КОВИДЫН АСУУДЛААР ХЭН ХАМГИЙН ҮНЭН ЗӨВИЙГ ХЭЛЭХ ВЭ?

2020-11-15  

  Яг одоогоор бид нэг талын л мэдээлэлтэй байгаа. Энэ нь Засгийн Газрын мэдээлэл. Өөр мэдээлэл цацах эрхгүй. Засгийн газрын бодлогоос гажвал бүр хариуцлага үүрүүлнэ. Ийм нөхцөлд хэн ч , юу ч дуугарч чадахгүй. Ямар ч гэсэн нөхцөл байдал тайван биш болжээ. Хорио цээр ч цаашид сунах төлөвтэй болов. Яг энэ үед юу болоод байгаа талаар үнэн бодитой мэдээллийг өгчих хүнийг иргэд хайж байна. Миний хувьд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад ажиллаж буй Баярсайханыг гэж итгэдэг. Тиймээс Цюрих хотод суурин ажиллаж, амьдардаг Баярсайхан юу гэж байр сууриа илэрхийлснийг Та бүхэндээ хүргэе.

  Эрүүл мэндийн реформын талаар хэсэг хугацаанд пост оруулсангүй. Гурван асуудлыг л би постондоо чухалчилдаг. Нэгд: эрүүл мэндийн систем. Үүнийг сайн ойлгож бэхжүүлэхгүй бол аливаа өөрчлөлт үр дүнд хүрэхэд хэцүү. Төсөв мөнгийг хэд дахин нэмээд ч үр дүнгүй. Хоёрдугаарт: Эрүүл мэнд. Иргэдийн эрүүл мэнд бол зөвхөн эрүүл мэндийн салбарын, эмч, эмнэлгийн ажилтны асуудал биш, салбар хоорондын шинж чанартай, Монголын хүн амд хамаатай чухал асуудал. Гуравдугаарт: Системийн санхүүжилт. Эрүүл мэндийн системийг ажиллуулж, бусад салбар, хүн амтай холбож байдаг амин судас, цусан хангамж бол системийн санхүүжилт. Үүнийг бичиж буй миний бие өөрийгөө хэзээ ч дөвийлгөж байгаагүй. Мөн өрөөл бусдыг буруутгаж, дайрч давшилдаггүй билээ. Энэ бол миний баримталдаг зарчим. Эрүүл мэндийн олон сайдтай ажил ярих боломж гарахад хашиж байгаа төрийн албыг нь хүндэтгэж байснаас хувь хүн талаас нь хэзээ ч харьцаж байсангүй. Яагаад эрүүл мэндийн тогтолцоо гэж бичээд байдаг гэхээр би өөрийгөө энэ салбарт уусч, шингэсэн хүн гэж боддог. Хамгийн хүнд хэцүү үе болох 1991-1999 онд яаманд ажиллаж, эрүүл мэндийн даатгал, хувийн хэвшлийн үйлчилгээ, өрхийн эмнэлэг, эмийн зохистой хэрэглэгээ, салбарын өртөг, зардал, санхүүжилт, үр дүн, үр ашгийн тухай ойлголтыг оруулж тогтолцооны суурь өөрчлөлтийг эхлүүлсэн болохоор энэ ажил цаашид амжилттай яваасай, илүү үр дүн авчраасай, Монгол хүн бүр эрүүл байгаасай, хэрэгтэй үедээ чанартай тусламж, үйлчилгээг зохих түвшиндээ ямар нэг хүндрэл, чирэгдэлгүй авч байгаасай гэж хүсч явдаг юм. Дээр нь олон улсад ажиллах явцад эрүүл мэндийн санхүүжилт, тогтолцооны талаар шинээр сурч, мэдэж, ойлгосон юмаа хуваалцах, энэ чиглэлээр ажилдаг Монголчуудаа дэмжиж санаа, оноо өгөх үүднээс бичдэг. Ердөө л энэ. Ойрд пост бичээгүй тул оршлоо өндөрлөе. Энэ удаад хоёр асуудлыг л хөндмөөр санагдлаа.

