ТАЛЫН МАНХАТТЕН-ЭЭР ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ (ҮРГЭЛЖЛЭЛ)

2020-11-27  

       Астана өөрийн “Буржа Халиф”-тай болох аж. Английн нэрт архитекторч Норман Фостерийн бас нэгэн алдарт бүтээл Астанагийн нэрийн хуудас болж дэлхий дахинаа алдаршаад буй. Тэр бол өнөөдрийн бид хаалгыг нь мөргөөд буцсан Астанагийн хамгийн өндөр цамхаг “Байтерек Астана” болой. Маргааш түүнийг үзэхээр төлөвлөсөн тул дэлгэрэнгүйг дараа өгүүлэх болно. Астана Пирамидын хажууханд хэмжээ дамжаагаараа Ази тивдээ хоёрт эрэмблэгдэж буй “Хазрет Султан” хэмээх лалын томоохон сүм оршдог юм байна. Эргэл мөргөлийн жирийн өдрүүдэд энэхүү цагаан  гантиган сүм нэг дор таваас зургаан мянган сүсэгтэн хүлээн авах боломжтой гэнэ. Хаж мөргөл, Наурызын баяр ёслолын үед мөргөлчдийн тоо арван мянгад хүрдэг гэх. Уг сүмийг барьж байгуулахад Туркийн хөрөнгө оруулалт орсон байх гэх мэдээлэл байдаг аж. Астанагийн нэрийн хуудас болсон дээр нэр дурдсан хэд хэдэн барилга байгууламжийн зураг төслийг гадаадын нэрт архитекторчид бүтээж барилга байгууламжийг нь Турк болон Италийн компаниуд оролцож барьсан гэдэг. Харин бидний одоо хажуугаар нь явж буй энэ том сүмийн зураг хөргийг тус орны өөрийнх нь үндэсний мэргэжилтэн болох архитекторч Сагындык Джанбулатов гэх жар дөхөж яваа эр бүтээсэн аж. Ер нь Астанад аливаа томхон барилга байгууламж барьж байгуулах Ерөнхийлөгчийн зарлиг шийдвэр гарсан үед архитекторч шалгаруулах олон улсын уралдаан зарладаг уламжлал эртнээс тогтсон гэх юм билээ. “Хазрет Султан”сүмийн зураг төслийн уралдаанд дэлхийн олон улс орны 54 архитекторч өрсөлдсөний дотор Америк, Англи, Малайзын нэрд гарсан хэд хэдэн архитекторч байсан шүү хэмээн уг сүмийн зураг төслийн зохиогчоор шалгарсан Сагындык Джанбулатов сүмийн нээлтийн үеэр хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө дурсан ярьж байжээ.     

     

Тэрээр мөн Астанагийн нэрийн хуудас болсон тус хотын “Ялалтын хаалга”-ны зохиогч юм. Астана хотын 20 жилийн ойд зориулсан хөшөөт цогцолбор барих зарлиг Ерөнхийлөгч Назарбаев гаргаж архитекторчдын дунд уралдаан зарласан юм байх. Хөшөө дурсгалын олон арван зураг макет, төслүүд ирсэн хэдий ч Ерөнхийлөгчид нэг нь ч таалагдаагүй аж. Ингээд л тэрээр бодлоо өөрчилж зураач архитекторуудад “Та нар Астанагийн Ялалтын хаалга зохион бүтээгээд орхи...” хэмээн тушаасан гэнэ. Хорин жилийнх нь ой хаяанд ирчихсэн хугацаа давчуу байсан болохоор энэ төслийн уралдаанд Казахстаны өөрийнх нь голдуу арваад архитекторч оролцож нэр төр, арга туршлага, зураг төслийнхөө чансаагаар  Сагындык Джанбулатов шалгарч Астана “Ялалтын хаалга”-ын зохиогч болжээ. Ер нь ийм арк маягийн хаалга бол эртний Римээс гаралтай гэдэг. Ялсан хаад, баатарууддаа зориулж хот руу орох гол зам талбайн эхэнд барьж байгуулах уламжлалтай байсныг хүн төрлөхтөн түүхээс мэддэг. Өнөө үеийн хамгийн алдартай нь гэвэл Францын нийслэлийн Шарль де Голийн талбай дахь “Парисын Ялалтын Хаалга” байх. Астанагийн хаалгын зохиогч Сагындык Джанбулатов хэлэхдээ “Миний Ялалтын хаалга бол Парисынхаас ялгаатай нь түүнээс нэг дахин бага, өндрөөшөө 20 метр, харин Парисынхыг 33 жил барьж байгуулсан бол бид Астана хаалгаа яг гурван сар, гурван хоногт багтаан бүтээж чадсан юм” гэж бахархжээ. Хорин метр нь ч нийслэл хотын болон Зөвлөлтөөс салж тусгаар тогтносны 20 жилийн ойн билэгдэлийн сонголт аж.  Богино аялалынхаа төгсгөлд энэхүү хаалганы ойрхонуур бид шүргээд гарсан юм. Үндэсний баатруудынх нь босоо хөшөө, казах үндэсний хээ хуараар хаалганы их биеийг чимэглэж хаалганы дээд хэсэгт “Менгэлик Ел” хэмээн томоор алтмалдан товойлгожээ. Казахаар “Ялалтын хаалга” гэсэн үг байх хэмээн би таамаглав.

