ТАЛЫН МАНХАТТЕН-ЭЭР ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ

2020-11-18  

       “Цагаан гэгээнтэн”-д нүүж ирсэн шинэ нийслэл.  Казахстаны агаарын тээврийн компанийн E-90 агаарын хөлгөөр Бишкекээс 2 цаг гаруйхан нисээд Астанад буув. Стан хэмээн нэрлэгдэх энэ хоёр орны хооронд харилцаа холбоо дажгүй бололтой. Зуугаад хүний суудалтай бага гарын энэ Боинг дүүрэн хүнтэй ирж байна лээ. Шашин шүтлэг нэг, Зөвлөлт засаг, социализмын үеэс хэл ус нэг болчихсон, хөрш энэ хоёр орон олон талаараа ойр дотно харилцаатай биз ээ. Онгоцонд яваа хүмүүсийг үндэсний хувцсаа л өмсөөгүй бол аль нь Казах, аль нь Киргиз гэж ялгахад амаргүй. Тэгээд ч хоорондоо оросоор л дуржигнуулцгаана. Манай “Чингис хаан буудал” гээд зарладаг шиг онгоцны үйлчлэгч бүсгүй манай агаарын хөлөг Астанагийн “Нурсултан Назарбаев” аэрпортод газардаж байна гээд оросоор цангинатал зарлав. “Нур-Султан” гэх нэр “Светлый правитель” хэмээн орчуулагдана гэж Википед-эд тавьсан байх юм билээ. Түүнийг монголчилбол “Гэрэлт удирдагч” гэхээр. Утгачилж орчуулбал “Их удирдагч”, бүр “Хаан” ч гэж болох. Ер нь Дундад Ази, Ойрхи Дорнодынхон эрхэм дээдсүүдээ “Султан” хэмээн өргөмжилж ирсэн нь элбэг байдаг даа. Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэрийг орчуулсан, орчуулаагүй  ялгаагүй үг яриа, үйл хэрэг, нэр төрөөрөө Казахстан орондоо аль хэдийнээ “Нур-Султан” болчихсон удирдагч шүү дээ гэх бодол төрж явав. Ерөнхийлөгчийнхээ нэрээр нэршсэн энэ онгоц буудал нь хэмжээ дамжаагаараа манайхтай ойролцоо санагдсан. Хил гаалиар гарах, ачаа бараа авахад төвөг бэрхшээл байсангүй. Хэл өгч харилцсаных анд Ч.Амарболд генерал манийгаа угтаж байна. Буудлаас гарахад цасаар шуурч байлаа. Манайд ч, саяхан бидний хоёр хоносон Бишкект ч хаврын урь орчихсон налгардуу өдрүүд байсан болохоор эндхийн цаг агаар биднийгээ сандаргах бололтой. Зам нь хоёр урсгалтай өргөн дардан юм. Машин тэрэгний түгжрээ ч алга. Бишкекийг бодвол нисэхээс гараад л орон сууцны хороолол, байшин барилгууд үргэлжлээд эхлэнэ лээ. Хотын төв хүртэлх бидний зочид буудал арван гурав дөрвөн километр болов уу гэцгээж байв. “Вест Вестерн Плас Астана” хэмээх энэ зочид буудал телевиз, киноны мэдээ мэдээллээр байнга гарч байдаг Астанагийн алдарт “Байтерэк” цамхагийн хажууханд байх нь бас ч гэж таатай. Үзэж харах юмандаа ойрхон хэрэг. Манай нийслэлийн төв дэх “Туушин” буудал олон улсын нэртэй тэрхүү сүлжээнд нэгдэж нэр хаягаа “Вест Вестерн Туушин” гэх болсныг манай нийслэлийнхэн мэддэг болсон. Үйлчилгээ нь ч олон улсын өндөр түвшинд хүрч гадаадын олон мянган зочин жуулчин хүлээн авч буй гэдэг. Дотоодоо ч үйлчилгээнийх нь нэр хүнд ихээхэн дээшилсэнийг хэн хүнгүй л магтан шагших  болов. Нэр хүндтэй гадаад дотоодын хурал зөвлөлгөөн ч эдний зочид буудалд олонтоо болж байдгийг заримд нь оролцож байсны хувьд би мэдэх юм. Астанагийн энэ “Вестерн”-ий зочин угтах танхим, хөлийн өрөө тасалгаадын өнгө зүс, зохион байгуулалт нь манай “Туушин Вестерн”-ийхтэй адилхандуу юм. Тавдугаар давхрын захиалгат өрөөндөө орж ус ундаа болж байтал тээш зөөгч залуу хоёр том чемоданыг маань оруулж ирээд тээшийн тавиур дээр эвтэйхэн байрлуулаад өгөв. Чемодан саваа “том” хэмээн тодотгохын учир нь бидний энэ удаагийн аялал “Цагаан сар”-тай яг давхацсантай холбоотой юм. Ер нь энэ үеэр гадагшаа явахад ачаа тээш их болох нь монголчууд бидний хувьд бараг л уламжлал болчихож. Хэдэн жилийн өмнө Берлинд сар шинэ таараад амьтан ах дүүгийн тавгийн идээ будаа тээж хил гаальд хураалгачих вий гэж санаа зовж яваад эсэн мэнд аваачиж байлаа. Сөүл, Лондон руу ч бас монгол мах, идээ будаа зөөж явлаа. Аз болоход ах дүүс, найз нөхөд минь амны хишигтэйнх ачаа бараа нь тэдэндээ саадгүй хүрч байлаа. Өмнө бичиж байсан аян замын тэмдэглэлдээ ч энэ тухай дурдаж сонин хэвлэлийн нийтлэлд оруулж байсан даг. Астанагийн хоёр чемоданд сар шинийн мах, хэвийн боов, хорхой ааруул нэжгээд бий. Гуч гучин кило хэмээн зөвшөөрөгдсөн бидний ачаа хэтэрсэн гээд л бодохоор дээр “том” гэж тодотгосон хэрэг л дээ. Өрөөндөө төвхнөчихээд Астанагийн аялалын хөтөлбөрөө ярилцахаар буудлын хөлийн өрөөнд орж биднийг угталцсан Элчин яамны ажилтан Л.Баатарчулуун зөвлөхөөс Астанагийн тухай асууж лавлаж хөтөлбөрөө цэгцтэй болгоод авав. Тэрээр энд элчин яамандаа гурван жил ажиллаж буй болохоор хот орны тухай мэдээ мэдээлэл сайтай нэгэн байлаа. Өнөө оройдоо Амарболд зөвлөхийнд битүүлэх, маргааш өглөөгүүр Элчин сайдын яамныхны шинийн нэгний золголтод оролцохоор уригдав. Дээхэнтэй нэгэнтээ дурдагдсан Москвагийн сургуулийн ангийн дарга, энэ Казахстаны Думын экс гишүүн Гульнаратай уулзах уулзалтыг шинийн нэгний үдээс хойш төлөвлөв. Түүнтэй уулзсаных энэ улсын Думын ордонд ороод үзчих, боломж гарвал нэг ч гэсэн депутаттай уулзаад ярилцчих, бас Думын депутат асан Гульнар андаараа түрий барьж байгаад Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын “Ак Орда” ордонд хөл тавьчих хүсэлтэй байв. Тэгээд үлдсэн хоногт нь Астана хоттой танилцах, музей галерей үзэх мэтийг төсөөлж төлөвлөлөө. Цаг хожих үүднээс угтсан хоёроороо замчлуулаад хотын төв хэсэгтэй танилцахаар буудлаасаа гарцгаав. Олон яамдын ордон урт гудамжтай огтлолцоод цаахантай нь бага шиг цэцэрлэгтэй талбай харагдана лээ. Тэнд алтлаг шаргал хос ордон оройн наранд нүд гялбуулан сүндэрлэж байв. Пирамид маягтай тэр хос ордонг гаднаас нь хэдэн давхарыг нь таашгүй, өндрөөрөө манай Блю Скайгийн ойролцоо юмуу гээд бодохоор хорин тав зургаан давхар байх. Казахстаны том компаниуд, банк санхүү, бизнесийнхэн тэнд байдаг хэмээн Л.Баатарчулуун зөвлөх тайлбарлаж байв.

