Б.ЭРДЭНЭБАТААС " АРИГ" БАНКИЙГ НЬ БУЛААЖ АВАХ ОПЕРАЦИ (Коммент нийтлэл)

2020-11-10  

Нэгэн цагт "Эрэл"-ийн вант улс гэж яригдах болсон "Эрэл" компанийн үүсгэн байгуулагч, УИХ, Засгийн газрын гишүүн асан, "Ариг" банкны 60 хувийг эзэмшигч Бадарчийн Эрдэнэбатыг "Номин" компанийн Баярсайханы гомдлын мөрөөр хорьж саатуулсан. Маргааш Б.Эрдэнэбаттай холбогдох шүүх хурал болно. Б.Эрдэнэбатын өмгөөлөгч Б.Отгонбат өнгөрсөн хугацаанд олон сонин хэвлэлд дээрх асуудлаар ярилцлага, тодруулга өгсөн байна. Түүнээс нь иш татан " Коммент нийтлэл"-ээ бичсэнээ уншигч Та бүхэнд хүргэе.

НЭГ: ЭРЭЛ-ИЙН ЭРДЭНЭБАТ- НОМИН-ГИЙН БАЯРСАЙХАН НАР БИЗНЕСЭЭР ЯАЖ ХОЛБОГДОВ

Ш.Баярсайханыг “Номин Холдинг” ХХК-ийн захирал гэдгээр нь олон нийт мэднэ. Ш.Баярсайхан одоогоос 4 жилийн тэртээ “Ариг банк”-ны 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбаттай уулзаж, "Ариг" банкинд хөрөнгө оруулах хүсэл сонирхолтойгоо илэрхийлж, хамтран ажиллах саналыг анхлан тавьсан аж. Тухайн үед" Ариг" банкинд гаднын, тухайлбал Японы талаас хөрөнгө оруулалт хийх асуудал ч судалгааны хүрээнд үргэлжилж байсныг Б.Эрдэнэбат Ш. Баярсайханаас нуусангүй. Харин Баярсайхан нь гадаадынхыг биш, үндэсний хөрөнгө оруулагчаа дэмжээч, би хангалттай хөрөнгө оруулалт хийнэ гэж ятгасан учир Эрдэнэбат Япончуудыг орхиж, Баярсайханыг хөрөнгө оруулагч- хувь нийлүүлэгчээр сонгосон юмсанжээ. Эрдэнэбат захирал Ш.Баярсайханыг "Ариг" банкны хувь эзэмшигчээр сонгохдоо ганцхан болзол тавьсан. Тэр нь "Эрэл" ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат-1 /БҮК-1/ төсөлд хөрөнгө оруулах гэрээний санал. Үүнийг нь Номингийн Баярсайхан зөвшөөрснөөр, тэдний хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй. Тийнхүү Монголын хоёр том бизнесмений БҮК-1( байшин үйлдвэрлэх комбинат) болон “Ариг банк”-ны бизнест хамтран ажиллах түүх эхэлжээ. Тэд гэрээ байгуулж, албажуулсаны дагуу Номин компани 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг "Эрэл" ХХК-ийн БҮК-1 үйлдвэрт, 27.5 тэрбумыг "Ариг " банканд оруулахаар тохирчээ. Хөрөнгө оруулалтаа ч тэр даруй хийсэн байдаг. Түүнээс хойш яг нэг жилийн дараа БҮК-1 үйлдвэр ашиглалтад орсон. 2017 оны 12 сарын 15-ны өдөр буюу, тус үйлдвэрийн нээлтэд хөрөнгө оруулагч, "Номин холдинг" ХХК-ийн үүсгэн байгуулагч Ш.Баярсайхан өөрийн биеэр оролцож, тус үйлдвэрийн 20 хувийг эзэмшиж, хөрөнгө оруулснаа МҮОНРТ-ээр зарласан. Мөн БҮК-1 үйлдвэрийнхээ техник, технологийн давуу тал, дэвшлийг ч ярилцлага өгөхдөө онцолсон нь Баярсайхан тус үйлдвэрийн хамтрагч болсныг илтгэдэг.

ХОЁР: НОМИН-ГИЙН БАЯРСАЙХАН, ЭРЭЛ-ИЙН ЭРДЭНЭБАТ НАР ЯАГААД ТАНГАРАГ ТАСАРЧ, ШҮҮХДЭЛЦЭХ БОЛОВ ?

