МОНГОЛ УЛСЫН ЭЗЭН ХААН VIII БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТААС ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭРХЭМСЭГ ЭЗЭН ХААНД ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ МОНГОЛ, ТҮҮНИЙ МӨРӨӨР МӨШГИХҮЙ

2020-12-29  
(Монгол улс тусгаар тогтносны 109 жилийн ойн өдөрт зориулав)

Түлхүүр үгс: Богд хаан, Богдын засгийн газар, Монголын түүх, Кодама, Монгол Японы харилцаа

Цагаагчин гахай жилийн өвлийн дунд саpын шинийн есөн буюу 1911 оны 12 саpын 29-ний өдөр Богд Жавзундамба хутагтыг Монгол улсын эзэн хааны шиpээнд өpгөмжлөн суулгажээ. Энэ бол Монгол төр улсаа сэргээн байгуулж, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор тунхагласан өдөр юм. Монголчуудын амьдралын сүүлийн 300 жилд тохиосон түүхэн онцгой үйл явдал энэ байлаа. Энэ өдөр бол эртний монголын эзэн Чингисийн байгуулсан төрийн гал голомт сэргэсэн өдөр гэж үзвэл зүйд нийцнэ. Энэхүү 1911 оны үндэсний хувьсгал өөрөө амжилтад хүрсэн нэг гол учир шалтгаан нь бүх монгол овогтон үндэсний үзлээрээ нэгдэж, нэгдмэл нэг зорилгын төлөө бурханы шашныхаа тэргүүнийг хүрээлж, түүхэн амжилтад хүрсэн билээ. Энэхүү үйл явдлаас хойш Монголд ХХ зууны турш өрнөсөн түүхийн үйл явдлууд нь 1911 онд сэргээн тунхагласан Монголын төр улсаас улбаатай болно. Чухамдаа түүхэн ач холбогдлоор нь авч үзвэл 1911 оны үндэсний хувьсгал нь монголын гал голомтыг сэргээн бадрааснаараа, монгол үндэстэний цаашид оршин байх үндэсийг тавьснаараа, үндэсний уламжлал, зан заншил, соёлыг бадруулах үндэс болсноороо монголчуудын амьдралд онцгой чухал байр суурь зүй ёсоор эзэлнэ. 1911 онд Монголчууд Манж Чин гүрнээс салж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан явдал бол монголчуудын түүхэнд шинэ эрин үеийг нээсэн билээ.

VIII Богд Жавзандамба хутагтыг хаанд өргөмжилсөн нь Монгол туурга тусгаар улс болсоны шинж тэмдэг болсон төдийгүй олон монголчуудын итгэл бишрэлийн илэрхийлэл болсон юм. Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны сэнтийд өргөмжлөөд, улсын цолыг Монгол, оны нэрийг Олнаа өргөгдсөн, Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн нэрийдэж, ХХ зууны эхээр Ази тивд Монгол улс сэргэн мандсаны шинэ түүх эхэлжээ.

1913 оны сүүл 1914 оны эхээр Монгол улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Оросын эзэнт гүрэнд айлчилсан билээ. Тэр үеэр нэлээд хэдэн зорилготой явсны дотор Монгол улсын хаан эзэн Богд Жавзандамбаас Англи, Франц, Япон зэрэг таван улсын Эзэн хаанд өргөн барьсан захидлыг уламжлах үүрэг орсон байна. Тухайн үед Ерөнхий сайд Намнансүрэнгээс эдгээр үүргээ хэрэгжүүлэхийн төлөө ихэд чармайн зүтгэж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Харин Намнансүрэнгийн уламжилсан Монгол улсын хаан эзэн Богдоос тухайлбал Японы эзэн хаанд өргөн барьсан захидлын мөрөөр жаахан мөшгиж үзэх аваас нилээд сонин түүх олдох авай.

VIII Богд Жавзандамба хутагт
 
THE LETTER OF THE EMPEROR OF MONGOLIA BOGD JAVZANDAMBA TO THE EMPEROR OF JAPAN IN 1913
 
The visit of the Mongolian Prime Minister Sain Noyon Khan Namnansuren had several goals, including to give a letter from the Bogd Javzandamba to the leaders and emperors of five countries, such as Britain, France and Japan. As the archival documents show, the Mongolian Prime Minister made great efforts to achieve this aim. Investigating the letter that the Bogd Khan sent to the Emperor of Japan, we find a very interesting history. After his arrival to St. Petersburg, the Prime Minister met Tsar Nicholas II, and presented him a letter sent by the Mongolian Government and Erdenyn Ochir, the highest order of Mongolia. He asked the Tsar for Russian assistance. He also presented a letter to the Russian Foreign Minister, and asked him to send the letter of the Bogd Khan to the Japanese emperor.
Just after the signing of the Russo-Mongolian Friendship Treaty on 3 November of 1912, the Mongolians wanted to inform other countries of the world about the proclamation of the independence of Mongolia, and sought to achieve the Russian recognition of Mongolian independence. This is why Mongolia sent letters to the consuls of several countries in Harbin. Then the Mongolian government sent two delegations, one headed by Foreign Minister Handdorj and another by Prime Minister Sain Noyon Khan Namnansuren, to Russia. These visits had two objectives: to obtain the support of St. Petersburg and to meet the ambassadors of foreign countries. The Mongolians also wished to visit Germany and France. As I. Korostovets, a prominent Russian scholar of this period, wrote, “The Mongolians did not follow the advice of the Russians and wrote letters on their own initiative on behalf of the Bogd [Khan] to the leaders of Japan and other countries.”
Korostovets also noted the following: “The Mongolians did not gain the support of St. Petersburg, this is why they decided to ask Japan to recognize their independence and to conclude a treaty with Japan. This initiative became more practical and important. This is why I explained about it to Sain Noyon. He gave me the following answer: “I think that the Government of Urga has a right to inform foreign nations about the nomination of the Hutukhtu, the Khan of independent Mongolia. Previously we proclaimed it. We also tried to send information about this event through Harbin, which is under the administration of Russia. Japan is not just our neighbor, but we also have the same religion; this is why the Government of Urga would like to establish a direct relationship [with Japan] and also would like to send a special envoy there with a mission to obtain the recognition of the independence of Mongolia.”
As the documents located in the archives of the Mongolia and Russian and Japanese foreign ministries, including the minutes of the meetings between the Russian Ambassador in Tokyo and the Japanese Foreign Minister, demonstrate, Russian Foreign Minister Sazonov made efforts to fulfill the wish of the Mongolian government and trasmit the letter of the Bogd Javzandamba to the Emperor of Japan.
On 14 January 1914, Malevski Malevich, the Russian Ambassador in Japan, met Japanese Foreign Minister Makino and gave him the letter the Bogd Khan had sent to the Emperor of Japan. The Japanese Foreign Minister replied the following: “This letter mentions that it was a result of the talks that Kodama had with the Government of Urga. However, Outer Mongolia has no foreign relations with the Government of the [Japanese] Empire and particularly this Kodama has no relations with our Government.” Having made this statement, Makino returned the letter. The Russian Ambassador said he would ask his government for instructions and would continue the talks.
That is, the Japanese Foreign Minister declared that Outer Mongolia had no foreign relations with the Japanese government and Kodama, the person mentioned in the Bogd Khan’s letter, had no relations whatsoever with the government of Japan. This is why he returned the letter, rather than transmitting it to the Emperor.
The history of the letter sent by the Bogd Khan to the Emperor of Japan, which made the Russian and Japanese diplomats feel uneasy, is very interesting. Key words: Bogdo khan, Mongolian history, Mongolian and Japanese relationship, Kodama, Bodgo khan’s government

 

Abstract O Batsaikhan

 

