ИССЫК-КУЛЬ НУУР, ЧИНГИЗ АЙТМАТОВААРАА ДЭЛХИЙД ГОЁДОГ КИРГИЗ ОРОН 2-Р ХЭСЭГ

2020-11-15  

Туркууд сүмийг нь барьж өгчээ. Киргизийн шинэ үеийн удирдлагууд шашнаа сэргээн хөгжүүлэх талаар харин ч идэвхтэй бодлого явуулж буй юм билээ. Хөрш зэргэлдээх зарим том гүрэн ч түүнийг нь дэмжсэн аж. Одоо бидний очиж үзэх гэж буй лалын том сүм бол Дундад Азидаа нилээд дээгүүр орох том сүм гэнэ. Хотын төв хэсэгт барьсан энэ сүм хэдэн гудамжны цаанаас тодорч их л сүрлэг харагдах юм. Туркийн засгийн газар 32 сая доллар гаргаж энэ сүмийг барьж өгчээ. Зураг төслийг нь ч Туркийн архитекторууд зохион бүтээсэн юм байх. Сүмийн барилгын үнэтэй гантиг, өнгөт шилэн хийц, нарийн чимэглэлийг Туркээс авчирсан гэнэ. Тийм болохоор сүм  бүхэлдээ Османы барилга байгуулалтын төрөлд хамаардаг аж.

Нээлтийн ёслолд нь Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоан хүрэлцэн ирж оролцсон гэх. Сүм нь долоон мянган ам метр талбайтай, нэг удаадаа дотроо 12 мянга, гаднахтайгаа хамт нийт 20 мянган мөргөлч сүсэгтэн багтаах боломжтой гэнэ. Бүтээн байгуулалтыг зургаан жилийн өмнө эхэлж хоёр жилийн өмнө буюу 2018 оны намар ашиглалтад оруулжээ. Нийслэлийн яг төв хэсэгт оршдог болохоор эргэл мөргөл хийх сүсэгтэн олноос гадна энгийн иргэд ч сонирхох, бас цэцэг навч болсон цэцэрлэг саадаар нь амарч зугаалах дуртай гэнэ. Их үдийнх нь мөргөл өндөрлөсөн тул сүм хүн багатай байв. Дотроо ч хачин гоё сүм юм. Хана туурга, бунхант хэсгийн орой тэр чигээрээ л өнгө өнгийн үнэт чулуу, болор талстаар чимээстэй... Эцэг хүү хоёр, бас нэг хөл нүцгэн залуу сүмийн гол хэсэгт мөргөл үйлдээд байж байна. Мөргөлчид оймстой байдаг л даа. Өвөл хараахан дуусаагүй байхад оймс ч үгүй хөл нүцгэн суух тэр залуу анхаарал татав. Ойрхон очоод зураг аваад явж байсан чинь биднийгээ тэр сонирхож буй бололтой мөргөлөө завсарлаад үг өдөж байх. Нутгийнхан нь лав биш гэж бодсон юм байлгүй “Та нар хаанах вэ?” гэж байна. С.Энхбат зөвлөх “Монголчууд байна аа...” гэсэн чинь Бишкект ажилладаг уу, эсвэл аялж явна уу... энэ тэр гээд яриа хөөрөө болж байна. Алибек гэх энэ залуу жүдогийн тамирчин юм байна.

