ТАЛЫН МАНХАТТЕН-ЭЭР ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ (ҮРГЭЛЖЛЭЛ)

2020-12-07  

     Төрийн Думын экс гишүүн, ангийн даргатайгаа Астанад уулзав. Гучаад жилийн өмнө Москвагийн Намын дээд сургуульд хамтдаа сурч байсан Гульнар хэмээх казах бүсгүйг энэ аялалд явахаасаа өмнөхөнтөө хайж байгаад олоод авсан тухай нийтлэлийнхээ эхэнд нэгэнтээ дурдсан даа би. Казахстаны Шевченко гэх том хотын коммунист намын хороонд удирдах ажил хийж байгаад элссэн болохоор нь сургуулийн удирдлага манай ангийн даргаар томилчихсон хэрэг. Манайх хоёр немц, болгар, монгол, казах, украин тус бүр нэгтэй, дөрвөн оростой, нийт 10 сонсогчтой цомхондуу бүрэлдэхүүн. Ангийн дарга маань анхнаасаа л сүрхий ажил хэрэгч бүсгүй байсандаг. Москвад төгсч оччихоод төрөлх хотынхоо намын хороонд хэдэн жил удирдах ажил хийж. Тэгж байгаад л Казахстаны төрийн Думын сонгуульд хоёр ч удаа нэр дэвшиж Думын гишүүн болчихож. Ийн төрийн өндөрлөгт гарчихсан болохоор миний хувьд сураг ажиг тавьж олоход арай дөхөмтэй байсан хэрэг. Зочид буудлынхаа нэг давхрын бааранд Тэнгис хүүтэй танилцаж уулзчихаад ангийн дарга Гульнартайгаа тэнд залгуулаад уулзав. Ус ундаа, кофе болонгоо Москвагийн оюутан ахуй цаг, ангийн нөхдөө дурсаж миний авч очсон тэр үеийн зарим фотог үзэж Лениний уул, Лев Толстойн музей, Тула хотын аялал, ангийн анд Валерагийн хурим мэтийг тэндээс сэргээж дурсамж хөврүүлж суулаа.

    “ Хоёронтоо сонгогдсон Төрийн Думын гишүүн, ангийн даргатайгаа уулзчихаад ажил алба эрхэлдэг Төрийн ордонд нь орж үзэхгүй буцна гэдэг санаанд нэг л багтахгүй байна...” гэж Гульнарт би хэллээ. Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын Бунхант ордонд ч хөл тавиад үзчихмээр байна гэв. Гульнара ч хүсэл сонирхлыг минь ойлгож байв. Казахстаны Парламент завсарлачихсан, гишүүд тойрогтоо ажиллаад ордонд хүн хүлээж авахгүй талдаа байгаа гэнэ. Тэр тусмаа гадны иргэн ямар ажил хэргээр орох гээд байна вэ? гээд л асууж шалгаах байх гэж тэрээр санаа зовинож байлаа. Ерөнхийлөгчийн  ордонд орох ч бүр бүтэхгүй гэнэ. Гэсэн хэдий ч Гууля (Манай ангийнхан түүнийг Москвад ийн дууддаг байв) ийш тийш баахан утасдлаа. Их Хурлын нэг гишүүнтэй холбогдоод зав зай, цаг нар асууж байв. Ашгүй нөгөө гишүүн нь зөвшөөрч маргааш өглөө цагаа хэлэхээр болж. Ямар ч гэсэн Казахстаны Их Хурлын ордонд маргааш орох болж байх шиг. “Хотоор явж юм үзэцгээсэн үү, та хоёрт хөтөч хийж болж байна” гэж Гууля санал гаргав. Өчигдөр бид “Байтерек” цамхагт очоод хаах цаг нь болоод орж чадаагүй юм. Ойрхоноор нь түүнийг үзчихэж болох юм гээд хамтдаа гарцгаав. Буудлаас гурван зуугаад метрийн цаахантайх тэр цамхаг хүртэл хэсэг алхахдаа арай л хийсчихсэнгүй, заримдаа гурвуулаа гар гараасаа барьж түр зогсож, салхи шуурга өнгөрөөцгөөж байлаа. Ийн босон сууж, цасан шуурганд нүүр нүдгүй шавхуурдуулсаар “Байтерек”-т арайхийн хүрч ирцгээв. Харуул хамгаалалтынх нь алба бидний бие, цүнх сав, аппарат хэрэгсэлд үзлэг хийгээд дотогш нэвтрүүллээ. Билетийн кассанд хэдэн хүн дараалалд зогсож байв. Биднийг тэнд дөхөж байхад үйлчилгээний дүрэмт хувцастай хоёр бүсгүй цахилгаан шатнаас гарч ирээд хүмүүс рүү дөхөн ирснээ  Гууляг танив бололтой “Сайн байна уу депутат аа...” гээд дотноор мэндчилж “Хэсэг  үйлчлүүлэгчээ бид түр хүлээлгэчихээд, салхины байдлыг харсан юм аа, тэгтэл салхи улам ширүүсчихлээ, одоо цамхаг руу гаргах ямар ч боломжгүй болчихлоо, уучлаарай...” гээд түүнд ч, бас бидэнд ч хандаж ийн ярив. Гульнар ч “Холоос ирсэн зочиддоо цамхагаа үзүүлчих санаатай ирсэн юмсан...” гээд тэр хоёр бүсгүйтэй хэдэн үг солино лээ. Салхины хүч тодорхой тоонд хүрэхээр цамхаг даялчихдаг аж. Ийм үед олон хүн дээшээ гарахаар ачаалал нэмэгдэж эрсдэл учрах аюултай тул үйлчилгээг зогсоохоос аргагүй болдог гэнэ. Ингээд бид хоёрдахь удаагаа “Байтерек” цамхагт орж чадсангүй буцав. Гудамжнаа гарахад салхи шуурга улам ширүүсчихэж...