ЕРӨНХИЙ САЙД, САЙН НОЁН ХАН НАМНАНСҮРЭНГИЙН ХААНТ ОРОСТ ХИЙСЭН АЙЛЧЛАЛ
 
Оросын эзэнт гүрний нийслэл Санкт Петербургт очсон даруйдаа Оросын эзэн хаан Хоёрдугаар Николай лугаа уулзаж, Монгол улсын бичиг хийгээд Эрдэний очир одонг түүнд гардуулж, Хаант Оросоос тусламж эрэх зэрэг чухал асуудлууд хөөцөлдөхийн зэрэгцээ Ерөнхий сайд Намнансүрэн Хаант Оросын Гадаад хэргийн сайдад албан бичгээр хандаж, Монгол улсын эзэн хаанаас Япон улсын эзэн хаанд өргөн барьсан захидлыг уламжлан хүргүүлэхийг хүссэн байна.
Харин Оросын Гадаад явдлын яамны сайдын 1914 оны 1 дүгээр сарын 19-ны айлтгалд энэ талаар өгүүлэхдээ: ”Монголын тэргүүн сайд Сайн ноён хан С-Петербург хотноо байх үедээ Өргөөгийн хутагтаас Японы эзэн хааны нэр дээр илгээсэн захидлыг дамжуулан хүргэнэ үү гэж хүсч надад гардуулсан билээ. Энэ захидлыг Оросын харьяат буриад Бадамжапов Сайн ноён ханд хүргэж ирсэн ба тэр Монголын Гадаад явдлын яамны сайд Ханд вангаас авсан” хэмээснээс үзвэл уг захидлыг Сайн ноён хан Орост очсоны дараа авхуулсан бололтой байна. Энэхүү айлтгалд мөн Япон Кодама Монголын сайд нартай харилцаж байсан тухай эзэн хаандаа өмнө танилцуулж байснаа сануулжээ.
Оросын Гадаад явдлын яамны сайд Богд хаанаас Японы эзэн хаанд илгээсэн захидлын агуулгын талаар цааш өгүүлж, уг захидалд ”Кодаматай хэлэлцсэн зүйлийг товчхон дүгнэхдээ, Кодама өөрийнхөө засгийн газрын өмнөөс санал тавьж, хэрэв Өмнөд Манжуурын төмөр замын ойролцоох Өвөр Монголын нутгаар төмөр зам тавих эрхийг Японд олговол, Монголтой найрамдал тогтоож, дэмжлэг үзүүлж болох юм гэсэн тухай” тэмдэглэсэн байна. Тэрхүү айлтгалд цааш өгүүлэхдээ: ”Хутагтын захидал нь Өвөр Монголыг Өргөөгийн захиргаанд нэгтгэхэд туслах боломжийн талаар Японы засгийн газрын баталгаа гаргуулах болон Өргөөд Японы дипломат төлөөлөгчийг ирүүлэх тухай саналт тавьсан агуулгатай” хэмээжээ.
Үүнийг үргэлжлүүлэн өгүүлэхийн өмнө 1912 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Нийслэл Хүрээнд Орос Монголын хооронд Найрамдлын гэрээ байгуулсаны дараахан үеэс монголчууд Монгол улс тусгаар тогтносон тухай болон түүнийг нь Орос улс хүлээн зөвшөөрч, Найрамдлын гэрээ байгуулсан тухай дэлхийн улс гүрнүүдэд мэдүүлэхийг хүссэн юм. Үүнийгээ ч нуугаагүй бөгөөд хамгийн эхний алхам болгож Харбинд сууж байсан гадаадын улс гүрнүүдийн консул нарт хандан захидал хүргүүлсэн билээ. Монголын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн удаах алхам нь Монгол улсын Гадаад хэргийн яамны тэргүүн сайд Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал ба мөн Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчдийн Хаант Орос улсад хийсэн айлчлал, эдгээр айлчлалын хүрээнд Санкт Петербургээс дэмжлэг авч, улмаар тэнд буй гадаадын элчин сайд нартай уулзах, боломж гарвал Герман, Франц зэрэг оронд айлчлах давхар зорилготой байлаа. Үүний зэрэгцээ Коростовецийн бичсэнчлэн “монголчууд Оросуудын зөвөлгөөг дагаагүй” бөгөөд өөрсдийн дур зоргоор Япон болон бусад их гүрний тэргүүн нарт хандан Богдын нэрээр захидал бичсэн явдал байв.
Оросын энэ үеийн дорнодахины томоохон мэргэжилтэн И.Коростовец бичихдээ “Монголчууд Петербургээс дэмжлэг олоогүй тул өөрийн бие даасан байдлаа хүлээн зөвшөөрүүлэх, гэрээ байгуулах зорилгоор Япон руу хандахаар шийдсэн юм. Энэ алхам бол илүү чухал ажил хэрэгч болж ирсэн хэрэг юм. Иймээс би Сайн ноёнд тайлбарласан. Чингихэд тэрбээр; “Хүрээний засгийн газар тусгаар тогтносон Монгол улсын эзэн хаанаар Хутагтыг өргөмжилснөө гадаадынханд мэдээлэх эрхтэй хэмээн үзэж байгаа” хэмээн хариулж энэ тухай өмнө нь мэдэгдэж байсан. Бид өмнө нь Оросын захиргааны дор буй Харбинаар дамжуулан мэдээлэхийг оролдсон. Японы хувьд бол бид хөршийн зэрэгцээ шашин нэгтэй тул Хүрээний Засгийн газар түүнтэй шууд харилцаа тогтоохыг хүссэн бөгөөд тийш Монголын бие даасан байдлыг хүлээн зөвшөөрүүлэх даалгавар өгч тусгай төлөөлөгчийг томилон явуулах санаатай” хэмээн бас мэдэгдэж байсан гэжээ.
Япон руу Монголоос элч төлөөлөгч явуулах асуудал Петербургийн эсэргүүцэлтэй тулгарч, улмаар энэ нь Монголын олон улсын байдлыг сулруулж, Хятадын эсэргүүцлийг улам нэмэгдүүлэх болно хэмээн Оросын элч Коростовецээс монголчуудыг ятгахад хүргэсэн байна. Харин Коростовецийн ятгалгад Монгол улсын Дотоод яамны тэргүүн сайд Да Лам Цэрэнчимэд их л тайван байдлаар хандаж, Японд хандахын учир нь Өвөр Монголыг Хятадын эзэрхийлэлээс хамгаалах зорилготой болно. Үүнийг өвөр монголчуудын хувь заяаны талаар санаа тавьж чадах Японтой хэлэлцээр байгуулснаар хийж болох юм хэмээн тайлбарлажээ. Мөн түүнчлэн Япончууд Халхын бие даасан байдлыг зөвшөөрөөд харин Өвөр Монголыг өөрийн протекторат болговол болох юм, үүний тул Өвөр Монголын ноёдыг Хүрээний Засгийн газар ятган сэнхрүүлэх ажээ хэмээн Коростовец бичсэн байна. Энд гарч буй Өвөр Монголыг Японы протекторат болгож, Хятадын савраас салгах санаа үнэхээр тухайн үед сонин санаа байсаныг анзаарахгүй өнгөрч үл болно. Улмаар энэ санал Оросын Гадаад яамаар дамжсан Богд хаанаас Японы эзэн хаанд хандсан захидалд ч гарч буй нь их сонин билээ.
 
