ЭРТНИЙ ЕГИПЕТ ОРОН, БУУРАЛ КАИР ХОТ

2020-12-21  

     Хеофсын Пирамид, арслан биет Сфинксийн эргэн тойрноор.

Бүтэн сайны өглөө эрт алдарт Хеофсын Пирамид үзэхээр явцгаав. Гиза нэртэй толгодод анх энэ пирамидүүдийг барьж байгуулсан болохоор газрынх нь нэрээр нэрлэх нь ч бас байдаг аж. Гиза толгод  уг нь Каираас хорь шахам км-ийн зайтай оршдог байж. Каир хот жилийн жилд хаяа тэлсээр одоо Гизатайгаа нийлчихэж. Бөглөрч түгжирч явсаар нөгөө алдартай сац суваргуудын хэрмэн хашаанд тулаад ирэв. Өрнө дорнын жуулчдын люкс автобусууд, хөнгөн тэрэг тэр хавьд шаваастай, олон хэл, олон өнгийн хүмүүс  эрээнтэж мяраантан нэгэн зүг цувж байлаа. Хашааны үүд хавийн навтгар байшингийн гаднах дараалалд цөөн хором зогсоод тасалбараа худалдан авч автомат мөрлөсөн харуул хамгаалалтын үзлэг шалгалтыг өнгөрч алсаас бараа нь харагдаад байсан бор шаргал гурвалжиндаа саял нэг ойртож очив. Өмнө нь, бас ойр тойронд нь хүмүүс хэд гурваараа зогсоод л дурсамж дурдатгал болох зураг хөргөө авахуулцгааж байх. Бид ч тэдний нэг болов.  

       

Алсаас харахад бор шавар байгууламж шиг юм л харагддаг даа энэ пирамидүүд . Дэргэд нь очиход үнэхээр л сүрдэм том байгууламж юм энэ сац суварга. Нэгэн жигдийн хааш хаашаа метр хагас орчмын урт өргөнтэй том том дөрвөлжин боржинг үелээд л дээш дээш өрсөөр байж тээр дээрх гурвалжин үзүүрт нь хүргэчихэж. Хеофсын энэ пирамид Гизадаа ч,  Египетдээ ч хамгийн том нь аж. Дотогш нь орж үзэж болдгоороо бас онцлог юм. Өндөр нь 137.3 метр, суурийн нэг тал нь 230,4 метр, нийт талбай нь 54 мянган ам.метр аж. Германы Кёлнийн цамхагт сүм байгуулагдах хүртэлх 1880 он, Парисын цамхаг баригдсан 1889 оноос өмнө дэлхийн хамгийн өндөр байгууламж хэмээн тооцогдож байжээ. Манай эриний өмнөх 18-16 дугаар зууны үед Египетийг тавь гаруй жил хаанчилж байсан Хуфу өөртөө зориулж энэ аварга сац суваргыг анхлан бариулж эхэлжээ. Хориод жилийн турш 100 мянган боол энэ гайхамшгийг барьж бүтээсэн түүхтэй юм байна. Пирамидыг барьсан нэг дөрвөлжин боржин нь ойролцоогоор 2,5 тонн жинтэй гэнэ. Хүчирхэг техник сураггүй байсан дөрвөн мянгаад жилийн тэртээд ийм хүнд боржинг яаж зөөж, бас яаж өргөж өрж энэ суваргыг бүтээсэн нь өнөө ч оньсого болон үлджээ.