НЭГ: Шинэ засаг байгуулагдав. Сүүлийн хэдэн сар том өөрчлөлт яригдаж хэрэгжүүлэх бэлтгэл хийгдэж зарим нь хэрэгжиж эхэлж байна. Эдгээр өөрчлөлт нь миний дээр дурдсан гурван сэдвийг мөн хөндөж байгааг анзаарсан байж магадгүй.

Энгийнээр тодорхойлвол:

а) салбарын бүтцээ оновчтой болгоё, анхан шатандаа илүү ач холбогдол өгье

б) зардлын ихэнхийг идэж, салбарын санхүүгийн бүх эх үүсвэрт дарамт үүсгэж, тэр дундаа хувь хүн, өрхийн аж амьжиргаанд муугаар нөлөөлж ядууралд оруулж эхэлсэн эмийн асуудлаа цэгцэлье

в) эдгээр өөрчлөлт, тогтолцооны үйл ажиллагаанд эдийн засгийн хөшүүрэг (purchasing power)-ийг зохистой ашиглах үүднээс санхүүжилтээ нэгтгэж нэг худалдан авагчийн хэлбэрт шилжие.

Үүнийг буруу байна гэж хэлэх хүн гарахгүй л болов уу. Олон жил ч ярьсан, бичсэн. Энэ удаа уг өөрчлөлтийг Азийн Хөгжлийн Банк дэмжиж, ЭМЯ төдийгүй СЯ, УИХ-ын зарим гишүүдийн манлайлал, оролцоотой хийх боломж гарч байгаа нь маш ховор тохиох түүхэн боломж юм. Эдгээрийг зөв хэрэгжүүлж чадвал нийт хүн ам маань чирэгдэл багатай дэргэдээ байгаа өрхийн эмчээсээ эхлээд зохих, зохих шатлалдаа чанартай үйлчилгээ аваад явна гэсэн үг. Үүнийг л иргэд хүсч байна. Эмч, ажилтнууд хийсэн ажлын чанар, үр дүнд нийцсэн цалин урамшлаа аваад явна. Эмнэлгийн салбарынхан бас хүсч байна. Магадгүй, зарим хүнд эдгээр чинь шинэ юм биш ээ, ярьж л байдаг бидний мэдэх асуудал гэж санагдаж болно. Тийм биш юм. Цаад нөлөө, гарах үр дүн их учраас их ажил цааш өрнөх болно. Товчдоо аливаа том ажил энгийн, ойлгомжтой томьёоллоос эхэлдэг. 2019 оны зун зарим эмч нарын төлөөлөлтэй уулзаж ярилцахдаа Sony корпорацийг олон жил удирдсан Морита гуайн номноос жишээ татаж хэлсэн юм. Нийтэд хэр ойлгогдсоныг мэдэхгүй.

  Түүний бичсэн Made in Japan номонд Sony гэдэг 3 хүнтэй жижигхэн компани яаж дэлхийг “эзэлсэн” тухай өгүүлдэг. Хэн ч ойлгох энгийн зорилт тавьж том нээлт, амжилт гаргаж ирснийг тэнд олонтаа дурдсан байдаг. Жишээ нь дуртай дуу, хөгжмөө хүмүүс зөвхөн гэр орон, зориулалтын газар биш , хаана ч явсан сонсдог больё гэдэг бүгдэд ойлгомжтой зорилт тавиад чихэвчтэй жижиг Walkman магнитафоныг Морита гуай биш Sony анх бүтээсэн байдаг. Яг л үүнтэй адил дээрх а, б, в гэсэн 3 төрлийн шинэчлэлийг салбар дотроо маш сайн ойлгож бүгд нэг хүн шиг баг болж, бие биенээ дэмжиж ажиллавал бид үр дүнд түвэггүй хүрнэ. Мэдээж энд ашиг, сонирхолын зөрчил хөндөгдөнө, гэхдээ үүнийг том зорилт дороо яриад шийдэж болох асуудал.

