Б ЧОЙНХОР: БУЯНТАЙ ЭЛЧИН САЙД БУЯНТЫН ДАШЦЭРЭН (Дурсамж)

2020-12-24  

Тайлбар: Монгол улсын тусгаар тогтнолыг дэлхий дахинд зөвшөөрсний билэг тэмдэг болгож алтан соёмбот далбааг НҮБ-д мандуулсан дөрвөн эрхэм.
 
НЭГ: МОСКВАГИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭВ
1968 он. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутан зуны амралтаараа нутагтаа ирлээ. Ирсэнээ бүртгүүлэх зарчмаар Гадаад яамаар ортол Боловсон хүчний Баттулгатай халз таарлаа. Энэ хүн миний дипломат болох замыг тавьсан гэж боддог. Түүнтэй анх 1964 оны намар танилцсан. Тэр үед, Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуульд сургах хэдэн оюутан ( нэгдүгээр курсээ сайн төгссөн) сонгох үүргийг тэр хүлээсэн байж таарав. МУИС-ийн Орос хэлний ангиас Агваандамдин, Франц хэлний ангиас Чанцал, Төмөрхүлэг хоёрыг, Англи хэлний ангиас намайг, УБДС-иас Даваагивийг сонгон авч хувийн хэргийг нь ГЯЯ-ны удирдлагад танилцуулсан юм билээ. Манай Чой. Лувсанжав багш, Нямсүрэн багш нартай ярилцахад миний нэрийг өгсөн байжээ. “ Чамайг яаж олно доо гэж бодож байлаа шүү. Ашгүй танай ангийн Дэнсмаа чамтай таарч чиний сургийг гаргалаа. За маргааш цэвэрхэн хувцаслаад Гадаад яаман дээр очоорой" гэж Лувсанжав багш маань хэлснээ “ - Уг нь чи хэлний мэргэжилтэн болсон бол боломж байсан л юм даа" гэхэд нь намайг өөр л сургуульд явуулах нь дээ гэж битүүхэндээ ойлгосон юм. Баттулга бол битүү хар үстэй, жавхалзсан алхаатай, тас тас инээсэн, түргэн түргэн ярьдаг гялалзсан залуу байж билээ.
- “Олон улсын харилцааны дээд сургуульд явуулахаар миний сонгосон таван хүүхэд тавуулаа төгссөн. Бүгд элчин сайд болсон шүү" гэж өнөө ч Баттулга маань бахархан ярьдаг юм. Үүний учир нь тэр үед гуйлт, ар өврийн хаалга, шахалтаар ихэнхдээ том дарга нарын хүүхдүүдийг тус сургуульд илгээдэг байж. Тэдгээр оюутны бараг тэн хагас нь босго өндөртэй тус сургуулийн шаардлагыг давж чадалгүй хөөгдөж ирэх нь ирж, өөр сургуульд шилжих нь шилжээд явдаг байж л дээ. Үүнд л өөрчлөлт хийж.
Одоо бодоход, бид тав эртэй сайндаа, илүү толгойтойдоо төгссөн юм биш. Бид хэд, ялангуяа дөрвөн хөвүүн хөдөөний хүүхдүүд болохоор алс бөглүү суманд байгаа ар гэрээс маань дэмжлэг туслалцаа байтугай захидал ч ховор ирнэ. Тийм болохоор цэнгээний газар суухаасаа хичээл номондоо шамдах нь илүү байсан байх.
ХОЁР: БУЯНТАЙ ДАШЦЭРЭН ГУАЙН БУЯНЫГ АМСАЖ ЭХЛЭВ
Үүдэнд таарсан Баттулга:- “ За Чойнхор, чи ангийнхаа Агваандамдин, Даваагив хоёртой хамт маргааш өглөө Олон улсын байгууллагын хэлтсийн дарга Дашцэрэн гуайтай ажил цуглахад уулзана, бэлэн байгаарай гэж үүрэгдэв. Яах гэж уулзахын учрыг нь ч Баттулга хэлсэнгүй. Бид гуравт ч ямар нэг таамаг төсөөлөл байсангүй. Маргааш өглөө нь Дашцэрэн гуай биднийг нэг нэгээр нь дуудан уулзлаа. Хаалгыг нь зориг муутайхан тогшоод орлоо. Тачирхан халимагтай, өргөн магнайтай, эелдэгхэн яриа хөөрөөтэй, цэвэрхэн хувцасласан, сайхан сүрчиг ханхлуулсан, том биетэй, сүртэй хүн байлаа. Аль аймаг, сумын хүүхэд вэ? Ямар орон, ямар асуудлаар мэргэшиж байгаа юм?
Хоёр талын харилцаа, олон талт дипломат үйл ажиллагааны алийг нь илүү сонирхдог вэ? гэх мэтийн асуултыг голдуу англиар асуув. Хариултыг нь мөн англиар нэхэв. Асуултуудыг нь арай ядан ойлгоод хариулахчаан л болж байсан санагдана. Ямар боловч тэр хүнээс айж эмээгээгүй, сандарч тэвдээгүй л юм даг. Хэд хоногийн дараа Дашцэрэн гуай намайг дуудуулж уулзаад: “ За чи дипломын өмнөх дадлагын ажлаа Нью-Йоркт хийх болно. Надтай хамт явна. Эхлээд Женев хотноо олон улсын нэг хуралд оролцоно. Лав хагас жил явах байх шүү. Аав ээжтэйгээ уулз. Нэг долоо хоногийн дараа явахад бэлэн байгаарай.” гэлээ. Баярласнаа хэлээд өрөөнөөс нь гарахад сэтгэл минь баяраар дүүрэн байсныг одоо ч тод санаж байна. Намайг Дашцэрэн гуай сонгосны учир нь би олон талт дипломат үйл ажиллагааг илүү сонирхдог гэж англиар чадан ядан хэлснээс болсон юм болов уу л гэж таамаглаж байлаа. Агваандамдин маань Шинэ Дели рүү, Даваагив маань Кайр руу явахаар болжээ. Ийнхүү залуус бидний ажлын ирээдүй, амьдралын хувь тавилан тэрхэн мөчид Дашцэрэн даргын өрөөнд шийдэгдсэнийг их л хожуу ухаарсан юм.
Нутагтаа очоод аав ээжтэйгээ уулзаад алс холын Америкт явах болсноо баяртай хэлэхэд аав маань жаахан бодлогоширонгуй байснаа: “Тэнд чинь дайн болж байгаа юу?” гэж асууж билээ. Радиогоор сонсож дуулсан элдэв мэдээг эрэгцүүлээд муу хүүдээ л санаа нь зовсон эцэг хүний үрээ хайрлах сэтгэл, нүүдэлчин хүний холч, няхуур бодол байсан байжээ.
 
