гэхээр энд ниссэн цагтаа л хүрээд ирчихэж. Алсхан харагдах цаст уулсынх нь оргилд өглөөний нар тусаж нүд гялтгануулж байлаа. Нутгаас гарахад манай нийслэл өглөөнийхөө утаанд өвч бүрхүүлчихсэн, хөлөг хөөрөх үед цонхоор хот харагдахгүй шахам байсан юм. Бишкекийн өглөө их цэлмэг, хот нь ч, баруунтайх цаст уулс ч бүрэлзэж торолзох юмгүй тунгалагхан харагдаж байв. Хот руу ороод ирэхэд ч утаар униаргүй байшин барилга, гудамж талбай нь цэмцийж байв. Таксич хүү нийслэлээ ч, нутаг орноо ч танилцуулж явав. Бишкек сая гаруй хүн амтай гэнэ. Гурван зуун мянга шахам машин тэрэгтэй юм байх. Утаа униаргүйн учир шалтгаан нь усан цахилгаан станцтайнх аж. Узбектэй хиллэдэг бүс нутагт Нарын гэх том гол дээр нь социализмын үед Зөвлөлт засаг том цахилгаан станц бариад өгчихөж...
Киргизүүд ер нь эрт дээр үеэс л манай их өвөг дээдэстэй холбоотой явж ирсэн түүх байх юм билээ. МЭӨ III зууны үед эдний дээд өвөг болох Иегу, Гэгунь гэх удам омогийнхон Хүннү, Жужан, Сяньби гэх бидний дээд удмынхны эрхшээлд байж татвар гувчуур төлж байсан баримт эртний түүх сударт тэмдэглэгдсэн байдаг аж. Хожмоо Гэгунь буюу Киргизүүд нь Түрэгийн хаант улс, Уйгурын хаант улсын харьяанд байж байгаад улмаар ширүүн тэмцэл өрнүүлж шинэ тооллын 840-өөд оны эхээр Уйгурын эрхшээлээс гарч Киргизийн хаант улсаа байгуулсан түүхтэй юм байна. XIII зууны эхэнд киргиз аймгууд Чингисийн хүү Зүчийн цэргийн дайралтад өртөж, бусад сибирийн аймгуудын хамт Монголын эзэнт гүрний албат болж байж. XV зууны сүүлээс Могулистан буюу Цагаадайн удмын хаад ноёд хоорондоо эвдрэлцэж, тэдний эрх мэдлийн төлөөх тэмцлээс дайжсан киргиз аймгууд Енисей мөрний эргээс “Тянь-Шань” буюу монголчууд бидний нэршүүлсэн “Тэнгэр уул”-ын бэлд нүүж ирсэн юм байна. Үүний дараа киргиз аймгууд Дундад Азийн бүс нутагт нөлөөтэй улс төр, цэргийн хүчин болж чадсан боловч XIX зуунаас хүчээ алдаж, 1820 оны үед Кокандын ханлигийн албат болсон. Кокандын ханлиг 1868 онд Оросын эзэнт гүрний түрэмгийлэлд өртөж үгүй болсны дараа киргизүүд Дундад Азийн бусад ястан үндэстний хамт оросуудад дагаар орсон юм билээ. 1926 онд Киргизийн Автономит Бүгд Найрамдах Улс, 1936 онд Киргизийн Социалист Бүгд Найрамдах Улс болж Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд орж байж. 1991 онд Зөвлөлт гүрэн задарснаар Бүгд Найрамдах Киргиз Улс 1991 оны 08 дугаар сарын 31-нд тусгаар тогтнолоо зарласан орчин цагийн түүхтэй юм. Казахстан, Узбекистан, Тажикистан, Хятад Улстай хиллэдэг, манайх шиг далайд гарцгүй орон. Харин манайхаас долоо найм дахин бага газар нутагтай ч, хүн амын тоогоороо харин манайхаас нэг дахин их буюу зургаан сая гаруй иргэнтэй орон юм. Хүн амын ихэнх буюу 73.3 хувийг киргиз, 14.7 хувийг узбек, 5.6 хувийг оросууд эзэлдэг аж.
Украин, татар, казах, уйгар, тажик, турк, солонгос, курд гэх мэт үндэстнүүд нийлээд 6 хувь гаруй болдог байна. Лалын шашныг хүн амын 83 хувь орчим нь, үнэн алдартны болон бусад шашныг 17 хувь нь шүтдэг аж. Киргиз, орос хэлийг албан ёсоор зөвшөөрөгдсөн төрийн хэл хэмээн үздэг байна. Аялал жуулчлалын бүс болох Иссык-Куль нуур, Тянь-Шань буюу Тэнгэр уулаараа Киргиз орон их алдартай. Чингиз Айтматов хэмээх их зохиолчоороо дэлхийн утга зохиол, урлаг соёлын ертөнцөд гоёдог. Тэр алдартантай нь миний бие Бельгийн нийслэл Брюссельд уулзаж ярилцлага авч сонин хэвлэлд нийтлүүлж явсан болохоороо түүгээрээ бас ч гэж бахархаж Киргизийг баяртайяа зорьсон билээ. Жил гаруйн өмнө сонин сэтгүүлээс Иссык-Кулийн хөвөөндөх их зохиолчийн хөшөөнд манай зохиолч сэтгүүлч Ц.Мухар, Т.Баасансүрэн нар бараалхаад зураг хөргөө авахуулчихсаныг харж цагаахнаар атаархаж явсан юмдаг. Тийм болохоор Айтматовын нутагт ирснийх их зохиолчын хөшөө дурсгалд хүндэтгэл үзүүлж,бас зохиолч сэтгүүлч нөхөд шигээ зураг хөргөө ч тэнд авахуулна гэж төлөвлөж яваа юм. Зам зуур жолооч хүүгээс Чингиз Айтматовын хөшөө дурсгалын тухай ч бас асуулаа. “Хотын төв талбайд таныг их зохиолчтой төвөггүй уулзуулж болно оо” гээд тэрээр инээмсэглэж байв. Бид хэд замын бөглөрөл түгжрэл гэх юмгүй амархан давхиад захиалсан “Garden” гэх зочид буудалдаа хүрээд ирэв. Модерн маягийн хийц загвартай дөрвөн давхар, дөрвөн одтой буудал юм. Гадна хаягийнхаа дээр дөрвөн том алтлаг таван хошуугаа залчихсан байна лээ. Аль ч газрын буудлын жишгээр 14 цагаас өрөөндөө орох дүрэм журамтай болохоор зочин хүлээн авах хэсэгт нь бүртгэл хийлгэчихээд хоттой танилцахаар унаандаа сууцгаав. Бишкект байх хоёр хоногт шинэ танил Бекзат хүүгээр замчлуулан машинаар нь үйлчлүүлэхээр бид тохиролцсон юм. Хэдхэн минут давхиад бид Бишкекийн төв талбайд бууцгаалаа.
“Алаг уул”-тай Бишкек нийслэл. Төв талбайгаа манайх шиг ардын баатарын нэрээр биш алдартай Ала-Тоо хэмээх мөнх цаст уулаараа нэрлэсэн юм байна. Тэр уулынх нь нэр киргизээр “Алаг уул”гэж орчуулагддаг аж. “Алаг уул” нь манай Сүхбаатар жанжны талбайгаас дутахааргүй том юм. Хөтөч Бекзат талбайн эргэн тойрны үзмэр соёлыг сайтар тайлбарлаж би зураг хөрөг авч хоёр цаг гаруй явав. Хөшөө дурсгал, үзмэрээр манай талбайгаас хавьгүй баян юм. Талбайн төв хэсэгт Киргизийн “Манас” хэмээх алдарт туулийн гол баатар болох Айкол Манаст зориулан босгосон 18 метрийн өндөртэй морьт баатарын хүрэл хөшөө байна. Энэхүү хөшөөг Киргизийн нэрт барималч Базарбаев Сыдыков урлан бүтээж тус улсын тусгаар тогтнолын 20 жилийн ой буюу 2011 онд энд хүндэтгэлтэйгээр нээсэн аж.
Хөтөч Бекзат бид хоёр “Манас” баатарын хөшөөний өмнө
Эндээс холгүйхэн Киргизийн төрийн далбааны хүндэтгэлийн тавцан байх юм. Тавцан хэсэг нь дөрвөн метр өндөр аж. Төрийн далбаа нь 50 метрийн өндөрт намирч байна. Хоёр талд нь торгон цэргийн хоёр офицер хүндэт харуулд зогсож байв. Хоёр цаг тутамд харуул солигддог аж. Москвагийн Лениний мавзолейн харуул дээхэн үед солигддог шиг л сонирхолтой үйл явдал болдог гэж хөтөч маань тайлбарлав.
