ЭРТНИЙ ЕГИПЕТ ОРОН, БУУРАЛ КАИР ХОТ (ҮРГЭЛЖЛЭЛ)

2021-01-06  

    Каирын төв музей, Тутанхамон хааны шарил. Музейн хоёрдугаар давхарт сонирхолтой үзмэр олноороо байв. Энэ давхар нь Эртний Египетийн алдартай хаан Тутанхамонаараа илүү нэршдэг аж. Есөн настайдаа хаан ширээнд сууж манай эриний өмнөх 1352 оноос есөн жил хаанчлаад 18 настайдаа нас барсан түүхтэй аж тэр хаан. Түүнийг оршуулсан бунхнаас эртний Египетийн их хаан Рамсес, Тети нарынхаас илүү их үнэт эдлэл олдсон юм байна. Алт мөнгөн тоноглолтой тэрэг, алтан сандал, хааны алтан титэм, алтан таяг, алт мөнгөн зүүлт чимэглэлүүд, нум сум, зааны ясаар сийлж алтадсан наадгай гээд хэдэн зуун үнэт эд зүйлс гарсан нь судлаачдыг гайхашруулдаг юм байна. Эдгээр нь хэд хэдэн өрөө тасалгаа эзлэн бунхлагдсан байжээ. Олсон эд зүйлийн бүрэн бүртгэл тэмдэглэлийг гаргахад экспедицийн ахлагч Г.Картер бараг 10 жил зарцуулсан гэнэ.

         

   Тутанхамон хааны авсыг нээж буй Г.Картерын зураг                

       

Бунханд хураалттай байсан үнэд эд агуурс

Нийт 5400 орчим нэрийн эд зүйлсийг нарийвчлан бүртгэж авсан гэх бөгөөд түүнээс 1700 гаруйг нь Каирын музейд шилжүүлсэн аж. Луксор дахь хаадын хөндийд малтлага хийж байсан Английн археологч Говард Картерын экспедиц энэ хосгүй олдворыг одоогоос бараг зуун жилийн өмнө буюу 1923 оны хавар анхлан олж нээсэн түүхтэй юм. Говард Картерын энэ экспедицийг Английн Лорд Жорж Герберт Карнарвон гээч баян ивээн тэтгэгч  санхүүжүүлж байсан юм билээ. Түүний санхүүжилтээр хэд хэдэн удаагийн малтлага хийгээд туршлагажиж бас ч гэж элдэв шарил бунхан өмнө нь олж нээчихсэн байсан эдний экспедицийнхэн тэр удаа өөрсдөө ч нүдэндээ итгэхгүй гайхширч байсан гэнэ.

Тутанхамон хааны алтадмал хүрэл хөшөө. Хааны залардаг байсан алтан сандал. Арын хатуу модон түшлэгт нь хаан хатан хоёрыг зурж сийлчихсэн байсан нь Тутанхамон хаан хатантайгай хамт дүрслэгдсэн анхны тохиолдол аж.                                         

  Газар доор бунхалсан эхний өрөө тасалгаадаас өдий төдий алтан эдлэл олчихоод нүдэндээ итгэж ядаж байсан тэдний нэг археологч дахиад хоёр хаалга цаахантай байгааг нь анзаарч гэнэ. Тэгээд л нэг хаалгыг нь онгойлгоод ороход тэр өрөөг бараг бүхлээр нь эзэлсэн асар том модон хайрцаг байж. Урт нь 5.11 метр, өргөн нь 3.35 метр, өндөр нь 2.74 метр энэ том хайрцгийг алтадмал ялтсан туузаар бүслүүрдсэн байсан гэнэ. Хайрцгийг задлахад яг л оросын матрёшка шиг дотор дотроо орсон бас алтадсан чимэглэлтэй гурван хайрцаг, эцэст нь томоос том шаргалдуу боржин чулуун авс гарсан аж. Авсны чулуун тагийг сөхсөн  экспедицийнхэн уг авсанд оршуулсан эрхэмийг байгаагаар нь алтмалдан зурсан модон таг харцгаажээ. Тэрхүү гоёмсог модон тагийг нээснээр алтан масктай Тутанхамон хааны занданшуулсан шарил илэрсэн түүхтэй юм байна

  

Шарил хадгалж байсан гурван давхар хайрцагны нэг нь.      