   Түүнээс цаахантай сүндэрлэх хос цэнхэр өндөрүүд эдний Парламентын ордон аж. Арай алсхантай харагдах нүсэрдүү цэнхэр бунхант цагаан байшин нь Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын Цагаан ордон гэнэ. Зочид буудлынхаа үүдэнд түр зогсонгоо хотын энээхэн хэсгийг ийн тайлбарлуулаад авав. Буудлынхаа араар эргээд бид хэд “Байтерек” цамхаг руу зүглэсэн юм. Хотын хаанаас ч харагдах энэ цамхагийг телевиз, киноноос харсаар байтал бүр нүднээ танил болчихсон эд... Ойр тойронд нь зургаа авахуулж, бас дүрс бичлэг хийж цаг алдсаных “Байтерек” хаалгаа барьчихаж. Маргаашийнх нь үйлчилгээний цаг, ордог журам, тасалбарынх нь үнэ цэнийг асууж лавлаад тэндээс гарцгаав. Астанаг мэддэг замч, бас унаа тэрэг олдсон дээр нь Баатараагаар замчлуулаад хотын төв хэсгээр хориод минут давхилаа. Цасаар шуурсан энэ Астанад унаа машинтай л явахгүй бол явган мань мэтийг салхи шуурга нь хийсгэчих гээд байх бололтой. Нүцгэн талд энэ хотыг байгуулчихсан болохоор салхи нь их задгай, бас сүрхий ширүүн аж. Хуучны нийслэл Алма-Ата нь өндөр уулуудын дунд шахцалдаж, байшин барилга хүн амынх нь төвлөрөл ихсэж агаарын бохирдол, утаа тортог нь хэтрээд эрхэм Ерөнхийлөгч Назарбаев нь эрс шийдвэр гаргаж нийслэлээ салхи шуурга ихтэй энэ задгай тал руу нүүлгэсэн юм билээ. Хүн ам нь хоёр сая дөхөж байснаа өсөлтийнх нь хурд бага зэрэг саарч одоо 1,8 саяд  хүрээд жил бүр доошилж буй гэсэн. Ер нь хэдэн зуунаар суурьшсан нийслэлээ нүүлгэх нь зориг зүрх шаардсан нүсэр ажил байж. Зовлон бэрхшээл ч их байсан гэдэг. Ерөнхийлөгч Назарбаевын өөрийнх нь бичсэн номоос энэ талаарх дурсамжийг нь би уншиж байсан юм. “Засгийн газрын гишүүд, удирдах албаны зарим томчууд хөдөлж ядаад байхаар нь би өөрөө Акмолад гэр орноо нүүлгэж очоод суучихсан юм” гэх мэтээр бичсэн байсан нь хоттой танилцаж явахад санаанд орж байв. Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд Казахстан байх үед энэ хот нь Целиноград гэх орос нэртэй байсныг бидний үеийнх нь санах байх. Үр тариагаараа Зөвлөлт гүрнийг хангаж бас СЭВ гэж нэршсэн Социалист хамтын нөхөрлөлийн орнуудад ч энэ хот талх тариа нийлүүлдэг байсан түүхтэй. Зөвлөлт гүрэн задарч Казахстан тусгаар улс болсноор тариа будааны энэ хот нь 1830 аад оноос хойш нэршсэн Акмола хэмээх казах нэрээ 1992 онд дахин авчээ. Казахаар Акмола гэдэг нь “Цагаан гэгээнтэн” гэж орчуулагдах аж. Тэгэхээр Ерөнхийлөгч нь шинэ нийслэлдээ энгийн ч нэг газар орон сонгоогүй юм болов уу гэж санагдав. Энэ хотын Нисэх онгоцны буудлаас хот руу давхиж явахад ч, хотын төвийн дүүргээр ийн тойрч явахад ч ямар цэвэр цэмцгэр хот вэ гэх сэтгэгдэл төрж байлаа. Залуухан хот атлаа саяхан дэлхийн нийгэм эдийн засаг, үйлдвэр техникийн хөгжлийн олимп хэмээгдэх “Экспо”-г алдар хүндтэй аварга хотуудтай өрсөлдөж байгаад авчихаж. Нисэх буудлаас холгүй замд үргэлжлэх цэнхэр хорооллыг Баатарчулуун зөвлөх  “Экспо Астана-2017”-ын барилга байгууламж гэж тайлбарласан юм. Тав зургаан давхараас эхлээд л арван нэг хоёр давхартай юм уу гэхээр дугуйруулаад барьчихсан үүлэн цэнхэр байгууламж харагдана лээ.