Төрийн далбааны хүндэт харуулын өмнө
“Манас” баатарын хөшөө, төрийн далбааны хүндэтгэлийн тавцангийн ойр тойрноор зочин гийчин элбэг бөгөөд бүгд л зураг хөргөө даруулж хөгжөөн баясаан болцгоож байлаа. Ала-Тоо талбай олон арван хөшөөтэй юм. Талбайн хоймор хэсэгт хэмжээгээрээ “Манас” баатрынхаас төдий л дутахааргүй, толгой дээрээ гэрийн хананы дугуйрсан хэсгийг барьж тэнгэрт тэмүүлэн буй далавчит эмэгтэйн хүрэл хөшөө хаа холоос анхаарал татав.
Эрх чөлөөний бэлэгдэл “Эркендик” хэмээх хөшөө гэнэ. Киргизээр эрх чөлөө гэсэн үг юм байх. Хориод жилийн өмнө барьж байгуулсан хөшөө юм билээ. Өмнө нь энд энэ хөшөөнөөс дутахааргүй том Ленин багшийн хүрэл хөшөө зогсож байж. Манайд өрнөсөн шиг өөрчлөн байгуулалт давалгаалснаар Ильич багшийн хүзүүнд төмөр утас углаж байгаад л төв талбайгаасаа буулгаж хаясан түүхтэй юм байна. “Ленин багшийнхаа хөшөөг танайхан тэгээд хаана булшилсан бэ?” гэж хөтөчөөсөө асуув. “Манайхан булшлаагүй, талбайн хойт хэсэгт Түүхийн музейн арын талбайд байрлуулчихсан байгаа, энэ хавийн хөшөө, замын цаадах Чингиз Айтматовын хөшөөг үзчихээд Лениний хөшөөн дээр дараа нь очиж болно шүү дээ” гэж тэр хариулав.
В.И.Ленин “багшийг” Төв Номын сангийн арын талбайд ийн залжээ
Нэг хөшөөнөөс нөгөө рүү явах замд бага шиг хөшөө дурсгал хэд хэдээрээ тааралдаж байв. Киргизийн нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Тогтогул Сатылканов, шинжлэх ухаан,соёлын их зүтгэлтэн жүжгийн зохиолч Ауэзов Мухтар, пролетарын хувьсгалч Иваницин Алексей, Исанов Насирдины гээд зургаа долоон цээж хөшөө цэцэрлэгийн зам даган үргэлжлээд одож байна лээ.
“Тюльпаны хувьсгал”-ын хөл дор. Бүтэн биеийн нэг босоо хөшөө тэднээс наахантай ганцаараа арай л содон байв. Төв шуудангийн өмнөх Зоригийн хөшөөтэй хэмжээ дамжаагаараа тун ойролцоо нь сонирхлыг минь татав. Хүрлээр цутгасан энэ хөшөө С.Зоригийн хөшөө шиг яг эзнийхээ биеийн өндөр болох нэг метр далтай аж. Төр засгийн авлигачдыг илчлэн бичсэнийхээ төлөө тэднээс шийтгэл хүлээж тавин настайдаа амиа алдсан Павлюк Геннадий хэмээх сэтгүүлчийн хөшөө юм байна. Киргиз болон ОХУ, Казахстаны гол гол сонин хэвлэлүүдэд бүтээлээ нийтлүүлдэг нэрт сэтгүүлч байжээ. Бүтээлээрээ Орос, Киргизийн болон олон улсын сэтгүүлчдийн холбооны тэргүүлэх зэргийн олон арван шагнал хүртсэн юм билээ. Яг арван жилийн өмнө Алма-Ата хотын орон сууцны нэгэн хорооллын байрны зургаадугаар давхрын орцны цонхоор хөл гар нь хүлээстэй Павлюкийг шидэж амь насыг нь егүүтгэсэн аж. Шударга нийтлэлээс нь айж өсөрхсөндөө засаг төрийн дээдсүүд захиалгаар түүнийг хөнөөсөн хэмээн олон нийт үздэг юм байна. Тэгээд л амиа алдсаных нь дараа жил Киргизийн сэтгүүлчдийн байгууллага, хэвлэл мэдээллийн зарим агентлагийнхан түүний гэгээн дурсгалд зориулан энэхүү хөшөөг бүтээлгэж төв талбайдаа залсан түүхтэй юм байна. Өсөрхөгчид бас ч зүгээр суугаагүй гэнэ. Хоёр жилийн дараа хөшөөг хулгайлан хэдэн хэсэг болгон хөрөөдөж энд тэнд тараан хаяж зарим хэсгийг нь бүр хайлуулан устгаж хорслоо тайлж байж. Зуугаад килограмм хэсэг нь хог дээрээс бүтэн олдсоныг барималч уран бүтээлчид сэргээх санал тавьж түүнийг нь шинэ үеийн удирдагч Ерөнхийлөгч Атамбаев дэмжиж хувиасаа 15 мянган ам. доллар гаргаж Павлюкийн хөшөөг хуучин байснаар нь дахин урлуулж 2012 оны 12 дугаар сард хуучин байранд нь босгож хүндэтгэлийн цуглаан хийж нээжээ. Шинээр 60 см өндөртэй хүрэл тавцан цутгуулж тэнд Павлюк Геннадий Георгиевич (1958-2009) хэмээн нэр усыг нь сийлүүлж, “Үгээрээ эрх чөлөөг дархласан хэн бүхэнд зориулав” гэх өгүүлбэрийг нь яг хэвээр нь алтан шараар сэргээн бичүүлсэн аж.
Сэтгүүлч Геннадий Павлюкийн хөшөө
Дараагийн үзсэн нэг том хөшөө бол Павлюк хэмээх энэ нэрт сэтгүүлчийн тэмцэлтэй бас ч гэж холбогдохоор нийгмийн шинэчлэл, өөрчлөлтийг хүссэн Киргизийн ард түмний бослого тэмцлийн илэрхийлэл болсон бүр өвөрмөц томоохон бүтээл байв. Эмгэнэл харуусал илэрхийлэх хөшөө дурсгалын чуулбар ч гэж хэлж болох. Авлигад автсан дээд удирдлагуудаа эсэргүүцэж Киргизийн ард түмэн өнгөрсөн он жилүүдэд хэдэнтээ босож тэмцэж байж. Хорин хэдэн жил тасралтгүй төр барьж засагласан Аскар Акаев хэмээх удирдагчаа буулгах 2005 оны “Тюльпаны хувьсгал” эхнийх нь юм байна. Энэ хувьсгал гарахын эхлэл нь Аскар Акаев Ерөнхийлөгчийн сонгуульд дөрөвдэх удаагаа нэр дэвшихээр шийдсэнээс үүдэлтэй аж. Олон нийт болон зарим нам хүчнүүд үүнийг эрс эсэргүүцсэн юм билээ. Мөн Парламентын сонгуульд нэрээ дэвшүүлсэн Гадаад харилцааны сайд байсан хатагтай Роза Отанбаеваг Сонгуулийн Ерөнхий хороо ялихгүй зүйлээр шалтаглан бүртгэхээс татгалзсан атлаа энэ тойрогт нь Акаевын охин Бермет Акаеваг дэвшүүлэхээр бүртгэж авсан олон нийтийн бухимдлыг улам өдөөсөн хэрэг болжээ. Иймэрхүү зөрчил бухимдал хаа сайгүй үүсч нийгмийн тогтворгүй байдал газар авсан юм байна. Акаевын засаглалын энэ үед Парламентын гишүүд гэхэд л худалдааны томоохон захын эзэд, дэлгүүр худалдааны сүлжээ эзэмшигч байх нь хэв хэмжээ болчихсон, олигархуудын хоорондын тэмцэл, дайсагнал ч ихэсч түүнд нь энгийн ардууд, залуус, хууль хүчнийхэн, гэмт хэргийн бүлэглэлүүд татагдан орох тохиол олонтоо гарч байж. “Тюльпаны хувьсгал” болох угтвар ч ийн бүрдэж.
