Ж. САРУУЛБУЯН: НАСАНБУЯН МААНЬ УЛААНБААТАРАА МАГТАН ДУУЛСАН ОЛОН ДУУ ЗОХИОСОН ( Дурсамж)

2020-12-29  

Уран бүтээлийн анд, хөгжмийн зохиолч Насанбуян минь бурханы оронд сансрын аялгуугаа түгээхээр одлоо. Т.Насанбуянгийн гол багшийн нэг нь Ж.Бадраа байсан юм. Ж.Бадраа багшийн хоёр талд нь Насаа бид хоёр “тоодгор” шиг нь дагаж явсан билээ. Насанбуян Бадраа багштай тун олон дуу хийсэн. Нам, эх орон, хайр сэтгэл, залуу насны тухай дуулаагүй сэдэв ер үгүй. Насаа Улаанбаатарын уугуул иргэнийхээ хувьд ч юм уу, онгод авьяас нь ч тэгж бадарсан уу Улаанбаатараа магтан дуулсан олон сайхан дуу зохиожээ.

Намайг дууны яруу найрагт анхлан уруу татсан хүн бол Насанбуян. Дөнгөж дээд сургууль төгссөн шаврай бандийг тоож, дууны шүлгийг ингэж бичдэг юм хэмээн Бадраа багшийнхаа аргаар зааж зөвлөж, анхны шүлгийг минь аялгуу оруулсан эрхэм хүн юм.

Бид хоёр анхандаа хүүхдийн дуугаар эхлэв. Насаа маань тэр үед МҮЭСТО-нд хүүхдийн найрал дууны бүлгэм ажиллуулдаг байв. Наяад оны эхээр МРТУХ, Монголын хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран нам, эх орны сэдэвт дууны уралдаан зарлав. Түүнд хүчээ сорьё, би чамайг залуу гэхгүй сонгож байна. Хүүхдийн найрал дуулах шүлэг бич гэв. Би бодож бодож “Хүүхэд бидний найрамдал” гэдэг шүлэг бичив. Насаа шүлгэн дээр маань ингэ тэг гэж жаал ажиллаж байгаад ая хийх ажилдаа орсонсон. Бид хоёрын дуу гуравдугаар байрт орсон юм. Урам зориг эндээс л эхэлж бадрав. Дараа нь бид хоёр хүүхдийн гоцлолтой найрал дуугаар “Алтан намар” хөгжмийн наадамд оролцож тэргүүн байранд оров. “Эх орны тариа” гэдэг дууг Насанбуянгийн охин Соёнгийх гоцолж, хүүхдийн найрал дуулж билээ.

Сэлэнгэ аймгаас Сэлэнгэ мөрний сэдэвт дууны уралдаан зарлаж, Улаанбаатарын аялгуу, шүлэг бичдэг бараг бүх хүн тийш нэг нэг дуучин чирэн одлоо. Бид хоёр ч хоцорсонгүй “Өргөн Сэлэнгэ” нэртэй дуу бичиж, дуучин Мөнхшүрт өгөөд явуулав. Хэд хоногийн дараа Мөнхшүр, бид хоёрын дууг тусгай байранд оруулчихаад шагналыг нь авчирч өгч билээ. Мөнхшүр, Сэлэнгийн тухай дууг минь хэд хэдэн концертод хүүхдийн хортой хүртэл дуулсан юм. Хөгжмийн зохиолч, яруу найрагч хоёрын хөөцөлдлөгөөгүйгээр Сэлэнгийн дуу маань тэгэсхийгээд хавтсанд оржээ.

Бид хоёр “Чингис хаан”-ы тухай, түүний эр хоёр загалын тухай дуунууд бичлээ. Тэр дуунуудыг маань дуучин Жамьянжав, Гантөмөр, Баасанхүү нараас эхлээд дуучин дуулан, урын сандаа оруулав. Ж.Бадраа багш, Насаа бид хоёрын “Чингис хаан”, “Хоёр загал” зэрэг дууны үг, аяыг сүрхий болсон шүү гэж магтав. Хэр баргийн юм тоодоггүй Бадраа багшийн ингэж үнэлэхэд нь бид дуугаа мэргэжлийн байгууллагуудаар батлуулснаас ч илүүд үзэн, бие биеэ багахан тоов.

Насанбуянгийн идэр залуу насандаа бүтээсэн “Нисгэгчийн дуу”, “Мичид шүргэх Алтай”, “Орь залуу нас”, “Улаанбаатарын агаар” зэрэг дуунууд нь үе дамжин эгшиглэж, эзэн Насаагаа хөтлөн урам зоригийг нь бадраасаар л байв. Насаа бол үргэлжийн залуу бадрангуй сэтгэлгээтэй, амьдралын муу муухайг үл огоорогч, цагаан цайлган, хэт дэврүүн, хийсвэрлэг бодолтой хүн. Ийм хүн орчлонд олон байдаг бол муу муухай гэж хаана ч үгүй гэмээр. Түүний сэтгэл нь огторгуй хурмаст уулсын оргил, хүслийн үл гүйцэлдэх өндөрлөг юм. Тиймээс ч “Нисгэгчийн дуу”, “Мичид шүргэх Алтай”, “Орь залуу нас”-ыг оргилд нь тултал бичээ биз.

2005 оны зун Буянт-Ухаагийн сэргэлэн дэнжид Т.Насанбуян, Л.Дагвадорж нарын зохиосон “Нисгэгчийн дуу”-нд зориулан, гантиг чулуун хөшөөг сүндэрлүүлэн ёслол хүндэтгэлтэйгээр нээв. Амьддаа зохиосон дуундаа хөшөө дурсгал босгуулаад авах нь өөрийнхөө өнө мөнхийн хөшөөгөө босгочихлоо гэсэн үг.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?