ГУРАВ: ДАШЦЭРЭН ГУАЙГАА ДАГААД ХУРАЛДАВ
Ингээд, оюутан ахуй цагаасаа, 1968 оны намар Буянтын Дашцэрэн гуайн буянаар алсын моринд дөрөөлж билээ. Швейцарийн Женев хотод хүрээд ирлээ. Барууны ертөнц гээчид анх удаа хөл тавьж байгаа минь тэр. Юм болгон гял цал, чамин гоё, ер бусын л харагдаж байнаа. Багш нарын хичээл дээр ярьж, сургаж байснаас их л ертөнц байлаа. НҮБ-ын Женев хот дахь төв, Үндэстнүүдийн ордон хэмээх санаанд багтамгүй тансаг том цогцолборт Дашцэрэн гуайгаа дагаад нэг их сүртэй олон улсын хуралд оролцож эхэллээ.
Энэ бол миний анхны олон улсын хурал. Энэ хурлаас эхлээд дэлхийн олон хотод олон улсын хэдэн зуун хурал чуулганд оролцох зам тавигдаж эхэлснийг огтхон ч төсөөлөхгүй, хурлын баримт бичиг дүүргэсэн Дашцэрэн гуайнхаа том саарал Samsonite хэмээх, хурлын баримт бичгээр дүүргэсэн атташе цүнхийг дааж ядан бариад л гүйж явлаа.
Харин “цүнх баригч” гэж цоллогдоод байгаа одоо цагийн зарим залуустай харьцуулахад бидний хүсэл мөрөөдөл бол сурч мэдэж, сайн мэргэжилтэн болохыг л зөвхөн эрмэлздэг байсан үе билээ. Женев хотноо Цөмийн зэвсэггүй орнуудын анхны бага хурал болсон нь тэр юм. Тэд цөмийн зэвсэгтэй таван гүрнийг ширүүн шүүмжилж, үй олноор хөнөөх тэр аюулт зэвсгээ хураах тодорхой үүрэг амлалт авахыг шаардаж байлаа. Дашцэрэн гуай маань “ Бид энэ хуралд нэг их идэвхитэй оролцохгүй. Дундыг баримтлах болно. Чи юу гэж бодож байна? Яагаад гэж бодож байна? “гэлээ. Би хариу хэлж чадахгүй зогсож байтал “ За яваад нөгөө Pigeon Hole-ээс хурлын баримт бичгүүдээ аваад ир” гэлээ. Тэр нь Тагтааны нүх гэсэн утгатай, улс бүрийн нэрийг тавьсан нэгэн зүйл шуудангийн хайрцаг юм. Эргэж ирээд нилээд бодож байгаад “ хоёр хөрш Зөвлөлт, Хятадыг шүүмжлэх нь зохисгүй байхаа” гэсэн шүү юм хэлсэн чинь ойшоож байна уу гэмээр царай гаргаад “ Гол нь бидний бамбай болдог Зөвлөлт ах нараа шүүмжлэхэд хэцүү байнаа” гэснээр олон жил үргэлжилсэн сургалт эхэлсэн нь тэр байлаа.
 