Киргизийн Парламентын гишүүн, Карасуй гэх худалдааны том захын эзэн, Киргизийн өмнөт нутгийн гэмт хэргийн бүлэглэлийн зартай толгойлогч Баяман Эркинбаев гэх эр “Тюльпаны хувьсгал” гээчийг санхүүжүүлсэн нь хожим тодорхой болсон гэдэг. Энэ хувьсгалыг эсэргүүцэгч талыг нь Парламентын бас нэг гишүүн, нийслэл Бишкекийн худалдааны төв захыг эзэмшигч, Киргизийн хойт нутгаас гаралтай гэмт хэргийн зартай толгойлогч Жаргалбек Сурабалдиев санхүүжүүлж турхирсан гэх. Гуравдугаар сарын энэхүү бослого тэмцлийг зохион байгуулалцсан бас нэг этгээдээр Парламентын гишүүн Тынычбек Акматаевын дүү Киргиз даяар зард гарсан гэмт хэрэгтэн Рысбек Акматаевыг нэрлэдэг аж. Энэхүү үймээн тэмцэл бослогод Бишкек хотын олон мянган иргэд оролцож олон арван хүн гэмтэж шархтсан гэх мэдээ гарч байж. Мөн үүнээс хойхонтоо энэ бослого тэмцэл, үймээний үеэр газар авсан хулгай, дээрэм, аллага таллага үйлдэгч бүлэглэлийн эсрэг сайн дурынхныг удирдан зохион байгуулж тэмцэж байсан Киргизийн болон Зөвлөлтийн нэрт кино жүжигчин, каскадёр Усен Кудайбергенов гэрийнхээ үүдэнд буудуулж нас баржээ. Ер нь иймэрхүү байдлаар нийгэмд айдас хүйдэс үргэлжилж, засаг төр ч тогтворгүй хэвээр. Акаевыг зайлуулсан хэдий ч засаг төрийн төлөөх тэмцэл сөрөг хүчний гол лидер Курманбек Бакиев, Феликс Кулов хоёрын хооронд ихээхэн ширүүссэн байна.
“Тюльпаны буюу ягаан цэцгийн хувьсгал”-ын гурвын гурван зохион байгуулагч болох этгээдүүд бүгд учир битүүлгээр нас баржээ. Парламентын гишүүн Сурабалдиев 2005 оны 6 дугаар сарын 10 нд, Депутат Эркинбаев нь мөн оны 9 дүгээр сарын 22 нд, Депутат Тынычбек Акматаев нь 10 дугаар сард бусдын гарт амь алдсан аж. Үүнээс хэдхэн хоногийн дараа талийгаач болсон энэхүү гурван Депутат, гэмт хэргийн бүлэглэлийн зартай толгойлогчдын талынхан Ерөнхийлөгч Бакиевын далдуурхан дэмжлэгийн дагуу “Кулов сөнөтүгэй” гэх лозунгийн дор нэгдсэн түүхтэй юм билээ. Тэгээд л Бакиев ялалт байгуулж Киргизийн Ерөнхийлөгч болжээ. Аскар Акаев аргагүйн эрхэнд Москва руу зугатаж ОХУ-аас орогнол хүссэн түүхтэй. Зөвлөлт гүрний үед холбооных нь нэг улс байсан орных нь удирдагчын хувьд Орос орон түүнд боломж олгож орогнуулсан аж. Киргизийн удирдагч болохоосоо өмнө тэрээр Москвад Зөвлөлт гүрний Шинжлэх ухааны академийн Дэд Ерөнхийлөгчийн алба нэгэнтээ хашиж байсан намтар нь ч бас нөмөр нөөлөг болоо биз. Экс Ерөнхийлөгч Аскар Акаев гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ Москвад одоо ч амар тайван амьдарч буй гэдэг. Манай Цэдэнбал даргыг Москвад гэрийн хорионд байлгаж байснаас арай өөр хэлбэрийн амьдрал нутаг орноосоо дүрвэсэн эднийхэнд олдсон нь харин ч азтай хувь тавилан байх. Киргизийн Ерөнхийлөгч байхдаа Аскар Акаев Монголд Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нарын үед тэдний урилгаар хоёронтоо айлчилж байсан санагдана.
Тэрээр манай улсын баяр наадам үзэж, дараа нь монголын баруун хязгаар Увс аймагт зочилж Хяргас нуурын хөвөөнд үдэлж “Манай өвөг дээдсүүд эндээс нүүдэллэж байсан их түүхт газар нутаг гэж бид үздэг юм” хэмээн Хяргас нуурт мөргөн залбирч уснаас нь дээжлэн нутаг руугаа авч одсон тухай тэр үеийн хэвлэлүүд бичиж байж билээ. Өмнө нэгэнтээ өгүүлсэн эртний түүхийн холбоо хэлхээ орчин цаг үед ч үргэлжилж ирсний нэг хэлбэр юм даа тэрхүү айлчлал. Өнөө ч мань мэтийн нэг байтугай монгол хүмүүс энэ нутгаар орж гараад л явж байна. Харилцаа холбоо үргэлжилж л байна. Нөгөө эмгэнэлт хөшөөнөөсөө улс орны түүх ярьсаар холдоод явчихаж... Акаевыг авч хаясан хувьсгалын дараа ч Киргизэд бослого тэмцэл хэдэнтээ үргэлжилсэн байдаг. Өмнөхөө буулгаж авсан Курманбек Бакиев ч Акаеваасаа нэг их дээрдсэнгүй таван жил засаглаад бас л бослого тэмцлийн хөлд үрэгдэхээ дөхөж эх орноосоо зугатахад хүрчээ. Түүний засаглалыг эсэргүүцсэн томоохон тэмцэл Нарын, Талас, Ош хот болон нийслэлд 2010 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн байдаг. Засгийн газрын ордон руу зэвсэгт босогчид хэдэнтээ дайрч цэрэг цагдаа болон төрийн хамгаалалтын алба тэдэн рүү гал нээснээр байдал ширүүсч зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн байдаг. Босогчид зарим хотуудад радио телевизийн байрыг эзлэн авч Бишкект Прокурорын төв оффисын таван давхар байшинг шатаасан юм билээ. Манай оронд 2008 оны 7 дугаар сарын 1-нд болсон шиг л үйл явдал эхэндээ болжээ гэж ойлгогдсон. Бослого тэмцэл өдөр өдрөөр ширүүсч, түүнийг нь далимдуулсан дээрэм тонуулын хэрэг ч нийслэлд болон нэр бүхий хэд хэдэн хотуудад газар авсан юм билээ. Ерөнхийлөгч Бакиев улс орон даяар “Онц байдал” тогтоож Бишкект “Комендантын цаг” зарласан боловч байдал бүрэн намжаагүй аж.
Босогчид болон Засгийн газрын цэрэг, цагдаагийнхны хооронд болсон зэвсэгт мөргөлдөөнд нийслэл Бишкек болон орон нутагт нийтдээ 1500 гаруй хүн шархдаж гэмтэж, 84 хүн амь алдсан мэдээлэл байдаг юм байна. Сөрөг хүчин болон босогчид Ерөнхийлөгч Бакиевыг огцрохоос нааш тэмцлээ зогсоохгүй гэсэн хатуу шаардлага тавьж байдал улам хурцдаж Ерөнхийлөгчийн аюулгүй байдалд эрсдэл учрахаар нөхцөл үүссэн учраас Бакиев зугатахаас аргагүй болсон юм билээ. Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев армийнхандаа тушаал шийдвэр өгч Цэргийн нисэх хүчний тусгай онгоц, хамгаалалтын тусгай батальеон Бишкек рүү илгээж Бакиевыг нутаг руугаа авчруулсан байдаг. Энэхүү тэмцэл, 2005 оны “Тюльпаны хувьсгал”, мөн энэхүү тэмцэл хувьсгалд оролцож амь насаа алдсан хүмүүсийн дурсгалд зориулсан эмгэнэлийн ч гэх юм уу, хувьсгалын ч гэхээр юм уу тэр нэгэн өвөрмөц хөшөө туурвилын тухай дээр ярьж эхэлсэн дээ, яагаад ийм бүтээл Бишкекийн төв талбайд орших болов оо гэдгийн өмнөтгөлийг ийн их уртаар биччихлээ. Арав шахам метр өндөртэй том хар ханыг дөрөв таван хүн байдаг хүчээ шавхан түрж цагаан хананаас таслаж салгаж буйг тод томруун харуулсан дууль гэхээр бүтээл. Цагаан гантиган хана дээр нь “Эх орныхоо төлөө, эрх чөлөөний төлөө амь насаа зольж ялалтаа мөнхжүүлсэн үрэгдэгсэддээ зориулав” хэмээн киргизээр бичсэнийг нь Бекзат орчуулан уншиж өгөв.