     Өглөө Гульнар утасдаж үдээс хойш 15.00 цагт Парламентын нөгөө гишүүн биднийг хүлээн авахаар болсоныг дуулгав. Оройхондоо бид хоёр Туркийн Стамбулаар дамжин Каир нисэх хуваарьтай байсан тул хоёр удаа очоод амжиж үзэж чадаагүй “Байтерек” цамхагаа үзэхээр  буудлаасаа гарав. Салхи шуургагүй, нартай намуухан сайхан өглөө байв. Хэн хүнд телевизийн дэлгэц, ном сэтгүүлийн хуудаснаас аль хэдийнээ танил болсон Астанагийн нэрийн хуудас “Байтерек” хэмээх энэ цамхаг Астана нийслэлийн төв хэсэгт Ерөнхийлөгчийн “Ак Орда” өргөө, Парламент, Засгийн газрын ордны чанх өөдөөс харан оршдог юм байна. Цамхаг нь өндрөөшөө 97 метр нь Астана нийслэлийг 1997 онд үүсгэн байгуулсны билэгдэл, бас Казахын ард түмний шинэ хөгжлийн эхлэл он цаг нь энэ 97 гэх тоо хэмээн үзэж ийм өндөртэйгээр цамхагаа зохион бүтээжээ. Ер нь “Байтерек” цамхаг олон билэгдэл домгийн нийлбэр аж. Царс модыг казахаар “Байтерек” гэдэг юм байна. “Байтерек” цамхагийг алсаас харахад үнэхээр л мөчир салаагаа сагсайлгасан асар өндөр царс модыг санагдуулахаар. Аварга царс модны тухай нэгэн домог казахын ард түмний дунд яригдаж ирсэнийг цамхагийн архитектор, уран бүтээлчид зүгээр ч нэг орхичихсонгүй. “Зах хязгаар нь үл харагдах далайн эрэгт өнгөрсөн, одоо, ирээдүйн билэгдэл болсон аварга царс мод ургадаг байжээ. Түүний оройд нь Самрук гэх аварга шувуу үүрээ засаж алтан өндөгөө төрүүлжээ. Энэ алтан өндөг нь нар юм байна. Ид шидийн энэ аварга царс модны газар доорхи үндэснийх нь хэсэгт Айдарах хэмээх хорт луу хоргодож хүмүүст гэрэл гэгээ болгон төрүүлж өгсөн тэр алтан нарыг нь хулгайлж аваад л залгичихдаг болж. Аварга шувуу байсхийгээд л өндөглөнө. Хорт луу дахиад л түүнийг нь хулгайлж залгина... Цамхагийн зураг төслийг бүтээхдээ архитектор нь домгийн энэ санааг анхаарсан гэх. Өдөр, шөнө болох, бас өвөл, зун солигдох, бас хорвоогийн сайн муу ээлжлэх гэх утгыг аварга царсын орой дээрх аварга шувууны үүрэндэх алтан  бөмбөлөг нь шөнөдөө өнгө өнгөөр анивчин солигдож илэрхийлнэ. “Байтерек”-ийн шилэн бөмбөлөг нь хамелеон тул өдөр ч ялгаагүй нарны гэрэл, үүлний байрлалаас хамаарч өнгөө бас ертөнцийн амьдрал шиг ойр ойрхон сольдог аж... 