ХААНТ ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗРААР ДАМЖИН ЯПОНД ХҮРСЭН БОГДЫН ЗАХИДЛЫН ТАЛААР ЯПОНЫ ГАДААД ЯАМНЫ САЙД БОЛОН ХААНТ ОРОСЫН ЭЛЧИН САЙД НАРЫН ХООРОНД БОЛСОН ЯРИА
Япон улсын эзэн хаанд хаягласан Монгол улсын эзэн хаан Богд Жавзандамбын захидлыг Хаант Оросын Гадаад хэргийн сайд Сазанов монголчуудын хүссэн ёсоор Японы эзэн хаанд хүргүүлэх талаар санаа тавьж, арга хэмжээ авсан байна. Энэ талаар Оросын Гадаад хэргийн сайд Сазанов эзэн хаанд илгээсэн айлтгалдаа маш тодорхой өгүүлсэн байна. Тэрбээр бичихдээ: “Японы засгийн газарт найдах нь үр дүнгүй дэмий зүйл бөгөөд шинэ төрж буй төрийн үйл хэрэгтээ зайлшгүй Оросыг түшихээс өөр аргагүй гэдгийг монголчуудад үзүүлэхийн тулд би Хутагтын захидлыг Японы Гадаад хэргийн сайдад танилцуулахдаа Кодама Монголд очсоноос үүдсэн Монголын сайд ноёдын хийсэн дүгнэлтүүдийг хамтад нь үзүүлэхийг Токиод суугаа элчин сайдад даалгасан” гэжээ. Энэхүү айлтгалаас Богдын захидлыг Японы Гадаад хэргийн сайдад уламжилсан явдал нь нэгдүгээрт, Монголчуудад та нарт Оросоос өөр найдах найдвар бага шүү гэдгийг үзүүлэхэд оршсон нь тодорхой харагдана. Нөгөө нэг зүйл нь гэвэл, уг захидлын хамт Кодамагийн улс төрийн мэдэгдлийг хамт хүргүүлсэн явдал нь Япон улсад Орос - Японы гэрээг зөрчихгүй байхыг дахин сануулсан шинжтэй байв.
Үүнийг Японы гадаад харилцааны архивт хадаглагдан буй баримт бичигт болон Японы гадаад харилцааны баримт бичгийн эмхтгэлд буй Оросоос Японд сууж байсан Элчин сайдаас Японы Гадаад яамны сайд лугаа уулзсан уулзалтын тэмдэглэлээс мөн харж болох юм.
1914 оны 1 дүгээр сарын 14 нд Японд суугаа Оросын элчин сайд Малевский –Малевич Японы Гадаад хэргийн яамны сайд Макино лугаа уулзаж, Монголын төлөөлөгчдөөс өгсөн Японы эзэн хаанд хаягласан Богд хааны захидлыг үзүүлж, Эзэн хаанд өргөхийг хүссэн байна. Чингихэд Японы Гадаад явдлын яамны сайд; ”Энэ захидал болбоос Кодама гэгчийн Хүрээний Засгийн газартай хэлэлцээ хийсний дүн бололтой тухай дурьдсан тул сайд би Гадаад Монгол болбоос манай Эзэнт гүрний засгийн газартай ямар ч олон улсын холбоогүй бөгөөд ялангуяа Кодама хэмээх хүн манай Засгийн газарт хамаагүй тул хэмээн уг захидлыг буцааж өгсөн байна”. Оросын элчин сайд; Өөрийн Засгийн газраас заавар гуйсаны дараа дахин ярих болно гээд буцаж явав” хэмээжээ. Ийнхүү Японы Гадаад хэргийн сайд тус захидалд Кодамагийн уулзалтын талаар дурьдсан мөн Гадаад Монгол манай улсын Засгийн газартай харилцаа холбоо үгүй, бас Кодама манай Засгийн газарт хамаагүй тул уг захидлыг Эзэн хаанд өргөхөд бэрхшээлтэй хэмээн буцааж захидлыг өгсөн ажээ. Америкийн эрдэмтэн Ж.Фритерс, Японы эрдэмтэн Ф.Исоно, Т.Наками, Монголын эрдэмтэн Ц.Батбаяр нар Богд хааны энэхүү захидлын талаар судалж өөрсдийн бүтээлдээ Орос, Японы сурвалж ашиглан өгүүлсэн нь нэн сайшаалтай билээ. Дээр дурьдсан эрдэмтэд Богдын захидлын талаар судалж, бичсэний зэрэгцээ Кодама хэмээгчийн тухай нилээд бичсэн байх юм. Монголын эрдэмтэн Ц.Батбаяр өгүүлэхдээ ”Кодамагийн айлчлалаас үүдэн Монгол улсын Засгийн газраас Богд хааны нэрээр Японы эзэн хаанд захидал үйлдэж, 1913 оны сүүлч 1914 оны эхээр Петербургт очсон Сайн ноён хан Намнансүрэн уг захиаг авч очин Оросын ГЯЯ- ны сайд Сазановт өгч Японы талд дамжуулж өгөхийг хүссэн байна. Японы тал Оросын хардлагаас болгоомжлон уг захиаг хүлээн авалгүй Хүрээний Засгийн газарт буцаахыг хүссэн болой. Богд хааны нэрээр илгээсэн энэхүү захиаг Японы тал хүлээн авалгүй буцаасан тул Японы архивт эх нь үлдсэнгүй” хэмээн бичжээ.