2016 оны төгсгөлд бизнесийн хамтрагчид болсон Эрдэнэбат, Баярсайхан нар яг дөрөв дэх жилийнхээ нүүрэн дээр тангараг тасарч, шүүхийн хаалга татацгаажээ. Нэг нь хохирогч, нөгөө нь залилагч нэр зүүж зүүх болсон тэдний түүхийг сөхье. " Эрэл" -ийн Эрдэнэбат, "Номин"- гийн Баярсайхан нар хамтран ажиллахаар болсон. Баярсайханы банктай болох хүслийг Эрдэнэбат биелүүлж, "Ариг" банкныхаа 49 хувийг 27.5 тэрбум төгрөгөөр Номин-гийн Баярсайхан зарсныг баталгаажуулсан байдаг. Хүсэлтийг нь биелүүлсний" хариу барьж", Эрэл-ийн Эрдэнэбатын болзол гэх үү, гуйлт гэх үү, БҮК-1-ийн хөрөнгө оруулалт болох 20( хорь) тэрбум төгрөгийг Номин-гийн Баярсайхан шийдэж, түүнийгээ албажуулсан. Тийнхүү Б.Эрдэнэбат, Ш.Баярсайхан нар 2016 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр "Ариг банк"-нд 27.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, банкны 49 хувийг эзэмших гэрээг байгуулсан байна. Гэсэн хэдий ч Ш.Баярсайхан нь “Ариг банк”-нд нийт дүнгээрээ 18.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тул банкны 39.54 хувийг эзэмших болжээ. Гэрээний үлдэгдэл 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тодорхой үе шаттайгаар хийж гүйцээн, үлдсэн 10 хувиа нэмж, өөрийн хувьцаа эзэмшилтээ 49 хувь болгоно гэж тохирсон гэрээний 3.6.2 дахь заалтыг Баярсайхан биелүүлэлгүй удсанаас маргаан үүджээ. Маргаанаа шийдэлгүй явсаар 2019 онтой золгосон. 2019 онд арилжааны банкны дүрмийн санг нэмэгдүүлэх тухай Монгол банкны ерөнхийлөгчийн тушаал ч гарсан. Тэрхүү тушаалаар Монголын бүх арилжааны банкууд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор дүрмийн сангаа 50 тэрбум төгрөгт хүргэх үүрэг хүлээсэн. Тэр тушаалаар Номин-гийн Ш.Баярсайханы “Ариг банк”-нд оруулсан хөрөнгө оруулалт нь тус банкны дүрмийн санд шууд орсон гэсэн үг. Учир нь Банкны салбар өөрөө нарийн хяналтад байдаг учраас хувьцаа эзэмшигч нэмэгдэж, хасагдах, хөрөнгө оруулалт хийх болгонд Монголбанкнаас зөвшөөрөл авдаг. Энэ утгаараа Ш.Баярсайхан, Б.Эрдэнэбат нарын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээ Монголбанкинд бүртгэгдэж, Монголбанкнаас тус гэрээг зөвшөөрч зөвшөөрлийг нь олгосон. Хэрвээ Ш.Баярсайхан нь гэрээний дагуу, тухайн цаг хугацаандаа үлдэгдэл 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бүрэн хийсэн бол Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалыг “Ариг банк” бүрэн биелүүлж, дүрмийн сангаа 50 тэрбумд хүргэх боломжтой болох байсан тухай Б.Эрдэнэбат дурсан байдаг. Энэ тухай асуудлаар Дэм санхүүгийн нэгдэл ХХК-иас хувьцаа эзэмшигч Баярсайханд нэг бус удаа хандан гэрээний дагуу 8,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, түүнд оногдох 10 хувийг нэмж эзэмших талаар анхааруулсан. Мөн банкны дүрмийн санг 50 тэрбумд хүргэх 6.3 тэрбум төгрөгийг хувьцаанд ногдох дүнгээр хийхэд бэлэн тухайгаа ч Монголбанкинд удаа дараа албан тоотоор илэрхийлж байсан аж. Монголбанкнаас “Ариг банк”-ыг дүрмийн сангаа яаралтай нэмэгдүүлэхийг удаа дараа шаардсан юмсанж. Гэрээний дагуу хөрөнгө оруулалтаа Ш.Баярсайхан гүйцээж хийсэн бол “Ариг банк” асуудалд орохгүй байсан гэж хуульч Отгонбат үзсэн. Эндээс л хувьцаа эзэмшигчдийн маргаан эхэлсэн түүхтэй аж.

