ЭРТНИЙ ЕГИПЕТ ОРОН, БУУРАЛ КАИР ХОТ

2020-12-15  

 

  Эрт эдүгээгийн энэ улс орныг зорьсны учир. Истанбулаас Туркийн авиа компанийн Боинг-787 онгоцоор Каир нисэж явна. Бидний зорьж яваа Египет орон дэлхийн халуун цэг болж байсан нь саяхан. Өнө эртний түүхт ертөнц гэдгээрээ ч хүн төрлөхтний анхаарал татсан бүс нутаг. Бүр манай эриний өмнөх он тооллоос цаашлах хэдэн мянганы настай хот суурин, бүтээн байгуулалтын туурь, хосгүй үзмэрээрээ гайхуулдаг улс орон. Александр хот, Луксорын хаадын хөндий гээд л дөрөв таван мянган жилийн цаанаас л үүх түүх нь яригдах эртний байгууламжууд энэ Египетэд чамлахааргүй олон бий. Тэр бүхнийгээ өнөөгийнхөнд үзүүлж гайхуулах хэмжээнд аваад үлдсэн нь бас нэгэн гайхамшиг. Дэлхийн долоон гайхамшгийн нэг гэгдэх Хеофсын алдарт Пирамид гэхэд л МЭӨ он тооллын 2800 аад онд буюу одоогоос таван мянга шахам жилийн тэртээ барьж байгуулагдсан байдаг. Хэн яаж ийм гайхамшиг бүтээснийг нь ч хүн төрлөхтөн өнөө бүрэн тайлж чадаагүй, элдэв таамаг гаргах төдий байцгаана.

Дунд сургуулийн сурах бичигт “Дэлхийн хамгийн урт Нил мөрөн...” гээд  бичсэнийг бидний үеийнхэн бага балчиртаа уншиж л явсан даг. Суэцийн сувгийн тухай нь ч сурах бичигт бас байдаг л байсан. Египетийн алдарт Пирамид, нөгөө аварга том хүн чулуу-Сфинксийн зураг хөргийг ном сурахаасаа бишгүй л үзэж харж, түүний тухай уншиж бага сага мэдэж явж. Ази Африк тивийг дамнан оршдог энэ орны тухай бидний үеийнхэн бас ч гэж мэдээлэл төсөөлөлтэй байжээ... Миний хуучны танил, нийтлэлч дипломатч Д.Баярхүү Египетэд Элчин сайдаар нилээд хэдэн жил ажиллахдаа тус оронд өрнөсөн 2011 оны Арабын их хувьсгалыг хажуухнаас нь үзэж харж, тэр хувьсгалын зарим баатруудтай уулзаж үзэл бодол, тэмцэлийнх нь зорилго чиглэлийг сонсож явж. Тэрээр тэнд ажилласан он жилүүдийнхээ дурсамжаар “Тахрирын хувьсгал”, “Тахрирын хоёрдугаар хувьсгал” гэх хоёр боть ном бичсэн. Хорь шахам жилийн өмнө тэрээр Энэтхэгт суугаа манай элчин сайдын яаманд ажиллаж байхад нь би хувиараа аялаж яваад тэднийхээр орж дайлуулж цайлуулж түүнтэй ярилцаж нийтлэл тэмдэглэл тэрлэж явсан цаг үе ч бий. Дараахан нь Лондонд гэр бүлээрээ тааралдаж хамтдаа музей үзмэр үзэж, бас Лондон дахь манай элчин яаманд шинэ жил хамтдаа тэмдэглэцгээж байлаа. Тэгэхэд Баярхүү Египетэд Элчин сайдаар ажиллаж байв.