ДӨРӨВ: ДИПЛОМАТ БОЛГОСОН АНХНЫ БАГШ МИНЬ Б.ДАШЦЭРЭН ГУАЙ ЮМ
Дашцэрэн гуайг багшаа гэж би ер дуудаж байгаагүй. Тэр хүн бол дипломат албаны " А-гаас Я " хүртэлх бүх нарийн ширийнийг анхалж сургасан ачтай багш минь байж дээ гэж хожим нь ухааран ойлгоод, баярлан талархаж, багшаараа бахархаж явах болсон. Харин Дашцэрэн гуай өөрөө даруухан хүн болохоор хэнийг ч гэсэн “тэр бол миний гарын шавь” гэж хэзээ ч хэлж байгаагүй нэгэн билээ. Олон улсын хурал чуулганд бэлтгэх, оролцохтой холбогдсон бүхий л үйл ажиллагааг таниулан тайлбарлаж, биечлэн зааж сургана. Олон улсын хурал чуулганы тогтсон өвөрмөц хэл яриа, хуралдааны ёс дэг журам, яриа хэлэлцээ хийх арга ухаан тэр бүхнийг уйгагүй хэлж заана. Онгоцны билет хэрхэн авах, суудал яаж захиалах зэрэг олон асуудлыг хүртэл жижиг гэлтгүй зааж сургасан даа. Гадаад харилцаа, дипломат албанд жижиг асуудал гэж байдаггүй, чимхлүүр нарийн ажиллагаа, анхаарал хариуцлага шаардсан мэргэжил гэдгийг тэр л үеэс ойлгож эхэлсэн билээ. Дашцэрэн гуай оюутан надад туслах үүднээс сургуулиа төгсөхөд эртнээс бэлтгэж дипломны ажлын сэдвээ сонгоод холбогдох материал сэлтийг цуглуулж байх хэрэгтэй гэж үнэтэй сургамж зөвлөлгөө өгч байсан юм. Дашцэрэн гуайнхаа үгийг сонсож “ Цөмийн зэвсгийг хориглох асуудлууд” гэсэн сэдэв сонгон авч түүгээрээ сургууль төгсөх диплом бичиж амжилттай хамгаалсан билээ. Дээд сургууль төгсөнө гэдэг бол мэргэжил эзэмшихийн эхлэл л байдаг юм билээ. Ажилд орж байж л юм юмны дөртэй болдог. Ингээд Женевийн хурлын дараа Дашцэрэн гуайгаа дагасаар залуус бидний мөрөөдлийн хот – алдарт Нью-Йоркт хөл тавилаа.
 
