Ц.ЭНХГЭРЭЛ: ЭМЧИЙН ХҮҮХЭД Ч БАС ӨВДӨНӨ

2021-01-09  

Ганданд, одоогийн Эх Нялхсын Төвийн барилгын суурин дээр Хүүхдийн эмнэлэг оршдог байлаа. Гурван давхарт нь Чих хамар хоолойн тасаг байрлана. Ээж минь тэндхийн эмч тул өвдөх тоолондоо л тэнд л хэвтэж эмчлүүлдэг байлаа. Чих хамар хоолойн тасгийн эрхлэгч нь Намжилмаа. Цэвэлмаа, Хоролгарав, Дангаасүрэн, Нина гээд ээжтэй минь олон жил хамтдаа зүтгэсэн чадалтай, сэтгэлтэй олон сайн эмч тэнд ажилладаг байсан. Ээжийг минь Чимидхүүгийн Лиза гэдэг ч, олон түмэн Чих хамар хоолойн Лиза гэж овоглон дууддаг болсон. Насаараа хүүхдийн чих хамар хоолойн эмч, хожим Анагаахын дунд сургуульд багшилж байгаад тэтгэвэртээ гарсан ч хүмүүс зүгээр суулгаагүй. Нина эмчийн хамт Сүхбаатар дүүрэгт өрөө түрээслэн олны хүүхдийг үргэлжлүүлэн эмчилсэн. Тэтгэвэртээ гарсан ч, ээжид үзүүлэх хүмүүсийн тоо татраагүй. Хүүхэд ахуйдаа ээжид эмчлүүлж байсан хүмүүс өнөөдөр эмээ, өвөө болсон ч ач, зээ нараа барьж гүйж ирсэн хэвээр. Ээжийг маань тэтгэвэрт гарсан хойно нь төрөөс Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан. Тэр үед тодорхойлолт бичиж байхад нь хэдэн тоо ихээхэн анхаарал татаж билээ. Ээж маань их эмчээр ажиллахдаа 500000 ( хагас сая) хүүхэд үзэж эмчилж, 50,000( тавин мянган) хагалгаа хийсэн байдаг. 98 хувийн эдгэрэлттэй. Ийм л өндөр ачаалал, үр дүнтэй ажиллаж байсан байдаг. Өнөөдөр ч гэсэн ээжийн минь сургийг гаргаж чадсан нэгэн олзуурхан үр, ач нараа үзүүлсэн хэвээр.

- Хүүхдийн эмч хийнэ гэдэг амаргүй. Хүүхэд өвчиндөө болж учиргүй уйлна, заримдаа өвчнөөсөө болж татсан ирнэ. Ялангуяа, манцуйтай хүүхэд хэлд ороогүй учир, хаана нь, юу өвдөж байгааг хэлж мэдэхгүй, чадах ч үгүй. Эмч л олж тогтооно. Өвчнийг нь эмчлэнгүүт тайвширч, сайхан унтаж амардаг сан гэж ээж минь ( Ч.Лиза эмч) дурдагдсан. Ээжийнхээ зөвлөмжийг Та бүхэнд хүргэе.