ГУРАВ: "АРИГ " БАНКИЙГ МЭДЭЛДЭЭ АВАХ Ш.БАЯРСАЙХАНЫ " НҮҮДЭЛ "

Арилжааны банкны дүрмийн санг нэмэгдүүлэх Монгол Банкны ерөнхийлөгчийн тушаал гарахаас өмнө Монголын арилжааны банкнуудыг ОУВС-аас шалгасан. Тэр шалгалтаар "Ариг" банк хамгийн сайн үзүүлэлт бүхий гурван банкны нэгд шалгарсан. Түүнчлэн банкны зохист харьцаагаа хамгийн сайн барьсан, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, үндсэн хөрөнгийн үзүүлэлт маш сайн гэсэн үнэлгээг Ариг банкинд өгсөн байсан нь бусдын анхаарлыг зүй ёсоор татсан байх магадлалтай. “Ариг банк”-нд доголдох ямар нэг асуудал байгаагүй. Гэтэл Монголбанкны зүгээс арилжааны банкны дүрмийн сан дутуу гэдгээр гогцоолдон, “Ариг банк”-ны үйл ажиллагаанд оролцож, хүчээр албадлага хэрэглэсэн. Яг энэ үетэй зэрэгцэн тус банкны 39.54 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Баярсайхан үлдсэн хөрөнгө оруулалтаа гүйцээн хийе. Гэхдээ 49 хувийн эзэмшигч биш, 51 хувийг эзэмшигч болох болзлыг тулгажээ. Эндээс л "Ариг" банкны 49 хувийг эзэмших биш, 51 хувь буюу давуу эрхийг эзэмших Ш.Баярсайханы далд санаа цухалзсан байна.

ДӨРӨВ: МОНГОЛ БАНК ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОЖ, АЛБАДЛАГА ХЭРЭГЛЭСЭН Ч "АРИГ" БАНК ХӨЛ ДЭЭРЭЭ БАТ БӨХ ЗОГССОН ХЭВЭЭР

Улмаар Б.Эрдэнэбат, Ш.Баярсайхан нарын хувьцаа эзэмшигчдийн маргаанд Монголбанк оролцсон. Монголбанкны Ерөнхийлөгч А/58 дугаар тушаал гаргаж 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр “Ариг банк”-ны зээл хадгаламж, харилцах банк, батлан даалт зэрэг бүх үндсэн үйл ажиллагааг нь хаасан аж. Хувьцаа эзэмшигчид өөр хоорондоо маргаанаа шийдэх байтал “Ариг банк”-ны үндсэн үйл ажиллагаанд нь хуулиар хүлээсэн эрхээ хэтрүүлж, хөндлөнгөөс оролцож бүх үйл ажиллагаанд нь хориг тавьж эхэлсэн юм. Энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хэвээр. Монгол банк хөндлөнгөөс нь оролцсон 2019 оны 06 сараас хойш 14 сар өнгөрчээ. Энэ хугацаанд “Ариг банк” нэг ч зээл шинээр гаргахгүй, нэг ч хадгаламж татахгүй, нэг ч батлан даалт гаргах эрхгүй болжээ. Өөрөөр хэлбэл банкны үндсэн үйл ажиллагааг нь хүчээр зогсоочихсон үед үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн байна. Уг нь Монголбанк “Ариг банк”-ны үйл ажиллагаанд хязгаарлалт тавихгүйгээр зөвхөн хувьцаа эзэмшигчийн эрхийг түдгэлзүүлээд Монголбанкнаас тусгай төлөөлөгч тавиад уг асуудлыг үндсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулаад шийдвэрлэх бүрэн эрх, боломж нь байсан. Гэвч зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаанаас үүдэн хэвийн үйл ажиллагаатай, ямар ч асуудалгүй, зохист харьцаагаа хамгийн сайн хадгалж байгаа банкинд Монголбанк хуульд заасан эрхээ хэтрүүлж нөхцөлт удирдлагын арга хэмжээ авсан аж. Өөрөөр хэлбэл, банк өөрөө өөрийгөө удирдаж чадахгүй болсон тохиолдолд авдаг арга хэмжээг Монголбанк хүчээр хэрэгжүүлсэн гэсэн үг. Гэвч" Ариг " банкны суурь нь маш зөв, эрүүл банк гэдэг нь энэхүү үйл ажиллагааг нь хязгаарласан 14 сарын хугацаанд харагджээ. "Ариг " банк зохист харьцаагаа алдсангүй. Энэ нь “Ариг" банкийг хамгийн сайн үзүүлэлттэй банк болохыг тогтоосон ОУВС-ийн шалгалтын дүн зөв болохыг дахин нотолжээ. Мэдээж Монголбанкны буруутай үйл ажиллагаанаас болж, Ариг банкны үзүүлэлт маш их хэмжээгээр буурчээ. Тогтмол 92 тэрбум төгрөгийн хадгаламжтай байдаг "Ариг" банк 29 тэрбум төгрөгийн хадгаламжтай болтлоо буурснаас үзвэл "Ариг" банкны үйл ажиллагаа 80 хувь хумигджээ гэсэн үг. Үйл ажиллагаа нь ингэж хумигдсан ч “Ариг банк” 160 ажилтан, албан хаагчийнхаа ажлын байрыг хадгалж, тогтвортой үйл ажиллагаагаа явуулсаар байгаа нь тус банк хөл дээрээ бат бөх зогссон хэвээр гэдгийг гэрчилнэ.