ТАВ: НҮБ ГЭДЭГ НҮСЭР БАЙГУУЛЛАГА, ЧУУЛГАН ГЭДЭГ ДУУСДАГГҮЙ ХУРАЛ
Нью-Йорк хотод ирсэн анхны өдрийн сэтгэгдэл бол их өвөрмөц байсан. Урд өмнө нь огт үзээгүй тэнгэр баганадсан орд харшийн дундуур алхахад тал нутгийн хүний нүдэнд их сонин хачин, дээшээ өлийж байж нар сарыг хардаг нь нэг л их хавцал өндөр уулсын дунд байгаа мэт санагдаж байж билээ. Хожмоо Вашингтон хотноо арван жил ажиллаж амьдран, Америк оронд нийтдээ 12 жил байж, тавин муж улсын ихэнхээр орж, Нэгдсэн Улсын гол гол хотуудыг үзсэн ч, Нью-Йорк хот миний сэтгэлд хамгийн ойр дотно, хамгийн сонин сайхан, хөл хөгжөөнтэй санагддаг нь залуу насандаа ажил амьдралын гараагаа тэндээс эхэлсэнтэй ч холбоотой байж болох юм. Америкийн нийслэл бол Вашингтон, дэлхийн нийслэл бол Нью-Йорк гэдэг ч учиртай л үг дээ. Ер нь америкчууд “ Нью-Йорк хот сайхан ч санагдаж магадгүй, муухай ч санагдаж магадгүй. Ямар чиг л байсан Нью-Йорк шиг ийм хот дэлхийд хаана ч байдаггүй юм.” гэж ярьдаг юм шүү.
Нью-Йорк, НҮБ гэдэг бол тэр чигээрээ л огт өөр ертөнц санагдлаа. East river голын эрэгт сүндэрлэх НҮБ-ын шилтгээний хаалгаар анх ороход сургуулиа ч төгсөөгүй яваа оюутан залуугийн, тэгэх тусмаа малчны гэрт төрж өссөн, хөдөөгийн бөглүү суманд сургууль төгссөн хүүгийн сэтгэлд юу эс бодогдохов дээ. Шилтгээний өмнө намирах гишүүн орнуудын төрийн далбаан дунд алтан соёмбо нь гялалзан дэрвэх улаан, цэнхэр, улаан улсынхаа тугийг олж хараад Монгол эх орноо чин сэтгэлээсээ хайрлах баяр бахархлын мэдрэмж залуу монгол эр хүний зүрхэнд халгидаг юм билээ. Улсынхаа далбааг 1961 онд анх энд мандуулсан домогт дөрвөн сайхан монгол эрийн дунд Дашцэрэн гуай маань зогсож байгааг түүхэн зурагнаас нь олж хараад бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж билээ. Нөгөө гурван дипломат нь улс Монголдоо нэр төртэй түүхэн хүмүүс болох Дондогийн Цэвэгмид, Баярын Жаргалсайхан, Очирын Дамдиндорж нар байсныг мэдэж билээ. Эдгээр эрхэм хүмүүстэй уулзаж учран, сайхан танилцаж, хамтран ажиллаж, олон газар олон хурал чуулганд хамт оролцож, ихийг сурч мэдэх ховор аз завшаан надад тохиосон бөгөөд тэд нараараа бахархаж явдаг билээ.

