ЭРТНИЙ ЕГИПЕТ ОРОН, БУУРАЛ КАИР ХОТ

2020-12-25  

    Египет орон, хоёр орны харилцааны тухай хэдэн үг.

Даваа гарагт Тахрирын талбай, Каирын төв музей үзэхээс өмнө доошоо бууж Элчин сайдын яамныхаа оффисоор орж Сайд болон Зөвлөхтэй Египет орны тухай, Монгол Египетийн харилцаа, Каирт ажиллаж амьдардаг монгол иргэдийн тухай ойр зуурыг ярилцав. Египетийн газар нутаг дээр 250 мянган жилийн өмнөөс хүн амьдарч, МЭӨ 7000 жилээс тэнд соёл иргэншил үүсч, 3100 жилээс нь анхны нэгдсэн төр улс байгуулагдсан гэдэг түүх шастиртай юм байна. МЭӨ 330-аад оноос Их Александр, дараа нь Юли Цезар, хожим нь МЭ-ий XYI зуунаас Оттоманы ноёрхол захиргаанд Египет орон байжээ. Шинэ зууны үед Египет улс Английн эзэмшилд байж байгаад 1922 оноос бие даасан тусгаар улсын эрх олж авсан шинэхэн түүхтэй гэнэ. Гэсэн хэдий ч Английн цэрэг тус улсад 1954 он хүртэл байрлаж байсан юм байна.Арабын олон оронд нэгэн зэрэг өрнөсөн “Арабын хавар” хувьсгалт хөдөлгөөний үр дүнд Египетийн Ерөнхийлөгч Х.Мубарак 2011 оны хоёр дугаар сарын 11-ний өдөр албан ёсоор огцорч 2012 онд анх удаа зохион байгуулагдсан ардчилсан сонгуулиар М.Мурси Египетийн Ерөнхийлөгчөөр сонгогдож байсныг бид телевиз, хэвлэл мэдээллээс мэдэх билээ. “Үндсэн хуулийг түдгэлзүүлж, Исламын хэт туйлширсан бодлого баримталж байна” хэмээн Ерөнхийлөгч М.Мурсиг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж, мөргөлдөөн гарсны дараа 2013 оны зун түүнийг Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулж, улмаар улсын нууц задруулсан, эх орноос урвасан хэрэгт буруутган шоронд хорьсон. М.Мурсигийн үед Батлан хамгаалахын сайдаар  ажиллаж байсан Абдул Фаттах Аль-Сиси 2014 оны тавдугаар сараас өнөө хүртэл тус улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Египет улс манайхаас арай бага 1,001,968 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, хүн ам нь харин манайхаас гуч дахин их буюу 98,5 сая юм. Жилдээ 2,5 сая гаруйгаар нэмэгдэж буй хүн амын өндөр өсөлт нь улс орны сулавтар эдийн засагт дарамт болж байна гэж улс төрчид нь үздэг гэнэ. Дөрөв тав, бүр найм есөн хүүхэдтэй айл өрх эднийд элбэг аж. Засгийн газар, хууль тогтоогчид нь Хятадын засаг төрийн хэдэн жилийн өмнө авч хэрэгжүүлж байсан “Нэг гэр бүл нэг хүүхэд” гэх тэр бодлого, нөхцөл байдлыг ч улс орондоо авч хэрэгжүүлэх тухай бас хэлэлцэж байж. Эднийх хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон юм. Нил мөрний сав газар нь тэр чигээрээ газар тариалангийн бүс нутаг. Үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнээр Египет орон өөрийн хэрэгцээг бүрэн хангадаг аж. Чихрийн нишинг, эрдэнэ шиш, хөвөн ихээр тариалж өндөр ургац авдаг юм байна. Эднийх жилдээ гурван удаа ургац хураадаг гэнэ. Экспортод нь газар тариалангийн бүтээгдэхүүний эзлэх хувь 15 болоод буй нь амжилт аж. Ойрхи дорнодын хэд хэдэн орныг жимс ногоогоор хангадаг. Нефть, байгалийн хий, химийн болон металл бүтээгдэхүүн, хөвөн бөс бараа, нэхмэл эдлэл, хүнс мөн жимс жимсгэнэ экспортод гаргадаг. Олборлох үйлдвэрлэлд засаг төр нь их ач холбогдол өгдөг юм байна. Синайн хойг, Суэцийн булангаас нефть ихээр олборлож дотоод хэрэгцээгээ хангаад үлдсэнийг нь экспортлодог гэнэ. Экспортын голлох бүтээгдэхүүн нь нефть аж. Мөн байгалийн хийн сайн нөөцтэй гэнэ. Хориод жилийн өмнөөс Нил мөрний сав газраас байгалийн хий олборлож эхэлжээ. Израиль, Иордан, Сири гэх  арабын орнуудад бүтээгдэхүүнээ экспортолж буй аж. Байгалийн болон шингэн хий нийлүүлэх экспортоор дэлхийд зарим жил тав зургадугаар байр хүртэл эзлэх болж. Арван жилийн өмнөөс алтны ордууд нээж ашиглах болсон гэнэ.