Өнгөрсөн жил манайхны залуу жүдочид Бишкект болсон Залуучуудын дэлхийн аваргад оролцох үеэр манайхны жүдочтой танилцсан тухайгаа дурсан ярьж байв. Монголын жүдочдыг сайн мэднэ, энэ намар танай жүдогийнхон манайд ирж хамтарсан бэлтгэл хийнэ, миний танилуудад мэнд хүргээрэй гээд сүрхий элэгсэг яриа өрнүүлж байв. Монгол Киргизийн харилцаа өргөжин тэлж буйн нэг илрэл энэ Киргиз жүдочны яриа байлаа. Манай нэрт уулчин Г.Өсөхбаяр тэргүүтэй манай уулчдын баг өнгөрсөн зун Бишкект ирж эдний Тянь-Шаны нурууны ноён оргил “Хан тэнгэр”-т авирсан тухай Консулынхан ярьж байсан юм. Тэдний баг долуулаа ирж Киргизийн “Аксай трэйвел” гэх жуулчны баазаар үйлчлүүлэхээр хандаж байж. Тал бүрийн харилцаа ийн хөгжиж байна. Сүмээс Консул руу явж байхад таарсан “Монгол” нэртэй ресторан бол бас л манай хоёр улс орон, ард олны  харилцааны бас нэг илэрхийлэл юм гэж санагдсан. Монгол орныг, Монгол түмнийг хүндэтгэдэг болохоороо л Киргиз залуус “Монгол” хэмээх нэрийг ресторандаа өгсөн байх. Манай Консулын газраас холгүй юм билээ энэ ресторан. “Монгол” рестораныхантай холбоотой байдаг эсэх, нэр авахдаа рестораныхан Консулын газраас асууж зөвшөөрөл авдаг уу гэх мэтийг Консулын нөхдөөс асуулаа. “Албан ёсны харилцаа эднийхэнтэй байхгүй, үйлчилгээ сайтай ресторан гэдэг юм билээ. Манайхны залуус үйлчлүүлж үзсэн гэдэг. Дуу хөгжим, бүжиг цэнгээн гээд залуус талд илүүтэй үйлчилгээ үзүүлдэг газар юм уу гэж бид ойлгосон. Нээгдээд хоёр жил гаруй болж байна уу даа. Нэр авах талаар бидэнд хандсан юм байхгүй ээ, өөрсдийн хууль дүрмээр л асуудлаа шийдээд явдаг байх. “Монгол” гэх нэр төрийг аятайхан аваад явж байгаа бол бид хөндлөнгөөс оролцоод байх шаардлагагүй гэж үздэг...” гэж тэд ярив. Ямар ч гэсэн Киргизүүд манай шинэ хувьсгалын удирдагч Сүх жанжин, “Монгол”  улс орны маань нэрээр нэг гудамж, нэг рестораныг нэршүүлчихэж. Манай улс оронтой холбогдож буй нэгээхэн сэжим юм даа. Консулынхныг буулгачихаад буудал руу буцах замдаа “МONGOL” нэртэй зоогийн газраар дайраад гарав. Төв хэсгийн хэдэн гудамжны уулзварт мод хадаар зүймэлдээд тусгайлан барьчихсан дан байшин. Тусдаа төмөр хашаатай юм. Барилгын гадна ханаар нь хаа сайгүй товхон гэзэгтэй монгол эрийн толгойн том зураасан зургийг эгнүүлээд ирийлгэчихсэн байх юм.

Зургийн доор нь “МONGOL”, “МONGOL” гээд л нэг янзаар дармалдаад ирийлгэчихсэн байв. Харуй бүрий дөнгөж л эхлэж буй Ням гаригийн орой  болохоор рестораныхан үйлчлүүлэгчдээ хүлээж авах бэлтгэлээ хангаж байв. Үйлчилгээний танхим руу орохын наахнатай дамжиж ордог дугуй тойрог заал байх юм. Тэнд монгол баатарын том босоо хөшөө байх.

Хананд манай эзэн хааных юм болов уу гэхээр товойлгож зүмбэрлэсэн том хөрөг байна лээ. Туслах заалны буйдангууд дээр гадна ханыг чимэглэсэн байсан “МONGOL” гэх рекламтай торгон дэрүүдийг эгнүүлсэн байх юм. Брэнд  нэрээ л баталгаажуулах гээд буй нь энэ биз ээ. Үйлчлэгч бүсгүйгээс рестораных нь танилцуулгыг асууж хэдэн үг солив. Тэрээр надад манай сайт руу ороод үзчихээрэй гээд зоогийн газрын нэрийн хуудас өгчихөөд аяга тавгаа янзлаад цааш одов. Бишкект эндээс нэг их холгүй “Чингис” нэртэй арай том ресторан бас байдаг гэнэ. Сайт руу нь орж  үзэхэд эзэн хааны том хөрөг, манай хадны сүг зураг, ан амьтныг эсгийн дээр урлаад рестораныхаа ханыг чимэглэчихсэн байна лээ. Энэ ресторан нээгдээд дөрөв таван жил болж буй аж. Ер нь анзаарч байхад энэ Казахстан, Узбек, Киргиз гээд Дундад Азийн хэдэн орон Чингис хааныг өөрсөддөө хамаатуулж түүхчлэх гээд буй нь  нилээд тааралдах юм билээ. Зүчийн улс, Цагаадайн эзэнт гүрэн гээд Дундад Азийг манай өвөг дээдсүүд эзэгнэж захиран залж явсан болохоор хамаатуулахаас ч аргагүй л байдаг биз. Тэр дундаа Киргизүүд удам угсаа, гарал үүслээрээ манай дээдсүүлтэй арай илүү ойр гэцгээдэг аж. Манайхны хэл ярианд ч адил төстэй үг олон байдаг тухай дээр нэгэнтээ бид ярилцаад авсан даа. Чингис гэдэг нэр эднийхэнд эрт цагт ч байж, эдүгээ ч бас олон аж. Их зохиолч Чингиз Айтматовын нэр нэг тод төлөөлөл нь. Надад өгсөн ярилцлагадаа тэр эрхэм зохиолч “Үг хэл, үйл ёсны хувьд ч адил төстэй юм манайханд бий... Дундад Азийн нүүдэлчин ард түмэн бид эрт дээр цагт нэг удам гаралтай ч байсан юм бил үү, түүнийг үгүйсгэх аргагүй...” гэж хэлж байсан юм даг. Киргизийн энэ ард түмэн бидний л нэг адил Их Эзэн Хааны маань нэрийг ч, улс үндэстний маань “Монгол” гэх нэрийг ч ажил амьдрал, амжилт бүтээл, бизнесийнхээ билэгдэл болгон авч яваа нь бидэнтэй ойрын холбоотойнх байх гэж санагдсан шүү. Буудалдаа ирж оройн хоолондоо орчихоод Консулынхны надад өгсөн Бишкект Дэд консулаар ажиллаж байсан Г.Сумъяа эрхмийн “Бишкект ажилласан он жилүүд” номыг уншиж сонирхов. Т.Ганболд Консул, Зөвлөх С.Энхбатын ярьж хэлж байсан адил төстэй, утга агуулга нэгтэй үг өдий төдий байдгийг энэ номд үсгийн дарааллаар хавсралт болгоод оруулчихаж. “Б” үсгээр эхлэсэн үг гэхэд л “бал”, “боорцог”, “босго”, “буга” гээд л үргэлжилнэ шүү дээ гэж тэд нэмсэн юм.  “Булаг”, “Буудай”, “Бойтог”, “Далай”, Дал”,”Дархан”, “Жил”, Жимс”, “Жолооч” гээд л үсэг болгон дээр л нэг утгатай гэх арав хорин адил үг байх юм. Эрхэм сэтгүүлч, дипломат энэхүү хавсралтдаа 300-аад ийм үг олж хавсаргажээ. Хэл шинжлэлийн эрдэмтэн мэргэд судлавал утга гарвал нэгтэй илүү олныг ч олохыг үгүйсгэхгүй. Ном лавлах шагайсных Ерөнхий Консул Т.Ганболд эрхэмийн надтай уулзуулах гэж хоёронтоо утасдуулаад холбоо тогтоож уулзаж чадаагүй Болормаа хэмээх бүсгүйг цахимаас хайв. Машинаас буухдаа Консулд дахин нэг сануулаад утас нь бас л саланги байна гэх хариу сонссон юм. Маргааш өглөө эрт Бишкекээс нисэх болохоор ямар ч гэсэн хэн гэдгийг нь мэдээд авъя гэж бодсон хэрэг. Мэдээлэл нь ч төвөггүй зураг хөрөгтөйгөө дорхноо гараад ирлээ. Амгаабазарын Болормаа гэх энэ бүсгүй Дэлхий банкинд Киргизийн асуудлыг хариуцан ажилладаг удирдах түвшний мэргэжилтэн юм байна.