Парисын “Ялалтын хаалга”-ыг дэлхий даяараа л мэднэ дээ. Берлинд “Бранденбургийн хаалга” гээд бараг зуугаад жилийн настай нэгэн түүхэн байгууламж бий. Бээжин, Ханой, Вьентьян гээд азийн олон хотуудад ёслол хүндэтгэлийн ийм хаалгууд байдагтай таарч явлаа. Манай нийслэлд ч бас нэг “Цагаан хаалга” байсныг хэдэн жилийн өмнө гудамж замаа шинэчлэх гээд буулгачихлаа. Олон арван жилийн өмнө барьсан л гэхээс биш ур хийц, түүхийн гэхээр онцгойлох юм байгаагүй байх. Их тэнгэр лүү явдаг зам, “Маршалын” гүүр дээр арваад жилийн өмнө манайхны барилгын нэг компани монголын эртний хаадын тамганы дүрс, хөлөг баатруудын зураг хөрөг бүхий хүндэтгэлийн хаалга барьж ашиглалтад оруулсаныг нийслэлийнхэн үзэж харсан биз. Ур хийц, чанар чансаагаараа урт удаан настай бүтээл байгаасай билээ...  

     Бидний Астанад үзэж харсан сонирхол татах архитектурын дараагийн бүтээл бол дэлхийн хамгийн өндөр “Буржа Халиф”цамхагийг дуурайлгасан “Астана Абу Даби” цамхаг юм. Бүтээн байгуулалт нь ид үргэлжилж байгаа юм билээ. Хотын хамгийн өндөр барилга болох юм байх. Цамхагийн санхүүжилтыг Дубайн Буржа Халифынхан  хийж буй гэх сураг байх юм билээ гэж Баатарчулуун хөтөч ярьж байв.

Ер нь Астанаг үндэслэн байгуулагч эрхэм Назарбаев шинэ нийслэлээ ойр тойрны хүчирхэг улс орнууд, шашин нэгт ард түмэн, бас улс төр, бизнесийн танил талуудынхаа оролцоо туслалцаатайгаар байгуулж буй гэх яриа байдаг нь ер нь үнэн гэнэ...  Оройдоо Зөвлөх Амарболдынд битүүлэхээр Элчин сайдын яам руу явцгааав. Манай Элчин яам энэ хотыг хуучин шинэ хэмээн зааглаж урсдаг Ишима голын нөгөө эрэгт буюу хуучин гэгдэх хэсэгт нь байршдаг юм байна. Хуучны гэгдэж байсан энэ дүүргээ казахууд бүрэн шинэчлээд модерн загвартай гоёмсог хороолол болгочихсон нь Элчин сайдын яам руу явж байх зам зуур нүднээ илт байв. Гэрэл чимэглэл нь ч байшин барилгынхаа модерн хийцэд зохицсон өвөрмөц юм.

      Элчин яамандаа битүүлж, шинэлэв. Манай элчин яам тусдаа хэрмэн хашаатай, хашаан дотроо гурван давхар нэг том байр, түүний цаахантай хоёр давхар хаус маягийн нэг байшинтай юм. Сүүлийнх нь элчин яамны албан контор гэнэ. Гурван давхар байшин нь элчингийнхний орон сууц аж. Элчин сайд, Зөвлөх, бусад дипломатууд, жолооч гээд таван айл энэ сууцанд амьдардаг юм байна. Амарболд Зөвлөх, гэргий Нарангэрэлтэйгээ битүүлгийн ширээ, идээ будаагаа засчихсан биднийг угтлаа. “Идээ эзнээ танихгүй гэж ярьдаг даа, битүүлгийн идээ зоог хүртэцгээ...” гээд нутгийн хорхой ааруул, гурван үеэр зассан хэвийн боов, мах тэргүүтнийг зааж наргиж байх. Үүнд бас ч гэж үнэний хувь бий юм. Юу гэвэл яг сар шинийн өмнөхөн таарч бид наашаа зүглэх болсон болохоор Амараа генерал над руу ярьж хүүхдүүдийн бэлтгэсэн сар шинийн идээ цагаа, мах шөлний юмыг яаж ийгээд аваад ирэхийг үүрэгдсэн юм. Түүнийг нь би тээгээд ирсэн болохоор “Идээ эзнээ...” хэмээж буй нь тэр. Битүүлгийн ширээний ард ажил алба, ойр зуурыг хүүрнэж сууцгаав.