Хар цагааны дууль хэмээх хөшөө дурсгал
Хар цагааныг дууль болгосон энэ хөшөө эмгэнэлийг ч, сэрэмжүүлэгийг ч мэдрүүлэхээр бүтээл юм билээ. Тэмцэл бослогод ялагдаж зугатсан Бакиев Ерөнхийлөгч Казахстанд түр орогнож байснаа аюулгүй байдалд нь эрсдэл учрахаар байсан уу Белорусс руу явсан түүхтэй. Ерөнхийлөгч Александр Лукашенко түүнийг улс орондоо орогнуулах болжээ. Тэр цагаас хойш Бакиевынхан одоо хүртэл Белорусст тайван аж төрж буй юм билээ. Киргиз орон ч Бакиеваас хойш Парламентын засаглалд шилжиж, нийгэм эдийн засгийн болон бүлэглэл хоорондын хурц тэмцэл намжиж ард олон нь амар тайван амьдарч байна. Ала-Тоо талбайн хөшөө дурсгалаас үүдсэн улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн амьдралын түүх товчдоо ийм буюу.
Чингиз Айтматовтай уулзаж түүнээс ярилцлага авч явлаа би. Хөтөч Бекзатын санал болгосон үзмэрээс одоо үлдсэн нь Чингиз Айтматовын хөшөө дурсгал болж таарав. “Хар цагаан” хөшөөнөөс хэдхэн алхаад бид энэ их зохиолчын хүндэтгэлийн зурагт самбаруудыг үзэж сонирхов. Өмнө өгүүлсэн түүхийн эмгэнэлт сэтгэгдлээс ч түргэн зуур салав. Эрхэм Чингиз Айтматовыг дэлхийн хүн гэдгийг нь илэрхийлсэн олон арван хөрөг зураг бүхий 20 гаруй гэрэлт самбар тэнд байна лээ. Хүмүүс түүнийг тал талаас нь сонирхон үзэж яриа хөөрөө болцгоож байх. Чингиз Айтматовын НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийг дарга Кофе Аннан, Зөвлөлт гүрний Тэргүүн Михайл Горбачевтай хамт авахуулсан том хөргийн дэргэд зургаа авахуулахаар намайг зогсоход хөтөч Бекзат маань “Зохиолчын хөшөө тэнд таныг хүлээж байна шүү дээ...” гээд намайг яаруулж замын эсрэг тал руу гар сунгаж байв. Киргизийн Их хурал, Ерөнхийлөгчийн ордон нь энэ “Ала Тоо” талбайн хойморт байрлах агаад тэндээс зүүнтэйхэн нь Засгийн газрын ордон, зарим яамд байрладаг аж. Зам хөндлөн гарахаар алхлаа. Манайх шиг машин тэрэг нь дайрчих гээд байхгүй амар амгаландуу юм. Гэрэл дохио дүрэм журмаа ч иргэд нь, жолоо баригчид ч сайтар сахин биелүүлдэг нь анзаарагдаж байлаа. Бага шиг цэцэрлэгтэй дугуй талбайн архантай их зохиолчын тав зургаан метр гаруй өндөртэй болов уу гэхээр босоо хөшөө харагдаж байв. 2012 онд энэ хөшөөг бүтээсэн юм билээ. Тавцан нь хоёр метр шахуу юм. Тэр тавцан дээр нь “Чингиз Айтматов” гэсэн том бичээс байна. Өөр элдвийг бичсэнгүй. Илүү тайлбар сэлт ч энэ их зохиолчид хэрэггүй биз. Энэ эрхэм зохиолчтой амьд ахуйд нь Бельгийн нийслэл Брюссельд арван долоон жилийн өмнө уулзаж ярилцлага авч сонинд нийтлүүлж явсанаараа би бас ч гэж бахархаж явдаг нэгэн билээ. Хөшөөнийх нь тавцанг түшиж зургаа авахуулав.
Түүнтэй хийсэн тэр үеийнхээ ярилцлагыг аян замын энэхүү тэмдэглэлдээ чимэг болгоод оруулчихмаар санагдлаа.
ЧИНГИЗ АЙТМАТОВ: Танай “Алтан Товч”-ийг би уншдаг юм
Улсын Их Хурлын дарга С. Төмөр-Очир Бельгийн Ассамблейн даргын урилгаар Бруссельд айлчилж байлаа. Тэнд суугаа манай Элчин сайдын яам энэ айлчлалтай холбогдуулан тус хотын архитекторчдын ордонд монголын тухай гэрэл зургийн бага шиг үзэсгэлэн гаргаж, монголд аялаад ирсэн Бельгийн иргэн, зураач хатагтай Бентракийн хийсэн бяцхан баримтат кино үзүүлэх, бас Европоор аялан тоглодог Монголын язгуур урлагийн “Эгшиглэн” хамтлагийн уран бүтээлээс сонирхуулах гэх мэт хөтөлбөрийг бэлтгэсэн байв. Хувиараа тэнд зорчиж явсан надад тэрхүү арга хэмжээнд оролцох боломж олдсон юм.
Бельгийн их хурлынхан болон манай элчин сайдын урилгатай зочид тэнд цугларцгааж байв. Голдуу европчууд. Азийн гэхээр нэгэн содон зочин морилон ирсэн нь алдарт Чингиз Айтматов байв. Хэдэн жилийн өмнөхөндөө бол Лениний шагналт Зөвлөлт Киргизийн зохиолч хэмээн нэрлэгдэж байсан. Одоо бол Бельгид суугаа Бүгд Найрамдах Киргиз улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Эрхэмсэг ноён Чингиз Торекулович Айтматов. Тэрээр гэргий Мария Урматовнатайгаа сугадалцан орж ирлээ. Өлгүүрийн тэнд тэдэнтэй тааралдан мэнд мэдэж хэдэн үг солих завшаан надад олдов.
- Элчин сайдуудыг Та тэргүүлэн морилж байнаа даа?
- Би Монголчуудын урьсан аливаа арга хэмжээнд дуртайяа оролцдог хүн. Тэргүүлээд, түрүүлээд энд ирж байгаа бол түүндээ би баяртай байна. Өмнөх Элчин сайд Ганнибал, Алтангэрэл нартай дотно сайхан харилцаатай байсан. Одоогийн Элчин сайд хатагтай Ононтой ч, элчин сайдын яамтай ч тэр уламжлалт сайхан харилцаа үргэлжилж байна.
- Та тэгэхээр Монголын талаар их мэдээлэлтэй, мэдлэгтэй байх даа?
- Монголд би 60-аад оны дундуур очиж байсан. Үзэсгэлэнтэй сайхан байгаль, найрсаг зочломтгой ард түмэнтэй орон. Үг хэл, үйл ёсны хувьд ч адил төстэй юм манайханд бий. Бид адилхан нүүдэлчин гаралтай ард түмэн. Соёл, зан заншил, язгуур ойролцоо болохоор татагдах, таалагдах юм бидэнд байдаг биз дээ. Танай ардын урлагийн тоглолтыг олон үзэж байсан. Манай гэргийд ч бас таалагддаг юм.
- Хяргас, Киргиз гээд бас төстэй үгс байна. Танай Ерөнхийлөгч ноён Аскар Акаев Монголд айлчлахдаа Хяргас нуурт зочилж, манай сэтгүүлчид түүнийг нутагтаа ирлээ энэ тэр гээд бичиж байсан юм.
- Айлчлалын тухай Киргизийнхээ хэвлэл мэдээллээс уншиж байсан. Хяргас нуурын тухай ч тэнд бичсэн байсан. Танай Хөвсгөл нуурыг би бас мэднэ. Өөрийнхөөрөө Хубсыкуль, Иссыкуль гээд л ярья л даа. Ойролцоо сонсогдож байгаа биз дээ. Дундад азийн нүүдэлчин ард түмэн бид эрт дээр цагт, элэнц хуланцынхаа үед нэг угсаа гаралтай байсан ч юм билүү, түүнийг үгүйсгэх аргагүй.
- Таны нэр ч түүний бас нэг илэрхийлэл үү?
- Үгүй гэхэд хэцүү...
- Манай монголын зохиол бүтээл, зохиолчдоос Та аль хэр мэдэх вэ?
- Монголчууд эртний өв соёлтой ард түмэн. Олон сайхан туульсын бүтээлтэй гэж би сонсож байсан. Манайд “Манас” баатарын тууль гээд байдаг. Түүний адил танайхан “Гэсэр” баатарын туулиа дээдэлдэг гэсэн. Танай “Алтан Товч”-ийг би уншдаг юм. Гайхамшигтай бүтээл. Орчин үеийн уран зохиолын тухайд сайн мэднэ гэж би хэлэхгүй. Гэхдээ сонссон, уншсан зохиол бүтээлүүд байдаг. Танайхан надад орос дээр орчуулагдсан зохиол бүтээлээсээ өгдөг юм. Монголын зохиолчидтой хурал зөвлөгөөний үеэр, бас манай Киргизэд зочлох үеэр нь уулзаж байсан. Ярьж санал бодол солилцож байсан цаг үе бий.