 

1968 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн XXIII чуулганы Улс төрийн тусгай хороо, санхүүгийн V хорооны хуралд Дашцэрэн гуай, Жаргалсайхан гуай нарыг дагалдан оролцсон юм. НҮБ-ын чуулган жил бүрийн есдүгээр сард эхлээд арван хоёрдугаар сарын сүүлчээр тарна.
Дашцэрэн гуай анх Нью-Йоркт ирээд НҮБ-д элсэх гэж явсан тэр үеийнхээ хөгжилтэй сонин сайхан дурсамжийг ярих дуртай. Ер нь хошин шогийг сайхан ярьдаг, хөгжилтэй их нийтэч хүн байсан. Тэрээр хэнтэй ч тэгш сайхан харилцдаг энгийн нэгэн байлаа. Миний л мэдэхээр Оросоо гуай, Эрдэмбилэг гуай, Хосбаяр гуай, Ванчиндорж гуай, Очирбал гуай, Хашбат гуай, Дондог гуай, Шижээхүү гуай нартай их дотно харилцаатай байсан.
Би Нью-Йоркт ирэнгүүтээ Байнгын төлөөлөгчийн газрын жижүүр орчуулагчаар ажиллаж эхэлсэн. Тэр үед 100 долларын цалин авна гэдэг оюутан хүнд их л мөнгө. Байнгын төлөөлөгч элчин сайд нь Дүгэрсүрэн гуай байсан хэрэг. Тэр хүн хатуу шаардлагатай, нягт няхуур, зааж сургадаг, хичээнгүй нэгэн байсан. Залуучууд бид эмээдэг, бэргэдэг, бас хүндэлнэ. Манай Дипломат албаны ахмад болон дунд үеийнхэн бүгдээрээ л тэр цагийн сайд нарын гараар орж тэднээс их зүйлийг сурч мэдэж, өсөж өдийцгөөсөн дөө.
 
ЗУРГАА: ДАШЦЭРЭН ГУАЙНХАА ГЭРТ АМЬДАРЧ БАЙЛАА
Нэг жил болоод Москва руу буцаж сургуулиа төгсөнө гээд хүлээж байтал 1969 оны зун дадлага хийх хугацааг минь дахин нэг жилээр сунгав. Тэгтэл ч Дашцэрэн гуай маань Нью-Йоркт Байнгын төлөөлөгчийн орлогчоор томилогдон ирсэн юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн XXIV чуулганы Бүгд хуралдаан, Олон улсын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал эрхэлсэн I хороонд Дашцэрэн гуай, Дүгэрсүрэн гуай нарыг дагалдан оролцож НҮБ-д хэлэлцдэг олон зуун асуудлыг тоймлохтой болж их л зүйлийг сурч мэдэж байлаа. Төвийн төлөөлөгч олонтой үед би жижиг өрөөгөө суллаж өгөөд Дашцэрэн гуайнд амьдардаг байлаа. Гэргий нь эелдэгхэн ааштай, намуун дуутай Саран гэдэг сайхан эгч байж билээ.Дашцэрэн гуайн хүү Батболд бид хоёр нэг өрөөнд нь байдагсан. Хожим нь тэдэнд маань их зовлон тохиолдож ганц хүү нь осолдоход Улаанбаатараас эмгэнэн бичсэн захидлын минь хариуд “ Үнэндээ ахад нь маш хэцүү байна. Сэтгэлийн тэвчээр хэрэгтэй гэж хичнээн бодовч хэрээс хэтэрсэн зүйл болсон юм байна. Муу ээж нь л амьдаараа хатаж байна даа” гэсэн утгатай өрөвдөм зүйл бичсэн байж билээ. Саран эгч олон арван жил Дашцэрэн гуайн өмөг түшиг болж, ажлын нь амжилт, амьдралын нь жаргал зовлонг эн тэнцүү хуваалцсан ухаантай хань, олон хүний хүндэтгэлийг хүлээсэн, өндөр дээд удам угсаа бүхий хатагтай байсан юм.
 