Харин Богдын захидлын хувь заяа үүгээр шийдэгдээд өнгөрсөнгүй, Оросын элчин сайдын хэлсэнчлэн тэрбээр Засгийн газраасаа заавар авсаны дараа 1914 оны 1 дүгээр сарын 23 ны өдөр Японы Гадаад явдлын яамны сайд лугаа уулзаж Богдын захидлын талаар дахин ярилцжээ. Ингэхэд Японы Гадаад явдлын яамны сайд ”энэ асуудал яваандаа манай оронд Парламент болон сонины газраас хөндөх хэрэг гарвал ”энэ захидал болбоос Кодамагийн явууллагын үр дүн бөгөөд Кодамагийн үйл ажиллагаа Эзэнт гүрний Засгийн газарт хамаагүй. Тиймээс Эзэнт гүрний засгийн газар өөрийн ямар нэг үл мэдэх шалтгаанаас үүдсэн эл захидлыг Эзэн хаанд өргөн барих бололцоогүй учраас үүнийг хүлээн авахаас татгалзсан” хэмээн тайлбарлахаар санал гаргаж, уг асуудлаар хоёр тал санал нийлсэн” байна. Мөн түүнчлэн Японы Гадаад явдлын яамны сайд Макино ”Орос улсын Засгийн газрын хүчээр Оросын нийслэлд буй Монголын элч төлөөлөгчдөд эл асуудлыг нууц болгож чадвал завшаантай байна” хэмээн дурьдсаныг Оросын элчин сайд даруй зөвшөөрч, өөрийн засгийн газарт даруйхнаа цахилгаан мэдээгээр мэдэгдэнэ хэмээн хэлсэн байна.
Дээр дурьдсан Японы Гадаад явдлын яамны сайд Оросын элчин сайд хоёрын хооронд Богдын захидлын талаар болсон уулзалт ярианы тухай мэдээг Орост суугаа Японы элчин сайд Мотонод хүргүүлэхийн зэрэгцээ мөн оны 1 дүгээр сарын 22 ны өдөр Токиогийн өдрийн сонинд ”Богдын захидлын талаар” гарсан мэдээг хавсарган хүргүүлжээ. Тэрхүү сонины мэдээ ”Хутагтын бичгийг буцааж өглөө” гэсэн гарчигтай бөгөөд агуулга нь ”Орос улсын Гадаад явдлын яамаар дамжуулж Японы эзэн хаанд явуулсан Хутагтын бичгийг Японы Засгийн газар авахаас татгалзсан бөгөөд ойрын өдөр уг захиа буцах төлөвтэй байна. Энэ бол Япон улсаас Монголыг доромжилсон хэрэг бөгөөд Монголын Засгийн газрын хувьд нүүрээ алдсан хэрэг мөн. Эрхэм улсыг өрөвдөж байна гэжээ. Харин бид энэ хэргийг үнэмшсэнгүй” хэмээн сурвалжлагч нэмж бичжээ.
Мөн оны 1 дүгээр сарын 29 ны өдөр Японы Гадаад явдлын яамны сайд Макиногоос Орос улсад суугаа Японы элчин сайд Мотоно болон Хятадад суугаа Японы консул Ямаза нарт цахилгаан мэдээ хүргүүлжээ. Уг цахилгаан мэдээнд өгүүлэхдээ; ”Өнгөрсөн 1 дүгээр сарын 14 ны өдөр Япон улсад суугаа Оросын Элчин сайд морилон ирж, сайд надтай уулзаж, Орост буй Монголын төлөөлөгчдөөс дэвшүүлэв хэмээн Хутагтаас Эзэн хаанд өргөх захидал 1 хувийг (битүүмжилсэн бөгөөд агуулгыг үл мэднэ) өгч, Орос улсын Засгийн газрын зааврын дагуу хэмээн үүнийг өргөн барихыг хүссэн байна. Богдын захидалтай хамт түүнд хавсаргасан 2 бичгийг үзүүлж ”энэ удаа Хутагтаас Эзэн хаанд захидлыг өргөн барьж явуулахад хүрсэн нь Өвөр Манжийн төмөр замын ажилтан Кодама гэгч нь Хүрээний Засгийн газрынхантай уулзаж, ярилцсан дүн мөн байна” хэмээн дурьдсан байна. Тиймээс сайд надаас ”Кодама гэгч Хүрээний Засгийн газрынхантай уулзаж ярилцсан нь Эзэнт гүрний заавраас шалтгаалсан бус, Эзэнт гүрний Засгийн газар энэ Кодама гэгчийн Хүрээнд очсон хэргийг ч эс мэдэв, энэ тухай нэгэнт тус элчинд тайлбарласан хэмээн ярьж (өмнө Оросын Элчин сайдаас Кодамагийн тухай дурьдсан хэрэг байв) харин гадаад Монгол болбоос Эзэнт гүрэнтэй ямар ч дипломат харилцаа байхгүй тул түүний эзэн болох Хутагтаас ялангуяа Кодама мэтийн хариуцлагагүй хүний яриаг үндэслэн ирүүлсэн захидлыг Эзэн хаанд өргөн барих бололцоо байхгүй” хэмээн хэлж тус захидлыг чигээрээ (задалж уншихгүйгээр –О.Б) буцааж өгөв. Тэгэхэд Орос улсын элчин сайдаас ”энэ хэрэг болбоос хүнд чухал бөгөөд Гадаад явдлын яамны сайдын түвшинд татгалзаж болох уу” хэмээн лавласан байна. Түүнд ”ямар ч асуудал байхгүй” хэмээн хариу өглөө. Тэгэхэд тус элчин сайд ”Тэгвэл ямар ч байсан өөрийн улсын Засгийн Газраас заавар гуйж цаашид дахин ярих болно” хэмээн дурьдаад тус захидлыг аваад явлаа. Тэр үед сайд би Орос улсын элчин сайдаас асуусан нь ”Монголын төлөөлөгчдөөс Хутагтын захидлыг дэвшүүлэхэд Оросын Засгийн газар тус төлөөлөгчдөд ямар нэгэн хэлж ярьсан явдал байна уу” хэмээн асуухад Орос улсын элчин сайд ”Орос улсын Засгийн газар болбоос ийм янзын хэргийг хөндлөнгөөс саатуулахыг зохимжгүй гэж үзэж чигээрээ дамжуулсан бололтой” гэж хариулсан байна. Харин энэ захидлын агуулгын хувьд бол мэдэх юмгүй гэж Оросын элчин сайд нэмэж хэлжээ. Тэгээд Оросын Элчин сайдын яамнаас өгсөн (бэлтгэсэн байсан) тайлбарыг англи хэл дээр өгсөн байна. Тэрхүү тайлбар нотыг англи хэлээр нь хавсаргахын сацуу монголоор хөрвүүлэн толилуулбал:
 