     Энэ өглөө “Байтерек” цамхаг асуудалгүйгээр үзэгчдээ хүлээн авч байв. Гуравдахь удаагаа, гуравдахь өдрөө ирэн байж цамхаг дотор сая л нэг оров. Цамхагийн тасалбар нь 700 тэнге буюу манайхаар бол 5000 төгрөгийн орчим үнэтэй юм уу даа. “Сөүл”,”Роппонги”,”Чикаго Уиллис” гээд миний жил гаруйн өмнөхөн аялаж үзсэн Солонгос, Япон, Америкийн хотуудын цамхагийнхтай харьцуулахад зургаагаас арав дахин хямд юм. Цамхагийн доод  хэсгийг нөгөө л эртний домгийнхтой уялдуулж аварга царс модны үндэс шиг ийш тийш салаалуулж заримд нь уран зургийн бага шиг үзэсгэлэн, далайн  аквариум, үйлчилгээний цэлгэр танхим байрлуулжээ. Тайлбарлагч бүсгүй, “Аварга царсны үндэс нь доод ертөнц, царс мод өөрөө энэ ертөнц, царсны тэнгэрт тэмүүлсэн титэм хэсэг нь дээд ертөнц буюу диваажин...” гэх утга билэгдлээр зохион бүтээгдсэн гэж тайлбарлав. Бид арван хэдэн хүний багтаамжтай хурдны хоёр цахилгаан шатны нэгэнд нь суугаад хоромхон зуур дээш хурдалж нөгөө дээд ертөнцийн алтан өндөгөн дотор ороод ирэв. Энэхүү домгийн “Алтан өндөг” нь 300 тонн шилэн хийцээс бүрдсэн 22 метрийн диаметртэй бөмбөрцөг аж. Дотор нь бас нэгэн гоё модон бөмбөрцөг байх. Энэ ч бас сонирхолтой үзмэр аж. Тайлбарлагч бүсгүйн ярих нь, энэхүү модон бөмбөрцөгийг казахстанчууд бүх шашинд хүндэтгэлтэй ханддагийн илэрхийлэл болгон бүтээж энд байршуулсан гэнэ. Модон бөмбөрцөгийн төв цэгээс 17 цацраг салаалуулан зормолджээ.

    Цацраг бүр дээр хүмүүс том жижиг янз бүрээр л гарын үсгээ зурсан байх юм. “Байтерек” цамхаг ашиглалтад орсны нэг жилийн ойн үеэр дэлхийн шашны 17 томоохон сүм хийдийн төлөөлөгчдийн чуулга хуралдаан Астанад болж, чуулганы төлөөлөгчид “Байтерек”-ийн хөлийн танхимд нэгдсэн мөргөл үйлдэж ном хурсан түүхтэй юм байна. Ингээд шашны зүтгэлтнүүд “Байтерек” цамхагт зочилж, цамхагийг үзэж сонирхоод дээр өгүүлсэн модон бөмбөрцгийн 17 цацрагт гарын үсгээ зурж үлдээсэн аж. Модон бөмбөрцгөөс холгүйхэн Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын баруун гарын алганы алтан хэв агуулсан “Аялы алакан” хэмээх үзмэр байна. Казахаас нь үгчлэн орчуулбал “Бүхний төлөөх алга” гэсэн утгатай юм байх. Алтан хэвэнд цутгасан энэ алга, энэ гараараа Эрхэм Ерөнхийлөгч нь казах түмнийхээ төлөө зүтгэн хөдөлмөрлөсөн гэдгийг илэрхийлэх зорилгоор энэ үзмэрийг бүтээлгэсэн аж. “Байтерек”цамхагтаа зочилж Ерөнхийлөгчийнхөө алганы энэ алтан хэвд өөрийн алгыг тавьж хүсэл мөрөөдлөө шивнэвэл тэр нь биелэх нигууртай гэж казах түмэн итгэн сүсэглэцгээдэг гэнэ. Тэгтлээ сүсглээгүй хэдий ч эрхэм Ерөнхийлөгчийн алганы алтан хэвэнд өөрийн алгыг би тавиад авав.