ТАВ: МОНГОЛ БАНК ХАРИЛЦАГЧ, ЭЗЭМШИГЧ НАРЫНХАА ЭРХ АШГИЙГ УМАРТСАН

Банкны тухай хуульд зааснаар зөвхөн хувьцаа эзэмшигч нарт нь тохирсон арга хэмжээг Монгол банк авах ёстой. Гэтэл үүрэгт ажлаа хийсэнгүй. Харин арилжааны банкны дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон. Бүр 2020 оны 1-р сарын 24-ний өдөр Монголбанкны Ерөнхийлөгч А/17 дугаар тушаал гаргаж “Ариг банк”-нд бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Ийм шаардлага огт байгаагүй. Арилжааны банкинд албадлагын арга хэмжээ авч, бүрэн эрхт төлөөлөгч томилохыг Банкны хуулиар зохицуулсан байдаг. Банкны үндсэн хоёр үзүүлэлт нь муудсан тохиолдолд энэ арга хэмжээг авах ёстой байдаг. Нэгд; Үндсэн хөрөнгийн зохист харилцаа алдагдах, Хоёрт; Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар алдагдах Энэ хоёр тохиолдолд л Монгол банк интервенц хийх хуультай. Гэтэл “Ариг банк”-ны бүх үзүүлэлт хэвийн байсныг өнөөдөр ч харж болно. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилох хүртэл банкны үйл ажиллагаа хэвийн байсан. Монголбанкны бүтэн жил дамнасан буруутай үйл ажиллагаанаас болж “Ариг банк”-ны хадгаламж эзэмшигч нарын дийлэнх нь хадгаламжаа татсан. Энэ байдал даамжирвал "Ариг" банк хадгаламжгүй банк болох нь гэсэн үг. Уг нь Монголбанкны гол зорилго нь хадгаламж эзэмшигчдээ хамгаалах ёстой. Гэтэл эсрэг ажиллаад байна. Банкны салбар дахь асуудал, доголдлыг арилгах эрх, үүргийг Монгол банк үүрдэг. Тэд энэ үүргээ биелүүлэхгүй байгаа нь хачирхалтай. "Ариг" биш өөр банкинд Монгол банк интервенц хийх ёстой байсан. Асуудал бүхий арилжааны банк Монголд нэг бус бий. Тэдгээр банкууддаа арга хэмжээ авахгүй байж, үйл ажиллагаа нь хэвийн, хязгаарлах нөхцөл бүрдээгүй “Ариг банк”-нд албадлагын арга хэмжээ авсан нь ялгавартай хандлага юм. Өөрөөр хэлбэл, "Ариг" банкны нэг хувьцаа эзэмшигчид нь давуу байдал бий болгохоор Монгол банк улайран зүтгэж байна гэж "Ариг" банкийг үүсгэн байгуулагч, гол хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат үзэж байна. Банкны салбарт реформ хэрэгтэй байна. Шуудхан хэлэхэд, Монголбанк хууль дээдэлж, хуулийн дагуу ажиллахгүй байна. Ариг банкинд тулгамдсан асуудал бол тус банкны гол хоёр хувьцаа эзэмшигч банкны дүрмийн сангаа нэмэгдүүлэх л асуудал. Монголбанкны албадлагын оролцоо нь тун илүү үйлдэл болсон. Монголбанк өөрийн үзэмжээр арилжааны банкуудад ханддаг сул тал өнгөрсөн хугацаанд ажиглагдлаа. Дурын банкаа урагшлуулж, дургүйгээ хойш нь татдаг, улс төр, хувийн ашиг сонирхол давамгайлсан үйл ажиллагаанаас нийт харилцагч хадгаламж эзэмшигч хохирч байна. Монгол банк хадгаламж эзэмшигч харилцагч нарын эрхийг хамгаалахаа умартсан. Тэд үзэмжээрээ дуртай банкаа дампууруулах , тэр зорилгоор үе шаттай арга хэмжээг хэн нэгэн этгээдэд ашигтай хэлбэрээр хийдэг болоод багагүй хугацаа өнгөрч байна гэж Эрдэнэбатын өмгөөлөгч Б.Отгонбат байр сууриа илэрхийлжээ.