- Таны “Зуунаас ч урт өдөр”, “Цаазын тавцан” зохиолыг манай уншигчид төрөлх хэл дээрээ шимтэн уншдаг юм. Орос хэл дээр ч уншдаг л байх. Дуулиан шуугиантай ийм бүтээл Таны гараас ойрд гарах болов уу?
- Баярлалаа монголын уншигчдад, бас орчуулагчдад. Танайхан орос дээр уншдагийг би сайн мэдэх юм. Бруссельд танилцсан танай элчин сайдууд, элчин яамныхны нилээд нь орос дээр уншсан гэцгээж байсан шүү. Дуулиантай шинэ бүтээл гэдгийн хувьд би амлалт өгөөгүй. Ер нь орчин үеийн амьдрал хурц шуурхай нийтлэлүүд шаардах болж. Цаг үе, нийгмийн хөгжлийн хурд, хуримлагдаад буй хурц асуудлуудтай энэ холбоотой юм болов уу даа.
- Та монголд дахин очих уу?
- Бид аль аль нь төв азийн нүүдэлчид. Энэ утгаараа бол хэн хэнийдээ орж гарч л баймаар. Сүүлийн хэдэн жил Европт амьдарч байгаа болохоор холдоод байгаа юмуу, завдал болоогүй л явна. Боломж гарвал санаа байна.
Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөхөөс аргагүй болов. Монголын парламентын даргын оролцсон арга хэмжээний албан ёсны нээлт эхэлчихлээ. Алдарт зохиолчтой гэрэл зургаа амжиж хам хум дарууллаа.
Эгшиглэн хамтлагийн концертын дунд хэсэгт Чингиз Торекулович, түүний гэргий нарыг харав. Хөөрч хөгжсөн залуус шиг л алгаа чанга чанга гэгч нь ташилж байна лээ.
2002 оны XI сар. Бруссель.
Элчин Консулын газартаа зочлов. Эндээсээ Монголынхоо Элчин консулын газрыг зорьлоо. Хаягийг хөтөчдөө өгсөн ч тэр түүнийг тоосонгүй “Хаана байдгийг нь би мэднэ ээ...” гээд л давхичихав. Манайхны нислэг тосож бид мэтийн монголчуудад үйлчилсээр очдог газар, үзэж сонирхдог гудамж талбай, худалдаа наймааг нь ч сайн мэддэг нэгэн болчихож энэ Бекзат. Төв талбайгаас холгүй, хоёр гудамж хөндлөн гараад л тэнд хүрчихлээ. Арваад давхар хүрэн тоосгон байшинтай бахим төмөр хашааны хаалганы дээхэнтээ Алтан соёмбот маань намирч байна.
Нутгийн биднийг камераараа харсан юм байлгүй автомат хаалга нь удалгүй онгойж бид дотогшлов. Консулын газар энэ байрны хоёрдугаар давхарт байдаг бололтой, хэдэн шат өгсөөд хөлийн өрөөнд орцгоов. Хоёр залуухан дипломат мэнд мэдэн угтлаа. Элчин яамаа сонирхож яваа аян замын хүмүүс байна гэж учир байдлаа ойлгууллаа. Нэг залуу нь Энхбат хэмээн нэрээ хэллээ. Казахстан, Киргиз гээд Дундад Азийн энэ орнуудад Элчин сайдаар сууж байсан, Гадаад яаманд газар хэлтсийн даргаар ажиллаж байсан миний сайн таних Сандаг дипломатын хүү юм байна гэдгийг ямар ч угтал тайлбаргүйгээр түүнийг би танив. Зүс царай, яриа хөөрөө, намба төрх нь аавтайгаа тун ч адилхан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын Европын орнуудад хийсэн айлчлал, Ерөнхийлөгч Н.Багабандийн Булангийн зарим орнуудад хийсэн айлчлалд ажлын болон хэвлэл мэдээллийн хэсгийн бүрэлдэхүүнд хамтран оролцож, ажил төрлийн харилцаатай байсны хувьд аавыг нь дурсаж хүүтэй нь халуун дотно яриа өрнүүлэв. Нөгөө дипломат нь Дэд консул Г.Зориг гэнэ. Удсан ч үгүй Ерөнхий Консул
Т.Ганболд орж ирж мэнд мэдэлцэн цай цүү болов. Нутаг ус, сургууль соёл ярьж эхэлсэн чинь нилээд ойрын хүмүүс болж таарав. Би нутгаас гарахын өмнө саяхандаа Бишкект хэдэн сар ажиллаж амьдарсан садан төрлийн Ц.Өнөрцэцэг дүүгээс консулынхны хаяг, товч мэдээлэл аваад гарсан юм. Тэр дүүтэй маань Т.Ганболд Консул Эрхүүгийн бэлтгэлийн нэг төгсөлт, миний үеэл Г.Пагматай Эрхүүгийн НарХоз хэмээн нэршсэн Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуулийн нэг курсын оюутнууд юм байна. Хамаатан бүсгүйчүүдийн минь дотно танилаас гадна Эрхүүд дөрөв таван жил хамт суралцсан оюутнууд юм болохоор Ганболд бид хоёр бие биенээ зүс мэдэх, яриад байсан чинь энд тэнд тааралдаж л явж. Хэдэн үг сольсоны дараа “Төөрсөөр төрөлдөө...” гэдэг шиг бүр нэг нутаг хошууныхан болж таарав. Хуучнаар арван баядын хошуу гэж байсан тэр хошууны баядууд юм байна бид хоёр. Аяга кофены ард алба ажлынх нь тухай ярилцлаа. Манай Гадаад Хэргийн сайдын айлчлал болно гээд эднийхэн ойрын хэдэн өдөр ачаалал ихтэй байцгааж. Уулзалт, хэлэлцээрийн бэлтгэлийг хангах нарийн ажлууд ар араасаа төлөвлөгдөж Киргизийн яам тамгынхантай шат шатанд нь тохиролцоод жин тан болгоцгоож. Консулын газрыг нь Элчин сайдын Яам болгох УИХ-ын шийдвэр аль хэдийнээ гарчихсан болохоор Яамны сайдын айлчлалын үеэр албан ёсоор нээлтийг нь хийх бэлтгэлээ хангаад байж.
Тэгтэл манайд үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад Гадаад Хэргийн сайдын айлчлал хойшилчихож. УИХ-ын дарга Миеэ Энхболдоо огцруулах асуудал хурц тавигдаад Д.Цогтбаатар сайдын УИХ-ын гишүүнийх нь ганц кноп онцгой хэрэгтэй болсон юм байх. Айлчлал хойшилсон гэхийн учир шалтгааныг би л ийн таамаглаж буй хэрэг. Киргиз, Монголын улс төр эдийн засгийн харилцаа, иргэд хоорондын холбоо энэ тэр гээд олон асуудал ярилцаж сууцгаав. Улаанбаатар Бишкек хооронд шууд нислэгтэй болсон болохоор иргэд хоорондын харилцаа идэвхжиж буй гэнэ. Өнөө өглөө гэхэд л бидний ирсэн онгоцоор арав шахам монгол ирж заримыг нь манай консулын машин угтаж. “Та хоёр харин хаагуур нь зөрчихөв...” гэж Дэд консул гайхасхийн ярьж суулаа. “Манай Болормаагийн ээж нь бас ирж байгаа гэсэн, Дэлхийн банкны машин бас очсон байлгүй дээ” гэж Ерөнхий Консул Т.Ганболд хэлсэн нь миний анхаарал татаж би хэрэгт дурлав. Болормаа гэдэг нь хэн бэ? Дэлхийн банк гэдэг нь ямар учиртай вэ? гээд л асуултаар тэднийг ороочихов. Уучлалт гуйж учир явдал ч би ярив. Ойрхон авч явсан “Аян зам бодол эргэцүүлэл” номоо хэдэн үг бичиж Консулынханд өргөн барилаа. Энэ номынхоо үргэлжлэлийг бичих гэж яваа болохоор номын минь баатар болчих хүмүүс хэрэгтэй байдаг юм аа гэж учирлав. Болормаа гэх бүсгүй Бишкек дахь ОУ-ын энэ байгууллагад удирдах ажил хийдэг гэнэ.