       

    Шилэн бөмбөрцгийн дотроос Астана хот аль ч тал руугаа алган дээр тавьсан юм шиг ойрхон харагдах юм билээ.  Ерөнхийлөгчийн “Ак Орда” өргөө, удахгүй бидний зочлох Парламентын цэнхэр ордон ч энүүхэн дор орших. Сар гаруйхны дараа ашиглалтад оруулах гэж буй Арабын Эмиратын “Буржа Халиф”-ын нэгэн хувилбар болох “Абу Даби Плаза” тэрүүхэнтэй тэнгэрт тэмүүлэн сүндэрлэж байна. Төв Азидаа хамгийн өндөр барилга болох юм гэнэлээ. Арабын шейхүүдийн хөрөнгө санхүүжилтээр бариулж буй байх гэж Баатарчулуун зөвлөх уржигдар бидэнд хот танилцуулж явахдаа ярьж байсан санагдана. Эрхэм Ерөнхийлөгч Н.Назарбаев ийнхүү Астана хотынхоо аль өнгөтэй өөдтэй барилга байшингуудыг өөрийн суу заль, өндөр нэр хүндээ ашиглаж байгаад гадныхнаар босгуулчихжээ гэвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй л болов уу. “Байтерек” цамхагийн зураг төслийг нөгөө л “Хан Шатыр”, “Абу Даби Плаза”, “Энх тайван найрамдлын Пирамид”, “Ерөнхийлөгчийн номын сан” гэх Астанагийн нэрийн хуудас болсон үзэсгэлэнт барилга байгууламжуудыг бүтээгч Английн нэрт архитекторч Норман Фостер зохион бүтээсэн юм билээ. Түүний бүтээл болох тэнгэр баганадсан цамхагууд, нисэх онгоцны тохилог буудлууд, гол мөрөн дамнасан үзэсгэлэнт гүүрүүд Лондон, Дубай, Бостон, Хонконг, Берлин, Абу Даби, Франкфурт хотын нэрийн хуудас болон алдаршсаар буй аж. Оросын Холбооны Улсын Москва, Санкт-Петрбург, Екатеринбург, Ханты-Мансийск хотод түүний хэд хэдэн бүтээл сүндэрлэж оросууд болон тэнд зорчигсдын нүд сэтгэлийг баясгасаар буй аж.  Английн ажилчин гэр бүлээс гаралтай жирийн энэ архитектор дэлхийг гайхашруулсан өөрийн  бүтээлүүдээ үнэлүүлж Их Британы төрийн дээд шагнал “Рыцарийн алдар одон” хүртэж, мөн Английн Лордын танхимын гишүүнээр сонгогдож, 1999 онд Хатан Хаан Хоёрдугаар Элизабетагаас “Темза мөрний Лорд” хэмээх өндөр нэр хүндтэй цолоор шагнуулж байсан юм билээ. Казахстаны шинэ нийслэлийн бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Норман Фостерт Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Казахстаны төрийн дээд шагнал “Энх тайван, найрамдлын одон” гардуулсан аж. Түүний зохион бүтээсэн “Байтерек” цамхаг Казахстан үндэстний билэг тэмдэг болоод байгаа юм билээ. Мөнгөн тэмдэгт, шуудангийн марк, улс орон, шинэ нийслэлийнх нь ном хэвлэл, сурталчилгаанд “Байтерек” байр сууриа аль хэдийнээ эзлэх болж. Казахстаны Их Хурлын гишүүн асан ангийн даргын маань надад өгсөн бэлэг дурсгалын зэс таваг дээр “Байтерек” бас л байж байна лээ. Ер нь “Байтерек” цамхаг үзэгдэж харагдах талаасаа ч нэн сонирхолтой байгууламж. Мөчир салаагаа сэрийлгэсэн үлгэр домгийн нөгөө өндөр гуалиг царс мод гэж ч алсханаас харж болох. Бас сансарын уудамд  тэмүүлэн дүүлэх гэж газрын хөлөг юм уу гэж бас харагдаж ч болох... Казахстаны энэ тал нутаг Зөвлөлт гүрний үед сансарын хөлөгийн “Байконур” хэмээх буудал байсныг хүмүүс мэднэ дээ... Одоо ч тэндээс сансарын хөлгүүд хөөрсөөр, бас буусаар л байгаа. “Байтерек” цамхагт энэ билэгдлийг ч ноён Ерөнхийлөгч Назарбаев тусгуулахыг ч бас хүссэн байх гэдэг таамаглал буй юм билээ...