ЗУРГАА: БАНКНЫ САЛБАРТ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ЦАГ БОЛСОН. ХАМГИЙН ТҮРҮҮНД МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ЛХАГВАСҮРЭНГЭЭС ЭНЭ ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭХЛЭХ ЁСТОЙ

Ариг банктай холбогдох бүхий л шийдвэрүүд нь Монголбанкны одоогийн Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй шууд холбоотой. Ариг банкны үйл ажиллагааг нь хязгаарлах, тухайлбал, зээл хадгаламж, барьцаа , батлан даалтын үндсэн үйл ажиллагааг нь зогсоолгож өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа 2019 оны 05 сараас "Ариг" банкны нэг хувьцаа эзэмшигч болох Улаанбаатар импекс ХХК-ийн зүгээс Монгол банкинд хандан гаргасан байдаг. Үүнийг нь Монгол банк ёсоор нь болгож “Ариг банк”-ны үйл ажиллагааг зогсоосон. Гэтэл дахин Бүрэн эрхт төлөөлөгч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг 2019 оны 9-12 сарын хугацаанд гаргасан. Үүнийг нь Монгол банкны ерөнхийлөгч 2020 оны 01 сард хүлээн авч Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Монгол банкны Ерөнхийлөгчийн А58 дугаар тушаалаар үйл ажиллагааг нь хязгаарлаж, А17 тушаалаар Бүрэн эрхт төлөөлөгч томилох үндэслэлээ "АРИГ " БАНКНЫ ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ЗОРИЛГООР гэж тайлбарласан. Гэтэл Монгол банкны ерөнхийлөгч Лхагвасүрэнгийн дээрх хоёр тушаалаас үүдэн Ариг Банкны хэвийн үйл ажиллагаа доголдсон. Банкны үндсэн актив 57 хувь, харилцагч 68,7 , зээлийн багц 50.4 хувиар буурсан байна. Бизнесийн үйл ажиллагаа нь 4 дахин багассан. "Ариг" банкны хоёр салбар татан буулгасан. Гуравдагч салбарыг нь 3 татан буулгахад бэлдсэн. Ариг банкны ногоон эх үүсвэр, гаднаас татах хөрөнгө оруулалтуудыг зогсоосон. ОХУ-аас EXIAR-аас авах эх үүсвэрийг хаасан. Энэ бүхнээс үүдэн нийтдээ 7,6 тэрбум төгрөгийн алдагдал учруулсан ийм л үр дагавар бүхий шийдвэрийг Монгол банк гаргажээ. Шийдвэр нь зорилгоосоо гажсан, сайжруулах биш уруудуулж доройтуулсан. Өөрөөр хэлбэл, Монгол банк нэг гараараа нийгэм олон нийтэд банкийг эсрдэлээс хамгаалж аварч байна гэх дүр исгэвч, нөгөө гараараа арилжааны банкаа багалзуурдаж байна. Тэд арилжааны бүх 12 банкинд ижил тэгш, хуульд заасан нөхцөл шаардлагаар хандаж чадахгүй, алагчилж хандаж байна. Монгол банк харилцагч, хадгаламж эзэмшигчдийг тэргүүн ээлжинд тавих ёстой. Гэтэл дампуурсан Капитал банкны харилцагч хадгаламж эзэмшигч нар хохиролоо өнөөдөр хүртэл авч чадаагүй хохирч байна. Ийм нөхцөл дахин давтагдахгүй гэх баталгааг Монгол банк гаргаж чадахгүй байна. Монгол банк хуульд заасан чиг үүрэг, банкны салбарын бодлого үйл ажиллагаа шийдвэр эдийн засгийн горимоор явахгүй байгааг илтгэж байна.