Нийтдээ 230 гаруй мянган ширхэг дөрвөлжин боржин энэ сац суваргад орсон гэж судлаачид тооцсон гэнэ. Грекийн Олимп дахь Зевсийн хөшөө, Александрын гэрэлт цамхаг, Эфессийн Артемидын сүм зэрэг манай эриний өмнөх дэлхийн долоон гайхамшгаас өнөө цагт үлдсэн нь энэхүү Хеофсын Пирамид аж. Эдүгээ ч манай ертөнцийн шинэ эрин цагийн долоон  гайхамшгийн нэг хэмээн тооцогдсоор буй. Эртний египетийн хаад, дээд язгууртнууд ийм цац суварга бариулж өөрсдийгөө түүнд оршуулдаг уламжлалтай байж. Хуфу хааны эцэг ч Саккарид хоёр гурван суварга өөртөө болон хатандаа зориулан бариулж бэлтгэсэнд нь түүний залгамжлагчид захиасыг нь биелүүлж тэднийг тэнд оршуулсан байдаг гэх. Энэ ёс заншлын дагуу залуу Хуфу хаан эцгийнхээсээ илүү том суварга бариулахаар шийдэж Гизад ийм нүсэр бүтээн байгуулалт эхлүүлсэн түүхтэй юм байна. Хеофсийн энэ сац суваргад Хуфу хааныг оршуулсан байх гэдэг таамаг анхандаа байсан гэнэ. Тэгтэл хааны булш бүр сүүлд сац суваргын хажуухнаас олдсон аж. Санаачлан бариулсан Хуфу хааныхаа нэрээр энэхүү суварга хожмоо нэршиж тэр нь грек, латин дуудлагад хувирсаар Хеофс болжээ. Хеофсын энэхүү сац суваргын эргэн тойрноор явж, гаднах нүсэрдүү боржин шатаар нь авирч шатлан өрсөн том том чулуунуудыг нь тэмтэрч үзэцгээлээ. Суварга руу нэвт орсон гурван хонгил байдаг гэнэ. Нэгэнд нь л аялагчид тасалбар авч орж үзэж болдог юм байна. Дээр нэгэнтээ дурдсан Египетийн сангийн шугамаар зохион байгуулдаг богино хугацааны ажил мэргэжлийн сургалт семинарт оролцсон манай зарим сэтгүүлч, банк санхүүгийнхний төлөөллийг Египетийн талынхан энэ Хеофсийн суваргатай танилцуулах үеэр зарим нэг нь дотогш орж аяласан тухай нь би таньдаг нөхдөөсөө сонсож байсан юм. Зүрх судас, тархины даралттай хүмүүс дотогшоо орох нь эрсдэлтэй шүү гэж аялалын хөтөчүүд нь сэрэмжлүүлж байж. Олны танил манай нэгэн компанийн захирал энэ суваргын хонгил руу аялаад гарч ирэхдээ бие нь эвгүйрхэж сандарсан юм байх. Ийм хүмүүст туслах сайн дурын эмч нар ч тэр хавиар бас бэлэн байж байдаг гэнэ. Тэдний нэг удаагийн тариа нь хорь гучин доллар ч гэлүү сүрхий үнэтэй, сандарч тэвдсэн гадныханыг хараад тарианыхаа үнийг улам л нэмэх гээд байдаг юм гэнэлээ гэх бяцхан түүхийг нэг анд маань намайг Каир явна гэхээр ярьж сэрэмжлүүлж байсан даг. Манайхны хэвлэл мэдээллийн салбарын нэртэй боссуудын нэг, “Үнэн” сонины эрхлэгч Б.Ганболд “Чамаас нас залуу би тэр хонгилоос бие эвгүйрхэж гарч ирсэн, хөгшин чи тийш орж яахнав дээ...” гэж ярьж байж билээ. Хонгил руу зүглэхдээ нутагт сонссон нөхдийн энэ яриа сануулгыг бодож бага шиг түгшиж явлаа. Оршуулга суваргын голын хэсэгт нилээд өндөрт байдаг тухай мэдээлэл өмнө би сонссон байв. Нүхэн замаар дээшээ мацдаг гэсэн. Эхнэр маань Саккарад зарим суваргын хонгилд ганц хоёр булш үзчихсэн болохоор дахин тийм юм үзэхийг хүссэнгүй. Көкен дипломат мэдээж өмнө нь энд ороод үзчихээ биз. Тэгээд л би ганцаараа тийш зүглэв. Хонгилын амсар нь сац суваргын хаяанаас дээш гучаад метрийн өндөрт юм. Харуулын ажилтнуудын хяналтыг өнгөрч аялагчдын цуваанд нэгдээд цааш мацаж эхлэв. Хонгил аажмаар уйтан болж хоёр хүн зарим газраа арайхийн багтаж зөрөхөөр нарийсч байв. Хонгил нилдээ бүдэг шар гэрэлтэй юм. Хана, гишгүүр, ер нь эргэн тойронд нөгөө л том шаргал боржин. Өгсөх цуваа ч, буцаж буй нөгөөдүүл ч нэг нэгнийхээ царай зүсийг энэ бүүдгэр гэрэлд дөнгөж л харах төдий. Булш бунхан руу орж явна гэдгийг мэдрүүлэхийн тулд гэрэл гэгээг албаар л ингэж зохицуулсан байх гэж санагдаж байлаа. Хорь шахам минут мацсаар нэг тавцанд гарч ирэв. Томоос том боржин хаалгархуу орчин дамжаад нэг том өрөөнд ороод ирцгээв. Гэрэл гэгээ нь ч бүүдгэрдүү юм. Өрөөний хана туурга нь хар бараандуу. Тэрүүхэн хойморт метр шахамын өндөртэй хүрэн боржин авс харагдлаа. Манай цувааныхан түүнд ойртож очлоо. Хоосон авс аж. Тайлбарлагч үйлчлэгч гэхээр хүн амьтан ч энд байсангүй. Бидэнтэй мацаж ирсэн нэг залуу тэр авсанд ороод үхсэн хүн мэт нүдээ аниад хэвтчихэв.

