ЭРТНИЙ ЕГИПЕТ ОРОН, БУУРАЛ КАИР ХОТ (ҮРГЭЛЖЛЭЛ)

2021-01-09  

    Эржан ба Нурлаан, Шарма-Эль-Шейх.

Каирт сурдаг оюутнуудтай уулзах санаатай Элчин сайд, Зөвлөх хоёртой яриа өдөхөд тэд “Энд сурдаг цөөн тооны оюутнууд бүгд амраад нутаг руугаа явчихсан, харин энд амьдардаг казах залуусын ахлах Нурлаан байсан бол тантай уулзуулж болох байлаа. Манайхан цагаан сар тэмдэглэх үеэр түүний найз Киргизүүдээс нэг том гаазын тогоо авсныг Нурлааны эхнэрт хүргэж өгөх гэж байгаа, та тэр үеэр манай жолооч залуутай явбал та энд амьдардаг манайхны казах залуустай тааралдаж магадгүй...” гэж зөвлөж байсныг би дээр цухас дурдсан даа. Египетийн аялал жуулчлалын нэг нэртэй бүс болох “Шарма-эль-Шейх” амралтад очиж хоёр хонохоор бид төлөвлөсөн байсан юм. Гаазын тогоо хүргэх газар нь нисэх буудалтай зүг нэг тул зам нийлж элчингийн жолооч Энхтайвантай хамт замд гарав. Нурлааны эхнэртэй тэр утсаар ярьж байгаад хотын захын нэгэн дүүрэгт хүрээд ирлээ. Манайхны таван шар гэж нэрлээд байдаг дөрөв таван давхар тоосгон байшингуудтай адилхан тийм хуучин байшингуудтай хороолол юм. Гудамж хаяг харж хэд хэдэн байр байшин сүлжсээр Нурлааны байрыг оллоо. Төд удалгүй эхний орцноос нэг залуу гарч машин дээр ирэв. Тайвнаа ч тэр залууг таних юм байна.

Нэр нь Эржан гэнэ. Баян-Өлгийгээс ирсэн. Эхнэр хүүтэйгээ энд амьдардаг аж. Монгол хэл бараг мэдэхгүй юм. Дохио зангаагаар бид хоёр ярьж ойр зуурыг ойлголцлоо. Каирт хэдэн жил амьдарч байна гэж намайг асуухад тэрээр хуруугаараа 12 гэж дохисон юм. Сайраан сайдыг элчингээр ажиллаж байхад нь ирсэн үү гэж асуухад тэр толгой дохив. Бидний үеийнхний сайн мэдэх К.Сайраан дипломатыг Элчин сайдаар ажиллаж байхад нь Баян-Өлгийгөөс нилээд хүүхдүүд Египетийн сангийн шугамаар Каир явж суралцаад цөөхөн хэд нь төгсөөд Монгол руу ирж ихэнх нь тэндээ үлдсэн гэж Баярхүү сайд ярьж байсны нэг нь энэ Эржан байх нь гэж би ойлгов. Казах хүүхдүүд голдуу эндхийн шашны сургуульд суралцсан бололтой юм билээ. Каирт сургууль төгсөөд нутагтаа сүм байгуулж шашны зүтгэлтэн болсон залуус ч байдаг гэнэ лээ. Эржанаас амьдрал нь энд ямар байна, чи ямар ажил алба эрхэлж байна гэж асуугаад олигтой хариу авч чадсангүй. Асууж буйг минь уг нь тэр ойлгоод байх юм, хариулах гэж оролдоод надад ойлгуулж чадахгүй байлаа. “Көкен зөвлөхтэй энд ирсэн бол чамтай сайхан ярилцах байлаа, даанч тэр ажил албатай байгаад надтай хамт энд ирж чадсангүй” гэж Эржанд хэлэхэд тэр ойлгоод толгой дохиж байв. “Уулзаж танилцсаных зургаа авахуулъя...” гэж түүнд хэлэхэд тэр хажууд ирж зогсов.