Бүр миний хүү, эхнэр бид хоёрыг, бас надтай хамт аялаж явсан найзуудыг маань ч Лондонгоос хамтдаа Каир явцгаая гэж уриалж урьж байсан нэгэн. Хуучны танилын хувьд тэрээр “Тахрирын хувьсгал” хэмээх хоёр боть номоо надад өгч, би ч дор нь уншиж дуусгасан. Сонирхолтой, сайн бүтээл. Энэ тухайгаа би Баярхүүд илэрхийлж Египет явмаар байна гээд түүнээс ойр зуурын мэдээлэл сонсож виз, унаа тээвэр, үзвэрийн асуудлаар зөвлөгөө авч байв. Тэрээр надад аялалын маршрут, үзвэр соёлын төсөл төлөвлөгөө хүртэл хийж ирүүлж байв. Бас өөрөөс нь сайдын албыг  авсан Элчин сайд Ч.Баярмөнхийн утас, и-мэйл хаягийг надад олж өгч түүнтэй харьцаж виз, зочид буудал, унаа тээврийн асуудлаа нарийвчлан ярьж тохиролцохыг зөвлөж байлаа. Визийн хувьд Египетийн элчин яам манайд байхгүй болохоор Бээжин рүү явж тэнд суудаг Египетийн Элчин консулын газарт хандах, эсвэл паспортоо Гадаад яамны Консулын газраар уламжлан Египетийн элчин Консул руу нь илгээж виз авах хоёр арга зам байдаг юм байна. Баярхүү андын зуучласнаар Каирт суугаа Элчин яамныхантайгаа утсаар хэд хэд холбогдож Элчин сайдтай нь ч, Элчин зөвлөх Х. Көкен нартай ч эчнээ танилцаж байв.

Египет явах тухай ойр тойрныхонтойгоо ярьж байсан чинь энд тэнд олон жил элчин сайд, Гадаад яаманд газрын даргаар ажиллаж байсан Б.Алтангэрэл найз маань “Египетийн Баярмөнх чинь манай хэлтэст, миний удирдлагад ажиллаж байсан юм, Көкентэй ч би ойр ажиллаж байлаа... чи утсыг нь надад өгчих, Чука (Чулуунцэцэг –гэргий нь)  бид хоёрыг Баяраа уриад бид одоохондоо тийш явж амжихгүй байгаа юм. Намайг хүлээж авч байна гэж бод гээд би түүнд хэлчихнэ...” гэв. Хэд хоногийн дараа тэрээр “Баярмөнхтэй би ярьчихсан шүү, санаа зоволтгүй ээ...” гэж байлаа. Бээжин дахь Египетийн Элчин яамны сайтаар орж визийн талаарх мэдээлэл авсан чинь Египетэд хүлээн авах газрын урилга хэрэгтэй болоод явчихлаа. Ярьж байгаад Каирын Элчин яамнаас урилга захидал авч түүнийгээ Паспортын хамт Гадаад яамны Консулын газраар уламжлуулан Бээжин дахь Монголынхоо ЭСЯ-руу илгээж, тэднээр хөөцөлдүүлэн байж визтэй болж байв. Их л ажил алба болж , бас олон хүний тус дэм авч байж бүтдэг ажил юм билээ, тэр виз нь... Каирт бид дөрөв хоног, “Шарма-эш-Шейх” хэмээх аялал амралтын цогцолборт нь гурав хоногийн амралт төлөвлөсөн юм.

Уг нь Истанбулаас Египетийн Александр хот руу усан онгоцоор аялаж очихоор анхандаа төлөвлөж байлаа. МЭӨ он тооллын 332 онд Эртний Грекийн цэргийн нэрт жанжин Александр Македонский Египетийн энэ хотыг эзлэн авч, хожим нь түүний нэрээр нэрлэгдсэн түүхтэйг бид дунд сургуулийн сурах бичгээсээ мэдэх билээ. Усан замаар Александр хотод очиж тэр түүхэн хоттой танилцаж, бага шиг хазайж Суэцийн суваг үзчихээд Каирт очмоор байна гээд Элчин сайд, Зөвлөх хоёртой утсаар ярьлаа. Тэд миний энэ маршрутыг огт дэмжсэнгүй. “Сирийн дайны хөлөөс дайжсан цагаачид усан онгоцонд олноороо явдаг болсон учраас Истанбул-Александр хот хоёрын хоорондох усан аялал маш их эрсдэлтэйд тооцогдох болсон, үймээн, гэмт хэрэг тэнд их гарч байгааг ч Египетийн хэвлэлүүд байнга мэдээлж байна” гэцгээж байв. Ийм яриа болсноор усан замын аялалаа цуцалж агаарын тээвэр сонгохоос аргагүй болсон юм.    