Маргааш нөгөөдрөөс ч хамаагүй тэр бүсгүйтэй уулзуулж өгөөч хэмээн Консулаас би хүсэв. Хагас бүтэн сайн таарч байгаа болохоор хэцүү дээ гэж байна Консул. “Надад тав аравхан минут ч байсан болно, ажлын газар энэ тэр гэхгүй, аль ойрынх нь кафе, ресторанд аяга кофены ард уулзаад танилцаж хэдэн үг солиход л болно...” гээд Консулыг царайчлав. Ганболд Консул тэр хатагтай руу утасдсан боловч холбоо авч чадсангүй “Утсаа салгачихсан байна аа, ээж нь ирсэн болохоор аргагүй дээ...” гэж тэрээр намайг тайвшруулах аядав. Иймэрхүү яриа болж суутал миний утсанд Монголоос дуудлага ирж байна. Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол ярьж байх юм. “Хаагуур байна аа, хөгшин баяд аа?” гэж байна тэр. Утас дуудахад нь “Их Цоодол холбогдож байна аа...” гэж нөгөөдүүлдээ хэлээд утасныхаа дууг би нээчихсэн юм. “Киргизэд явна, Бишкект байна аа” гэсэн чинь тэр итгэх янзгүй, “Та хэд, Пүүжээ та нар хөгшин ахынхаараа шинийн хоёрон гуравнаар ирж золгоно байгаа...” энэ тэр гээд л захиргаадах аядаж байна. “Бишкект Монголынхоо Консулын газарт зочлоод сууж байна...” гээд учирлав. Итгүүлэхийн тулд Ерөнхий Консул Т.Ганболдод утсаа өгч сар шинэ угтсан мэнд хүргүүллээ. Ардын уран зохиолч ч Консулынханд ирж буй сар шинийн мэнд хүргэж сайн сайхны ерөөл дэвшүүлэв. Бүхний хүндэтгэл хүлээсэн их зохиолчтой санаандгүй ярьж сар шинийн мэнд, сайн сайхны ерөөл сонссондоо Ерөнхий Консул, консулынхан баяртай байцгаав. Надад ч энэ нь тун таатай байлаа.
Консулын газарт. Зүүнээс Дэд Консул Г.Зориг, Ерөнхий Консул Т.Ганболд, Зөвлөх С.Энхбат
Бишкект амьдардаг зарим монгол хүмүүсийн тухай мэдээлэл сонсож, Монгол Бишкекийн харилцааны тухай яриа өрнүүлцгээв. НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан дэмжлэг нэг нэгэндээ үзүүлж ирсэн аж. Төв Азийн энэ бүс нутагт Парламентын засаглал, ардчилсан тогтолцоог сонгосон гэх утгаар нь Киргиз Улстай манай орон ардчилал, нээлттэй нийгэм, улс төрийн намуудын тогтолцоо, сонгуулийн систем, иргэний шинэчилсэн бүртгэл зэрэг манайд ардчиллыг хөгжүүлж ирсэн гуч шахам жилийн туршлагаасаа идэвхтэй хуваалцаж байдаг тухай Консулын нөхөд ярьж байлаа. Өндөр дээд түвшний харилцан айлчлал тогтмол хийж ирсэн гэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 1999 онд, Н.Энхбаяр 2007 онд, Ц.Элбэгдорж 2012 онд Киргизэд айлчилж байж. Киргизийн Ерөнхийлөгч Аскар Акаев 1993, 2002 онд Монголд айлчилсан аж. Хоёр улсын Хууль тогтоох дээд байгууллага, Гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд ч харилцан айлчилсаар ирж. Монгол Улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очир тэргүүтэй төлөөлөгчид 2003 онд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2012 онд, Киргизийн Парламентын дарга А.Борубаев тэргүүтэй төлөөлөгчид 2004 онд, Киргизийн Ерөнхий сайд Д.Оторбаев 2014 онд тус тус харилцан айлчилсан юм байна. Мөн Монголын Гадаад Хэргийн сайд Ц.Гомбосүрэн 1993 онд Киргизэд, Киргизийн Гадаад Хэргийн сайд Э.Абдылдаев 2012 онд Монголд айлчилсан түүхтэй юм байна. Монгол Улсын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярын арга хэмжээнд Киргизийн Ерөнхийлөгч асан хатагтай Роза Отунбаева 2015 онд хүрэлцэн ирж оролцжээ.
Ер нь эдний улс төрийн томчууд манайд айлчлахдаа Хяргас нуурт очих нь бараг уламжлал болсон юм байх. Анхны Ерөнхийлөгч Аскар Акаев нь хоёр ч удаа энэхүү нуур усанд ирж хүндэтгэл үзүүлж байж. Уснаас нь дээж авч Иссык-Куль нуурандаа юүлдэг уламжлал бий болсон гэх. Иссык-Куль нуураасаа ч дээж авчирч Хяргас нуурт бас юүлдэг юм байх. Ажил үйлс, улс төрийн өндөр албаа даатган ийн шүтэн дээдлэдэг гэх таамаглал ч байдаг аж. Киргизийн Ерөнхий сайд Д.Оторбаев таван жилийн өмнө Монголд албан ёсны айлчлал хийхдээ Хяргас нуурт бас зочилсон юм билээ. Эцэг өвгөд, элэнц хуланцынх нь эрт цагт нүүдэллэн амьдарч явсан нутаг ус хэмээн ийн хандацгаадаг гэсэн. Хяргас, Киргиз гэсэн үгс нэг гарал үүсэлтэй байх гэж үздэг хүмүүс ч байдаг аж. Ер нь монгол, киргиз хэлэнд адил төстэй, утга нэгтэй үгс их олон юм билээ. “Тамга, унаа, хар гол, гүүний саам, аяга, алт, архи ...” гээд олон үг дуудлагын хувьд ч утгын хувьд ч яг тэр хэвээрээ Киргиз хэлэнд хэрэглэгддэг юм билээ гэж Ерөнхий Консул Т.Ганболд, Зөвлөх С.Энхбат нар ярьж байв. Худалдаа эдийн засгийн харилцааны хувьд манай хоёр орны худалдааны нийт эргэлт 2018 оны байдлаар 650 мянга орчим ам долларт хүрсэн гэнэ. Манайхаас Киргизэд хонь, ямааны мах, малын дайвар бүтээгдэхүүн, бэлэн хувцас, сүлжмэл бүтээгдэхүүн экспортолж, Киргизээс жимс жимсгэнэ, шоколад агуулсан зарим бүтээгдэхүүн, үрийн будаа, зарим нэхмэл бүтээгдэхүүн, гар хивс зэргийг импортоор авдаг аж.
Киргизийн байгалийн хамгийн том баялаг нь алт юм. Хамгийн том Кумторын орд нь 300 гаруй тонн алтны нөөцтэй гэх. Одоо энэ ордын алтыг Киргизчүүд манай Бороогийн алтны ордыг ашиглаж байсан, сүүлд Ноён уулыг ашиглах гээд хэл ам болоод байсан Канадын нөгөө алдартай “Centerra Gold” компанитай хамтран ашигладаг юм билээ. Джеруй, Талдыбулак, Макмал, Алтын-Жилга гэх алтны ордууд нь нийтдээ 200-аад тоннын батлагдсан нөөцтэй аж. Жилдээ энэхүү ордуудаасаа 20 гаруй тонн алт олборлож буй гэнэ. Нүүрсний 1,3 тэрбум тонны нөөцтэй 70 гаруй ордоос жилдээ сая шахам тонныг олборлож байна. Мөн газрын тос, байгалийн хийн нөөц ихтэй орон юм. Жилд 80 мянган тонн газрын тос, 20 сая гаруй куб.метр байгалийн хий олборлож боловсруулдаг аж. Мөнгө, мөнгөн ус, цагаан тугалга, уран болон газрын ховор элементийн нөөц буй гэнэ. Эдийн засгийн зонхилох салбар нь хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл юм байна.
Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн жилийн 1279 ам.доллар, сарын дундаж цалин 215 ам. доллартай тэнцдэг аж. Киргизэд манай 50 гаруй иргэн суурин амьдардаг бол манайд арваад Киргиз иргэн байнга аж төрдөг гэнэ. Манайхаас Бишкекийн их, дээд сургуульд 35 оюутан хувийн зардлаар суралцдаг юм байна. Сүүлийн нэг жилийн байдлаас үзэхэд манай 292 иргэн Киргизэд, тэдний 438 иргэн манайд зорчжээ. Иймэрхүү мэдээллийг Консулын нөхөд ярьж байв. Хэдэн жилийн өмнө энэ Бишкект Консулаар ажиллаж байсан миний үзэг нэгт, сэтгүүлч нөхөр Г.Сумъяагийн бичсэн Монгол Киргизийн харилцааны талаарх нэгэн номыг Ерөнхий Консулаас бэлэг болгон авснаар бидний энэ өдрийн уулзалт өндөрлөж доошоо буув. Хашааныхаа дотор ханыг монголын байгалийн том том өнгөт фотогоор доторлочихож. Алтай хангайн уул ус, Хөвсгөл нуур, Бурхан Халдун...гээд л монгол орныхоо үзэсгэлэнт байгалиар аялаад гарах шиг дотно сайхан сэтгэгдэл төрж байлаа.