ХОЁР: Ковидыг дотроо алдлаа гээд буруутан хайж хариуцлага тооцох тухай зарим нэг хүн бичиж байна. Сайд гологдож байна, юу ярьж байгаа нь ойлгомжгүй, бүрхэг байна гэнэ. Үүний хариуд аргагүй дээ, чи ямар эмч биш, мэргэжлийн бус хүмүүс юу гэж ойлгохов дээ, мэргэжлийн бидэндээ ойлгомжтой байна, тэгээд болоо юм биш үү, сайд бол маш сайн ажиллаж байна гэх мэтээр маргаан үргэлжлэх шинжтэй. Гэвч аль, аль нь тустай юм биш л дээ. Гол нь ажлаар харуулах. Салбар удирдах гэдэг эмнэлэг удирдахтай адил биш тул ийм, ийм юманд анхаарвал зүгээр гэж би долдугаар сард нэг пост бичиж оруулж байсныг зарим нь санаж байгаа байх. Мөн Эрүүл мэндийн сайд гэдэг эмч, салбарын бүх ажилчдын хамгийн том дарга гэж та нар минь битгий хараарай. Энэ бол нийт Монголчуудын эрүүл мэндийн асуудлыг хариуцсан төрийн өндөр албан тушаал юм шүү гэж бичиж байсан. 

 Ийм учраас эрүүл мэндийн сайд хэн ч бай зөвхөн эмч, мэргэжлийн хүмүүстээ ойлгогдоод бусдад ойлгогдохгүй байж болохгүй. Яагаад гэвэл бас л миний бичдэг эрүүл мэнд бол нийт хүн амын, салбар хоорондын чухал асуудал болохоор тэр. Уг постын төгсгөлд Ковид 19 гэсэн хүнд үед ажил авч байгаа онцлогыг дурдаад үүнтэй тулгарсан бусад орны мэдээ, туршлагаас сайн суралцаарай гэж зөвлөсөн байдаг. Энэ өнөөдөр их чухал хэвээр байна. Хаана эрсдэл байгааг тогтмол үнэлж арилгах, халдвар алдах үед 1, 2,3 шатны салбар хоорондын арга хэмжээнүүд их тодорхой байж түүнийг нийтээр мэдэж байх, бараг 1-р шатны арга хэмжээнд орлоо гэхэд хүмүүс яах ёстой билээ гэдгээ хэлүүлэлтгүй өөрсдөө мэддэг болсон байх түвшинд хүртэл бэлтгэл хангана гэсэн үг.

  Одоогоор энэ тал дээр сул байгаа нь хэд хэдэн юман дээр илэрч байна. Жишээ нь зарим хүн ажилдаа яваад, зарим нь ажилдаа очилгүй ажил тасалсан асуудал үүсээд дөнгөж өнөөдөр л ямар байгууллага ажиллах, ажиллахгүй тухай мэдээлж байна. Угтаа энэ бүгд өмнө нь тов тодорхой болсон байх учиртай. Ийм бэлтгэл хангаарай гэж гадаад орон, олон улсын байгууллагууд дэмжиж хөрөнгө, мөнгө өгсөн нь ойлгомжтой. Хэрэв Ковид 19 хяналтаас гарвал салбарын чадамж, хүн хүчний нөөц юу билээ гээд олон асуудал гарна. Үүнийг бас сануулж байсан. Та нар чадна аа, тэсээрэй, та нар мундаг шүү гэдэг сонсоход сайхан ч бодит дэм болох нь юу л бол. Харин хүн бүр дор дороо хичээж мэргэжлийн заавар, зөвлөлгөөг дагаж, сурталчилж, нэг нэгэндээ шаардлага тавьж хэвшвэл бодитой ажил болно. Салбараа хүнд байдалд оруулахгүйн тулд ЭМЯ, салбарын нийт хүмүүс КОВИД 19-ээс сэргийлэх, таслан зогсоох, эмчилж эдгэрүүлэх ажилд манлайлан оролцоно. Ачааны хамгийн хүндийг нуруун дээрээ үүрэх үүрэг эмч, сувилагч, асрагч, лаборант гээд энэ салбарын хүмүүст л ногддог.

Иймд сонгосон мэргэжил, хийж байгаа ажилдаа бүгд үнэнч байж ажил, үүргээ сайн биелүүлээрэй гэж хүсье. Бас өөрсдийгөө сайн хамгаалаарай!

Д.БАЯРСАЙХАН( ЖЕНЕВ хотоос бичив)

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?