Хааны алтадмал тагтай энэ авс хайрцагнаас гарчээ

     Хааны шарилтай өрөө, авсыг нээгээд буй байдал       

            

Тутанхамон хааны алтан маск

Зөвхөн алтан маск буюу Тутанхамоны энэ алтан баг нь 11 кг жинтэй аж. Хааны бунхнаас гарсан алтан эдлэл нь 110,4 кг болсон гэнэ. Жуулчдын томоохон компани, олон одтой зочид буудлын танилцуулга, жуулчдад зориулсан ном товхимолын нүүр хуудсыг энэхүү алтан баг чимэх нь ч олонтоо. Гүйлгээнд хамгийн их эргэлддэг Египетийн 1 фунт дээр Тутанхамон хааны алтан багийг цохимолдсон байдаг аж. Тутанхамон хааны бунханг олж илрүүлсэн энэ Луксорын хөндийд манай эриний өмнөх таваас найман мянган жилийн тэртээд эртний Египет орныг захирч байсан 63 хааныг оршуулж бунхалсан байжээ. Эдний тав зургаан хааных нь занданшуулсан шарил Тутанхамон хааных шиг боломжийн хадгалагдаж ирснийг нь Каирын музейд үзмэр болгон тавьсан байх юм. Эртний хаад, язгууртнуудын занданшуулсан шарил гэдэг нь шилэн хоргонд нэг ийм өнгө төрхтэй хадгалагдаж байх юм. 

 

Тав зургаан мянган жилийн өмнөх хүн, түүний бие мах бодь шүү дээ. Энэ хэсэгт зураг авахад төдийлэн хориглохгүй юм билээ. Зураг авах нэмэлт төлбөр төлөөд зөвшөөрлөө авдаг журамтай юм. Хөтөч К.Көкен зөвлөх маань энэ бүхнийг зохицуулж байсан болохоор нэмэлт үйлчилгээний үнэ төлбөрийн тарифийг тухайн үед асууж лавлаагүй орхижээ би. Тутанхамон хааны алтан австай шарилын тэр хэсэгт л зураг авахыг хориглож байх юм билээ. Тэгэхдээ над мэтийн зарим паппарацч музейн үйлчлэгч нарын нүд хариулж байгаад ганц нэг зураг дарж орхих нь тийм ч ховор үзэгдэл биш бололтой. Утасныхаа камераар ч эвийг нь тааруулаад сэм зураг авчих боломжтой тийм эрин юм бидний энэ цаг үе... Каирын энэ гайхамшигт музейг гүйх шахуу яаруухан үзэхэд гурван цаг орчим болж байна лээ.  

    Каир цамхаг. Эндээс бид Египетийн нийслэлийн бас нэгэн билэг тэмдэг гэгдэх Каир цамхагийг үзэж сонирхохоор явцгаав. Музейгээс ч холгүй юм. Телевизийн антенны үүрэг бас гүйцэтгэдэг аж энэ цамхаг. 

              

Том хэрмэн хашаатай, хашааныхаа үүдэнд цэрэгжсэн харуул хамгаалалттай байв. Цамхагийн гол хаалганы дээхэнтэй Египетийн төрийн билэгдэл болох хар толгойтой хан шувууг байшингийн хананд том талбай эзлүүлэн байрлуулсан нь хэн хүний нүдэнд онцгой харагдах ажгуу. Улс орноо дээдлэх талд энэ нь учир холбогдол ихтэй биз ээ.  