ДОЛОО: МОНГОЛ БАНКНЫ ШАЛГАЛТЫН ЗОРИЛГО ЮУ ВЭ? "АРИГ" БАНК ЦААШИД ЮУ ХИЙХ ВЭ?

"Ариг банк" нийт банкны салбарын 05 хувийг эзэлдэг жижиг банк. Салбартаа эзлэх жин бага ч, үйл ажиллагааны үзүүлэлтээр эхний гуравд шалгарсан нь мэргэжлийн том үнэлгээ. Хадгаламж эзэмшигчид нь хадгаламжаа татсан ч, банк оршин тогтнож болно гэдэг шинэ жишгийг "Ариг" банк өнгөрсөн 14 сарын хугацаанд тогтоолоо. Монголбанкнаас томилсон хянан шалгагч, бүрэн эрхт төлөөлөгч нар өнгөрсөн хугацаанд ганцхан шахалт л үзүүлсэн. Тэр нь хувь эзэмшигч Ш.Баярсайхантай тохирчих, 51 хувиа түүнд шилжүүлчих. Тэгээд л бид банкнаас тэр өдөртөө гараад явчихна гээд сууж байна. Хувьцаа эзэмших, хувьцааг бусдад арилжих, борлуулах, тэргүүн ээлжинд худалдан авах худалдах эрх гагцхүү хувьцаа эзэмшигчид хадгалагдаж байдаг өмчлөх эрхийн онцгой төрөл. Энэхүү өмчлөх эрх лүү хуульд заасан үндэслэлээс бусад тохиолдолд Монгол банк халдах эрхгүй хуультай. Гэтэл Монгол банкны ерөнхийлөгч Лхагвасүрэн шахалт дарамт, зүй бус нөлөөллөөр" Дэм" санхүүгийн нэгдлийн эзэмшиж буй 60.46 хувийн хувьцааг бусдад шилжүүлэн, давуу эрхтэй болох туйлын хүсэл зорилготой "Улаанбаатар импекс" ХХК-ийн талд илэрхий үйлчилж байна. Бид энэ асуудлаар Захиргааны шүүхэд хандсан. - Хувьцаа эзэмшигч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй, зөвхөн банк өөрөө нэхэмжлэл гаргах эрхтэй гэх үндэслэлээр Захиргааны шүүх хүлээн авсангүй. Тэгэхээр нь хуулийн дагуу “Ариг банк” ХХК нь Монголбанкны Ерөнхийлөгчид холбогдуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 40 хоногт багтаан хуралдах учиртай захиргааны хэргийн шүүх хурлыг 95 хоногийн турш учир битүүлгээр хойшлуулах зуур Монголбанкны Ерөнхийлөгч “Ариг банк” ХХК-д Бүрэн эрхт төлөөлөгчийг томилж тус банкны удирдлагыг гартаа бүрэн оруулсан. "АРИГ"банкны удирдлагыг гартаа оруулагч нэг л шийдвэрийг яаравчлан гаргасан. Тэр нь Монголбанкны Ерөнхийлөгчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс" Ариг" банк ХХК өөрөө татгалзсан тухай шийдвэр юм. Энэ бол тоглоом биш шоглоом, шударга ёс тогтоох биш, доромжлол юм. Хүний эрх, шударга ёсыг уландаа гишгэсэн үйлдэл. Монгол банкны ерөнхийлөгчийн хууль бус үйлдлийг зүгээр орхих боломжгүй. Монголбанкнаас хариуцлага нэхнэ гэдгээ “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК удаа дараа илэрхийлсэн. Цаашид ч энэ байр суурин дээрээ хатуу зогсоно. “Ариг банк”-ны үйл ажиллагаа зогсож, ямар нэгэн байдлаар эрсдэл учирвал бүх хөрөнгө, алдагдал, эрсдэлийг Монголбанкнаас нэхэмжилнэ. “Ариг банк”-ны үйл ажиллагаа уруудаж буй нь Монголбанкны буруутай үйл ажиллагааны үр дагавар. Нэг хувьцаа эзэмшигчийн талд орж ажиллаж байгаа нь Монгол банкны баримтлах ёс зүйд ч харшилж буй. Нэг банкны нэг хувьцаа эзэмшигчид илэрхий үйлчилдэг хүн Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллах ёс суртахууны эрхгүйг хууль тогтоогч УИХ, түүний эрхэм гишүүд анхааралдаа аваасай гэж хүсэж байна. Банкны салбарт шинэчлэл хэрэгтэй. Хамгийн түрүүнд Монголбанкны удирдлагыг шинэчлэх хэрэгтэй болсон байна.