Өнгөрсөн онд 23,3 тэрбум долларын бүтээгдэхүүн экспортолсон аж. Нэг хүнд ногдох ДНБ 12700 доллар гэсэн тоо баримт байна лээ. Манайхаас 2,7 дахин илүү гэхээр юм. Египетчүүд боловсруулах үйлдвэрлэлээ хөгжүүлж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар бас чамгүй амжилт олж буй юм байх. Хөргөгч, телевизор гэх мэт гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэж дотоод хэрэгцээгээ хангадаг болсон гэнэ. Автомашин угсрах үйлдвэр хөгжүүлж энэ талынхаа импортыг нилээд танах болж. Оросын АвтоВАЗ компанитай хамтарсан үйлдвэр нилээд хэдэн жил амжилттай ажиллаж байгаа юм байна. Мөн Женерал моторс, Ниссан, BMW, Вольво, Хьюнда зэрэг хэд хэдэн компанийн суудлын машиныг Каир болон бусад том хотууддаа угсарч дотоодын тээврийн хэрэгцээгээ хангаж байдаг гэнэ. Эднийх усан болон дулааны нилээд хэдэн цахилгаан станцтай юм. Манайх шиг гаднаас цахилгаан авдаггүй аж. Тээврийн хувьд агаарын болон усан зам, төмөр зам нь боломжийн хөгжсөн гэж тооцогддог юм байна. Тийм болохоор аялал жуулчлалын дотоод, гадаад урсгал их, эдийн засагт нь ч аялал жуулчлалын салбар ихээхэн хувь нэмэр оруулдаг аж. Сүүлийн жилүүдэд бид мэтийн монголчууд далайд дусал гэгчээр өөрсдийн дуслыг эднийд бас оруулах болоод буй. Үзэж харах өнө эртний үзмэр соёл ч эднийд их юм. К.Көкен зөвлөхийн ярих нь ирэх долоо хоногт манайхны арван хэдэн хүнтэй жуулчны нэг групп Каирт ирнэ гэсэн, тэдэнд мэдээллийн тус дэм үзүүлж байгаа, ирэхээрээ тэд уулзаж зөвлөгөө авна гэсэн гэж байв. Манайх Арабын Бүгд Найрамдах Египет Улстай 1963 онд дипломат харилцаа тогтоож, 1967 онд Элчин сайдын яамаа Каир хотноо нээсэн юм байна. Египет Ерөнхийлөгчийн засаглалтай орон юм. Нэг танхимтай 596 гишүүнтэй парламенттай, 448 гишүүнийг бүх нийтийн сонгуулиар, 120 гишүүнийг нам, олон нийт, залуучууд, эмэгтэйчүүд, ажилчид, шашны байгууллагын төлөөлөл квотоор, үлдсэн 28 гишүүнийг Ерөнхийлөгч сонгодог аж.