 

2017 оноос энэ албанд томилогдон ажиллаж буй аж. Үүний өмнө тэрээр Зүүн-Тимор улс хариуцсан менежерээр ажиллаж тэр бүс нутагт өлсгөлөнг бууруулах болон хөгжлийг дэмжих чиглэлд анхаарал тавьдаг байжээ. Анх 2004 онд Дэлхийн банкинд ажиллахаар сонгогдож Номхон далай, Зүүн ази болон Африкийн бүс нутгийг хариуцсан хэсэгт ажиллаж эхэлсэн юм билээ. Дөрвөн жилийн дараа Вашингтонд шилжин Индонез улсыг хариуцсан ажилтнаар ажиллаж байж. 2011 онд Африкийн бүс нутгийг хариуцсан салбарт шилжин Найробид Судан, өмнөд Суданыг хариуцсан Ахлах  ажилтан болж дэвшсэн гэдэг. Орос, Англи, Индонез хэлийг өндөр хэмжээнд, Франц болон Мандарин (Хятад) хэлийг зохих хэмжээнд эзэмшсэн гэж түүний талаарх Дэлхийн банкны мэдээлэлд дурдсан байна лээ. Мөн Нидерландын Маастрихтийн их сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр мастер хамгаалсаныг нь мөн мэдээлсэн байв. Украины Львов хотод Худалдаа, эдийн засгийн их сургуулийг баклаварын зэрэгтэй төгссөн юм билээ хатагтай А.Болормаа. Ийм нэгэн бүсгүй Монгол орныхоо нэрийн хуудас болон олон улсын байгууллагын өндөр албан тушаалд ажиллаж буй нь бахархууштай байсан тул уулзаад хэд гурван үг сольчих юмсан гэж хөөцөлдсөн бөлгөө миний бие.

  А.Болормаа Киргизийн Засгийн газрын болон Дэлхийн банкны төлөөлөгчтэй хэвлэлийн хурал дээр буй нь

Уулзаж ярилцлага энэ тэр авч чадаагүй хэдий ч нутаг нэгт бүсгүй маань энэ өндөр түвшинд ажилладаг талаарх мэдээллийг цахимаас авахад бас ч гэж таатай байлаа. Өглөө эрт Казахстан Эйрийн онгоцоор Астана ниснэ... (Хатагтай А.Болормаатай хожим нь би утас, цахимаар ярилцлага хийж танилцсан, түүнийг номдоо оруулж буй)

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?