Миний бие “Экспо Шанхай-2010”-ыг Монголын Сэтгүүлчдийн байгууллагынхаа шугамаар очиж сонирхож байсан. Дэлхийн өндөр хөгжилтэй зуу гаруй улс орны тэрхүү үзэсгэлэн, үзмэр соёлыг бүтэн сар үзээд ч барахгүй юм байна гэж “Үндэсний шуудан” сонинд бичиж нийтлүүлж байлаа. Манай сэтгүүлчдийн баг Монгол, Хятад, Америк, Италийн үзэсгэлэнгийн асартай шуурхайдуу танилцаад гарахад л бүтэн өдөр болж байсан юмдаг. Японы Осако, Испаний Барселон, Италийн Милан хэмээх хэдэн зууны түүхтэй хотуудад сүүлийн хэдэн жилийн Экспо болж байсныг бид хэвлэл мэдээллээс харж байсан. Дэлхийн зиндааны алдар хүндтэй иймэрхүү хотуудтай өрсөлдөж байгаад дэлхийн олимп гэгдэх “Экспо”-г авна гэдэг нэр төрийн хэрэг. Монгол улс маань Астаны энэ Экспод оролцсон нь “Бөмбөрцөгт хөшөө” болон үлдсэнийг ч зам зуур зэрвэсхэн харж зургийг нь авсан юм.