Парламентын сүүлийн сонгууль нь 2016 оны нэгдүгээр сард болсон юм байна. Манай хоёр орны харилцаа 1990 он хүртэл зөвхөн улс төрийн хүрээнд хөгжиж байсан бол манайх ардчилсан нийгэмд шилжсэн тэр цаг үеэс эхлэн худалдаа эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа шинээр хөгжиж эхэлсэн аж. Төр засгийн өндөр түвшний хоёр талын айлчлал ч мөн идэвхжсэн байна. Египетийн Ерөнхийлөгч Анвар Садат манай оронд 1967 онд албан ёсоор айлчилсан нь Арабын орнуудаас манайд хийсэн анхны айлчлал байжээ. Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн 1996 онд АБНЕУ-д, Египетийн Гадаад хэргийн дэд сайд А.Шалаби 2002 онд манай улсад албан ёсоор айлчилсан нь хоёр талын харилцааг шинэ шатанд гаргах чухал алхам болсон гэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2004 оны хавар АБНЕУ-д албан ёсны айлчлал хийж Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубарак болон Парламентын удирдлага, Ерөнхий сайд нартай уулзаж дээд түвшний яриа хэлэлцээ хийсэн нь хоёр орны төрийн тэргүүнүүдийн түвшинд харилцаа тогтоох эхлэлийг тавьж хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхол бололцоо аль аль талд нь байгааг харуулсан алхам болжээ. Энэ айлчлалын үеэр “Хөрөнгө оруулалтыг дэмжих, түүнийг харилцан хамгаалах тухай болон Эдийн засаг, техникийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр”, “Соёл шинжлэх ухаан, техникийн салбарт 2004-2006 онд хамтран ажиллах хөтөлбөр” зэрэг Засгийн газар хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурсан аж. Монгол Египетийн Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг 2002 оноос 2018 он хүртэлх хугацаанд Улаанбаатарт гурван удаа, Каирт хоёр удаа амжилттай зохион байгуулсан юм байна. Газар нутгийн алслагдмал байдал, тээврийн зардал зэргээс шалтгаалж хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжих боломж төдий л хангалттай биш аж.

Гэсэн хэдий ч Египетийн “Oriental Weavers” хивсний компани хэдэн жилийн өмнө 100 мянган тонн ноос манай улсаас импортолсон нь чамгүй үзүүлэлт гэнэ. Египетийн тал манайхаас жонш, хивс, ноолууран эдлэл,  мах, махан бүтээгдэхүүн импортлох сонирхолтой, энэ чиглэлээр цаашид хамтарч ажиллахаар ярилцаж байгаа юм байна. Египет аялал жуулчлалаараа Ойрхи Дорноддоо дээгүүрт ордог, хувцас, арьс шир, нэхмэлийн үйлдвэрлэлээрээ дэлхийд нэрд гарсан, Европт ч жимс, хүнсний ногоо экспортлодог хөдөө аж ахуй, аж үйлдвэр боломжийн хөгжсөн улс орон гэгдэг юм байна. Манай улстай энэ салбаруудаараа харьцаж хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж бий гэж эдийн засгийн судлаачид үздэг аж. Манай хоёр орны хооронд хүмүүнлэгийн салбарын харилцаа нилээд идэвхтэй хөгжиж буй гэнэ. Египетийн Гадаад хэргийн яамны дэргэдэх Египетийн сан энэхүү ажлыг хариуцан санхүүжүүлж хэд хэдэн мэргэжлээр тэтгэлэгт сургалт явуулдаг болохыг Элчин сайд ярьж байлаа.