Цонжин дахь “Эзэн хааны морьт хөшөө” ч бүтэн хана эзлээд байж байна. Манай Консулаар ирсэн зочин гийчид ихэд сонирхон үздэг юм гэж Зөвлөх С.Энхбат хашаан дахь зургуудаа тайлбарлангаа өгүүлж байлаа...
Консулын шинэ танилууд маань “Маргаашын Ням гаригт уул руу салхинд гарцгаавал ямар вэ?” гэж урьж байв. Сайхан санал байна хэмээн хүлээн авч зөвшөөрөөд буудал руугаа буцлаа. Орой, өглөөний хоол ундыг буудалдаа зохицуулав. Дөрвөн одын зэрэглэлтэй гэх хэдий ч хаа газрын таван одотоос “Garden” дутахааргүй санагдлаа. Зоогийн газрынх нь хоол унд, жимс, амттаны нэр төрөл нь их баялаг юм. Өглөөний цайны өөртөө үйлчлэх хэсгийн хангамжаар нь зочид буудал, рестораны зэрэг дэвийг би тодорхойлох гээд байдаг юм. Киргиз бол манайх шиг далай тэнгисээс хол эх газрын нутаг орон шүү дээ. Тэгтэл “Garden”-ын өглөө, оройн зоогт далайн бүтээгдэхүүнээр хийсэн олон төрлийн хоол зууш байх юм. Улаан, цагаан загас, түрс гээд л сонголт тун арвин. Амттаны хэсэгт шинэ жимс жимсгэнэ төрөл төрлөөрөө, зөгийн бал гэхэд л шингэнээрээ ч, бас таван одотуудад үйлчилдэг шиг зөгийн үүртэйгээс нь ч халбагадаад авч болохоор. Жуулчид, үйлчлүүлэгчдээ татахын тулд “Garden” ингэж л хөдөлж байна гэж би хэлэх гээд байна.
Манайхан сая жуулчин авна гээд л лоозогноод байдаг даа, тэгтэл Киргизүүд Иссык-Куль, Тэнгэр уулаа, бас Чингиз Айтматоваа магтан дуурьсуулж байгаад аль хэдийнээ сая жуулчин хүлээж аваад эхэлчихжээ. Манайхан хоосон лоозун, мөрөөдлөөс өөр юмгүй өнөөдөртөө золгож буй нь харамсалтай. Иссык-Кулийн форум гэдэг олон улсын зохиолч сэтгүүлчдийн уулзалтад таван тивийн хэдэн зуун алдартан зун бүр цуглардаг гэнэ лээ. Өнгөрсөн жил манайхнаас Монгол Улсын Гуравдахь Ерөнхийлөгч, Горькийн нэрэмжит Москвагийн Утга зохиолын дээд сургуулийг төгсөгч, орчуулагч Намбарын Энхбаяр тэргүүтэй зохиолч сэтгүүлчдийн өргөн бүрэлдэхүүн оролцоод ирсэн байв. Хяргас нуураас савлаж авсан усны дээжийг экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Киргиз нөхөд болон форумын төлөөлөгчдийн хамт Иссык-Куль нуурт юүлж буйг би ТВ-9 телевизийнх нь нэвтрүүлгээс харсан юм. Манай нэрт зохиолч, сэтгүүлч Тугалхүүгийн Баасансүрэн, Данзангийн Нямаа, зохиолч, нийтлэлч Цүрэвийн Мухар нарын бичсэн Иссык-Кулийн сонирхолтой тэмдэглэл ч өдөр дутмын сонинуудад нийтлэгдэж, нуурын эрэг дэх их зохиолч Чингиз Айтматовын суугаа хөшөөтэй дээрх зохиолч сэтгүүлч нөхөд маань зургаа авахуулсан нь ч ном сэтгүүлд гарсан байна лээ. Исык-Куль нуур, Их зохиолчынхоо нэрээр Киргиз орон ертөнцийн өнцөг булан бүрээс амьтан хүнийг ийн даллан дуудсаар л байх юм.
Өнөө өвөл цаг хэдий ч бидний буусан энэ “Garden” зочид буудалд хэдэн Солонгос, Япон, бас арваад орос буучихсан, өрөө бүр зочинтой байх шиг. Улс оронд нь аялал жуулчлал ийн хөгжиж буй болохоор энэ буудлынхан ор хоног гэдэгтээ санаа зоволтгүй, үйлчилгээнийхээ чанар, рестораныхаа хоол ундны хангамж мэтэд илүү анхаарал тавих боломжтой болдог биз ээ... Өглөө буудлынхаа орчин тойронтой зэрвэс танилцчихаад гудамжны цаахантай харагдах гурван давхар байшингийн нэг ханыг тэр чигээр нь бүрхчихсэн “Фрунзе супермаркет” хаягийг чиглэн алхав. Киргиз оронд хуучин социализмаас нь үлдсэний юмны ул мөр байх энэ Фрунзе хэмээх жанжны нэр. Нийслэл хот нь ч энэ жанжнаар нэршиж байсныг бидний үеийнхэн мартаагүй л байна. Хүнсний энэхүү том дэлгүүр нь юм юмтай томоохон худалдааны төв аж. Нэгдүгээр давхар нь хүнснийх, хоёр гуравдугаар давхар нь барааных бололтой. Мах гэхэд л загас, тахиа, үхэр, хонь гээд л янз янзаараа л байна лээ. Харин гахайных байхгүй нь эдний шашинтай нь холбоотой биз. Махны үнэ кг нь үхэр, хониныхоосоо шалтгаалаад 4-7 ам долларын орчимд байгаа нь байдаг л жишиг. Манайхаар бол хониных нь 10 мянга гаруй төгрөг, үхрийнх нь 17 мянган төгрөг орчим юмуу даа.
Жимс, жимсгэний төрөл, хүнсний ногоо харин харьцангуй хямд юм. Өөрсдөө ч сайн тариалдаг, бас хөрш Узбекаас ихэнх жимсээ авдаг аж. Усан үзэм, алим, жүржийн үнэ манай дэлгүүр, хүнсний захынхаас хоёроос гурав дахин хямд юм билээ. Архи дарс нь ч манайхаас хямд бололтой. Усан үзэмдээ ойр болохоор тэр байх. Киргизийн өөрийнх нь гурван одтой коньяк гэхэд л манайхаар арван таван мянга, таван одтой нь 20 мянга гаруй төгрөг гэхээр. Иймэрхүү баримжаа тооцоо хийж хэд хэдэн тасгаар нь шагайж байгаад эндээс гарав. Буудалдаа эргээд ирэхэд Ерөнхий консул Т.Ганболд, зөвлөх С.Энхбат нар гэргийн хамт буудлын үүдэнд машинаасаа бууцгааж байв. Мэнд мэдэлцэж хэдэн үг сольчихоод өрөө рүүгээ орж ойр зуурын бэлтгэл хангаад тэдэнтэй хамт аян замд гарав...
“Royal Fish”, “12 Каминнов” цогцолборт. Замын түгжрэл гэх юм байхгүй болохоор дорхноо л хотын захад гараад ирлээ. Ганболд Консул намайг аль хэр загасчин бэ? гэж асууж байх юм. Энэ өвөл цагт ийм асуулт тавьж буйд нь би гайхасхийгээд “Загасчлахдаа тааруу, харин идэхдээ сайн шүү...” гэж хариулав. “Аль нэгийг нь чаддаг байхад учиртай...” гээд тэрээр инээж байна. Загасны тухай яриа болсны учир ч удалгүй тайлагдав. Хэсэг давхиад “Royal Fish” гэх хаягтай нэгэн цогцолборын үүдэнд манай унаа зогсов. Консулын хэд маань бид хоёрыг энд үдийн хоолонд оруулахаар төлөвлөчихөөд загас жараахай асуугаад байж л дээ. Аялал амралтын энэ бага шиг цогцолбор нь өөрийн загасны цөөрөмтэй юм байх. Өвөл зун гэлтгүй цөөрмөөсөө загас жараахайгаа барьж, бас бариулж түүгээр нь зоог бэлтгэж зочиддоо үйлчилдэг аж. Улаан цагаан гээд л олон төрлийн загас үржүүлдэг гэнэ. Цөөрмөөс нь өөрсдөө загас бариад тэр барьсан загасаараа хоолоо бэлтгүүлж үйлчлүүлж болох юм байна. Иймэрхүү тайлбар мэдээлэлтэйгээр “Royal Fish” цогцолборын хаалгаар орцгоов.