Саяхандаа Гадаад хэргийн сайдын айлчлалын бэлтгэлийг хангуулах гэж баахан гүйж гүйж бүх юм жин тан болж байтал айлчлал хойшилж бүх ажил нь талаар өнгөрсөнийг Амарболд Зөвлөх нилээд харамсангуй ярьж байв. Нурсултан Назарбаев Ерөнхийлөгч Д.Цогтбаатар сайдыг “Ак Орда” өргөөндөө хүлээн авч уулзахаар болчихсон байсан гэнэ. Эдний Ерөнхийлөгч бусад орны сайдын түвшний төлөөлөгчдийг тэр бүрий хүлээн авч уулздаггүй протоколтой юм байх. Гадаад яам, Ерөнхийлөгчийн албаныхантай нь олон удаа уулзаж  хүсэлт гуйлт болж байгаад ямар ч гэсэн зөвшөөрүүлчихээд байж. Сайдынхаа буух таван одтой буудал, манай талын санаачлагаар хийх зарим уулзалтын орон байр, танхим гээд л аж ахуй зохион байгуулалтын нүсэр ажлуудын ард амжилттай гарцгаасан юм байх.

Өндөр зэрэглэлийн зочид буудал, тэр зиндааны танхим савны үнэ өртөг энд маш өндөр гэнэ. Төсөвт нь тэр бүхнийг тааруулах гэж хөөрхөн гуйлга түүлэг ч болж байж. Казах нөхөд манайхны байдлыг ойлгож аль болох нааштай хандаж тал бүрд ихээхэн хөнгөлөлт үзүүлсэн аж. Таван одтой “Ритц Карлтон” гэх дэлхийд нэртэй сүлжээ буудлын Ерөнхийлөгчийн гэгддэг люкс өрөөнд Сайдаа буулгахаар зочид буудлынхантай тохиролцоод байцгааж Элчингийнхэн маань. Энэ мэтээр айлчлалын түвшинг ахиулах, үр нөлөөтэй болгох олон талын нөхцлийг бүрдүүлцгээсэн байж. Тэгээд л айлчлал удахгүй эхэлнэ гэж байтал тов нь цуцлагдчихаж. Өмнө би нэгэнтээ цухас дурдсан нөгөө Миеэ Энхболдыгоо УИХ-ын даргын албанаас нь буулгах хуралдаантай холбоотойгоор УИХ-ын гишүүнийх нь нэг кноп хэрэгтэй байсны учир Казахстанд хийх байсан Д.Цогтбаатарын айлчлал тодорхойгүй хугацаагаар царцаж Элчин яамныхны нөр их хөдөлмөр талаар өнгөрсөн хэрэг. Казах нөхдийн нүүрийг харахад ч халуухан болсон гэнэ манайханд. Амараа зөвлөхийн санаа сэтгэл битүүний энэ өдөр ч ийн гундуухан буй нь яриа хөөрөөнөөс нь мэдрэгдэж байлаа. “Саяхандаа миний дайраад ирсэн Бишкекийнхэн бас тэр айлчлалд та нар шиг л бэлдэж бэлдчихээд гомдол тээж хоцорсон хүмүүс байна лээ...” гэж Амарболд Зөвлөхийг тайтгаруулах аядаж суув...         

      Өглөө бага үдээс өмнөхөн Л.Баатарчулуун зөвлөх ирж биднийг Элчин яамны золголт руу авч явахаар тохиролцсон байсан юм. Эрт босоод буудлынхаа цайнд орцгоов. Бидэнд ширээ бэлдэж үйлчилж байсан казах авгай “Та нар хаанахын хүмүүс вэ?...” гэж сүрхий сонирхон асууж байх юм. “Казах хүмүүс байна аа...” гэв би. Тэрээр  итгэх янзгүй, “Казахууд ч бишээ та нар, узбек, киргиз ч биш...” гэж их л итгэлтэй хэлээд хариу хүлээгээд хажууд зогсчихлоо. “Монгол гэж та мэдэх үү, бид монголчууд...” гэж хэлээд тэр авгайгаас би салахын түүс болов. Тэгтэл тэрээр хажууд бүр ойртож ирээд “Манай ресторанд нэг монгол хүү ажиллаж байгаа шүү” гэж шивнэж байх юм. Би ч тэр дороо сортосхийв. “Одоо тэр хүү байгаа юу? Байвал уулзах юмсан...” гэж түүнийг би царайчлав. “Тэр үдээс хойш ээлжтэй, нэр нь Тэнгис гэдэг юм аа” гэж тэр авгай дахин шивнэж өгөөд “Намайг хэлсэн энэ тэр гэж түүнд битгий яриарай” гэв. Уулзаж ярилцах хүн ийн нэгээр нэмэгдлээ. Москвагийн ангийн дарга, Казахстаны Парламентын гишүүн асан хатагтай Сейтмаганбетова Гульнартай үдээс хойш буудалдаа уулзахаар бас цаг товлочихсон байгаа...