Элчин сайд Ч.Баярмөнхтэй албан өрөөнд нь

Хөдөө аж ахуй, санхүү эдийн засаг, хил гааль, олон улсын харилцаа, араб хэлний чиглэлээр манай оюутнууд Египетийн сангийн тэтгэлэгээр Каирт суралцдаг аж. Энэ сангийн тэтгэлэг авч иргэдээ сургадаг орнуудыг Монгол тэргүүлдэг болохыг эдний Гадаад хэргийн яамны Египетийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Элчин сайд, ноён Самах Сотохи нэгэнтээ мэдээлж байсан тухай Зөвлөх К.Көкен өгүүлж байв. Манайхны “Египетийн сан” хэмээн нэрлэж дассан Хөгжлийн төлөөх түншлэлийн Египетийн агентлагийн шугамаар зохион байгуулсан дунд, богино хугацааны олон арван сургалтын хөтөлбөрт 1997 оноос хойш 1300 гаруй төрийн албан хаагч, бусад салбарын мэргэжилтэн залуус хамрагдаж мэдлэг боловсролоо дээшлүүлээд байгаа юм байна.

Энэ үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Египетийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус санг “Найрамдал” медалиар шагнасныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өнгөрсөн онд  Монгол-Египетийн Гадаад хэргийн яамд хоорондын Улс төрийн тавдахь удаагийн зөвлөлдөх уулзалтад Каирт монголын төлөөлөгчдөө тэргүүлэн оролцох үеэрээ Египетийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Элчин сайд ноён Ахмед Шахинд гардуулсан аж. Исламын шашны Аль-Азхарын Их сургуульд манайхаас одоо таван оюутан сурдаг юм байна. Иймэрхүү яриа болж суутал нэг өндөр залуу бидний ярилцаж суугаа уулзалтын өрөөнд орж ирлээ. Компьютертээ бага шиг үйлчилгээ хийлгэхээр К.Көкен Зөвлөх түүнийг дуудсан юм байна. Бямбахуягийн Билгүүн гэх энэ хүү араб хэлний чиглэлээр Каирт сурч буй аж. Улаанбаатарт Плехановын нэрэмжит Эдийн засгийн сургууль төгсөөд “Эрэл” компанид мэргэжилтнээр ажиллаж байгаад араб хэл сурахаар энд ирээд жил гаруй болж буй гэнэ.

 

        Б.Билгүүн, Зөвлөх К.Көкен бид гурав элчин яамны ёслолын танхимд

Өмнө элчин сайд байсан Д.Баярхүү дипломат албанд шаардлагатай гэдгээр нь араб хэлтэй арабыг судалдаг хоёр залуу дипломатчыг Каирын Их сургуульд сургаж бэлтгэсэн, мөн тэднийг Кувейтийн Их сургуульд нэг жил суралцуулах, Эмиратын Их сургуульд Монголын ирээдүйн дипломатчыг бэлтгэх ажлыг эхлүүлсэн тухайгаа намайг Каир явахын өмнө ярьж байсныг би энд тэдэнд бас дурсаж суув. Тэдний нэг залуу дипломатч З.Чинтүшиг Каирт сургуулиа төгсөөд Гадаад яамандаа хэдэн жил, тэндээсээ энэ Каирт элчин яамандаа буцан ирж ажиллаж байгаад хоёр жилийн өмнөөс Кувейтэд Монгол улсаа төлөөлөн Элчин сайдын алба хашиж байгаа аж. Тэндээсээ тэрээр Арабын Эмират Улсыг бас хамааран хариуцдаг гэх. Элчин сайд К.Сайрааны үед Египетийн сангийн тэтгэлэгээр Баян-Өлгий аймгаас олон хүүхдүүд Каирт ирж суралцаж байснаас нилээд нь нутгаа явахгүй энд үлдэж, бас зарим нь сургуулиа төгсөөд шаардлагатай ажил алба эрхлэхгүй дэл сул явах болсноос энэ чиглэлийн сургалт зогсонги байдалтай болж буй тухай Д.Баярхүү сайд харамсангуй ярьж байсан юм. Тэр хүүхдүүд хаагуур байдаг бол, заримтай нь уулзах юмсан гэж Баярмөнх сайд, Көкен зөвлөх хоёрт хүсэлт тавив.