  Эржан бид хоёр

 Эржанд Киргизүүдийн хийн тогоог хүлээлгэж өгчихөөд нисэх рүү явж байхдаа Тайванаагаас “Чи энэ казах залуусын гэр орноор нь орж үзсэн үү, эд энд ер нь ямаршуухан амьдардаг юм бэ?” гэж асуув. “Нурлааныхаар нэг орсон. Түрээсийн байранд амьдардаг юм билээ. Олон хүүхэдтэй, зарим нь нялх бага болохоор эхнэр нь хүүхдүүдээ хараад гэр зуур байдаг гэсэн. Нурлаан энд олон жил болж байгаа, бас араб хэлтэй болохоороо ажил алба олж хийгээд амьдрал нь дажгүй байдаг гэх юм билээ. Бусад залуусын хувьд янз янз л байдаг гэнэ лээ” гэж тэрээр ярьсан юм. Казах залуусаа Нурлаан нь ахалж, ажил амьдралаа зохицуулахад нь тэдэндээ тусалж нөгөөдүүл нь ч тэднийхээр орж гарч явдаг гэнэ. Тэдний заримтай нь Нурлааныд тааралдаж байсан гэв. Эржантай бид хэд ийн уулзчихаад хагас цаг шахам давхиад л нисэх буудалд ирчихлээ. Орон нутгийн нисэх буудлын үйлчилгээний танхим нь бага шиг атлаа юм юмтай аж.

Англи, герман, испаниар ярьсан цагаан арьстнууд ус ундаа, цай кофе болцгоон энд тухалцгааж байх. Биднийг  ороод удаагүй байтал морин ханаар тусгаарласан хажуухны том өрөөнд хэсэг араб эрчүүд  дэвсгэрээ дэвсээд уншлага мөргөлөө үйлдээд эхлэнэ лээ. Их мөргөлийнх нь цаг ингэж таарсан бололтой. Цаахантайх нэг танхим руу урт хар хувцастай авгайчуул орж харагдана лээ. Эдний мөргөлийн өрөө танхим нь ч эр, эмээрээ тус тусдаа байдаг аж. Айл гэрт ч шүршүүр, бие засах өрөө энэ тэр нь бас эр эмээрээ тус тусдаа байдаг биз. Каирт бидний байрласан сууц ч ариун цэврийн хоёр  өрөөтэй байна лээ. Шашны зарчим нь арабуудын энгийн ахуй амьдралд нь ч ингэж л хэрэгждэг бололтой... Бага оврын “Нил эйр” гэсэн зургаа долоон хөлөг талбайд зорчигчдоо хүлээж байсны нэг нь биднийх байлаа.

    Шарма-Эль-Шейх. Манайхны орон нутаг руу нисдэг “Фокер-50” маягийн тэр онгоцоор цаг шахам нисээд Шарма-эшь-Шэйх хотын нисэх буудалд газардав. Ар талаараа мод, хадтай уулаар өвч хүрээлүүлсэн дөрөв таван давхараас өндөргүй барилга байшинтай бага шиг хот юм. Лалын томхон сүм онгоцноос харагдана лээ. Дөч орчим мянган хүнтэй хот гэх мэдээлэл цахимд байсан. Хотын иргэдийн ихэнх нь аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбарт ажилладаг аж. Хөдөө аж ахуй, газар тариалангийн цөөхөн хэдэн фермертэй юм байх. Шарма-эль гэдэг үг арабаар хойг булан гэж орчуулагддаг аж. Шэйх гэдэг нь мэдээж арабын хаад язгууртнуудын ерөнхий нэршил. Тэгэхээр Шарма-эль-Шэйх гэдэг энэ хотыг монголоор Шэйхийн хойг буюу Дээдсийн хойг гэж нэрлэж болохоор.