Бага үд дөхөж байхад Баатараа зөвлөх хүрээд ирлээ. Хаа газрын элчингийн ажилтнууд бүгд л жолоо барьчихдаг болсон болохоор амин хувьд ч, алба ажил талд ч амар болж. Элчин сайд л тухайлсан нэг жолоочтой байх нь манайхны элчин яамдад жишиг болсон нь энд тэнд явахад анзаарагддаг шүү... Зам зуур Баатараагаар Астана хотын гудамж талбайг тайлбарлуулан сониучирхаж явлаа. Ишима голын том гүүрээр гараад удаж төдөлгүй Элчин яам оршдог дүүрэг рүү ороод ирцгээв. Зөвлөхийн утсанд байсхийгээд л дуудлага ирэх юм. “Манайхны казах иргэд элчин яамныхаа золголтод оролцох гээд л асууж лавлацгаагаад байна” гэж байв Баатараа. Талгат хэмээх тэр эр хэдэнтээ утасдаж байгаад бидний зам тосож суулаа. Эндэхийн казах иргэдийн ахлагч нь юм байна. Золголтод оролцох нөхдийн заримыг нь замдаа авахаар ярьчихсан гээд бидний замыг бага шиг хазайлгав. Түүнтэй танилцаж хэдэн үг солилоо. Түлш эрчим хүчний яам хавиар ажиллаж байгаад гуч шахам жилийн өмнө энэ Казахстанд ирж суурьшсан гэнэ. Талгатын ярих нь энэ Астанад ч гэр бүлээрээ аятай тухтай ажиллаж амьарч буй казах иргэд олон гэнэ. Өөрийн орон сууцтай, бүр хауст амьдардаг айл гэр ч хэд хэд бий гэх.

Би өөрийн сайн таньж мэдэх, нэг үе сонинд хамт ажиллаж байсан Минисийн Болдыг түүнээс асуулаа. Түүний аав нь социализмын үед Намын Түүхийн Институтын Захиралаар ажиллаж байсан Минис доктор. Манай ахмад сэхээтнүүд тэр докторыг мэдэх байх. Манайд өөрчлөн байгуулалт болж яам тамгын газар, шинжлэх ухааны байгууллагууд бужигнаж байх үеэр Казахстан руу одсон олон казах эрдэмтэдийн нэг нь тэр Минис гуай юм. Зөвлөлт гүрэн тарж холбооны улсууд нь өөр өөрийн зам мөрийг сонгоход Казахстан орон ч Москвагийн нөлөөнөөс ангижирч өөрчлөн байгуулалт, шинэчлэл рүүгээ шилжсэн тийм л цаг. Тэр үеийн статистик мэдээллээр бол орос иргэд Казахстаны нийт хүн амын бараг тал хувийг эзэлдэг гэж байсан санагдана. 1986 онд ЗХУКН-ын Төв Хорооны гишүүн, Ульяновск мужийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Геннадий Колбин гэх орос иргэнийг Казахстан орны удирдлагаар тавьж Алма-Ата нийслэлд суурьшуулж байсан түүхтэй. Өмнө нь Динемухадов Кунаев гэх казах эр бараг гучаад жил улс орноо удирдаж байсныг бид мэднэ. Мэдээж Москвагаас хамаардаг л байсан байх. Гэхдээ л казах үндэстэн улс орныхоо төрийн тэргүүн нь байлаа. Колбиныг казахууд баяртай угтаагүй. Нийт иргэдийнх нь тал хувь нь орос болчихсон болохоор орос иргэнээр даргалуулахад болохгүй юм ч байгаагүй биз. Казахстанд иргэншсэн оросууд нь Москвагаас ирсэн Колбиноо дэмжиж байсан нь ойлгомжтой.

Удаа ч үгүй казах оюутнууд, казах иргэдийн бослого гарч Колбиныг нутаг орноос нь зайлахыг  шаардаж эмх замбараагүй байдал, үймээн дэгдээсэн байдаг. Энэхүү үймээн, бослого тэмцлийг тухайн үед цэрэг цагдаагийн хүчээр дор нь дарсан гэдэг. Сүүлд хэвлэл мэдээлэлд ил болсноор бол энэхүү бослогод оролцсон олон мянган хүнээс 8500 гаруйг нь баривчилж хорьж цагдсан гэдэг. Бослого тэмцлийн үеэр 200 гаруй иргэн амь үрэгдсэн юм билээ. Үүний дараа ч орос Колбин Казахстан орныг удирдсан хэвээр л байж. Гурван жилийн дараа Зөвлөлт гүрэнд өөрчлөн байгуулалт эхэлж Холбооны улсууд харьцангуй бие даах болсноор Казахстанд өөрөө өөрийгөө удирдах боломж гарч ирж, казахууд 1990 онд өөрийн анхны Ерөнхийлөгчөөр Нурсултан Абишулы Назарбаевыг сонгосон түүхтэй. Энэ сонгууль хэцүүхэн нөхцөлд болсон аж. Нийт иргэдийн тал хувийг бүрдүүлж байсан орос иргэд мэдээж өөр тийш чангаасан байж таараа. Тун бага хувиар Назарбаев ялсан гэдэг.