“Тийм залуус мэр сэр бий. Ер нь энд амьдардаг залуусыгаа ахладаг, элчин яамтайгаа харилцаа сайтай байдаг Нурлаан гэх залуу маань Монгол руу түр явчихсан болохоор тэднийг эрж сурахад төвөгтэй байх...” гэв. Тэр Нурлаан нь эхнэр хүүхдүүдтэйгээ Каирт арван хэдэн жил амьдарч байгаа залуу гэнэ. Арабаар арабуудтай ч ам хэлээ ололцчихдог, энд амьдардаг Казахстаны казахууд, мөн киргизүүдтэй бас харилцаа сайтай, тийм болохоор элчингийнхээ ойр зуурын ажилд тус дэм болоод явдаг юм гээд Сайд, Зөвлөх хоёр түүнд ам сайтай байлаа. Нутаг явахаасаа өмнөхөн энэ Нурлаан нь элчингийнхний сар шинийн ууц чанах хийн том тогоог киргизүүдээс авч ирж тус болсон юм байх. Түүнийг нь буцааж өгөх гээд элчингийн аж ахуй ажилтан нь Нурлааны эхнэртэй ярьчихсан байгаа гэнэ. “Манай Энхтайван тэр тогоог хүргэх гээд Нурлааных руу явахад нь та хамт явбал ойр тойронд нь амьдардаг манайхны казах залуустай та тааралдаж магадгүй” гэж Көкен Зөвлөх надад зөвлөв. Иймэрхүү яриа болж байгаад Сайд, Зөвлөх хоёртой элчин яамныхаа өрөө тасалгаагаар хамтдаа явж танилцав.

Сайдын болон Зөвлөхийнх гээд албаны хоёр өрөө, уулзалт ёслолын танхим, аж ахуй үйлчилгээнийхний хэсэг гээд элчин яам маань цомхондуу юм. Подвалын хэсэгтээ харин тохилог биеийн тамирын танхимтай юм билээ. Аж ахуйн эд хогшил хураачихсан агуулах маягийн юм байсныг нь Баярмөнх сайд ажилтнуудтайгаа хамтарч тохижуулаад янзлаад авсан нь энэ гэнэ. Хүүхэд, залуус, ахмад гэх ялгаагүй бүгд л энд чөлөөт цагаа өнгөрүүлдэг болоод байгаа аж. Гүйлтийн зам, биллиардын болон теннисний ширээ, бие бялдаржуулах ойр зуурын хэрэгслүүд энд байна лээ. Дулаан орон болохоор машин тэрэгнүүд нь  хашаандаа зогсоолтой юм. Сайдын хуучивтар хар Бенз-Мерседес, Зөвлөхийн унаж буй бага гарын суудлын Тоёото, аж ахуй үйлчилгээний зориулалттай микро гээд гурван машинтай аж эднийх. Гаднах цэвэрлэгээ үйлчилгээ, цэцэрлэгжилт хариуцдаг нэг араб ажилтантай юм. Харуулын цагдаа нь мэдээж Египетийн төрийн албаных байх. Хашаанаас гараад цэцэрлэгчтэй тааралдав. Түүний мэндийг мэдэж, харуулын цагдаа тэр хоёртой зургаа авахуулав.

  

Цэцэрлэгч Ибрахим манай гурван ч элчин сайдын нүүр үзэж арваад жил энд ажиллаж буй аж. Харуулын цагдаа Шариф бүр тав зургаан элчин сайдын нүүр үзэж 15 жил энэ албаа хашиж буй юм байх. Тэд надтай бараг монголоор ярих нь холгүй байв.  

Д.Цэдэн-Иш (МУСГЗ)

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?