    Каир болон Көкений тухай хэдэн үг. Оройхондоо Каирын олон улсын онгоцны буудалд газардав. Их л хөлтэй газар оронд хүрээд ирсэн маань онгоцны буудалд ч мэдэгдэж байлаа. Жилдээ 13 сая зочин гийчин хүлээж авдаг буудал юм билээ. Хил гаалийн хяналтаар хар шар цагаан арьстнууд, олон хэлийнхэнтэй оочерлож дугаарлаад нэвтэрч байв. Нэг цонхонд миний урдах нөхөд евро, доллараа Египет мөнгөөр солиулаад байх юм. Бид хоёрт ч бас эдний мөнгө хэрэгтэй болох байлгүй, хэдий Көкэн зөвлөх угтана гэж тохирсон ч гарахад байхгүй бол хөлсний тэрэг авах хэрэг гарах ч юм билүү гэж бодоод 100 доллар солиулахаар тэр цонхоор нь тохийсон хар эрд мөнгөө сарвайв. Яах ийхийн зуургүй нөгөө эр багсайсан хэдэн дэвсгэрттэй хамт арабаар бичсэн нэг квитанцархуу юм, бас нэг нэрийн хуудас шиг жижиг цаас миний гарт атгуулсан болоод л миний дараагийн европ хатагтайтай харьцаж намайг хурдхан холд гээд л зангаж байх юм. Энэ олон зуун хүнийг дамжин өнгөрүүлж буй үйлчилгээний цэг ийм ч байхаас аргагүй байх гээд кассын хашлаганаас холдов. Египет мөнгө, квитанцаа харлаа.

Надад 75 доллар сольж өгсөн болж таарав. Нөгөө нэг нэрийн хуудас шиг бяцхан цаас нь “Орох визийн хураамж 25$” гэчихсэн  цаас байв... Уг нь бид чинь Бээжингийн элчинд хураамжаа төлөөд орох визээ авчихсан хүмүүс. Тэр тохийсон зальт хар эртэй эргэж зарга хийгээд ч нэмэргүй биз... Ачаагаа аваад гадагшлах гарц дээр ирэхэд ашгүй Көкен Зөвлөх ирчихсэн байлаа. Хорь шахам км замыг хагас цаг гаруй туулаад Каир хот руу орж ирцгээв. Манай Элчин сайдын яам хотын баруун захад орших болохоор Каирын төвөөр дайрч бас гуч гаруй минут давхиад тэнд ирлээ. Каирт байх зочид буудлаа бид цахимаар захиалчихаад Элчингийнхээ нөхөдтэй зөвлөлдөхөд Баярмөнх сайд “Манай нэг зөвлөхийн байр одоохондоо хүнгүй удаж байна, хоёр гурав хонох аян замын та хоёрт энд байрлах нь амар биш үү...” гэх найрсаг санал гаргасан юм. Тэгээд л бид Элчин яам руугаа ирж буй хэрэг. Хэрмэн хашаан дотор гурван давхар цайвар шаргал байшин байна. Шөнө орой болж хавь ойрыг нь түнэр харанхуй нөмөрсөн хэдий ч Элчин яамны энэ шар байшингийн дээхэнтэйх гэрэлтүүлэгтэй Алтан соёмбот далбаа нь Каирын хаврын салхинд зөөлхөн намирч биднийг угтлаа.