Ер нь Астанагийн байшин барилгууд нь үзэмжтэй, архитектурын ур хийц хэлбэр дүрсээрээ ч хэн хүний сонирхол татахуйц юм. Хорь гаруй жилийн өмнө нэг загварын барилга байшинтай Зөвлөлт маягийн Акмола хэмээх бага шиг хотын суурин дээр шинэ нийслэлийн суурь тавигдаж хожмоо энэ хот нь архитектурын шинэ шийдэл, барилгын зураг төслийн өвөрмөц бүтээлүүдийг амьдралд хэрэгжүүлжээ. Үүгээр нь барууны хэвлэлүүд Астанаг “Талын Манхаттэн” хэмээн нэрлэж бичих нь олонтоо гэнэ. Тэгээд ч Астана дэлхийн хамгийн үзэсгэлэнт нийслэлээр өргөмжлөгдөж ЮНЕСКО-гийн медалиар шагнуулж “Энх тайваны хот” хэмээх хүндэт цол хүртсэн юм билээ.  

Ангийн анд Ч.Амарболдтой “Талын Манхаттэн”ий төв гудамжинд

 Ази, европ, барууны хэв загвартай, бүр зарим талаараа хийсвэрдүү гэхээр ур хийцтэй байшин барилгуудыг ч энэ нийслэлдээ олноор нь барьж байгуулж ашиглалтад оруулжээ. Газраас бага багаар дээжилж алгуурхан алсалж өндөрсөөд улам нарийссаар хошуу нь дээшээ цоройж эх дэлхийгээс тасран цойлж буй пуужинг санагдуулам гялтганасан металл хийцтэй барилгын хажуухнаар бид гарлаа. Өмнө танилцуулгаас харж байсан “Хан Шатыр” хэмээх худалдаа үйлчилгээ, наргиан цэнгээний алдартай цогцолбор нь энэ юм байна. Дундад болон төв азийн орнуудын “Хан” хэмээх энэ үг нь манай “Хаан” гэх үгтэй утга нэг нь даян дэлхийд өнөө ойлгомжтой болсон. Узбек, Киргиз, Крымийн хэд хэдэн хотын музей үзвэр үзэж явахдаа миний бие “Хан” хэмээн нэршсэн ордон, гудамж талбай, эд агуурсын зүйлстэй бишгүй л тааралдаж л явав. Их эзэн хаад маань газар нутгаа энэ зүг тэлж хэдэн зуунаар тийшээ суурьшиж байсны л  илэрхийлэл биз. “Шатыр” гэх нь бас л манайхны “Асар” гэсэн үгтэй утга агуулага дүйдэг. Тэгэхээр “Хан Шатыр” нь “Хаан Асар” гэж орчуулагдах буй заа. Энэ “Хаан Асар” нь 150 метр өндөр, дотогшоо 127 мянган шоометрийн багтаамжтай аж. Брэндийн нэртэй дэлгүүрүүд, кафе, зоогийн газар, хүүхэд багачуудын тоглоомын төв, үлэг гүрвэл, ан амьтдын үзүүлэн атракционтай, тэр ч байтугай нэг давхарт нь далай тэнгисийн эргийнх шиг элстэй, гол устай наран шарлагын газартай гэх юм билээ. Бүр халуун дулаан бүсийн уур амьсгалыг санагдуулахаар далдуу мод хүртэл тэнд нь ургаж байдаг аж. Элсийг нь Мальдивын арлаас тусгайлан авчирсан гэнэ. Баатарчулуун зөвлөх ч бас сайхан байгууламж гээд түүнийг магтаж байв. Дэргэдүүр нь ийн аялаж явахад үдшийн бүрий эхлэж Астана хот гэрлээ асааж иржгэр цайвар “Хаан Асар” нь нил ягаан өнгөөр туяарлаа.

