ХААН БАНК "ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

2020-12-16  

Бизнесийн салбарын хүндхэн ачааллыг нуруун дээрээ үүрэлцэж явдаг жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, өсөж дэвжих боломжийг нь нэмэгдүүлэх зорилгын хүрээнд ХААН Банк  сургалт, цогц хөтөлбөрүүдийг санаачлан үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн.

Энэ удаад үйлдвэрлэлийн салбарт жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ХААН Банк Швейцарь улсад төвтэй “Business Professional Network” (BPN) Монгол сантай хамтран “Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн хөтөлбөр”-ийг санаачлан хоёр сарын хугацаанд амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн нийт оролцогчдод ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төв (ЖДБДТ)-ийн бизнес зөвлөхүүд болон BPN Монгол сангийн мэргэжлийн экспертүүд, сургагч багш нар хамтран менежментийн арга барилыг сайжруулах сургалт явуулж, ганцаарчилсан зөвлөгөө өгсөн юм. Найман долоо хоногийн турш макро эдийн засгийн мэдээлэл, бизнесийн дижитал шилжилт, бүтээгдэхүүний үнэ цэнэ, бизнес загварчлал, ажлын нарийвчлал, дотоод болон гадаад орчны шинжилгээ зэрэг олон сонирхолтой сэдвээр сургалтад хамрагдсан 9 компанийн 17 оролцогч 2020 оны 11-р сарын 20-ны өдөр хөтөлбөрийн хаалтаа онлайнаар зохион байгуулж үр дүнгээ дүгнэсэн. Хаалтын арга хэмжээний үеэр ХААН Банкны ЖДБДТ-ийн захирал Т.Хулан, BPN Монгол сангийн захирал С.Өнөрцэцэг нар жижиг дунд үйлдвэрлэлд төлөвлөлт, стратегийн бодлогоо зөв тодорхойлох нь чухал болохыг хэлж, бизнесийн цаашдын замналд нь амжилт хүсэн оролцогч компаниудад бизнесийн зөвлөхүүдийн зөвлөмж тайланг хүргүүллээ.

Өөрийн компанидаа менежментийн иж бүрэн шинжилгээ хийж, бизнесийн загвараа зуран, дунд хугацааны хөгжлийн стратегиа тодорхойлж, төлөвлөсөн нь бизнесээ дараагийн шатанд гаргах маш том боломж болсныг, мөн зочин багш нар үргэлж хүлээлт үүсгэсэн, шинэлэг содон байж чадсаныг оролцогчдын зүгээс онцолж байв. Мөн дан ганц танхимын сургалтаар зогсохгүй багийн ажиллагаа, хөгжөөнт тоглоом, асуулт, хариулт хэлбэрээр  бодит жишээнд суурилсан сургалтын арга барил нь хөтөлбөрийг илүү чанартай болгож, орчин үеийн технологийн шийдлийг ашиглан суралцах нь сонирхолтой байлаа хэмээсэн юм.

“Аригун” брэндийн үүсгэн байгуулагч, “Их өсөлт” ХХК-ийн захирал Х.Ихбаяр

Хөтөлбөрт оролцсон “Аригун” брэндийн үүсгэн байгуулагч, “Их өсөлт” ХХК-ийн захирал Х.Ихбаяр хэлэхдээ “Хөтөлбөрт хамрагдах боломж гарсанд маш их баяртай байна. Толгой дотроо бодож байсан ч цэгцэлж чадахгүй олон төлөвлөгөө байсныг нэгтгэж, бодит болгож авсан. Мөн компанийнхаа стратеги төлөвлөгөө, гадаад дотоод орчны шинжилгээг хийсэн. Бизнесийн зөвлөхүүд манай оффис, үйлдвэр дээр ирж уулзаж, зөвлөгөө өгсөн нь хөтөлбөрийг илүү хөрсөн дээр буулган бодитой болгосон юм шиг санагдсан. Мөн бидний санал сэтгэгдлийг үргэлж сонсож, зочин багш урьж авчирч байсан нь хүлээлтээс давсан өндөр үр дүнтэй байлаа. Цар тахлын энэ үед стратеги төлөвлөлтөө хараад, өдөр тутмынхаа ажилд жанжин шугамаа болгоод ажиллаж байна” гэв.

 “Хүүгийн гутал” ХХК-ийн захирал Г.Алтанхуяг

Харин “Хүүгийн гутал” ХХК-ийн захирал Г.Алтанхуяг маш их шинэ зүйл мэдэж сурч авсан гэдгээ онцгойлон дурдаж, “Өмнө нь янз бүрийн төлөвлөлтийн хичээлд бараг зуун удаа суусан байх. Гэхдээ яг гол зүйлээ мэдэж авч чадаагүй байж. Бизнесийн зөвлөхүүд манай ажилтнуудын нэгэн адил хамтарч ажиллаж, зааварчилгаа өгсөн нь бахархууштай байлаа. Бүхэлдээ нэгээс тав хүртэлх оноо өг гэвэл би таван оноо өгнө. Өмнө нь бид бизнес төлөвлөгөөгөө ямар нэг төлөвлөлтгүй гаргачихдаг. Нэг жилд хэчнээн бүтээгдэхүүн зарахаа тооцоолоод л орхидог байсан. Харин хөтөлбөрт хамрагдаад ажлуудаа хоногтоо хуваарилж, илүү нарийвчилж задалсан” гэв. Энэ нь бизнестээ илүү бодитой хандахыг сургаж, одоо тэрээр хөл хорионы үед хэрэгжүүлэх “Б” төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа аж.

Ийнхүү менежментийн арга барилд хамтдаа суралцаж, нэг анги болж чадсан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бизнесээ нэг шат ахиулж, шинэ түвшинд ажиллах боломжтой боллоо. Банкны зүгээс хөтөлбөрт амжилттай хамрагдсан оролцогчдод хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, сонгогдсон гурван компанид стратеги хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг нь зургаан сар тутам хянаж, зөвлөн ажиллах юм.

ХААН Банкны ЖДБДТ 2019 оноос эхлэн “Хөгжлийн хөтөлбөр”-үүд санаачлан зохион байгуулж буй бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацанд 50 орчим компанийн төлөөллийг сургалтад хамруулан, зөвлөгөө, мэдээлэл хүргэн ажиллажээ. Тус төв нь анх 2006 онд “Бизнес инкубатор төв” нэртэйгээр анх байгуулагдаж байсан бол 2018 оноос Жижиг дунд бизнесийг дэмжих төв болон өргөжиж, харилцагчдаа чадавхижуулах, бизнесээ илүү амжилттай удирдахад нь дэмжлэг үзүүлж, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:saihan yarilts**** bn 2020-12-16
Иргэн:Eregteichuudee+hairla 2020-12-16
zochin:saihan yarilts**** bn 2020-12-16
zochin:сайхан хөтөлбөр зохион байгуулсан байна. 2020-12-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?