Энэ хот нь Оттоманы хаанчлалын үе буюу Израйлийн эзэмшилд байсан 1967-1982 онд Офира гэх нэртэй бага шиг тосгон байжээ. Египетийн мэдэлд ирсэнээс хойшхи сүүлийн дөчөөд жилд нэрээ ч, өнгө төрхөө ч өөрчилж аялал жуулчлалын бүс хот болж хөгжөөд буй юм байна.  Каир, Луксор, Александр гэх Египетийн хуучны хотуудаас тэс өөр, харин европын аялал жуулчлалын хотын өнгө төрхөд Шарма-эль-Шэйх илүү ойр дөт гэж танилцуулгад нь бичсэн байна лээ. “Улаан” тэнгисийн нөгөө эрэгт байх аялал жуулчлалын Хургада хотоос ч барууны өнгө төрхөөрөө илүү ялгардаг гэнэ. Шарма-эль-Шэйх хот ар талаараа Синайн нурууны ой модтой уулаар хүрээлүүлж өмнөт хэсгээрээ “Улаан” тэнгисийн их устай шууд нийлдэг байгалийн өвөрмөц тогтоцоороо аялагч, жуулчдын анхаарал сонирхлыг ихээр татдаг юм байх. Бидэнтэй хамт ирж буй газар газрын жуулчид онгоцны цонхоор хараад дуу алдан зураг хөрөг авцгаагаад л явсан даг.

Онгоцноос буугаад гудамжнаа гарахад ч арынх нь ой мод, хад чулуу болсон огцом шовх уулс нь ар араасаа давхцан сэрийлдээд, өмнөхөнтөө тэнгисийн ус цэлийж цэнхэртээд үнэхээр л нүд сэтгэл баясам үзэсгэлэнтэй сайхан байгаль, орчин юм билээ. Онгоцны буудлынх нь үйлчилгээний заал танхим авсаархан, цэвэр цэмцгэр юм. Ачаа тээш гэх юмгүй бид мэт нь шууд л гудамж руу зүглэж хөлсний тэрэгний үйлчилгээ ч биднийг дор нь тосоод авлаа. Буудлынхаа захиалгын хуудсыг жолоочид сарвайхад эелдэгээр толгой дохиод л биднийг машиндаа суулгав. Үнэ хөлс нь Египетийн 160 фунт буюу 10 доллар гэж байна. Ийм л ханштай байдаг гэж авсан бидний мэдээлэлтэй ч энэ нь таарч байв. Бидний захиалгат зочид буудал хотоосоо 12 км зайтай гэсэн. Тэнгисийн эрэг эмжсэн дардан замаар арваадхан минут давхиад эргийн дагуух олон арван зочид буудлуудын хотхонд ороод ирцгээв. Ная гаруй мянган хүн ээлжиндээ хүлээн авах хүчин чадалтай 200 гаруй зочид буудал энэ тэнгисийн эргээр байдаг гэх мэдээлэл байсан. Бидний захиалгатай “Барон Пальма” бол тэдний л нэг.

“Барон Пальма” зочид буудал

Таван одотуудын үйлчилгээний жишгээр “Барон Пальма” гэсэн гуулин тэмдэг энгэртээ хадсан дүрэмт хувцастай араб хар хүү машин зогсонгуут хаалга онгойлгон биднийг буухыг урьж байх. Ачаа тээшинд ч бидний гарыг хүргэсэнгүй. Паспортоо өгчихөөд хүлээн авах хэсэгт түр амсхийж жимсний шүүс амталж суух зуур бидний орох өрөөний цахим карт бэлэн болчихож. Гурван давхар, нилээд урт сунасан энэ зочид буудал нь энгийн болон хагас, бүтэн люкс гээд 230 өрөөтэй, нэг дор 400-450 жуулчин хүлээж авах хүчин чадалтай гэнэ.

Бидний энгийн өрөө нь хоёр өргөн ортой, шүршүүр ваннатай, таван одтой буудалд байх мини баар, олон сувгийн ТВ, цахим сүлжээтэй, мэдээж араб стандартаараа хоёр нойлтой, ер нь тав тух талаасаа дажгүй юм. Швед ширээ гэгдэх буффет маягийн өөрөө өөртөө үйлчлэх олон төрлийн чөлөөт сонголттой өглөөний цай, өдөр оройны хоолтойгоо буудлын багцын үнэ нь хоёр хүний 220 доллар гэхээр боломжийн санагдсан. Өдөр оройн зоогт хэд хэдэн төрлийн шар айраг, улаан цагаан дарс хүссэнээрээ ууж болно. Нэг удаагийн зоогийн үеэр Киргизийн нэг гэр бүлтэй тааралдлаа. Энд буусан герман, франц бололтой европынхон, араб хавийн орнуудын жуулчдын дундаас мань мэт азийнхан их л ялгарч харагдах юм билээ. Оросоор ярилцахыг нь сонсоод тэдэнтэй мэнд мэдэж танилцав. Киргизүүд аж. “Бид Бишкекээр дайрч аялаад ирлээ” гэсэн чинь тэд сүрхий дотносч яриа өрнүүллээ.