Strictly confidential
My Government instructs me to hand over to Your Excellency a letter of the Hutuhta to His Majesty the Emperor of Japan, containing a request to send a representative to Urga and to help the Mongolians in their aspirations for a political union of all Mongols.
 
When the Mongolians proclaimed their independence from China the Japanese Government expressed the desire to fix the limits of the sphere of Japanese influence in Inner Mongolia, - this was done by the agreement signed between Russia and Japan in 1912. In compliance with this agreement the Russian Government did never give any hope to the Mongolians of a possibility to see the tribes of Inner Mongolia submitted to the authority of the Hutuhta.
The same consideration guided the Russian Government at the time of signature with China of the last declaration in which the autonomy of Mongolia is limited to Khalha and Kobdo district. These territorial restrictions aroused, however, the dissatisfaction of the Mongols and actually the Russian Government has the hard task to insist before the authorities at Urga that the said territorial limits should be accepted by the Mongols as the basis for the expected Russo-Chinese-Mongolian treaty. In the opinion of the Russian Government this task is imposed on him by the above mentioned agreement with Japan.
From this point of view the attempt of the Urga authorities to enter into direct relations with Japan can not be considered as opportune. It increases the difficulties in the endeavour of the Russian Government to curtail the ambitions of the Mongols in accordance with the existing political circumstances,
- the latter aim being dictated not only by the Russian interests but also by the desire of the Russian Government to take into consideration the interests of Japan.
Meanwhile a Japanese employee of the South Manchurian Railway Kodama went to Urga in 1913 and entered into negotiations with the Mongolian officials (the gist of these negotiations is given in the annexed strictly confidential document). The pourparlers with Kodama evidently gave to the Urga authorities the idea to address themselves to the Japanese Government for assistance in the fulfillment of their dream - the annexation of Inner Mongolia to the Outer Mongolia.

 

The Russian Government, if exactly informed about the views of the Japanese Government, is inclined to consider such a plan as inconsistent with the actual policy of the Tokyo Cabinet end expresses the hope that, in case if an answer will be given by His Majesty the Emperor of Japan to the letter of Hutuhta, Russia would be acquainted with this answer. 14 January, 1914.
 
Дээрх Оросын Элчин сайдын барьсан тайлбар нотын монгол орчуулга (Маш нууц)
 