ДОЛОО: БУЯНТЫН ДАШЦЭРЭН ГЭДЭГ ХҮНИЙ БУЯНЫГ БАС ДАХИАД Л ХҮРТЭЖ БИЛЭЭ 
Юу гэвэл Дашцэрэн гуай 1970 онд Москвад ажиллахаар томилогдон явахдаа хотынхоо орон сууцыг надад үлдээгээд явлаа. Дөнгөж сургуулиа төгсөж ирээд байсан, өөрийн гэсэн орон байргүй залуу ажилтан миний амьдралд санаанд багтамгүй анхаарал, халамж дэмжлэг болсон юм. 1972 онд Женевт ажиллахаар томилогдон явтлаа тэдний байранд аж төрж билээ. Ээж маань энэ тухай сонсоод “ Сайныг дагавал сарны гэрэл гэдэг юм даа хүү минь. Тэр яасан буянтай хүн бэ? “ гэж Дашцэрэн гуайд машид талархан хэлж байж билээ.
 
НАЙМ: ДАШЦЭРЭН САЙДЫН АЖЛЫН ТУРШЛАГА, ЗАНГАРАГ, ЗИНДААГААР БАХАРХДАГ 
Манай Дашцэрэн сайд НҮБ-ын хүрээнд маш их нэр хүндтэй, өргөн мэдлэгтэй, олон танилтай бахархмаар нэгэн байсан юм. Тэрбээр Ерөнхий Ассамблейн колоничлолыг устгах асуудал эрхэлсэн IV хорооны хурал чуулганд олон жил оролцсон болохоор энэ хорооны илтгэгч, орлогч дарга, даргаар тус тус сонгогдон ажилласан юм. Ялангуяа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үндсэн 5 хорооны нэгний даргаар Монгол улсын төлөөлөгч анх удаагаа 1974 онд сонгогдсон. Энэ хүн нь Дашцэрэн гуай байсан нь бидний бахархлыг төрүүлж байлаа. Нөгөөтэйгүүр Монгол НҮБ-ын гишүүнээр элсээд удаагүй ч гэлээ манай улсын олон улсын нэр хүнд өсөж байгааг илтгэсэн, НҮБ-д Монголын дипломатуудын чадвар, зиндаа өндөр байгааг харуулсан үйл явдал байлаа.
Дашцэрэн сайдыг дагалдан Колоничлолыг устгах асуудал эрхэлсэн IV хорооны хурал чуулганд манай Должинцэрэн олон жил оролцсон юм. Дашцэрэн гуай маань хааяадаа алиалан “ Дооёо бид хоёр яахав дээ. Хар хүний төлөө шар хүн гэгчээр хэрээрээ л идэвхитэй ажиллаж байна “ гээд хөхрүүлж явдагсан. Дашцэрэн гуайн иймэрхүү хөгжилтэй, энгийн, нийтэч зан чанар нь ямар ч ажлын ачааллыг давах, хүнд хэцүү даалгаврыг биелүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамт олон, ялангуяа залуу ажилтан бидэнд сэтгэлийн дэм болдог байлаа. Дашцэрэн гуай Монгол улсын дипломат албанд тасралтгүй 40 шахам жил ажиллахдаа ГЯЯ-нд хэлтсийн туслах ажилтнаас хэлтсийн дарга, тусгай үүрэгт Элчин сайд хүртэлх бүх шатны албыг хашиж, Бээжинд атташе, Будапештэд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Москвад хоёр удаа томилогдохдоо нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх , Нью-Йоркт гурван удаа томилогдохдоо зөвлөх, Байнгын төлөөлөгчийн орлогч, Байнгын төлөөлөгч Элчин сайд, Шинэ Дели-д Элчин сайд, Токиод Элчин сайдаар тус тус томилогдон ажиллаж, өөр бусад олон арван оронд Элчин сайдаар хавсран сууж ажил мэрэгжлийн баялаг туршлагатай, өндөр мэдлэг боловсролтой болсон, англи, орос хэлийг гарамгай эзэмшсэн дипломат байлаа. Бас хятад, мажар хэлээр ч ярьдаг байсан юм. Энэ бүхэн нь дипломат болж ядаж яваа залуус бидэнд сайхан үлгэр дууриал болдог байлаа.