НАЙМ: Б.ЭРДЭНЭБАТЫГ ХОРЬЖ СААТУУЛАХ ЗУУР " АРИГ" БАНКИЙГ НЬ ХУУЛЬ БУСААР БУЛААХ ҮЙЛДЛЭЭ УЛАМ ЭРЧИМЖҮҮЛЭВ

Монгол банк шударга бус ажиллажээ. Банкны хувь нийлүүлэгчдэд ижил тэгш хандсангүй аж. Банкны хуулийг сахиулсангүй. Тэр тусмаа "Ариг" банкны 60,4 хувийг эзэмшигч Б.Эрдэнэбат, түүний төлөөллийг "Ариг" банкны хувь нийлүүлэгчийн хуралд оролцуулсангүй. "АРИГ" банкны 60,4 хувь буюу гол хувь эзэмшигч Б. Эрдэнэбатыг Хорих ангид саатуулагдаж байх зуур, түүний үүсгэсэн "Ариг" банкийг нь булаах үйл ажиллагаа ийнхүү улам эрчимжсэн байна. Монгол банкнаас баталсан 50 саяын дүрмийн санг гүйцээн нэмэгдүүлэх нь тус банкны хоёр хувьцаа эзэмшигчийн үүрэг. Гэтэл Монгол банк хувьцаа эзэмшигчдэд тэгш бус хандлаа гэж Отгонбат өмгөөлөгч удаа дараа мэдэгдлээ. 49 хувийг эзэмшихээр хөрөнгө оруулсан ( дутуу оруулсан) Баярсайханы хүсэлтээр л Монгол банк хөдөлж ирснийг тэр нотолж байна. Баярсайханы хүсэлтээр Монгол банк анхлан "Ариг" банкны үйл ажиллагааг хязгаарлан хориглосон тогтоол гаргасан. Дараа нь, Монгол банкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилж тус банкны удирдах эрхийг гартаа оруулсан байдаг. Эцэс сүүлд нь "Ариг" банкны 60,4 хувь буюу гол хувь эзэмшигч Эрдэнэбатад дуулгаж мэдэгдэлгүйгээр "Ариг" банкны хувь эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулсан байна. Тус хурлаас "Ариг"банк нь энгийн хувьцааг гаргаж, түүнийг худалдах шийдвэр гаргаснаа харин Дэм санхүүгийн нэгдэлд хүргүүлсэн аж . Эрдэнэбатыг хорих ангид саатуулагдах зуур "Ариг" банкийг нь бүрэн булаах үйл ажиллагаагаа ийнхүү эрчимтэй үргэлжилж байна гэж Отгонбат хуульч өнөөдөр мэдэгдлээ.

Комментатор Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Даварагч нарт:Энэ ёстой хэтэрч байна даа... МАН нөхөд энэ улсын өнгөтэй өөдтэй бүхнийг устгах гээд байна даа... 2020-11-10
Иргэн:Шүүх өнгөрсөн юм байна . Эрүү иргэний хэрэг маргаанаа ч ялгахаа больчихсон байна МАН цаана нь харагдаад байгаа юм даа. 2020-11-10
J.Purevdorj:MBankni lhagvasuren gegch yamarch chadamjgui medleggui bolhi doroi gedgee haruulaad baigaa shuu dee .muu yumandaa sain bololtoi 2020-11-11
J.Purevdorj:MBankni lhagvasuren gegch yamarch chadamjgui medleggui bolhi doroi gedgee haruulaad baigaa shuu dee .muu yumandaa sain bololtoi 2020-11-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?