Бүх монголчуудын улс төрийн талаар нэгдэх чин эрмэлзэлд туслах төлөөлөгчөө ирүүлнэ үү ? гэсэн Хутагтын захидлыг Японы Цог жавхлант эрхэмсэг Эзэн хаанд аваачиж гардуул гэж миний засгийн газар надад даалгалаа.
Монголчууд Хятадаас салж тусгаар тогтнолоо зарлан тунхаглатал Японы Засгийн газар өөрийн нөлөөг Өвөр Монголын нутгаар хязгаарлан тэнд бэхжүүлэхээр шийдсэнээ илэрхийлэв. Үүнийгээ 1912 онд Орос Японы хооронд байгуулсан гэрээний дагуу хийсэн байна.
Энэ гэрээгээр бол Өвөр Монголыг Оросын Засгийн газар Хутагтын захиргаанд оруулж улмаар нэгэн овогтон монголчууд бие биенээ харах бололцоо хэзээ ч гарахгүй. Оросын Засгийн газар сүүлчийн тунхагт Хятадтай хамтран гарын үсэг зурахдаа Монгол улсын өөртөө засах эрхийг зөвхөн Халх, Ховдын хязгаараар тогтоосон байна. Чухамдаа Оросын Засгийн газар нутаг дэвсгэрийн энэ хязгаарлалтаараа Өргөөгийн эрх баригчдад шахалт үзүүлнэ, ингэснээрээ хожим болох Орос, Хятад, Монголын гэрээний үндэс болно гэж монголчуудаар зөвшөөрүүлнэ гээд байгаа нь монголчуудын дургүйцлийг төрүүлэв. Оросын Засгийн газрын саналаар бол энэ зорилт нь Японтой байгуулсан дээр дурьдсан гэрээнээс гарсан байна.
Энэ үзэл бодлын үүднээс үзвэл Японтой шууд харилцаатай болох гэсэн Өргөөгийн эрх баригчдын оролдлого нь завшаан бус гэж үзэгдэх биз ээ. Өнөөгийн нөхцөл байдлын улмаас монголчуудын хүсэл тэмүүлэлийг хязгаарлах гэсэн Оросын Засгийн газрын оролдлогод бэрхшээл гарсан ба монголчуудын хүсэл тэмүүлэл нь Оросын сонирхолд захирагдаад байгаа төдийгүй Японы сонирхлыг ч бодож үзэх гэсэн Оросын Засгийн газрын хүсэлд дарагдаад байна.
Энэ үед Өмнөд Манжуурын төмөр замын албан хаагч Кодама 1913 онд Өргөөнд ирээд Монголын албаны хүмүүстэй хэд хэдэн хэлэлцээ хийв. (Эдгээр хэлэлцээрийн гол утга санаа нь хавсаргасан нууц баримт бичигт бий) Кодаматай хийсэн урьдчилсан хэлэлцээр, хэрэв Ар Монгол Өвөр Монголоо нийлүүлэн авах санаархлаа гүйцэлдүүлье гэвэл Японы Засгийн газраас тусламж эрвэл болно гэсэн санааг Өргөөгийн эрх баригчдад баттай өгөв.
Хэрэв Японы Засгийн газар санаагаа яг мэдэгдвэл, Оросын Засгийн газар Токиогийн бодлогод үл нийцэх бодлого явуулж байгаагаа хянан үзнэ. Японы Цог жавхлант Эрхэмсэг эзэн хаан Хутагтын захидалд хариу соёрхвол Орос тэрхүү хариутай танилцана. 1914 оны 1 дүгээр сарын 14 Орос улсын элчин сайдаас Японы Гадаад явдлын яамны сайдад өгсөн удаах бичгийг толилуулбаас тэр нь Кодамагийн Хүрээнд хийсэн айлчлалтай шууд холбоотой ажээ. Хүрээнд хийсэн Кодамагийн улс төрийн мэдэгдэл хэмээх нэртэй уг бичгийн талаар хийгээд оросууд хэрхэн олж авсан талаар доктор Ц.Батбаяр, Т.Наками нар бүтээлдээ дурьдсан байна.
 
Strictly confidential
Gists of some political statements made by Mr.Kodama to the Mongolian Ministers at Urga.
 
It seems desirable that the Mongolian Princes should be duly advised on the necessity of uniting all Mongols as well in Inner as in Outer Mongolia, - this being the vital condition for their political regeneration. If letters would be sent to some of the Princes namely to the hoshuns of Bairan, Charud, Aro-Karachin and Oug-nut, Mr.Kodama is prepared to forward such letters to the addessees.
Owing to the good relations existing now between Russia and Japan, the latter is not inclined to contrary the Russian wishes. Therefore the Da lama, on his arrival to Harbin, could not proceed further and was not received by the Japanese authorities. Nevertheless Japan, although she was tied by the rules od international intercourse, will never forget the good intentions towards her of the Da lama and the latter’s mission – unfulfilled as it remained – still produced a good moral effect and surely shall bring good results in future.
To ask anybody’s friendship or protection without offering some compensation is not a sound policy. Japan has not the intention to make territorial acquisitions in Inner Mongolia; her object there is the construction of a railway for the development of her commercial intereset. Practically the land in that region is owned either by Mongols or by Chinese which fact is well known to Japan and the construction of the said railway can in no case mean any territorial encroachments from the part of the Japanese. Friendly proposals of the Mongolian Government on this subject would be readily taken in consideration by Japan. Japan shall surely obtain the right to construct the above mentioned railway from the Chinese Government but in such case Japan will be obliged to back China to the detriment of Mongolia, as the Chinese should then be able to increase the number of their troops in Inner Mongolia. This point is so much the more important as the attack of Outer Mongolia is planned by the Chinese in the north west direction from Taonanfu. On the contrary Japan having its special interest in Inner Mongolia and opposing the despatch of Chinese troops to that region, it shall not be easy for China to insist and to enforce in practice such a measure. (p.732)
 
Хутагтын захидал хэмээн нэрлэгдээд байгаа Монгол улсын эзэн хаан Богдоос Япон улсын Эзэн хаанд хаягласан, Орос, Японы гадаад харилцааны дипломатуудыг сүрхий сандралд оруулсан тэрхүү захидлын цаашдын хувь заяаны талаар мөшгин үзэх аваас үнэхээр сонирхолтой ажээ.
1914 оны 2 дугаар сарын 20 ны өдөр Япон улсаас Орос улсад суугаа элчин сайд Мотоногоос Япон улсын Гадаад явдлын яамны сайд Макинод явуулсан захидал байх бөгөөд (уг захидлыг 3 дугаар сарын 11 ны өдөр хүлээн авсан гэж тэмдэглэжээ –О.Б) түүнд өгүүлэхдээ ”Элчин сайд Мотоно Япон улсын Гадаад явдлын яамны сайд Макинод мэдүүлэх нь Энэ хэргийн (Богдын захидлын тухай хэлж буй –О.Б) тухай 1 дүгээр сарын 29 ны өдөр ирүүлсэн Таны захидалд Хутагтын захидал гэгчийг битүүмжилсэн хэвээрээ Токиод суугаа Орос улсын Элчин сайдад буцаалаа гэжээ. Агуулга нь үл мэдэх байдалтай тул манай газарт суугаа Осакагийн өдөр тутмын сонины сурвалжлагч Фүсэ Кацужид Монголын төлөөлөгчдөөс үзүүлсэн тус захидлын нооргийн орос орчуулгыг тус хүнээс олж авлаа. Үүнд орчуулгыг хавсарган Таньд илгээв гэжээ.
Үнэхээр Японы тал Оросын хардлагаас болгоомжилсон байж болох талтай Хутагтын захидлын агуулга Японы талд сонин байсан бизээ. Харин Богдын нэрээр хаягласан Монголын эл захидал дотор Кодамагийн тухай өгүүлсэн нь бага зэргийн алдаа болсон байж болох боловч уг захидал нь Кодамагийн айлчлалаас үүдэлтэй биш байх хэмээн санана. Учир нь Монголын Засгийн газрын төлөөлөгчид Англи, Франц, Япон зэрэг таван улсын Эзэн хаанд өргөн барих захидал авч явсан тул уг захидлыг тийнхүү ”Кодамагийн айлчлалаас үүдэлтэй” хэмээн үзэх нь арай гоомой болох болов уу хэмээн санана. Үүний учирыг Богдын захидлын дотор дурьдагдаж буй Монголын талаас удаа дараа Японы эзэн хаанд хандсан байдлаас харсан ч ойлголгогдох болов уу гэж санана. Монгол улсын эзэн хаан Богд хааны Япон улсын эзэн хаанд хаягласан захидлын бүрэн бус монгол Монгол улсын архивт буй билээ. Харин уг захидлын орос орчуулга буюу Монголын Ерөнхий сайд Намнансүрэнгийн Хаант Оросын Гадаад ядлын яамны сайд Сазановт барьсан бичиг дотор ”уул бичгийн эхийг ёсоор сийрүүлэн орос үсгээр орчуулан хүргүүлсэн” хэмээн дурьдагдсанчлан Богд хааны захидлын орос орчуулга8 Японоос Орост сууж байсан элчин сайд Мотоно сангаар дамжин Японы Гадаад харилцааны яамны сайд Катод хүрсэн байна. Ийнхүү Богдын захидал орос хэлнээс япон хэл дээр хөрвүүлэгдэн эдүгээ хүртэл Япон улсын Гадаад харилцааны яамны архивт хадгалагдсаар байна. Одоогоос 92 жилийн өмнө Монгол улсын эзэн Хаан Богд Жавзандамбаас Япон улсын эзэн хаанд хандаж бичсэн уг захидлын агуулгыг Монгол Улсын Үндэсний архивт хадгалагдан буй бүрэн бус монгол эх, Японы гадаад явдлын яамны архивт буй япон эх (Японы Тохокугийн их сургуулийн профессор, монголч эрдэмтэн Ока Хироки гуай монголчилж өгөв-О.Б), орос хэл дээр тухайн үедээ орчуулж, хожим уг байдлаараа хадгалагдан үлдсэн орос эхийг харьцуулан байж аль болох бүрнээр тодруулахыг оролдов.
 