Эх орны маань төлөөлөл Элчин яамтай байхын сайхныг алсын Африкт, Арабын энэ ертөнцөд мэдрэх нь мэдээж таатай байлгүй яахав. Төрийн далбаа намирсан урд хэсэг нь Элчин яамны албан өргөө аж. Сайд болон Көкен Зөвлөх, ажилтнууд нь энэ байрныхаа арын хэсэгт амьдарцгаадаг юм байна. Эдний яам цомхон аж. Сайдын жолооч нэмэгдээд л гурван гэр бүл энд ажиллаж амьдардаг гэнэ. Зөвлөх, атташе гээд хоёр ч дипломатын орон тоо байдаг ч одоогоор томилогдож ирээгүй юм байх. Гуравдугаар давхарын хоёр өрөө сууцанд байрлав. Зочны том өрөө, унтлагын бага шиг өрөөтэй, гал тогоотой манайхны социализмын үеийн хорооллын угсармал байруудынх шиг зохион байгуулалттай сууц юм. Чемодан саваа оруулчихаад Көкен зөвлөхтэй маргааш нөгөөдрийнхөө үзвэр соёлын төлөвлөгөө ярьж зөвлөлдөж байтал гэргий нь орж ирж мэнд ус болоод, гал тогоонд халуун цай хөнгөн зууш, ус ундаа бэлтгээд тавьсан байгаа гээд биднийг тийш дагуулав. Мэрвит гэх энэ бүсгүй Казахстаны Алма-Ата хотод Багшийн дээд сургууль төгссөн багш мэргэжилтэй аж. Көкен дипломатыг нутагтаа Гадаад яаманд ажилласан цөөхөн жилд нь л Улаанбаатарт дунд, дээд сургуульд багшилж мэргэжлийнхээ ажлыг хийсэн гэнэ. Арабын энэ оронд хэд хэдэн удаагийн томилолтоор бараг хорь шахам жил сууж байгаа болохоор яамны үйлчилгээ аж ахуй, хүүхдүүдийн соёл хүмүүжлийн ажлыг албан болон албан бусаар хариуцан ажилласаар өдий болсон гэх. Социализмын үеийн манай нэртэй сэхээтэн, аймгийн алдартай дарга Хурметбек агсаны том охин юм байна. Намын дээд сургуулийн захирал,Баян-Өлгий аймгийн Намын хорооны дарга байснаар нь манай ахмад үеийнхэн Хурметбек гэх тэр эрхэмийг сайн мэдэх байх аа. К.Көкен зөвлөх Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг араб хэл судлалаар 1980 аад оны дундуур төгссөн дипломат юм.

Эднийх хүү охин хоёртой, тэр хоёр нь ч энэ Каирт бага дунд сургуулиа дүүргэсэн аж. Дараа нь гадаадын зарим орны их дээд сургуульд суралцаж мэргэжил эзэмшицгээж, одоо эх орондоо болон Европт ажиллаж амьдарч буй гэнэ. Охин нь нөхөртэйгээ удахгүй энд зочлох аж. Нөхөр нь Голланд залуу юм байх. Анх удаагаа энэ Египет оронд ирэх гэж буй болохоор үзвэр соёлынх нь хөтөлбөрийг их анхаарч  бэлтгэж байна гэж байв Көкен хадам нь. “Маргааш та хоёрт үзүүлэх гэж буй МЭӨ он тоолын 2000 аад оноос нас нь тоологдох Саккарагийн бунхнуудыг тэд үзье гэсэн байна лээ. Манай тооллын 2020 оныг нэмэхээр Саккара бол 4000 гаруй жилийн өмнөх байгууламж болж байгаа юм. Энд би хэд хэдэн удаа томилогдож олон жил энд амьдарч буй хэдий ч Саккарагийн бунхануудыг үзээгүй л байсан байгаа юм. Ер нь энд он удаан жил оршин суусан хүн ч Египетийн энэ мэтийн эртний түүхт газар орон, үзмэр соёлыг бүгдийг нь үзэж барахааргүй л дээ... ” гэж Көкен зөвлөх ярьж байв. Бямба, Нямын амралт таарч буй болохоор тэрээр маргааш нөгөөдөр  бидэнд газарчлахыг зөвшөөрсөн нь тун ч таатай байв. Араб хэлтэй, бас энэ улс орноор мэргэжсэн ийм газарч аян замын хэн хүнд тэр бүрий олдоод байхгүй л дээ... 