 

Монгол улсын гадаад харилцааг хөгжүүлэх, олон улсын байр суурийг бэхжүүлэхэд оруулсан их хувь нэмэр, гавьяа зүтгэлийг нь төр засаг өндөр үнэлж Дашцэрэн сайдад “ Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ” дипломат дээд цол зарлигаар олгож, төрийн дээд одон медалиар удаа дараа шагнасан нь төр түмэн нүдтэй гэдгийн нотолгоо болсон юм.
 
ЕС: ДАШЦЭРЭН САЙДЫН АЖИЛ ҮЙЛСИЙН ОРГИЛ ҮЕ
Дашцэрэн сайд НҮБ-ын системийн бусад олон байгууллагад ч нэр хүндтэй нэгэн байсан. Тэрбээр Ази, Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн Комиссийн чуулганд Монгол улсын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож, чуулганы орлогч даргаар 1975, 1979, 1980 онд гурван ч удаа сонгогдон ажиллаж байлаа.
Дашцэрэн гуай 1982-1986 онд ГЯЯ-нд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажилласан бөгөөд 1984-1986 онд ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр Монгол улсаас анх удаа сонгогдон ажилласан нь Элчин сайдын дипломат ажил үйлсийн нь оргил үе байсан билээ. Миний бие багшийнхаа замаар замнасан мэт явсаар даруй 20 гаруй жилийн дараа 2008 онд Монгол улсаас хоёр дахь удаагаа ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдон хэсэг хугацаанд ажилласан минь нэр төрийн хэрэг байсан билээ. Багшийнхаа шийрийг хатааж байна даа гэж бодохоосоо илүүтэй, Дашцэрэн гуай маань сэрүүн тунгалаг байсан бол миний ажил амьдралын ахиц дэвшил бүрт баяр хүргэдгээрээ хүргэж, “ 1968 онд чамайг сонгож авсан маань тийм ч алдаатай биш байж шүү” гэж хэлдэг хошигнолоо давтах байсан даа гэж бодохоос гүн харамсал төрж, ЮНЕСКО-гийн их ордоны хаа нэгэн өнцгөөс инээсээр гараад ирэх ч юм шиг санагдаж, сэтгэлдээ үгүйлэн явж билээ.
 
АРАВ: МОНГОЛ ТӨРИЙН ДИПЛОМАТ АЛБАНЫ НЭРТ ЗҮТГЭЛТЭН Б.ДАШЦЭРЭН
Монгол төрийн дипломат албаны нэрт зүтгэлтэн, Элчин сайд Буянтын Дашцэрэн гуай хүнтэй сайхан нөхөрлөдөг, хуримтлуулсан баялаг туршлагаа бусадтайгаа харамгүй хуваалцдаг, өндөр зиндаа, өргөн далайцтай, олон улсын хэмжээнд танигдсан дипломатч байсныг Монголын дипломат албаны алтан үеийн сайчуул, сайд, элчин сайд С.Аварзэд, Ж.Банзар, С.Дамбадаржаа, Г.Дашдаваа, М.Дүгэрсүрэн, Д.Ёндон, Б.Жаргалсайхан, Б.Орсоо, Л.Ринчин, О.Хосбаяр, П.Шагдарсүрэн, Д.Эрдэмбилэг нар, түүнтэй хамтран ажилласан бусад олон арван элчин сайд бахархан ярьж байсныг миний бие олонтаа сонсож байсан. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Буянтын Дашцэрэн гуайн дүр төрх, намтар түүхийг тавхан хуудас дурсамжид багтаан цогцлоох боломжгүй байлаа. Ямар ч атугаа тэр эрхэм хүний үр хүүхэд, ач зээ нар, ах дүүс, анд нөхөд нь эл бяцхан дурсамжийг олж уншваас нэгэн шавийн нь талархлын үгс, чин сэтгэлийн өргөл мөн байна гэж болгоох болтугай.
 
 
 
 
 
 
 

 

 
 
 
 
 
 
 

 

 
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?