МОНГОЛ УЛСЫН ЭЗЭН ХААН ХИЧЭЭНГҮЙЛЭН ИХ ЖИБИН УЛСЫН ЭЗЭН ХААН ТАНЫ АМГАЛАНГ ЭРМҮЙ
 
Мөнөөхөн уржнан өвөл Монголчууд бид нийт бүхнээр эртнээс тогтносоор ирсэн өөрийн газар орон ба шажин суртаал ёс журмыг алдагдах үгүйгээр сахих учир Чин улсаас салаад өөртөөн тогтнож, өөрөө эзэрхэх улс төр байгуулсан тухай дор мөхөс улсын Засгийн хэрэг шийтгэх газраас (миний Засгийн газар гэж буй – Япон орчуулгад) гэрээ байгуулан, худалдаа нэвтрүүлж, улсын найрамдлыг зузаатгахыг эрж, эрхэм улсын Засгийн хэрэг шийтгэх газар мэдэгдэн явуулсан нь, зөвшөөрөн хүлээсэн хариу бичгийг хараахан хүлээн аваагүй бас ноднин өвөл цаг тусгайлан (япон эхэд миний – О.Б) Дотоод яамны эрхэлсэн сайд чин ван лам Цэ (Да лам Цэрэнчимэдийг хэлж буй –О.Б) нарыг томилон улсын бичгийг хичээн өргөж, хичээнгүйлэн их хаан таны амагаланг эрхээр илгээсэн боловч зам үл нэвтрэх учир зуураас эгж иржээ. (Эдүгээ бас Бүгд ерөнхийлэн захирах сайд номун эзэн Сайн ноён хан На нарыг томилон- эдгээр үгс япон орчуулга болон орос орчуулгад байхгүй байна - О.Б) улсын бичгийг хичээн өргөж хичээнгүйлэн их хаан таны амгаланг эрж, хоёр улсын үүрд сайнаар найрамдаллан ард хүмүүнээр урт даган энх түвшнээр жаргахыг хариу илтгэхийг хүсэж илгээвэй. Олдвоос хүргэсэн цагт зөвшөөрөн хүлээн авах ажаам уу.
Жич хичээнгүйлэн айлтгах нь:
Мөхөс улсын өөртөө тогтнох өөрөө эзэрхэхийг Орос улс зах нийлэн он удсан айлын (энэ хүртэлх үгс Монгол улсын Үндэсний төв архивт буй ажээ. Харин үүнээс хойш архивт бүтэн үлдээгүй хэсгийг япон болон орос орчуулгыг харьцуулан үзэж монгол хэл дээр зохиосон уг эхийг сэргээхийг хичээлээ –О.Б) ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус улс манай улсын хооронд гэрээ ба худалдааны гэрээг байгуулсан болохыг Танд хичээнгүйлэн айлтгамуй.
Манай Өвөр Монгол болбоос Хятадтай хил залгаа орших бөгөөд маш их хохирол амссаар буй. Эдүгээ Хятадын цэрэг Өвөр Монголын нутагт түрэмгийлэн орж, (япон орчуулгад - эх оронд буцах замд) сүм хийдийг түймэрдэн устгаж хөгшин нялхас, эр эмийг ялгалгүй алан хядаж эд хөрөнгө малыг тонон дээрэмдэж буй. Учир иймд Монголчуудын ихэнх нь (орос эхэд - хүчинд автан) нүүрэн дээрээ Дундад улсад даган орохыг зөвшөөрөвч далдуур тасралтгүй бидэнд сахин хамгаалахыг хүсч баймой. Үүнд мөхөс манай засгийн газар өшөөт дайсныг сөнөөхийн төлөө олон замаар цэргээ хөдөлгөжээ. Харин хурц зэвсэг хараахан үлэмж үгүй дор зах хязгаарыг бүрэн бүтэн батлан хамгаалж чадаагүй байна.
Мөнөөхөн эрхэм улсын түшмэл Кодама Хүрээнд ирэхэд манай (япон эхэд – миний) засгийн газраас тус түшмэлд Япон, Монгол хоёр улсын хооронд найрсаг харилцааг тогтоон, эрхэм улс бээр Өвөр Монголд төмөр зам тавих эрхээ олж үүгээр Хятадын цэрэг Өвөр Монголын нутагт цөмрөн орох замыг хаах хүслийг дурьдсан билээ. Үүнд тус түшмэлээс бидний хүслийг өөрийн засгийн газарт уламжлахыг амлажээ. Тиймийн тул энд би Эрхэм хаан танд шударга журмын төлөө тусламж олгохоос татгалзахгүй, соёрхвоос Хятадын засгийн газарт хүчлэн ухуулж, Өвөр Монголын нутгийн дотор тэдний цэргийг оруулахыг зогсоож, бидний Ар, Өвөр Монгол овогтон эртнээс бүгдээр нийлэлдэн үндсийг (орос эхэд - үндэс, шашин гэж буй О.Б) бүрэн бүтэн болгох хэмээсэн бидний эрмэлзлэлд туслахыг гуймой.
Уг нь манай мөхөс улсаас урьдаар бүрэн эрхт элчийг томилон илгээх нь зүй боловч замдаа саатан зорьсондоо хүрч чадаагүй бөгөөд шударга журмын үйлийг завсардуулахыг үл хүсэх тул би Эрхэм хаан танд хүсэх нь олдвоос байцаан толилж, таны засгийн газарт зарлиг буулгаж бүрэн эрхт элчийг манай улсад томилон илгээж тус элчээр манай улс байгуулах ажилд туслуулан хоёр улсын хоорондын үүрдийн найрсаг харилцааг бататгах ажаам уу. Буурай улсын эзэн би олон түшмэл, сайд, шар, хар бүгдээр сүслэн биширч үүнийг угтан хоорондын найрамдлыг улам зузаатгахаар чармайн зүтгэвэл зохимой.
Үүний тул би бээр Эрхэм хаан таныг хүндэтгэн миний гуйсан (орос эхэд -хүсэлтийг) (япон эхэд – явдлыг) соёрхолдоо багтаан авч хариу шагнахыг хүсмүй. Үүний тул Монгол улсын хаан Жавзандамба ёслов. Олноо өргөгдсөний гутгаар он Өвлийн эхэн сарын арван еснөө Нийслэл Хүрээнээ бичив” хэмээжээ. Богд хааны Японы эзэн хаанд өргөн барьсан захидлын бүрэн бус монгол эх Монгол улсын Үндэсний төв архивт буй. Тэрхүү Богдын захидлын монгол эхийг Сайн ноён хан Намнансүрэн нар Орос улсаас Нийслэл Хүрээнээ эгж ирэхдээ авч ирсэн байна. Архивын сурвалжид тэмдэглэгдснээр ”Шавь боол На, У, Цэ, Чи сөгдөж хичээнгүйлэн айлтгах нь
Шавь боолчууд Зарлигийг дагаж Орос улсад зарагдан одож тушаалын хэрэг дуусч Нийслэл Хүрээнээ ирж, Дээрхийн гэгээнээ бараалхан мөргөсөн зэрэг явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгахдаа “Их Орос улсын хаан эзний амгаланг эрж улсын бичиг бэлэг ба эрдэнийн очирыг өргөн барьж гүйцэтгэн басхүү тэдний засгийн газар лугаа улсын хэргийг удаа дараа хэлэлцсэн ба бичиг өгсөн бас ч улс төрийн чухал зүйл учирыг тодорхойлон өөрийн саналыг илтгэж олон улсын элчин сайдад бичиг өгсөн” зэрэг явдлыг тодорхой дүрслэн бичээд
• Зарлигаар шагнан олгуулсан бүрэн эрх барих элчин сайдын тамгыг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаа,Орос улсад одоход Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаас хүлээн авсан ба бас ч эл зүйлийг зарсан зэргийг тодорхойлон тайлан бодуулах данс хоёр дэвтрийг Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаа
• Их Орос улсын зэрэг гадаад улсын сайдууд түшмэдэд эрдэнийн очир шагнасаныг тэмдэглэн бичсэн дансыг Гадаадын яамнаа тус тус шилжүүлэн хүргүүлж
• Их Орос улсын хаан эзнээ бараалхсан ба засгийн газар лугаа хэлэлцсэн зэрэг олон зүйлийн хэргийг Засгийн газраа явуулсан ба Засгийн газраас илгээсэн цахилгаан мэдээг сийрүүлэн бичсэн данс хоёр дэвтэр бас Их Орос улсын гадаад хэргийн яам ба Ин, Фа зэрэг олон улсын элчин сайдуудад өгсөн бичгийн эхийг сийрүүлэн бичсэн данс нэгэн дэвтэр мөнхүү Орос Улсын Гадаадын хэргийн яам жич Хятад улсын зэрэг олон улсын элчин сайдаас хариу өгсөн Орос, Хятад үсгийн бичиг, Ин10, Фа11 зэрэг таван улсын хаан эзнээ өргөх хэмээсэн улсын бичиг таван дугтуй, басхүү Их Орос улсын түшмэл Козинг Сангийн яамнаа авах учир тогтоосон гэрээ бичиг нэг, бас аливаа явсан хэлэлцсэн хийсэн хэргүүдийг өдөр дараалан тэмдэглэсэн данс нэгэн дэвтэр, басхүү Их Орос улсын зэрэг гадаад улсын сайдууд түшмэдэд эрдэнийн очир шагнасаныг сийрүүлэн тэмдэглэсэн данс нэгийн хамтаар толилуулахад бэлтгэж бүрнээ хуучин удаагаар Бүгд ерөнхийлэн захирах яамнаа шилжүүлэхээр айлтгаад Богдоос “зарлиг мэдэв” хэмээн улаан бийрээр цохьсоны дагуу мөн өдөр уг зүйлсийг дагалдах бичгийн хамт холбогдох яамдад хүргүүлсэн хэмээн архивын сурвалжид тэмдэглэгдэн үлджээ.
Энэхүү айлтгал дотор дурьдагдан буй “Ин, Фа зэрэг таван улсын хаан эзнээ өргөх хэмээсэн улсын бичиг таван дугтуй” хэмээсэн нь Англи, Франц, Япон зэрэг орны эзэн хаадад өргөх хэмээсэн захидлууд даруй мөн буй за хэмээн бодно. Гадаад улсын хаан эзнээ өргөх хэмээсэн улсын бичиг нь эрх биш улсын хааны нэрээр бичигдсэн байх учиртай. Харин Богдын эдгээр захидлын эх бичгүүдийн талаар тэр бүр бичихгүй буюу бид судалгаандаа орхигдуулах явдал гарсаар байна. Үүнийг бага боловч нөхөх үүднээс Япон улсын архивт хадгалагдан буй Богдын захидлын орос орчуулгаар дамжсан япон хэл дээрх эхийг Монгол улсын архивт буй Богд хааны Япон улсын эзэн хаанд илгээсэн захидлын бүрэн бус монгол эх болон Зөвлөлт Холбоот улсын “Красный архив” сэтгүүлийн 1929 оны дугаар 6- д хэвлэгдсэн “Перевод письма Ургинского Хутухты на имя Японского императора” гэсэн гарчиг бүхий орос эхтэй харьцуулан байж, Богд хаанаас Японы эзэн хаанд хаягласан захидлын монгол эхийг сэргээхийг хичээлээ.
 