     Үдээс хойхонтоо Парламентын цэнхэр ордонд хүрч очив. Гульнара биднийг ордны гадна угтлаа. Гишүүний туслах нь дотор угтаж биднийг үзлэг шалгалт,  харуул хамгаалалтаар оруулж гишүүний өрөө рүү дагуулав. Бүс нутгийн хөгжил, эдийн засгийн шинэчлэлийн хорооны гишүүн Аскар Ермурзаевич Базарбаев гэх депутат биднийг хүлээн авч уулзахаар болсон юм. Тэрээр үүдэндээ нарийн бичигтэй, давхар өрөөнд суудаг юм байна. Өөрийнх нь суудаг бага шиг өрөөний хананд Ерөнхийлөгч Назарбаевын зураг, гишүүний суудаг ширээний арын буланд Казахстаны төрийн далбаа байна лээ. Эрхэм гишүүн Их Хурлын байгууллагынхаа талаар бага шиг танилцуулга хийв. Хар кофе, хачир нь болох хар шоколад амтлангаа гишүүний танилцуулгыг сонсож суув. Эдний парламент нь хоёр танхимтай гэнэ. Дээд танхим буюу Сенат нь 49 гишүүнтэй, үүний 15-ыг нь Ерөнхийлөгч томилдог аж. Бусад депутатуудыг муж, томоохон хот бүрээс хоёр төлөөлөл байхаар тооцож тухайн орон нутгийн хурлаас нэр дэвшүүлэн илгээдэг байна. Сенатын гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил гэнэ. Мажалис буюу Доод танхим нь 107 гишүүнтэй, үүнээс 98 гишүүн нь улс төрийн намуудын нэрийн жагсаалтаар буюу тойрогт өрсөлдөж нууц санал хураалтаар таван жилийн хугацаатай  сонгогддог зарчимтай юм байна. Аскар Базарбаев эрхэмийн сонгогдсон зургаадахь удаагийн буюу 2016 оны сонгуульд улс төрийн зургаан нам оролцсоноос эрх баригч “Нур Отан” нам 82,20 хувь, Казахстаны Ардчилсан нам “Ак Жол” 7,18 хувь, Казахстаны ардын коммунист нам 7,14 хувийн санал тус тус авч сонгуулийн хуулиар тогтоосон 7 хувийн босгыг давж ялалт байгуулснаар төр засаг барих эрхтэй болсон аж. Парламентын 107 гишүүний 29 нь эмэгтэй юм. Дээд танхим буюу Сенатын даргыг Ерөнхийлөгч санал болгож Сенатын гишүүд нууц санал хураалтаар баталгаажуулдаг аж. Казахстан бол Ерөнхийлөгчийн засаглалтай тул Парламентынх нь эрх мэдэл манайхаас нилээд ялгаатай гэхээр юм. Аскар Базарбаев гэх энэ эрхэм хоёр дахь удаагаа депутатаар сонгогдон ажиллаж буй аж. Тус Парламентын олонхийн бүлгийг бүрдүүлдэг, эрх баригч нам буюу “Нур Отан” намын бүлгийн Дэд даргын сонгуультай нилээд нөлөө бүхий гишүүн юм байна. Талды Курган гэх бага шиг хотод төрж өсөөд Алма-Ата нийслэлийн нэгэн үйлдвэрт слесариар ажлын гараагаа эхлэж тэндээ хэдэн жил ажиллаад Казахстаны Политехникийн дээд сургуульд элсэн суралцаж төгссөн гэнэ. Тэгээд л томоохон үйлдвэрийн газарт инженер, дарга даамлын ажил хийж байгаад нам улс төрийн ажилд томилогдсон юм билээ. Тэрээр биднийг Парламентын ордноор дагуулан явж Сенатын болон Мажалисын хуралдааны танхимтай танилцуулав. Парламентынх нь гэрэл зурагчин биднийг дагалдан явж зураг авч байлаа. Ордны гарах хаалга хавьд эдний Парламентын урилгаар зочилсон гадаадын Парламентынхны дурсгасан бэлэг сэлтийн зүйлээр нэг ханыг эрээлжтэл чимчихсэн байв. Том жижиг түмэн юман дунд Монголоо хайлаа, олсонгүй, дагалдаж яваа эрхэм гишүүн болон бусад нөхдийг хүлээлгээд байлтай биш “Дараа хайгаарай, олбол зургийг нь илгээгээрэй” гэж ангийн даргадаа хүсээд аялалаа энд өндөрлөв. Ордноос гараад Гульнартай хамт Назарбаев Ерөнхийлөгчийн ордон руу алхацгаав. Хашааных нь үүдэнд очоод зургаа авахуулчих санаатай дөхөж явтал хамгаалалтынх нь ажилтнууд гүйгээд ирлээ. Гульнар хатагтай үнэмлэхээ үзүүлж монгол анддаа “Ак Орда” ордонг ойроос харуулчих гэсэн юм аа гэж учирлаж байв. Хамгаалалтынхан нь үүнээс цааш алхуулах боломжгүй гэнэ. Ингээд ангийн даргатайгаа тэрүүхэнд нь зогсож зургаа даруулчихаад буцлаа.