Дараагийн аялагчид авс руу дөхөж ирэхэд нь гэнэт хашгиран босож тэднийг сүрхий цочоон алиалж байв. Ингэж аяглаж байхад яав ийв гэх албаныхан ч ирсэнгүй. Мэдээж ойрхны өрөө тасалгаа маягийн юманд харуул хамгаалалтынхан байдаг л байх. Камерийн хяналт ч хаа сайгүй байгаа биз. Гарахдаа энэ австай өрөө тасалгааг эргүүлж тойруулж хэсэг харав. Хана туурга нь бор хүрэн боржин бололтой... Хеофсын энэ сац суваргад судлаачид гурван том өрөө нээж илрүүлсэн гэх юм билээ. Бидний  үзсэн хоосон австай энэ өрөө тэдний нэг нь юм. Энд Хуфу хаан өөрийгөө оршуулахаар бэлдсэн гэж судлаачид үздэг аж. Хеофсын энэ сац суваргын суурийн хэсэгт хатан хааны оршуулгын өрөө болон дутуу барьсан оршуулгын нэг том танхим байдаг юм байна. Эдгээр өрөө танхимууд нь нарийхан хонгил, хэд хэдэн сувгаар гаднах орчинтой холбогддог байжээ. Эртний египетийн зан заншлаар их хаад нь тэнгэр бурханы залгамжлагчид гэж өөрсдийгөө үзэж амьд ахуйдаа тэр бурханыхаа араас очих бэлтгэлээ хангах ёстой гэж үздэг юм байна. Хамгийн өндөр, том бунхан барих нь тэнгэр бурхандаа илүү их ойртох ариун үйл гэгддэг байж. Хеофсын пирамидээс холгүйхэн түүнээс бага шиг хоёр сац суварга буй. Хуфугаас нилээд хойхно хаан болсон Хафре болон Менкуара хааны бүтээлгэсэн пирамидүүд юм байна тэр нь. Хафре хааных нь хэмжээгээрээ Хеофсын дараа ордог аж. Энэ гурван том сац суваргаас холгүй бидний сурагч ахуй цагаасаа ном сурах бичгээсээ зураг хөргийг нь олонтоо харж эчнээ танил болсон арслан биетэй хүн нүүртэй Сфинксийн аварга том хөшөө байх юм билээ. Хафре хаан энэхүү Сфинксийг бүтээлгэсэн түүхтэй аж. Тэрээр 24 жил хаанчилсан гэдэг. Хамгийн том пирамид өөртөө зориулан бүтээлгэсэн Хуфу хаанаас илүүрхэх бодлоор ч энэ Сфинксийг бариулсан байж магад гэж зарим судлаачид үздэг бөгөөд Сфинксийн нүүрэн бие нь Хафре хаантай нилээд төстэй гэгддэг юм байна.      

Хаан Хафрагийн ногоон хаш баримал.          

Сфинксийн  энэ аварга хөшөө 73 метр урт, өндрөөшөө 20 метр.