Ингээд л шинэ Ерөнхийлөгч бараг л анхныхаа зарлиг тушаалаар даян дэлхийгээс өөрийн казах үндэстнээ нутаг орондоо дуудсан түүхтэй. Тэр үеийн мэдээллээр 15 сая шахам казах дэлхийн таван тивд суурьшин амьдарч байгаагаас Хятадад 2,2 сая, Узбект 2,5 сая, Орост 1,3 сая, Монголд 120 мянга, Туркменд 125 мянга, Афганд 45 мянган казах иргэн амьдардаг гэх статистик гарч байж. Тэр дундаа Монголын казахууд нь казах хэл, зан заншил, уламжлалаа  илүү сайн хадгалсан хэмээн үнэлэгддэг байсан юм билээ. Тэр утгаар нь монголын казахуудыг Казахстаны засаг захиргаа илүүтэй сонирхож байсан байх талтай. Манайд зах зээлийн нийгмийн шилжилт хөдөлгөөн, засаглалын өөрчлөлт болоод 1990 ээд оны эхэн үед нийгмийн амьдрал нилээд донсолгоотой байсан болохоор олон арван казах иргэн Казахстаны Ерөнхийлөгчийн дуудлагыг сонирхсон хэрэг. Тэр үед миний сонсож байснаар Монголоос очсон иргэдэд орон байр, нэг удаагийн мөнгөн тэтгэлэг, хөдөө амьдрах иргэдэд тодорхой тооны мал өгч байсан гэдэг. Бидний ойрхноос дээр нэгэнтээ нэр дурдсан Минис докторын хүү, манай “Ардын эрх” сонинд Хариуцлагатай нарийн бичгээр ажиллаж байсан Болд (Казах нэр нь Болат) гэр бүлээрээ Казахстан явсан юм. Гурав дөрвөн жилийн дараа сонин дээрээ ирчихсэн манайхантай уулзаад найз нөхдөө казах шарзаар дайлаад явж байсан даг. Тэнд амьдрал дажгүй гэж ярьж байсан.

Дараагийн жил нь “Каракуль шубны наймаа хийж байна, та гэргийдээ аваач...” гээд хэдэн шуба үзүүлээд явж байлаа. Аав нь Казахстаны ШУА-д эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан хийж байгаа гэж ярьж байсан даг. Өөрийнх нь эхнэр улсын байгууллагад мэргэжилтэн хийгээд амьдрал ахуй давгүй гэж байлаа. Манай казах эрдэмтэдээс нилээд хэд нь Казахстан явсан байх. Кинаятын Зардыхан гэх улс төрч, эрдэмтэн бас тийш явж ажилласан. Манай Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Улсын Бага Хурлын орлогч даргаар 1990 ээд оны эхээр ажиллаж байсан хүн. Социализмын үед МҮЭ-ийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан. Тэрбээр Алма-Атад  түүхийн чиглэлээр их, дээд сургуулиудад багшилж байсан гэдэг. Монгол Улсын болоод Казахстаны гавьяат жүжигчин Хавлаашийг манайхан “Зулай цагаан Алтай” дуугаар нь андахгүй. Казахстаны их зохиолч Х.Абайн нэрэмжит Алматы хотын Драмын эрдмийн театрт тэрээр дуулж буй гэх сураг байсан. Казахстаны парламентад хүч сорьж яваа Алмасбек гэх залуу байдаг гэх. Тэрбээр Казахстаны Үндэсний аюулгүй байдлын байнгын хорооны зөвлөхийн албан тушаалд ажилладаг сураг байх юм билээ. Мөн Хилийн цэргийн удирдах газрын даргаар ажиллаж байсан бригадын генерал Х.Жэкэй гээд монголын казахуудын лидер гэгддэг олон иргэн Казахстанд гарсан. Дэлхийн олон арван орноос ч казах иргэд Назарбаевын дуудлагаар Казахстанд очсон байх. Одоо нийт иргэдийн 60 гаруй хувь нь казах болж Назарбаевын хүсэл биелэжээ. Талгат миний асуусан Болат буюу Болдыг Алма-Атад амьдарч байгаа байх, аав Минис докторыг нь сайн танина, бас энд тэнд уулзаж тааралдаж явсан шүү гэж  ярьж байлаа.

Астанад аятай таатай амьдарч байгаа Х.Хулыбекийнхэн, ах дүү залуу бизнесч Нурбулак, Джамбулак гээд нэр сонсогдож байв. Иймэрхүү яриа үргэлжилж байтал Талгат гуайн утсанд дуудлага ирлээ. Тэрээр утсаар хэн нэгэнтээ хэсэг казахаараа ярьснаа “Манайхан нэгнийдээ цугларч байгаад хамтдаа золголтод очно гээд намайг тийш дуудаж байна, Баатараа чи намайг дараагийн гудамж өгсөөгөөд буулгачих...” гэж байна. Талгат гуай бид хоёр яриагаа золголтод ирэхээр нь үргэлжлүүлэхээр болов. Удаж төдөлгүй бид ч Элчин яамандаа хүрээд ирэв. Улаан тоосгон хашааныхаа хаалгыг Баатараа машинаасаа удирдаад нээчихлээ. Золголт Элчин яамны төв байранд болж буй гэнэ. Үүдний цаахантайх хоёр давхар байшин дээр алтан соёмбот маань намирч байлаа. Энэ байшинд хүлээн авалтын танхимд нь сар шинийн золголт эхэлчихсэн байв. Сайд Л.Баттулга, Зөвлөх Ч.Амарболд, цэргийн атташе Б.Дамба нар гэргий нартайгаа ширээний эхэнд суудлаа эзэлчихэж. Биднийг замчлан  ирсэн Зөвлөх Л.Баатарчулуун ч гэргийнхээ хажууд суудлаа эзлэв.