   

Ангийн дарга Гульнартай “Ак Орда” өргөөний өмнө                        

  

Ерөнхийлөгч Н.Назарбаевын “Ак Орда” өргөө

     Гульнар хатагтай Ерөнхийлөгчийн энэ өргөөний “Ак Орда” гэх энэ нэр гүн агуулга,  их билэгдэлтэй, казахаас орост орчуулахдаа “Белая ставка” гэсэн байдаг юм, чи сэтгүүлч хүн байна даа утга уянгыг мэдрээд бичихгүй юу гэж намайг дөгөөж байв. Яаж би дуугүй байхав, “Цэнхэр тэнгэрийн цагаан од” гэмээр юм уу  танай ерөнхийлөгчийн ордонг гэж би хариу барив. Үнэхээр л Назарбаев Ерөнхийлөгчийн ордон нь “Тэнгэрийн өнгөт цэнхэр бунхан дээрээ залсан Цагаан гантиган ордон” юм билээ. “Ак Орда”-гаа Ерөнхийлөгч Назарбаев бас л гадаадын тэргүүлэх архитекторуудаар зураг төслийг нь гаргуулж бариулсан юм билээ. Бас л гэхийн учир нь дээр нэгэнтээ миний үзэж харсан, танилцсан энэ Астана хотын нүүр царай болсон “Хан Шатыр”, “Хазрет Султан” сүм гэх мэтийн зураг төсөл, бүтээн байгуулалтыг Ази, Европ, Америкийн нэрд гарсан архитекторууд, барилгын топ компаниудаар Эрхэм Ерөнхийлөгч нь санаачлаад бариулчихсаныг нь нэгэнтээ дээр би дурдсан даа. Ерөнхийлөгчийн “Ак Орда” өргөөг барьж байгуулахад 26 орны тэргүүлэх мэргэжилтэн, барилгачид оролцсон түүхтэй аж. Сая бидний үзэж танилцаад гарч ирсэн Парламентын ордныг гэхэд л Саудын арабын буцалтгүй тусламжийн нэг тэр бум орчим долларын хөрөнгөөр Турк, Казахстаны барилгын компани хамтран барьж 2005 онд ашиглалтад оруулсан гэх юм билээ. Ер нь Ерөнхийлөгч Назарбаев өөрийн нүүлгэж ирсэн энэ нийслэлээ манайхны Булангийн орнууд гэх баян чинээлэг Арабууд, мөн Турк болон Европын зарим  орнуудын тус дэмийг авч байгаад байгуулчихаж байх шиг. Бидний өмнө нь зогсоод зураг даруулж буй Ерөнхийлөгчийн энэхүү “Ак Орда” өргөө нь доороо хоёр давхар, дээрээ таван давхар, гаднах фасад нь италийн цагаан гантигаар хулдсан, дээрх цэнхэр бунхант хэсэг нь 12 метр, нийтдээ 80 метр өндөртэй тансаг ордон юм. Энэ ордондоо Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 15 жил ээлж халаагүй ажиллаж амьдарч буй түүхтэй аж. Ерөнхийлөгчийн өргөөтэй гаднаас нь ийн танилцсаны дараа хатагтай Гульнар биднийг оройн зоогт урьж бид бага шиг ресторанд орцгоолоо. Тэнд орчихоод ойр зуурыг ярьж сууцгаатал миний И-мэйл хаягт Парламентын ордонд хийсэн бидний аялалын талаарх зургууд ороод ирлээ. Хоолны ч, ярианы ч хачир болов энэ зургууд... Тэдний албан ёсны оператор л зочдын зургийг авч үйлчилдэг дүрэм журамтай аж. Парламентын ордонд гаднаас аппарат хэрэгсэл, гар утас оруулдаггүй юм билээ. Бид ч утас, камераа ханын шүүгээнд нь үлдээгээд л орсон. Ажилтнууд нь ч ийм дүрэм журам сахидаг гэнэ. Парламентаар хэлэлцэж буй асуудал, боловсруулж буй тогтоол, хуулийн төслүүдийн нууцлалыг хууль батлагдтал гадагш алдахгүйн тулд Тамгын газар нь ийм шийдвэр гаргуулж хэрэгжүүлээд хэдэн жил болж байгаа гэж Гульнар ярьж байсан.