Хэдхэн мөчийн дараа алтарч шаргалтаад явчихна лээ. Доод хэсгээрээ зэсэрхүү хүрэн, дээшлэх тусмаа алтан шаргал болсоор үзүүр хэсэг нь бүр хурц шараар туяараад явчих жишээтэй. Гэрлээр ёстой л тоглох шиг болж байв. Английн нэрт архитекторч Норман Фостер зураг хөргийг нь гаргаж ийн бариулсан гэнэ. Завтай болоод цагтайсан бол ороод  гарахсан гэж бодогдож байлаа. Бидний дараагийн танилцсан барилга байгууламж бол энэхүү нэрт архитекторчийн хоёрдахь бүтээл болох Астанагийн Пирамид. Ерөнхийлөгч Назарбаев анхандаа энэ пирамидыг Египетийн алдарт Хеофсын Пирамидтай хэмжээ дамжаагаараа яг адилхан 137 метр өндөртэй барихаар хар зургийг нь гаргасан байж. Архитекторч Фостер Норман, хэдий Назарбаевынх гэсэн ч арай л дэндсэн санал санаачлага байна гэж үзээд түүнийг нь зөвшөөрөөгүй юм гэнэлээ. Тэрээр өөрийнхөөрөө зүтгэж өнөөгийн 62 метр дээр хатуу зогссон аж. Хотын хамгийн өндөрлөг гэгдэх 15 метрийн өндөр толгод сонгосных Астана Пирамид бусад барилга байшинтай харьцуулахад 77 метр өндөр хэмээн тооцогддог аж. Нэрт архитекторч Норманаас хожим нь сурвалжлагчид “Ерөнхийлөгчийн хүсэл саналыг тэр бүрий хүн зөрчдөггүй байхад Та яагаад зөрүүдлэв?” хэмээн асуухад тэрээр “Архитекторч бид хэн нэг эзэнтэй шууд харьцдаггүй л дээ, захиалагч Туркийн “Сембол” компани маань өндөр нэр хүндтэй, хариуцлагатай, гүйцэтгэгчээ бас хүндэтгэдэг учраас бидний зураг төслөөр шийдэж Астана Пирамидыг бариулсан. Хеофсын Пирамидыг яг дуурайлгасан бол Египетийн ард түмэн, улс орнуудын эсэргүүцэлтэй тулгарах аюул ч байсан” хэмээн ярьжээ.  

 Египетийн пирамидүүдийн жижигрүүлсэн хувилбар болох модерн маягийн энэхүү шилэн барилгыг бүтээхд олон зуун гурвалжин шилэн хийцийг зүймэлдэн урлажээ. “Египетийн  Хеофсын пирамидыг 33 жил барьсан түүхтэй бол бид Астана Пирамидыг 3 жил 3 сар л барьлаа...” хэмээн архитекторч Норман нээлтийн үеэр ярилцлага өгч байж. Астана Пирамидыг 2006 онд дэлхийн энх тайван, шашины тэргүүлэх зүтгэлтнүүдийн конгресс хуралдах үеэр ашиглалтад оруулж Конгресс анхны хуралдаанаа энд баяр ёслолын байдалтай хийж энэ хуралдааны үеэр Астана Пирамидыг  “Энх тайван, эвлэрэл, зөвшилцлийн ордон” хэмээн нэршүүлсэн түүхтэй юм байна. Гаднаа урсдаг бяцхан горхи, усан оргилуурт цэцэрлэгтээ, дотроо хурлын том жижиг хэд хэдэн танхим, кино заал, ёслол хүндэтгэлийн өргөөтэй гэнэ. Өнгөрсөн арван хэдэн жилийн хугацаанд энэ ордонд тив, дэлхий дахины эвлэрэл зохицол, энх тайвны олон арван хурал зөвлөгөөн, чуулган болж үр дүнгээ ч чамгүй өгсөн гэх. Томоохоноос нь дурдахад Америк, Орос, Турк, Герман,Франц гээд дэлхийн тэргүүлэх орнуудын цэргийн болон гадаад харилцааны дээд удирдлагууд оролцсон Сирийн мөргөлдөөний сөргөлдөгч талуудын эвлэрлийн уулзалт, мөн 2017 оны Шанхайн Хамтын Нөхөрлөлийн орнуудын дээд хэмжээний уулзалтын зарим  хуралдаан энд болж байжээ.  Үргэлжлэл бий

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:bayrlalaa 2020-11-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?