Өглөө эрт өрөөндөө цайлчихаад Саккара явахаар унаандаа сууцгаав. Хотоос зүүнтэй гучаад км явах гэнэ. Энэ Каир нь хааш хаашаагаа зах замбараагүй үргэлжилсэн нэлмэгэр нь дэндсэн тийм хот юм. Төв хэсэгтээ л орчин үеийн өндөр байшин барилга, өргөндүү гудамж талбайтай болохоос төвөөсөө хоёр гурван км алслаад манайхны тав долоон буудал, Толгойт  руу ороод ирэх шиг л болж байв. Машин тэрэгний шахцалдаан бүр ч тоймгүй, дуут дохиогоо зай завсаргүй хангинуулцгаах юм. Мянган жилийн настай, ийш тийшээ нүүж суурьшаагүй энэ л Нил мөрнийхөө эрэг хөвөөнд насаа барж буй хөгшин хот болохоор арга ч үгүй юм болов уу даа. Каирын хүн ам нийт 17 сая гэж тооцогддог юм байна. Машин тэрэгний тоог лавлахаас эрээд тоймтой юм олсонгүй, египетийн 1000 хүн ам тутамд нь 43 машин ногддог гэсэн хэдэн жилийн өмнөх судалгаа цахимд байна лээ. Түүнийг баримтлаад нягтралд нь харьцуулаад тооцох юм бол Каир сая гаруй машинтай гэхээр.

Хотын захын гол тээвэр болох гурван дугуйтууд нь улсын номер дугааргүй юм билээ. Тоо бүртгэлд хамаардаггүй ч байж мэдэх. Бүхээгтээ хоёроос гурван зорчигч суулгачихсан, бага шиг чиргүүлдээ бас ачаа бараа тээчихсэн л давхиж явцгаах юм. Манайхны амьжиргаа цагаан л юм байх энэ Каиртаа. Нил мөрөн нь Египт орныг ч, Каир нийслэлийг ч тал дундуур нь хувааж урсах юм. Каирын хэсэгтээ арваад том гүүртэй гэнэ. Түүний нэг дээр нь бид түр бууж эргэн тойрныг  сонирхонгоо Х.Көкен дипломаттай зургаа авахуулав.

 

Ай сав газраар нь хүн амьтан амьдарч эхэлсэн хэдэн мянганы  өмнөөс л арабын хойгийн энэ ард түмнийг тэжээж ирсэн  гол ус юм энэ Нил мөрөн. Египетийн нутгаар 1000 шахам км урсах агаад газар тариалан, жимс жимсгэний аж ахуй эрхлэгчид нь энэ мөрнийхөө сав дагуу ажиллаж амьдардаг гэнэ. Улс орон, хүн ардаа үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнээр эндээс л хангадаг аж. Зам тээвэр, аялал жуулчлалд нь ч энэ мөрөн томоохон үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Бид түр зогсох энүүхэн агшинд хэд хэдэн усан онгоц гүүрний доохнуур хөвж өнгөрнө лээ...