Жолооч, аж ахуйн ажилтнууд, элчингийнхний хүүхэд залуус үйлчилгээ эрхэлж байлаа. Гаднын хүнгүй халуун ам бүлээрээ шинэлж буй нь энэ аж. Сайд хар хөх даавуун дээл, эхнэр нь цайвар саарал торгон дээлээр гоёсон байлаа. Монголын төр засгийн нэрт зүтгэлтэн, МАХН-ын Улс төрийн товчооны гишүүн, Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга байсан Сономын Лувсангийн хүү гэдгээр нь Баттулга сайдыг хүмүүс мэдэх байх. Гадаад Хэргийн сайдаар хоёронтоо томилогдон ажиллаж байсан Л.Эрдэнэчулуун сайдын дүү юм. Л.Баттулга сайдтай би өмнө нь нутагтаа ч, хилийн чанадад ч уулзалдаж явлаа. Одоогоос хорь шахам жилийн өмнө түүнийг Москвад Элчин зөвлөхөөр сууж байхад нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ө.Энхтүвшинтэй хамт Нью-Йоркт нэг хуралд ороод буцах замдаа Москвад гэрээр нь орж дайлуулж явж. Гэргий Жаргалантай нь ч би бас танил байв. “Чингис” зочид буудлын удирдлагад ажиллаж байхад нь тэднийд зочин буулгах, тэр талын гэрээ хийх гэх мэт ажлаар харьцаж  энэ чиглэлд хамтран ажиллаж явсан түншүүд юм бид. Харилцааны ийм зам мөр байсан болохоор тэдэнтэй танилын ёсоор уулзаж золгоцгоов.

“Төр засгийнхаа шийдвэрийг дагаж баяр ёслолоо хатуу ундаагүй тэмдэглэдэг болоод хоёр гурван жил өнгөрч хамт олон маань ч үүнд дасаж байна даа, сар шинээ ч айраг цагаагаар л тэмдэглэчихдэг болсон, манай айраг ямар байна” гэж Баттулга сайд асууж байв. Казахууд манайхан шиг гүү барьж айраг хийдэг ард түмэн. Дэлгүүр хоршоонд нь айраг, саам элбэг, өвөл зунгүй үйл ажиллагаа явуулдаг гүүний фермүүд ч байдаг юм байх. Казах айраг амталж, нутгийн мах, буузаар дайлуулж яриа хөөрөө болж цаг гаруй сууцгаагаад  золголт өндөрлөхөд би “Хэдүүлээ хамтдаа зургаа авахуулцгаая...” гээд сайдыг уриалсан юм. Тэрээр “Манай өрөөнд арай дээр байх...” гээд хоёр давхарлуу гар зангаж байна. Ингээд өрөөнд нь орж, Казахстан орны тухай, бас хоёр орны харилцааны талаар ойр зуурыг ярилцлаа. Монгол Казахстаны харилцааны тухайд өчигдөр шөнө цахимаас хэсэг мэдээлэл уншсан маань ярианд нэмэртэй байлаа. Манай хоёр орон 1992 оны эхээр дипломат харилцаа тогтоож мөн ондоо манайх Элчин сайдын яамаа Алма-Атад нээсэн юм байна. Казахстаны тал харин таван жилийн дараа буюу 1997 оны зун Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээсэн гэнэ. Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1993 онд манайд анхны албан ёсны айлчлал хийснээсээ хойш 1997, 2008 онд тус тус айлчилсан юм байна.

Манай талаас Ерөнхийлөгч Нацагийн Багабанди 1998 онд, Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр 2007 онд Казахстанд айлчилж байж. Манай Ерөнхий сайд П.Жасрай, УИХ-ын дарга С.Төмөр-Очир нар мөн Алма-Ата, Астанад айлчилж, тэдний талаас Ерөнхий сайд Е.Терещенко, Гадаад хэргийн сайд К.Токаев нар хариу айлчлал хийж байсан түүхтэй юм байна. Казахстан нь манайхаас зургаа дахин олон буюу 18 сая гаруй хүн амтай, эдийн засгийн хувьд ч  хүчирхэг орон. Нэг хүнд оногдох нийгмийн нийт бүтээгдэхүүн нь манайхаас тав дахин их буюу 2018 оны байдлаар 27864 ам долларт хүрээд буй юм билээ... Манайд болсон “АСЕМ- 2016” Дээд хэмжээний чуулга уулзалтад Казахстаны Ерөнхий сайд Карим Масимов оролцож, дараа нь албан ёсны айлчлал хийж Баян-Өлгий аймагт зочилж байж.