 

Парламентын гишүүн Аскар Базарбаев, экс депутат Сейтмаганбетова Гульнар нартай чуулганы танхимд 

     Оройхондоо Каир нисэхээр Нурсултан Назарбаевын нэрэмжит онгоцны буудал руу давхицгаав. Бөглөө түгжрэл гэж энэ Астанад байхгүй болохоор хорь шахам км замыг хорин минут хүрэхгүй туулчихлаа. Цаг зав, эдийн засаг талдаа ч хэмнэлт. Өнгөрсөн жилийнх нь статистик мэдээллээс харахад Астана 1.078 мянган хүн амтай, 295 мянган машинтай юм байна. Астана шиг сая гаруй хүн амтай манай нийслэлийн машин тэрэгний тоо эднийхийг дахин нэг нугалчихаад буй болохоор замын түгжрэл, утаа угаар их байх нь аргагүй дээ гэх бодол замд төрж байв. Тэгээд ч манайхны тэр хэдэн зуун мянган актлагдсан хуучин машин, түүндээ хахсан нийслэлийнхээ энхэл донхолтой тааруухан замыг энэ Астаны нас залуу машин тэрэг, өргөн дардан зам харгуйтай нь яаж ч харьцуулах вэ дээ би... Ер нь Астанагийн хот байгуулалтын сайн жишиг дэлхийд өндөр үнэлэгддэг аж. Азийн энэ хот дэлхийн хамгийн үзэсгэлэнт нийслэлээр нэрлэгдэж ЮНЕСКО-гийн медаль хүртэж “Энх тайваны хот” хэмээх алдар цолын эзэн болоод буй юм билээ. Акмола хэмээх бага шиг сууринд нүүн ирж буурь сэлгэсэн Казахстаны Астана нийслэл өндөр хурдтайгаар ийн хөгжин цэцэглэж дэлхийн чихийг дэлдийлгээд байна. Эртний нийслэл Хар Хорум хотдоо буурь сэлгэх тухай олон жилийн өмнөөс ярьж хэлцэж байсан бидний нийслэл Улаанбаатар маань агаар орчныхоо бохирдолд  багтарч, ард иргэд нь машиндаа хонох нь холгүй түгжирч амьтан хүн амьдрах аргагүйд хүрэх гээд байна. Нийслэлээ нүүлгэх тухай мөрөөдөл Элбэгээ Ерөнхийлөгчтэйгээ хамт завсарлага аваад бүр таг болов бололтой... Уг нь нийслэлээ нүүлгэж амжилтад хүрсэн улс орны сайн жишиг дэлхийд бишгүй л байдаг аж. Миний аялаад ирсэн энэ Астана түүний ойрхны л нэг үлгэр загвар юм. Иймэрхүү бодол тээсээр Нурсултан Назарбаевын нэрэмжит онгоцны буудал руу оров. Ард түмнийхээ өмнө байгуулсан гавъяатай энэ эзэнтэн өөрийн нэрээр олон ч юмыг нэршүүлэх биз. Хийсэн бүтээсэн юмтай удирдагчийг ард түмэн нь, улс орных нь түүх үнэлж мөнхжүүлдэг нь хүн төрлөхтний л жишиг аж. Монгол төрийн маань эрхэм дээдсүүд юу л бодож байдаг юм бол доо...                           

(Үргэлжлэл бий)    

Д.Цэдэн-Иш

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?