     Дөрвөн мянганы настай Саккарагийн сац бунхнууд. Нилийн гүүрнээс цаашлаад нэвсийсэн хороололууд дундуур бөглөрч түгжирсээр Каирын захад арайхийн гарч эл хуль элсэрхүү талаар зам шулуудцгаав бид хэд. Хоёр урсгалтай нарийвтар засмалаар хагас цаг гаруй давхиад бага шиг толгод ороогоод харуул хамгаалалт, цэрэг цагдаа болсон нэгэн цэг дээр ирцгээлээ. Цаахантайх элсэн манхануудын араар Арабын энэ улс орны нэрийн хуудас болох том бага хэд хэдэн Пирамид  шаргалтаж харагдах юм. Манай машин харуулын байрны ойрхон очиж хурдаа саан зогсоход хар дүрэмт хувцас, хар малгайтай, автомат буу урдаа хөндөлдүүлсэн цагдаа бидэн рүү дөхөж ирэв. Көкен зөвлөх түүнд бичиг баримтаа үзүүлж түүнтэй арабаар хэсэг таржигнуулан ямар нэг юм тайлбарлаж хэсэг саатав. Би зам зуур хийж байсан дүрс бичлэгээ машины урд цонхоор  үргэлжлүүлж суулаа. Тэгтэл цагдаагийн офицер над руу автоматаараа зангаад хэдэн үг хашгирч байна. Араб хэл мэдэхгүй хэдий ч зураг авахыг минь хориглож буйг түүний ууртай царай, хашгираанаас ойлгож камераа тэр дор нь доош буулгав. Уучлалт гуйж алга хавсран мэхийв. Көкен ч бас арабаар хэдэн үг хэлж уучлалт гуйв бололтой. Тэр цагдаа биднийг мэхийлгэж буулган авсандаа сэтгэл нь ханав бололтой маадгархан ёслоод машинаас холдов. Ийн зөвшөөрснөөр бид машинаасаа бууж харуулын байрных нь хажуух касснаас дотогш нэвтрэх  тасалбараа авцгаалаа... Энэ Саккарад эртний хаант улсын нийслэл Мемфисийн хаад, фараонуудыг оршуулсан 11 том сац бунхан оршдог юм байна.

Эдний нэгнээс нь 1924 онд нэгэн хааны австай шарил олж нээсэн нь анхных юм байна. Түүнээс хойш Тети, Пепи, Джосер гээд олон хааны булш бунхныг нээж музей түүхийн үзмэр болгожээ. Францын Жен Филипп Лауэр хэмээх археологч 1926 оноос эхлэн 70 жил тасралтгүй энэ Саккарагийн булш бунхантай зууралдан малтлага хийж судалсан түүхтэй аж. Тэрээр эртний  нэн ховор олдвор, үзмэр олныг олж илрүүлжээ. Бүхэл бүтэн баганат гудамж, гоёмсог барилга байгууламжийн цогцолбор илрүүлснийг нь бид бахдан үзэж энд тэнд нь зураг хөргөө авахуулж явлаа.

Барилга байгууламжийн чулуун ханан дээрх сийлбэрүүд нь дөрвөн мянган жилийн өмнөх тэр ард түмнийх нь ахуй амьдралын түүхийг илэрхийлдэг аж. Манайхны хадны сүг зургуудыг бодвол арай тод, өнгө будагтай, нарийн ур хийцтэй юм билээ. Олон арван чулуун хөшөө, хаадын чулуун сийлбэрийг Каирийн төв музейд үзмэр болгон авч явсан тухай Саккарагийн музейн танилцуулга тайлбарт бичсэн байв. Сац суваргуудын нилээд нь бага шиг музей хэлбэрээр ажилладаг аж. Музей бүр тусдаа билет тасалбартай, үнэ өртөг нь 3-5 доллар орчим юм.