Киргиздээ дунд сургуулиа дүүргээд  Москвад дээд сургуульд суралцаж төгсөцгөөсөн залуус аж. Оюутан байхдаа танилцаж гэр бүл болцгоосон гэнэ. Москвагийн нэгэн цахилгаан станцад нөхөр нь инженер, эхнэр нь эдийн  засагчаар ажилладаг юм байх. Тэндээ хорь гаруй жил ажиллаж буй гэцгээв. Киргизийн Нарын гол хэмээх аймгийн угшилтай иргэд юм байна. Өмнөхөнтөө би Киргизээр аяласан тэмдэглэлдээ “Киргизийг эрчим хүчээр хангадаг Нарыны голын усан цахилгаан станц...” гээд бичиж байлаа. Тэгэхээр эдний нутаг ус болох Нарын гол миний хувьд танил нэр байв.

Нарын голын уугуул Аудекавазийнхантай

Москвагийн шууд нислэгээр Каирт ирж тэндээ гурав хоночихоод энд ирцгээж. “Оросууд энэ хавиар төдий л харагдахгүй байна аа даа” гэсэн чинь “Ер нь Египет рүү аялах нь багассан байх аа. Тахрирын хувьсгал гарч, дайн байлдаан болж нөгөө “Хургада”-д /Египетийн далайн эргийн аялал жуулчлалын хоёр дахь том бүс хот/  оросын онгоцыг сөнөөснөөс хойш оросууд болгоомжилдог болчихсон. Оросоос Египет явдаг жуулчлал бүр зогсчихсон байснаа одоо л бага зэрэг сэргэж байх шиг байна. Энд цөөн хүнтэй оросын нэг групп байна лээ” гэж ярив. “Наран шарлагын газрын элсний бөмбөгийн талбайд өчигдөр орой хэдэн орос гар бөмбөг тоглож байсан нь тэд байх нээ” гэж намайг хэлэхэд эхнэр нь “Бид хоёр ч бас тэнд тэдэнтэй тааралдсан” гэж байв...

Орой үдшийн цагаар энэ зочид буудлын тал талын жигүүрт нэг нэгнээсээ ялгарах үйлчилгээтэй зургаан  баар, кафе ажилладаг юм билээ. Бас зуугаад хүний суудалтай бүжиг концертын хагас задгай танхим оройдоо зочин гийчнээ өнгө өнгийн гэрэл, дуу хөгжмөөрөө урин дуудах юм. Долоо хоногийнх нь хөтөлбөр буудлын хөлийн танхимийн самбарт мэдээлэгддэг юм билээ. Амралтын өдрүүдэд нэртэй хамтлаг дуучид ирж концерт тоглодог юм байна. Жирийн өдрүүдэд нь рестораны хөгжмийн менежер цэнгээнийг удирдаад группээрээ яваа  амрагчид өөрсдийн авъяасыг үзүүлж бүжиг наадам болоод л 00 цаг хүртэл наргицгаах юм. Ус ундаа, дарсны үйлчилгээ энд мэдээж байж л байх.  Буудлын ар талд бас хоёр усан сан, наран шарлага өглөөнөөс харуй бүрий болтол үйлчилнэ. Дасгал, гимнастикаа хийж буй нь тэр юм байлгүй өглөөгүүр л усан санд нь хүмүүс сэлж харагдах юм билээ. Амрагчид өдөртөө тэнгисийн эрэг, тэндэхийн наран шарлагын газар руу илүүтэй очицгоох юм. Зочид буудлууд тэнгисийн эрэгт өөрийн эзэмшлийн талбайтай байх юм. Тэнд нь ширээ сандал, наран шарлагын модон ор, тухлаг сүрлэн сүүдрэвчүүд хэд хэдээрээ байх.