Египетчүүд эртнээс арсланг хамгийн хүчирхэг омог бардам, араатны хаан гэж үздэг учраас Гизагийн элсэн тал дахь хаадынхаа булш бунханг хамгаалах билэгдлээр Сфинксийг барьж байгуулсан байх нь илүү магадлалтай гэж зарим судлаачид онолддог аж. Сфинкс гэдэг нэр нь эртний Грекээс гаралтай “Сфинга” гэдэг амьтантай холбоотой гэх судлаачид бас байдаг юм байна. Тэр нь эмэгтэйлэг амьтан байсан юм байх. Хэдийгээр Хафре хаан өөртөө зориулж бүтээлгэсэнч  Сфинксийн эмэгтэйлэг төрхийг нь алдагдуулаагүй бололтой. Эртний Египетчүүд Сфинксийг “Амьд бурхан” хэмээн нэрлэж шүтэцгээх нь бас байсан гэнэ. Манай эриний өмнөх он тооллын 2500 гаад жилийн өмнө байгуулж босгосон түүхтэй гэхээр Сфинкс 4500 аад жилийн настай болох нь. Энэ олон мянган жилийн туршид Сфинкст аюул занал бас учирч байж. Египетийг дайлаар мордсон Мамелукийн довтолгоо, бүр сүүлд Наполеоны их буучдын онилгооны аль аль нь Сфинксийн аварга хөшөөг эмтэлж эвдэлсэн түүхтэй аж. Хожмоо Египетийн урчууд өнгөрсөн зууны сүүлээр эртний сүмүүдийн хананд байсан дүр төрхөөр нь “Амьд бурхан”-аа сэргээн засч авчээ. Хамар нь харин бага шиг гэмтэл сорвитойгоо үлдэж. Анхандаа тийм ч байсан юм уу, эсвэл амьтан хүний анхаарал сонирхол татуулах гэж ийн үлдээсэн юм уу одоохондоо оньсого таавар л юм байх ... Гизагийн пирамидүүд, Сфинксийн хөшөө, эртний аварга завийн олдворыг ерөнхийд нь үзэх тасалбар нь 80 фунт буюу манай мөнгөөр 14 мянга орчим төгрөг, харин Хеофсын суварга дотор орж үзэх үнэ 250 фунт буюу манайхаар бол 45 мянган төгрөг орчим юм. Сфинксийн эргэн тойрноор амьтан хүн бас багширч л байна лээ. Аялагч Африк бүсгүйн царай зүс Сфинксийнхтэй  төстэй санагдсан болохоор хажуу хавиар нь алхаж яваад хамтдаа зургаа авахуулчихлаа.

     Нарны завь. Хафре хааны Сфинкс, Хуфу хааны пирамид хоёрын хооронд Нарны завины музей гээч үзвэр байх юм. Тусдаа тасалбартай. Эднийхээр 110 фунт, манай мөнгөөр бол 20 мянган төгрөг юм уу даа. Далаад  жилийн өмнө 1954 онд археологч судлаачид хааш хаашаа зуу орчим метр  талбайд эрэл хайгуул, малтлага хийж дөрвөн завь олж илрүүлжээ. Гурвыг нь ухаж гарган үзмэр болгосон аж. Дөрөвдэх завийг нь газар дор байгаа байдлаар нь үлдээсэн гэнэ. Рентген дуран авиагаар харж судлаж байдаг юм байх. Хэдэн мянган жил газар дор хэвтсэн тэр хуш модон завинуудийг сэргээн босгох гэж маш их хөдөлмөр зарсан аж. Бидний одоо үзэх гэж буй нарны завийг анхны байр байдалд нь оруулахад Хагг Ахмед гэх нэрт сэргээн засалч багийнхаа хамт 14 жил зарцуулсан гэж музейн танилцуулгад бичсэн байна лээ. Музейн хажууханд хашиж хамгаалсан нилээд урт том нүх байв. Тав зургаан метр орчим гүн, зургаа долоон метр өргөн, дөч гаруй метр урттай юм.  “Нарны завь”-ийг эндээс ухаж гаргасан гээд төмөр хайсны дээрх тайлбарт биччихсэн байна лээ. Гадна орчинтой нь ийн танилцчихаад музей рүү оров... Нарны завь хэмээгдэх энэ хөлгийг эртний египетчүүд хулс болон хуш модоор бүтээсэн аж. Урт нь 43 метр гэнэ.  Нийт 1200 аад хийц хэсгийг эвлүүлж хийсэн гэж музейн хөтөч тайлбарлаж байв.

Эндээс олдсон завинуудын хамгийн том нь энэ гэнэ. Завинуудыг ямар зориулалтаар ашигладаг байсан, чухам яагаад хаадын энэ суваргуудын хажууд бунхалж булшлах болов гэдгийг судлаачид таамаглахаас цаашгүй байгаа гэх. Нил мөрнөөр хаадын шарилыг зөөж тээхэд ашигладаг байсан байх гэж зарим судлаач үздэг аж. 

Үргэлжлэл бий                                                                                                                                                                                                                          

Д.Цэдэн-Иш.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?