Хаад язгууртнуудын булш гээд үзүүлж харуулах юм ч энд элбэг юм. Нэгэн бунхан руу чулуун шатаар нь хориод метр доошилж Тети хааны булшийг үзлээ. Том чулуун авс тэнд байв. Хавь ойр нь бүүдгэрдүү гэрэлтэй, эвгүйхэн сэтгэгдэл төрөхүйц орчин байна лээ. Саккарад 2018 оны зун хийсэн малтлагаараа археологчид шарил занданшуулдаг нэг газрыг илрүүлсэн аж. Гучаад метр гүнд шарил занданшуулах мэс заслын тусгай багаж хэрэгсэл, энэ үйл явцад хэрэглэдэг зарим бодисын үлдэгдэлтэй сав суулга гээд эд өлгийн олон зүйл тэр цагийнхаа байр байдлаар хадгалагдаж ирсэн нь судлаачдын сонирхол маш их татсан гэнэ. Хаад, язгууртнуудын шарилыг энд авчирч занданшуулдаг байсныг энэ олдворууд бүрэн нотолсон нь үнэ цэнэтэй нээлт болсон аж. Эрэлийн багийнхан мөн оныхоо өвөл Саккарад эртний Египетийн хаадын тавдугаар үеийн нэгэн сүмийн хааны төлөгчийн булшийг малтаж 10-аад метрийн урттай, 3 метрийн өндөр, мөн тийм өргөнтэй авс олсон юм байна. Олдворын насыг 4400-гаад жил хэмээн тодорхойлсон бөгөөд энэхүү булш нь тэр цагт тахин шүтэгдэж байсан их төлөгч Вах-Ти гэгчийнх гэж эрдэмтэд тогтоожээ. Францын археологч Алена Зивигийн удирдсан экспедицийнхэн 1996 онд Саккарагаас арабын ертөнцийн хамгийн алдартай хаан Тутанхамоны тэжээгч эх Майяагийн бунхант оршуулгыг олж нээсэн нь түүнээс ч илүү дуулиантай үйл явдал болсон гэнэ. Авсных нь гаднах зураг, бунхан дахь хөшөөний төрх байдлаас энэ тэжээгч эх Майя гээч нь Тутанхамон хааны эгч Меритатон байж магад гэх таамаг судлаачдын дунд байдаг аж. Булш бунханыг нь Каирын музейд аваачсан гэж Саккарагийн музейн  танилцуулга номд бичсэн байна лээ.

Саккарагаас олдсон авсны гаднах эгч дүүсийн зураг  

Саккарагийн арван хэдэн бунхны үзмэр музейг бүгдийг үзэж сонирхоно гэвэл хоёр гурван өдөр зарахаар юм... Бид хэд эртний бор шаргал пирамидийн эргэн тойронтой танилцаж явахад нар гудайж байлаа. Хашаан дотор ойр зуурын худалдаа, бас тэмээ унуулах үйлчилгээ энэ тэр гээд аялал жуулчлалын бага шиг бизнес үргэлжилж байх юм.Эртний Египетийн ахуй амьдрал харуулсан зурагтай пансан алчуур хэдийг найз нөхөд, садан төрлийнхөндээ бэлэглэхээр авч нэгэн наймаачнийг баясгав. Цаашлаад ганц бөхтэй цагаан тэмээ хөтөлсөн араб тэмээчний ятгалгад орж түүнтэй зургаа авахууллаа.

 

Тэмээг нь унаж хажуух суваргыг нэг тойрвол таван доллар гэнэ. Хивсэн тохош, хөлөө аюулгүй болгоод шургуулчих даавуун ууттай юм нэг бөхтэй энэ тэмээ. Идэш тэжээл, өвс ургамал муутай энэ илчилгүй цөлийн энэ туранхай цагаан тэмээг унаж зовоохыг би хүссэнгүй, надтай нас чацуу гэх араб тэмээчинтэй зургаа авахуулсных түүнд гурван доллар төлж алгыг нь тэнийлгэснээр 4000-аад жилийн настай Саккарагаар аяласан нэгэн өдрийн аялал өндөрлөв. Каирт буцаж ирэхэд оройн харуй бүрий эхлэж байлаа. Көкен зөвлөхийн утас хэдэнтээ дуугарч тэр казахаар ч юм уу, арабаар ч юмуу хэн нэгэнтээ хэсэг ярив. “Гэрээс ярьж байна аа, гэргий маань гурилтай шөл хийж байгаа юм байна, та хоёрыг оройн хоолонд урьж байна аа тэр” гэсэн юм энэ Көкен...   

Үргэлжлэл бий

Д.Цэдэн-Иш

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
энхбат:найз нараа ****ан магтсанаас өөр зүйлгүй аялал юмуудаа 2020-12-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?