Буудлын рестораны салбар цэгүүд ус ундаа, шар айраг, дарс, хөнгөн зууш санал болгож үйлчилцгээнэ. Моторт завь, бага шиг усан онгоцны аялал бас байна. Усан доогуур шумбадаг хөтөлбөрийг буудлын менежер бидэнд санал болгож байв. Хэдэн жилийн өмнө “Хайнан”-д Өмнөд Хятадын тэнгисийн тийм нэг хөтөлбөрт оролцож усан доогуур шумбаад авсан болохоор түүнийг энэ удаа сонирхсонгүй. Тэнгисийн эргээр тэмээ унаж зугаалах хөтөлбөр бас байв. Нэг бөхтэй тэмээ гэж сонирхож болох ч түүнийг унах хүсэл төдийлөн төрсөнгүй. Манайхны хоёр бөхтэй тэмээний дэргэд тэдний тэмээ доожоо муутай юм. Зургийг нь авах төдийгөөр л энэ үйлчилгээг хүртэв.

Тэнгисийн давстай усанд ядартлаа сэлж булхачихаад нар тоссон шигээ зөөлөн элсэн дээр нь хэвтэж байх нь таатай амгалан талдаа. Энэ хавийн үйлчилгээ нь ч дажгүй. Сүүлийн жилүүдэд бид найзуудын хамт гэр бүлээрээ миний уугуул  нутгийн Хяргас нуурт хэдэнтээ аялаж амраад байгаа билээ. “Улаан” тэнгисийн усных нь бүтэц, зөөлөн дулаан нь нутгийн маань энэ нуур усныхаас нэг их ялгарахааргүй санагдаж байлаа. Синайн хойгийн энэ тэнгисийн элс нь “Нуурын шугам” хэмээн нутгийн баядуудын маань нэрлэдэг Хяргас руугаа нилээд түрж орсон урт нарийхан хойгийн нарийн элстэй ч тун төстэй юм билээ. “Нуурын шугам” хэмээх тэр хойгт нутгийн маань залуус зургаан жилийн өмнөөс “Хяргас нуур” нэртэй аялал жуулчлалын бааз байгуулаад амжилттай ажиллуулж байна. Түүнээс хэдэн жилийн өмнө байгуулсан “Хэцүү хад”, бүр социализмын үеийн “Хар Тэрмэс” амралтын газраас гадна саяхандаа гурван ч шинэ амралт, аялал жуулчлалын бааз Хяргас нуурын баруун, зүүн эрэгт бий болчихсон байна лээ.

Монголын төр засаг аялал жуулчлалдаа ач холбогдол өгч тэр талын бодлогоо сайжруулбал Хяргас нуур тойрсон аялал жуулчлалын энэ хэдэн баазад сайхан ирээдүй бас байна аа. Нийслэл болон аймгийн төвтэй засмал замаар холбогдчихлоо. Нуурын ойр хавьд бага шиг онгоц буудалтай болчихвол гадаадын жуулчид ч Хяргас нуурыг дуртайяа зорих байх даа гэж бодогдож байлаа. Синайн хойгийн Шарм-эль-Шэйх хотын уугуул 40 мянган иргэн дээр нь жуулчид нэмэгдээд жилийн дөрвөн улиралд энэ хот 200 мянган хүнтэй байдаг гэх мэдээлэл байх юм. Дунджаар долоо хоногоор жуулчид ирдэг гээд тооцох юм бол аялал амралт жуулчлалын энэ хот жилдээ хоёр сая шахам жуулчин хүлээгээд авчихдаг бололтой юм. Баруун хязгаарын Хяргас, Увс, Үүрэг нуурын аялал жуулчлалын баазууд нийлээд зундаа хагас сая жуулчин авчихдаг байгаасай. Их холоос биш юм гэхэд хажууханд маань хоёр тэрбум шахам хүнтэй хоёр том хөрш орон байна даа.