Тэр жилийн зун Баян-Өлгий аймагт болсон үерийн гамшгийг арилгахад хүмүүнлэгийн туслалцаа болгон 200 мянган долларыг Казахстаны Засгийн газар манайд хандивласныг тухайн үед сонин  хэвлэлээр мэдээлж байсан. Манай хоёр орны хоорондын худалдаа 2017 оны байдлаар 68,2 сая ам. доллар гэж тооцогдож буйгаас манайх дөнгөж 1,8 сая ам. долларын экспорт хийсэн нь төдий л хангалттай үзүүлэлт биш юм байх. Казахстан бол байгалийн баялаг ихтэй, нүүрс, зэс, алт, газрын тос олборлож өөрсдөө боловсруулдаг, боловсруулах  үйлдвэртэй орон. Социализмын үед Зөвлөлт гүрнийг талх тариагаар хангаж байсан бүс нутаг болохоор өнөө ч бас газар тариалангийн үйлдвэрлэлээ боломжийн хэмжээнд аваад үлдчихсэн юм билээ... Сайтаас миний уншсан, сайдын яриа хоёр нийлээд иймэрхүү мэдээлэл болж байв. “Гадаад хэргийн сайд маань айлчлана гээд Элчин яамаараа л бид ойрын хэдэн өдөр шаргуу хөдөллөө. Астанад нүүж ирснээсээ хойш огт засвар хийгээгүй, элчингийн байр маань сүрхий муудчихсан байсныг сая засаж янзлаад авлаа. Эдний яам тамгынхантай ч бид олон уулзалт хийж асуудлуудаа харилцан ярилцаад авцгаалаа... Харамсалтай нь айлчлал тодорхойгүй хугацаагаар хойшилчихлоо” гэж Элчин сайд Л.Баттулга эцэст нь ярьж байв. Үүгээр яриагаа завсарлаж зургаа авахуулцгаагаад уулзалтаа өндөрлөв. 

Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Л.Баттулгатай хамт өрөөнд нь 

Хатагтай Ж.Жаргалан саарал торгон дээлтэй нь

Доошоо буухдаа нөгөө казах нөхдөө ирчихсэн болов уу гээд асууж сураглалаа. Тэд ирж амжсангүй бололтой. Уг нь тэдэнтэй танилцаж, энд аль хэр суурьшин амьдарч байгаа тухай нь өөрсдөөс нь сонсож ярилцах юмсан гэж хүсч байсан юм би. Тэр бүтээгүй болохоор нэг юм дутуу дулимдуу санагдаад л...

      Тэнгис хүү болон Хулыбекийнхан. Зочид буудалдаа ирчихээд Тэнгис хүүг сураглав. Холоос эрэх шаардлага ч гарсангүй, нэг давхрын  бааранд ажиллаж байв тэр. Эрдэнэт хотод төрсөн гэнэ. Аав нь халх, ээж нь Ховдын уугуул казах аж. Аймгийн 10 жилийн сургуулийн математикийн багш Ховдобай гэх эрхэм энэ хүүгийн нагац өвөө нь юм байна. “Нутаг усандаа нэртэй сэхээтэн, хүмүүс ч нагац өвөөг маань их мэддэг юм билээ” гэж Тэнгис ярьж байлаа. Тэр монголоор олигтой  ярьж чадахгүй болохоор бид хоёр оросоор яриагаа үргэлжлүүлэв. Хоёр жилийн өмнө эндээ барилгын коллеж төгссөн гэнэ. Энэ ресторанд ажиллаад хэдхэн сар болж байгаа аж. Одоохондоо дагалдан үйлчлэгч хийж байгаа гэв.

      

Зүүн гараас эхнийх нь Г.Тэнгис                                                                    

Энэ мэтийг ярьж байгаад аав ээж, гэр орных нь талаар асууж эхэлсэн чинь, “Та манай ээжтэй ярьчих, би утас руу нь залгачихъя...” гээд ээжтэйгээ казахаар хэдэн үг солиод утсаа надад өгөв. Ээжийг нь Баршагүл гэдэг юм байна. Тэнгис ээжтэйгээ дүрсээ хараад ярьчихдаг юм байна. Хүрэн ноосон цамцтай тавь гаруй насны авгай ширээний араас босоод л мэнд мэдэж байв. Хүүтэй нь танилцсан тухайгаа, монголоос саяхан ирсэнээ ярьж амьдрал ахуй нь ямар байгааг асууж ярилцлаа. Баршагүл гэдэг бүсгүй юм байна. Эрдэнэтийн 10 жилд багшилж байгаад 2000 аад оны эхээр гэр бүлээрээ Казахстанд ирсэн аж. Тэнгис хүү  том нь юм байна. Охин Амина нь өнгөрсөн жил Москвагийн нэгэн дээд сургуульд эчнээгээр элссэн гэнэ. Тэнд амьжиргааны өртөг өндөр, бас ажил олдохгүй болохоор охин нь Астанад эдэнтэйгээ хамтдаа амьдарч буй аж.