Дээр дурьдсан захидлуудын агуулга үндсэндээ тохирч байгаа боловч Богд хааны захидлын бүрэн бус монгол эхэд “Сайн ноён хан Намнансүрэн нарыг томилон” гэсэн үгс байгаа бол эдгээр үгс орос болон япон эхэд байхгүй байна.
Богд хааны захидлын агуулгыг тодруулан үзэх аваас юуны өмнө Монгол улс Япон улсын хооронд найрсаг харилцаа тогтоох, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, өөрийн орны тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд Япон улсаас тусламжыг олох хэмээсэн санаа тод харагдаж буйн зэрэгцээ Өвөр Монголын талаар ихэд санаа тавьсан нь илт байх бөгөөд магадгүй Өвөр Монголыг Японы ивээл дор оруулах нь Хятадын гараас мултрах нэг арга хэмээн үзэж байсан ч байж болох юм хэмээн бодож байна. Японы эзэн хаанд Богд хааны нэрээр явуулсан захидалд Монголын талаас 1911 онд тусгаар тогтнолоо тунхагласнаас хойш ийнхүү 3 дахь удаагаа хандаж буйгаа ч дурьдсан буй нь Монгол улсаас үнэхээр Япон улстай харилцаа тогтоох чин эрмэлзэлтэй буйгаа илтгэн харуулсан хэрэг буй за. Нөгөө талаас Өвөр Монголын асуудлыг ийнхүү Японд хандан тавьдаг нь Орос Японы гэрээний цаад агуулгыг гадарлаж байсан хэмээлтэй байна. Учир нь Монголын төлөөлөгчид Орост очсоны дараа Өвөр Монголын асуудлыг эхлээд Оросуудад хандан тавьсан боловч дараа нь бас Японд хандан эл талаар хүсэлт илэрхийлж буй нь тухайн үеийн олон улсын байдал хийгээд дэлхийн томоохон гүрнүүд болох Орос, Япон хоёрын гадаад бодлогоос Монголын байдал ихээр хамаарч байсан болохыг мэдэрч байсан хэрэг хэмээн бодно.
Харин захидлын дотор Кодама хэмээгчийн тухай өгүүлсэн нь бага зэргийн алдаа болсон байж болох юм, гэхдээ уг Кодама хэмээгч өөрөө их зүйл амалж, Японы Засгийн газрын төлөөний түшмэл байж болзошгүй гэсэн сэтгэгдэл Монголын Засгийн газрын түшмэдэд төрүүлсэнтэй холбоотой байх. Үүнийг Японы Засгийн газар шалтаг болгосон болохоос бус үнэндээ Кодама хэмээгчийг дурьдсанаас Богдын захидлыг эзэн хаандаа өргөхөд бэрхшээлтэй хэмээн үзээгүй байх. Хэргийн учир нь Оросын хардлагаас болгоомжилсонтой холбоотой байж болох юм. Монголчууд үүнийг сайтар тооцоолсоны үндсэн дээр уг захидлыг Оросын Гадаад харилцааны яамаар дамжуулан Япон Засгийн газарт хүргүүлсэн хэмээн үзүүштэй санагдана. Гэвч асуудлын мөн чанар юунд байна вэ гэхээр 1910 аад оны үеэс Японоос Монголын асуудлыг маш ихээр сонирхон судалж өөрийн анхааралд байлгаж байсан боловч яагаад уг асуудалд ингэж хандах болсон бэ гэдэгт буй юм.
Богдын захидлын агуулга хийгээд Да Лам Цэрэнчимэдийн Японд очих гэсэн чин эрмэлзлэл, Сайн ноён хан Намнансүрэнгийн Японы Засгийн газарт ирүүлсэн бичиг бүгдийг Японы Засгийн газар, Гадаад яам сайтар мэдэж байсан төдийгүй, бараг цаг хугацаа алдахгүйгээр Монголын үйл явдлын талаар мэдээлэл авч байсан нь хүртэл эдүгээ Японы архивт буй материалаас харагдаж байна. Японы Засгийн газраас Монголын талаар ийм хоёрдмол бодлого баримтлахад хүргэсэн зүйлс юу байсан талаар цаашид нарийвчлан судлууштай хэмээн бодож байна. Ихэнх судлаачид Богдын Японы эзэн хаанд хаягласан захидлыг задалж уншилгүйгээр Японы Гадаад явдлын яамны сайд Макино буцаалаа хэмээн үзээд уг асуудлыг дуусгавар болгосон байдаг билээ. Оросын Гадаад хэргийн сайдын Эзэн хаандаа өргөн барьсан айлтгалд энэ талаар өгүүлэхдээ:
“Японы Засгийн газар энэ асуудлаар ухаалаг шийдвэр гаргаж, Японы эзэн хаанд илгээсэн хутагтын захидлыг буцааж өгөхөөр болсон ба үүний хамт Кодама нь өөрийн засгийн газраас ямар ч даалгавар аваагүй хүн бөгөөд монголчууд л өөрсдөө Өргөөд түүний ирсэн явдалд үнэнээс зөрүүтэй дүгнэлт хийж ханджээ” хэмээн дүгнэсэн байна. Оросын сайд цааш өгүүлэхдээ “Кодаматай хэлэлцсэн ярианыхаа товч мэдээнд Ханд ван нотолж буйгийн эсрэгээр Хутагтын захидалд Өвөр Монгол дахь төмөр замын концессыг Японд олгох төсөл нь Кодамагаас гарсан бус Монголын сайд нараас гарсан тухай өгүүлж буйг шударга байхын үүднээс би тэмдэглэх ёстой. Үүнийг бидэнд Сайн ноён хан бас баталж байсан” хэмээжээ. Мөн сайд Монголчуудаас Японд хандсан эл оролдлогыг “монголчуудыг нэгтгэх болох Хятадаас газар нутгаа салгах авах ажилдаа Монголын захирагчаас Японыг татан оролцуулах гэсэн хүүхдийн оролдлого” хэмээн нэрлээд “энэ явдал нь монголын шинэ залуу засгийн газрын хувьд улс төрийн бодлогын сургамж болж байна” хэмээн бичсэн байна.
Миний бодоход эл асуудал үүгээр дууссангүй. Учир юун хэмээвээс Японы Засгийн газар Богдын захидал ирэхээс өмнө ч тэр ирсний дараа ч тэр Монголын асуудлыг маш идэвхтэйгээр сонирхон судалж байсан билээ. Тэр ч бүү хэл энэхүү Хутагтын захидлын мөрөөр Японы Засгийн газар нэг хэсэг хугацаанд нилээд ажиллагаа явуулсан байна. Энэ талаар дор өгүүлэх баримт бичгүүдээс маш тодорхой харагдах болно. Мөн түүнчлэн Богдын захидал гэж нэрлэнэ үү, Хутагтын захидал гэж нэрлэнэ үү аль нь байсанаас үл хамааран ямар ч гэсэн Монголын тухай асуудлыг 1914 оны эхний хагаст дэлхийн томоохон гүрнүүд болох Англи, Америк, Франц, Герман улсуудын парламент болон Засгийн газар тодорхой хэмжээнд авч хэлэлцэхэд хүрсэн явдал бол тухайн үеийн монголчуудаас дэлхийн олон нийтэд хандаж явуулсан гадаад бодлогын тодорхой үр дүн мөн хэмээн үзэж байна. Монгол улсын Богд тэргүүтэй Засгийн газраас авч хэрэгжүүлсэн эдгээр арга хэмжээний мөрөөр аль улс хэрхэн хандаж буй талаар Японы Засгийн газар, түүний Гадаад явдлын яам ихэд шимтэн сонирхож, дипломат шугамаар маш нууц байдлаар нилээд үйл ажиллагаа явуулсаныг хийгээд Монголын талаарх дотоод гадаад аливаа мэдээллийг цаг алдалгүй авч байсаныг маш анхааралтай судалж үзүүштэй санагдсаныг нуух юун.
Хятадын Засгийн газар Монголын Засгийн газраас Хятадад дахь гадаадын улс гүрнүүдийн консул нарт хандан бичсэн захидлын талаар 6 дугаар сарын 6-ны өдөр сониноос олж мэдсэн байхад түүнээс гурав хоногийн өмнө буюу 6 дугаар сарын 3-ны өдөр Японы Засгийн газар энэ талаарх мэдээллийг өөрийн гарт оруулсан байдаг билээ. Мөн түүнчлэн Нийслэл Хүрээнээс Монголын Засгийн газрын захидал Хятадад суугаа гадаадын улсуудын консул нарт хэрхэн очсон талаар Хятадын тал сониноос мэдүүт уг захидлын мөрөөр гадаадын консул нараас мөрдөж лавласан байна. Энэ талаар эрдэмтэн Наками өөрийн бүтээлдээ тэмдэглэжээ. Түүний тэмдэглэснээр Хятадын албаныхны асуултад Америкийн консул ”Тэр захидал ирсэн бөгөөд түүний агуулга нь сонинд хэвлэгдсэнтэй нийцэж байгаа, энэ нь албан ёсны бичиг бөгөөд дээр нь Богдын тамгатай бөгөөд англи орчуулгатай хавсаргасан байна” гээд харин ”хаанаас ямар шугмаар ирсэн бэ” гэсэн асуултад ”томилогдсон хүн авчирч өгсөн” гээд захидлыг өгсөн хүний тухай хэлээгүй байна. Харин Английн консул ”Харбинаас Монгол Түвдийн хорооны нэгэн ажилтанд уг захидлууд хүргэгдэж, улмаар тэрбээр Англи, Америк, Герман, Франц улсуудын консулт хүрсэн” болохыг хэлсэн байна. Тэрхүү Монгол Түвдийн хорооны ажилтан бол Лан хэмээх бөгөөд Хятадад дургүй хүн тул монголчууд түүнд итгэж захидлыг түүгээр дамжуулсан хэрэг ажээ. Японы Эзэн хаанд хаягласан, эзэндээ хүрээгүй битүүмжлэгдсэн хэвээрээ буцсан Богдын захидал хэмээхийн агуулга нь Япон улс төдийгүй дэлхийн улс гүрнүүдийн хэмжээнд хэлэлцэгдсэн явдал нь Монголчуудын түүхэнд сонирхол татахуйц содон үйл явдал болсон хэрэг мөн буй за. Ийнхүү Монгол Улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагтаас Япон улсын Цог жавхлант эрхэмсэг эзэн хаанд илгээсэн захидлын талаар тодруулж үзвэл, Монгол улсаас тухайн үед зөвхөн Япон төдийгүй АНУ, Англи, Герман, Франц гээд бүхий улсуудад захидал илгээснийг мэдэж болохоос гадна тэдгээр орнуудын засгийн газар Монголын асуудлыг тодорхой хэмжээнд хэлэлцэж, өөр хоорондоо харилцсаныг ч харж болохоор байна.

 

Энэ бол Монголын эзэн хааны захидал тодорхой үр дүнд хүрсэн хэрэг хэмээн үзүүштэй болохыг илтгэн харуулж байна.
 
О.Батсайхан, Түүхийн шинжлэх ухааны доктор
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?