                                                                

Аюулгүйн үзлэг шалгалтыг өнгөрөөд хагас цаг гаруй дараалалд зогсож байгаад бид дотогш нэвтэрлээ. Билет тасалбараа авчихаад цамхагийн хөлийн танхимд дахин хориод минут хүлээцгээв. Танхимын ханыг Египет орны эрт эдүгээгийн амьдрал түүхийг харуулсан уран зургаар хулдчихаж. Мэдээлэл талаасаа ч урлаг соёлын бүтээл талаасаа ч их сонирхолтой юм. Эргэн тойрноор нь явж зураг бүтээл шимтэн үзэж явтал бидний ээлж ирж цахилгаан шатаар цамхагийн дээхнэ хэсэгт гарч ирцгээлээ. Явган шатаар бага шиг өгсөж цамхагийн гадаах тавцанд хүрэх юм. Тавцан дээр аялагчид олон байлаа. Торон хашлагатай энэ тавцангаас Каир хотын төв хэсэг ийн харагдаж байв.

 Бүр нарийвчлан харах дуран авиа ч тэнд хэд хэд зоолттой байна лээ. Задгай фунт хийж байж үйлчлүүлдэг аж. Өдөр аяласан Каирын төв хэсгийг дээрээс нь ийн тольдож байгаад бид дотогшилж цамхагийн эргэдэг ресторанд оройн хоолонд орцгоов. Ресторан нь 15 ширээтэй, нэг ээлжиндээ 70 аад хүн хүлээн авах боломжтой гэж танилцуулгад нь бичсэн байна лээ. Европ, ази, араб цэсийн хоолоор үйлчилдэг аж. Бүр арабуудын халал ёс заншлаар бэлтгэсэн хонь хурганы махтай төрлийн хоол ч байдаг аж. Көкен гэх туршлагатай хөтөчтэй яваа болохоор европ, ази хоол, бас арабын халал аргаар бэлтгэсэн хонины шарсан хавирга захиалж үйлчлүүлцгээв. Ус ундаа, араб цай, амттан, араб шар айраг хүртэцгээлээ. Бүтэн цаг үйлчлүүлэнгээ харуй бүрийн Каир хотыг тал тал руу нь тольдож танилцав. Цонхоор зураг ч авлаа.

Хоёр гурван өдөр үүгээр түүгээр нь яваад үзчихсэн болохоор танил байшин барилга, талбай, гүүр, бүр нөгөө алдарт Гизагийн пирамидийг ч 200 метрийн энэ өндрөөс дахин нэг харав. Каирын энэ цамхагийг 1956 онд Египетийн нэрт архитекторч Наум Чебибийн зураг төслөөр таван жил барьж 1961 онд ашиглалтад оруулсан түүхтэй юм байна. Анхандаа энэхүү цамхагийг телевизийн антеннын зориулалтаар ашиглахаар зураг төсөл хийж байсан боловч ард иргэдийн хүсэлтээр бага шиг нэмэлт хийж үйлчилгээний хэсгүүдийг нэмсэн гэх юм билээ. Сүүлд дахин нэмэлт өөрчлөлт оруулж дээд хэсэгт нь дөрвөн давхар байшинтай тэнцэхүйц барилга байгууламж нэмж барьсан нь бидний үйлчлүүлсэн тэр ресторан, мөн Каирыг өндрөөс харах, дурандах боломжтой тэр хашлагат тавцан юм байна. Өндрийн энэхүү хэсгийг нэмж барьснаар Каирын цамхаг 200 метр өндөр болжээ. Цамхагийн доод давхарт шөнийн клуб, караоке баар ажилладаг аж. Тэнд нь нөгөө арабуудын алдарт урлаг болох бэлхүүсний бүжиг бүжиглэж үзүүлдэг гэнэ. Цаг давчуутай аялагчид болохоор энэ удаа тэр лүү нь зүглэж чадсангүй.        

МУСГЗ Д.ЦЭДЭН-ИШ

Үргэлжлэл бий

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?