Жилдээ оросын 50 сая шахам хүн, Хятадын 150 сая гаруй хүн гадаадад аялаж жуулчилдаг тоо бүртгэл байх юм билээ. Тэрхүү 200 сая жуулчны 0,2-хон хувийг хажууханд нь оршиж буй нутаг орон руугаа татахад л 400 мянга шүү дээ. Улс орны хөгжилд ч, нутгийн хүн ардын ахуй амьдралд ч гадныхны мөнгө ороод ирнэ гэсэн үг. “Улаан” тэнгисийн эргийн элсэн дээр эндхийн цэнхэр тэнгэрийг харсан шигээ хэвтэж байхад иймэрхүү бодол толгойд эргэлдэж байх юм. Нутгийн маань тэнгэр эндхийнхээс ч илүү цэнхэр, нуурын маань элс эндхийнхээс ч илүү торгон зөөлөн, ус нь ч энэ “Улаан” тэнгисийнхээс ч илүү тунгалаг, бүлээн дулаан, эрдэслэг юм шүү дээ уг нь... 

    Нил мөрний усан аялал.

Каирт ирсэн хүмүүсийн явж үздэг усан аялал, худалдаа наймаа гэх хоёр хөтөлбөрийг бид “Шарма-эль-Шейх”-ээс ирсэнийхээ дараа хэрэгжүүлэв. “Уг нь оройхны усан аялал нь араб египет бүсгүйчүүдийн бэлхүүсний бүжиг гээд эрчүүд бидний шохоорхол татахаар юм юмтай байдаг даа...” гэж Баярмөнх сайд наргиа маягаар надад хэлж байсан юм. Харамсалтай нь бид маргааш буцах болчихсон, Баярмөнх сайд хэд хоногийн өмнөөс буцахынхаа урд орой манайд зочлоорой гээд урьчихсан байдаг.

Айл урьж байхад Нил мөрнөөр аялаж бэлхүүсний бүжиг үзнэ гээд орой нь явчихалтай биш өдрийн усан аялал хайв. Аялагчид бүгд л шөнийн аялал сонирхдог юм байлгүй өдрийн аялалын зар олдохгүй байв. Арабуудын мөргөлийнх нь цагаас шалтгаалаад “Хан эль Халили” зах нь бас эрт хаахаар өдөр таарсан тул хоёр хөтөлбөрийг амжуулах гэж хөөрхөн мунгиналаа. Яаж ийгээд л аль алиныг нь өдөрт нь багтаацгаав. Нийтийн аялал таараагүй болохоор Нил мөрнөөр хориод хүний суудалтай бага шиг онгоц дангаараа л хөлсөлж аялахаас аргагүй болсон юм. Усаар аялаж хоттой танилцах энэ хөтөлбөр 980 фунт буюу 60 гаруй долларын үнэтэй боллоо. Хөлгийн ахмад нь хоёр туслахтай аж. Бид “Нил” мөрнөөр цаг шахам аялаж Каир хоттой танилцав.

Мөрний эрэг дагуу зартай зочид буудлууд, томоохон худалдаа бизнес төвийн өндөр байшингууд, нөгөө бидний оройд нь гарч Каирыг бүтэн эргэж тольдсон “Каир цамхаг” мэтийн урт чацтанууд орших юм. Салхи, бороо хуртай үед хөлгийн доод бүхээгт суудлаа эзлээд цонхоор хотыг тольдох боломжтой аж. Нартай намуухан өдөр байсан тул манай багийнхан хөлгийн урд хошуу хавьд босож суун аялацгаав. Хөлгийн туслах залуу бидэнд цай кофе, ойр зуурын амттан санал болгон үйлчилж байлаа.

Алтанцоо бид гурав Нил мөрнөөр.

Хөлгийн ахмадтай хамт жолоо барих дөхөв.

Хажуухнаар зуу гаруй хүнтэй хоёр ч том усан онгоц зөрж өнгөрөв. Ойрхны жижиг хотууд руу явдаг зорчигч тээврийн онгоц гэж хөлгийн туслах бидэнд тайлбарлана лээ. Том гол мөрөн, тэнгис далайтай орон олон улсын ч, орон нутгийн ч усан тээвэртэй байдаг нь атаархмаар. Үүнийг ч түүнийг ч харж энэ хот оронд хэдэн жил суурьшсан хатагтай Алтанцоо,  Энхтайван нартай яриа хөөрөө болж явтал бидний хөлөг анх гарсан буудалдаа эргэн ирж зогсов. Эндээсээ бид арабын эртний худалдаа наймааны төв болох “Хан эль Халили” зах руу явцгаалаа...     

МУСГЗ Д.ЦЭДЭН-ИШ

Үргэлжлэл бий

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?