Баруунаас С.Энхбат зөвлөх түүний гэргий, Ерөнхий Консул Т.Ганболд
Зоогийн газар нь орж ширээ захиалчихаад Ганболд консул “За одоо загасаа барьцгаая аа...” гээд биднийгээ дагуулж гадагш гарлаа. Зоогийн газрын урдхантай бага шиг гол урсаж байх юм. Гол дээгүүрээ явган гүүртэй. Гүүрний доохонтой цөөрөм байв. Цөөрөм нь бетон хашлагатай аж. Цөөрмийн дэргэд урт түрийтэй усны гуталтай гартаа шүүрэн тор барьсан гүжирмэгдүү хууз сахалтай залуу биднийг хүлээж байв. Тэрээр орчин тойрноо, мөн гол горхи цөөрмөө, цөөрмийнхөө загасыг танилцуулж тайлбарлаж байна. Хориод метр урттай тав зургаан метрийн өргөнтэй тэрхүү цөөрөмд хагас метрийн гэхээр урттай хар бор, сааралдуу загас хэд хэдээрээ нааш цааш сүлжилдэж байх юм. “Осетор”, “Форрель”, “Горбуша” гээд загаснуудын нэрийг цөөрмийн хажуух самбарт биччихсэн байна лээ. “За та эндээс дуртай загасаа барьж түүгээр чинь зоогийн газрынхан хоол хийж өгөх юм” гэж Ганболд Консул надад хэлж байна. Цөөрмийн эзэн ч нөгөө шүүрэн тороо надад өгөхөөр хажууд ирлээ. “Цөөрөмд унаж та хэдэд би төвөг удна байх аа...” гээд би татгалзав. “За тэгвэл загасаа заагаад өгчих, энэ загасчин танд бариад өгнө” гэцгээж байна манай консулын хэд. Сурмаг загасч удаж төдсөнгүй тавь орчим сантиметрийн урттай хэдэн загас шанаган торондоо оруулаад авлаа. Гурав нь бидэнд хангалттай гэж байв. Улаан загасны төрөл аж...
Загасч залуугийн агнасан нөгөө гурвыг бүтнээр нь амтлаад шарчихаж энэ зоогийн тогооч нар. Янз янзын ногоогоор хачирлачихаж. Залуухан зөөгч бүсгүй тэр амттаныг ширээнээ өрж бид ч дуртайяа амталцгаав. Нутгийнх нь алдарт шарзаар энэ амтлаг зоогоо даруулцгаагаад уул руу явах аялалаа бид үргэлжлүүллээ. Цас мөстэй ийм өвлөөр зочин гийчин хүлээн авч, тэгээд бүр цөөрмөөсөө загас барьж тэднийг дайлж боломжийн орлого олж буй энэ зоогийн газар, “Royal Fish” цогцолбор Киргиз орон аялал жуулчлал гэх бизнест ач холбогдол ихээхэн өгдөгийн илрэл байх гэж санагдаж байлаа. Бидний дараагийн зогсоол нийслэлээс 25 километрийн алсад орших уулын бүс Аламудины хавцал дахь “12 Каминов” хэмээх аялал жуулчлалын бааз байв. Манай “Их тэнгэр”, “Нүхт” шиг л ой мод, гол горхи болсон үзэсгэлэнтэй сайхан газар юм. Далайн түвшнээс дээш 1600 метрт оршдог гэдгээрээ ч ижилсэж болох. “Их тэнгэр”, “Нүхт”-ийг бодвол арай хавчигдуу, хавцал нэрэндээ ч таарахаар ам аж. Хоёр километр гаруй урттай энэ хавцалд “12 Каминнов”-оос өөр амралтын газар алга. Байгуулагдаад хорин жил болж буй гэнэ. Энэ олон жил өнгөрөхөд эндээ өөр амралт нэмж бариагүй байна. Хэрвээ манайхан энд байсан бол үзэсгэлэнтэй энэ газарт нэг нэгнээсээ өрсөөд л баахан байшин барилга, амралтын газар шавуулчихсан хэн хэнийхээ бизнесийг унагаагаад хэрүүл тэмцэл болоод л сууцгааж байх байсан даа гэх бодол надад зурсхийж байлаа. “12 Каминов” нь зочид буудал, зоогийн газар, бүжиг цэнгээний том танхим, биеийн тамирын талбай гээд л амралт аялал жуулчлалын цогцолборт байвал зохих бүхэнтэй аж. Томоос том хорин ханатай болов уу гэхээр гэр байв. Зочин төлөөлөгч олшрох үеэр зоог барьдаг өргөө бололтой. Эдний энэ цогцолбор гаднаа ч машин тэрэгний тохилог зогсоолтой юм. Биднийг унаанаас бууж байхад хажуухантай дипломатын улаан дугаартай хар “Шевролот” ирээд зогсоно лээ. С.Энхбат зөвлөх “Америкийн элчингийнхэн ирж байна аа...” гэж байв.
Баруунаас Т.Ганболд Консул гэргийн хамт.
Бид хэд зоогийн газарт нь орж өтгөн хар кофе уучихаад гол горхи өгсөж, уулын мухар руу хэсэг салхилцгаав. Ингээд л аялалаа өндөрлөж хот руу буцацгаалаа. Хотын төвд эдний шашны том сүм үзэхээр бид төлөвлөсөн байсан юм. Замдаа би хэрэгт дурлаж хотын захын нэг сүмд орж үзэв. Киргизүүд лалын шашинтай ард түмэн. Иргэдийнх нь 83 хувь нь энэ шашнаа, үлдсэн нь “Үнэн алдартан”, “Христ”, “Бөө” гэх мэт олон шашинд хуваагдах аж. Хотынх нь төв, захаар ч лалын шашны том бага сүм тааралдаж л байх. Манайхаар бол Амгалан хавьд буй сүмд би орж буй хэрэг. Мөргөлийн цаг биш болохоор гурав дөрөвхөн хүн хөл нүцгэн бохирч суучихсан залбирч байлаа. Манайхны сүм шиг алтарч шалгарсан гууль, хүрэл бурхад лалын сүмүүдэд ер нь байдаггүй юм билээ. Ийм жижиг сүмүүдэд бол лал мөргөлийн бичээстэй хивсэнцэр даавуу хананд нь байх төдий. Сүм мөргөлийнх нь дэг жаяг харин нилээд хатуу нь мэдрэгддэг. Шүтлэгтнүүд нь шашиндаа хэтэрхий үнэнч болохыг нь дэлхий дахин мэднэ дээ. Мөргөлийнх нь цаг болонгуут лалууд нисэх буудалд ч бай, ресторан зоогийн газар ч тэр аль нэг булан тохой олоод, өөртөө авч явдаг жижиг хивсэнцэр, алчуур төдийхнээ дэвсээд л залбирал мөргөлөө үйлдээд бохирцгоож байдаг даа. Намайг ийм ойр зуурхныг сонирхоод байхаар С.Энхбат зөвлөх манай жанжны нэрэмжит гудамж энд байдгийг замдаа танд үзүүлбэл зүгээр юм даа гэх санал гаргаж байв. Тэр дагуу нь Сүхбаатар жанжны гудамжинд очицгоов. Манайхаар бол хотын Их тойруугийн гаднахантай байх хөл хөдөлгөөн буурайдуу гудамж юм уу гэж санагдсан. Социализмийн он жилүүдэд манай нийслэлд Зөвлөлтийн барилгачид 12,15 дугаар хороолол, Төмөр замд нэг загварын саарал таван давхар угсармал орон сууц нилээдийг барьсан даа. Яг тиймэрхүү хорооллын барзгардуу саарал таван давхар угсармал орон сууцны хананд Сүхбаатарын гудамж гэсэн хаяг байв. Мэдээж гудамж гэдэг нь Киргизээр.
Ойрдоо тордож гар хүрээгүй бололтой. Манайхан жанжнаа мартчих гээд буй өнөө цаг үед өнгөт хувьсгал байсхийгээд хийх болсон энэ улс орны шинэ үе иймэрхүү ая зантай байх нь аргагүй биз ээ гэх сэтгэгдэлтэй байшингийн ханан дахь хаягийн зургийг дарчихаад тэндээс хөдлөв.
Д.ЦЭДЭН-ИШ