Гурван өрөө байрных түрээс 120 мянган тэнгэ гэв. Манайхаар бол 800 аад мянган төгрөг юм уу даа. Анх энд ирээд нөхөртэйгээ хамт барилгын шавар шохойны ажил хийсэн гэнэ. Хожмоо сургууль цэцэрлэг бараадаж ойр зуурын ажил алба эрхэлсэн юм байх. “Уг нь Эрдэнэтийн 10 жилийн сургуульд багшилж байсан дадлага туршлагатай сурган хүмүүжүүлэгч шүү дээ би...” гэж Баршагүл бүсгүй өөрийгөө илэрхийлж байна лээ. Нөхөр нь Булган аймгийн уугуул Рэнчингийн Ганбат гэнэ. Өндөр настай эх нь өөд болоод түүнийхээ ажил явдалд оролцохоор тэрээр Монгол яваад хараахан буцаж ирээгүй байгаа аж. Бас гай болоход ээжийнхээ амьдарч байсан тэр сумын гудамжны согтуучуудад Ганбат зодуулаад тархиндаа гэмтэл аваад эмнэлэгт хэвтчихэж. Ээжтэй нь ийн ярьчихаад Тэнгис хүүд утсыг нь өгч хэдэн үг солив. Тэрээр “Ажлаасаа чөлөө аваад аавыгаа авчрахаар ээжтэйгээ хамт сарын дараа Монгол руу явахаас аргагүй болоод  байгаа” гэж  ярьж байлаа. Хүмүүжил төлөвшил тааруу согтуучуудын балаг айл гэр, хүмүүст ийм л гай гамшиг тарьчихаж...

 Астана хавиар суурьшин амьдарч буй манай Монголын казах иргэдийн амьдрал иймэрхүү эрээнтэй бараантай янз бүр л аж. Орос, казах хэлтэй бол нийслэл болон том хотуудад ажил олдох нь арай дээр гэнэ. Монголоос анх ирсэн орос хэл мэдэхгүй казахуудын нэг хэсэг нь мал маллаж хөдөөгүүр амьдрах болсон бол нөгөө нэг хэсэг нь хот суурин бараадаж үйлдвэр барилга хавиар хар бор ажил эрхэлж амьдралаа залгуулах болсон юм билээ. Зүтгээд зүтгээд амьдрал ахуй нь нутагтаа амьдарч байснаас нь дээрдэхгүй болохоор Монгол руугаа буцсан айл гэр, амьтан хүн бас ч цөөнгүй гэсэн. “Мал сайн маллаж ахуй амьдралаа сайжруулж үр хүүхдүүдээ сургууль соёлоор явуулж тав тухтай иргэншсэн нь ч бий...” гэж Талгат ахлагч машин дотор хэсэгхэн хамт явахдаа өгүүлж байсан. Тэдний нэг төлөөлөл болох Х.Хулыбек монголдоо Худалдааны техникум, Хөдөө аж ахуйн дээд сургууль төгссөн инженер хүн аж. Баян-Өлгийдөө ХААУГазарт газар хэлтсийн дарга хийж байгаад 1990 онд МАХН-ын дээд удирдлагуудыг огцруулах хөдөлгөөний хүрээнд хамрагдан огцорч байсан хүн гэнэ. Тэгээд л ажил албагүй болчихоод байсан үедээ Назарбаевын уриалга дуудлагыг хүлээн авч Алма-Атаг зорьж байж. Түүний гэргий М.Булбул нь ч ажилсаг нэгэн аж...

      Шинийн нэгний өдөр хальт тааралдаж мэнд мэдэлцээд өнгөрсөн Талгат ахлагчийн ярианд нэр дурдагдсан энэ эрхэм биднийг Казахстанаас буцаж ирсэний дараахантай манай нэгэн телевизийн “Миний аялсан 1000 хот” нэвтрүүлгийн зочин болоод гарч байх юм. Эднийх хотын төвд тохилог орон сууцтай болчихсон, хүүхдүүд нь сургууль соёл төгсөөд тус тусын ажил амьдралтай яваа аж. Том хүү Жупар нь арав гаруйхан настай ирж тосгоны сургуульд орж байсан юм байх. Ээж М.Булбул нь хүүхдүүдээ харж тосгонд, аав Х.Хулыбек нь хөдөө талд мал маллаад тосгон хөдөөгийн хооронд хорин жил амьдарсан гэх. Сүүлийн хэдэн жил хатагтай М.Булбул сургуульд багшилсан аж. Энэ эзэгтэй телевизийн багийнхантай Астанагийн нэгэн том сүмд тохиолдлоор таараад гэртээ урьж тэднийг дайлж цайлж яриа хөөрөө болцгоосон нь тэр нэвтрүүлгээр гарч байсан юм. Зургийг нь ч нэвтрүүлгээс нь аваад энд тавьчихлаа. Энэ үйлдэлдээ “Миний аялсан 1000 хот” нэвтрүүлгийн зохиогч бүсгүйгээс хүлцэл өчье.

                              Х.Хулыбек эрхэм Астанад гэртээ

                                        Багш хатагтай М.Булбул 

       ( Үргэлжлэл бий)           Д.Цэдэн-Иш

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:echnii chesgiig chaanaas olj unschich ve?, bayrlalaa 2020-11-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?