Ч.ЛИЗА ( Их эмч): ХҮҮХДИЙН ДУНД ЧИХНИЙ ҮРЭВСЛИЙН ХҮНДРЭЛ

Нярай хүүхдийн " дунд" чих хуурайгаар өвдөж, улмаар хэнгэргийн хөндийд үрэвсэлт шингэн хуримтлагдах нь ихээхэн тохиолддог. Тэр нь аажмаар идээр болж, цаашлаад хэнгэргийг цоолж, бидний хэлж нэрлэж сурснаар булаг болон хүндэрч чихнээс гоождог. Ямар учраас булаг гоождог вэ? гэдгийг хэлье. Нярайн хэнгэргийн хөндийн ар талд 1х1,2 см хиртэй гонх гэдэг хөндий бий . Төрөх үед тэр хөндийд үр хөврөлийн холбогч нэхдэс байдаг. Тэр нь хүүхдийг төрмөгц шимэгдэх ёстой . Гэтэл зарим хүүхдэд шимэгдэхгүй уддаг. Тэгсээр нярайн хэнгэргийн хөндий үрэвсэхэд давхар үрэвсдэг. Мөн тэр шимэгдсэн байсан ч их хортой нян хэнгэргийн хөндийг ч бас үрэвсүүлдэг. Энэхүү өвчнийг отоантрит гонхны үрэвсэлгэж нэрлэдэг. Отоантрит өвчин нь маш их хүнд явцтай. Манай оронд, 1980-аад он хүртэл 0-1 насны хүүхдийн эндсэн цогцсонд отоантрит өвчин 95-100% илэрдэг байсан. Энэ судалгаа Монголын хүүхдийн чих хамар хоолойн эмч нарын анхаарлыг ихээхэн татсан. Миний бие энэ өвчнийг судалж, эмчлэх аргыг анх 1972 онд нэвтрүүлсэн. Чихний арын хөндийд хатгалт хийж оношлон эмчилж бас чихний араар мэс засал хийж хүүхдүүдийг эмчилснээр тухайн үед энэ өвчнөөр хүндэрч нас бардаг явдлыг 95 % бууруулж чадсан билээ. Энэ судалгаагаа эрдмийн ажил болгож, цол хамгаалаагүй ч, Эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьж, мэргэжил нэгт эмч нартаа туршлагаасаа хуваалцсан. Өнөөдөр ч гэсэн хүүхдийн чих хамар хоолойн эмч нар энэ л арга замаар эмчилж буй. Ингээд нялх хүүхдийг өвчлүүлэхгүй байх зөвлөгөөг эцэг, эхчүүдэд өгье.

НЯЛХ ХҮҮХДИЙН ДУНД ЧИХНИЙ ЦОЧМОГ ҮРЭВСЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГУУД

1. Таны хамар аманд байгаа нян нярайг амархан өвчлүүлэх чадалтай тул хацарт үнсхийг тэвчиж зулай өлгий дээр нь үнэрлэж байвал зохино.

2. Гэрт хамрын шуухниатай хүн байгаа бол амны хаалт зүүж зурших.

3. Эхийн эрүүл мэнд, ялангуяа бэлгийн замын өвчингүй байх, учир нь төрөх явцад эхийн бохир салиаг залгиснаас хүүхэд төрөхдөө чихний өвчтэй төрдөг ба тэр нь цааш гүнзгийрч амархан хүндэрдэг.

4. Хүүхдийн зулай төрөхдөө онгорхой байдаг тул төрмөгц малгайг хэсэгтээ өмсүүлэх,хөлийн улнаас дулаан байлгах,ялангуяа дутуу нярайг сайн дулаалах.

5. Жирэмсэн эх сайн чанарын хоол идэж сэтгэлийн шаналгаагүй тайван байж хөдөлж агаарт сайн гарч байх нь дархлаа сайтай чийрэг хүүхэд төрөхөд онц чухал.

6. Хүүхдийг 6 сар хүртэл заавал хөхийг нь хөхүүлэх, хэрэв цатгахгүй бол хөхөнд сүү оруулах будаа идэж эм уух, хөхөнд зүү тавиулах .Хичнээн сүү багатай байсан ч цагаар тогтмол хөхүүлж ,хөхөнд иллэг хийх,хэрэв цадахгүй бол нэмэгдэл сүү эмчийн заавраар өгөх.Болж өгвөл угжихгүй байвал сайн.

7. Учир нь нэмэгдэл сүү нь илүү чихэрлэг амттай байдаг, хоёрт угж нь сороход хүч ордоггүй тул хүүхэд угжинд амархан дасдаг байна. Хүүхдийг хөхүүлэхдээ хөхүүлэх талын хөхөө жижиг сандал дээр тавьж хүүхдийн цээжийг хагас босоо байдалд тэврэн нөгөө гараараа хөхний толгойг хүүхдийн аманд гүйцэт хийж хамрын нүхийг таглахгүй соруулбал хүүхэд сайн хөхөж сурдаг байна.

8. Хүүхдийг 6 сар хүртэл усанд өдөр бүр усанд оруулж,гар хөл,нурууг нь илж булчинг нь чангалж өгч байх.

9. Нярайг ямар ч шалтгаанаар уйлсан яаралтай хүүхдийн эмчдээ үзүүлэх хэрэгтэй.

 

Эх сурвалж: HiDoctor.mn
 
 
 
 

 

 

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?